мэдээ
Д.Жаргалсайхан: Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд нөлөөлөх нөлөөг тодорхой болгохгүй бол Евразийн хэлэлцээрт орж болохгүй DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 12
16
Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-нд элсэх нь, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь гэсэн мэдээлэл их гарч байна. Зарим хүмүүс гурван жилийн хугацаанд ороод таалагдахгүй бол гарчихна л биз гэж байна. Ер нь Монгол Улс энэ холбоонд ямар байдлаар орох яриа хэлэлцээ явагдаж байна вэ?
-Ямар хэлбэрээр орохыг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлбэрээр орсон бид Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тооцооллыг л авч үзмээр байгаа юм. Киргизэд энэ нь яаж нөлөөлсөн бэ гэдэг жишээ ярья. Тэнд талхны цех ч юм уу, сүүний, өндөгний үйлдвэрлэлүүд гээд маш олон жижиг, дунд үйлдвэрлэл дампуурсан. Хямдхан бараа орж ирээд, бизнес хийх боломжгүйд хүрээд, бүгдээрээ бараг Москва явчихсан байна лээ. 1.5 сая киргиз хүн Москвад дэлгүүрийн худалдагч, нийлүүлэгч, нярав зэрэг ажил хийдэг юм билээ. Бид тэгж чадах уу? Манай жижиг, дунд үйлдвэрлэлд голдуу эмэгтэй хүмүүс бий. Бүгдээрээ орос, хятадаар ярьдаггүй.
Ярьдаг нь цөөхөн л байгаа байх. Тэр хүмүүсийг яах вэ. Тэр олон хүн ажилгүй, орон гэрээ тэжээх чадваргүй болчихвол яах вэ. Тэр асуултад тодорхой судалгаатай хариулсны дараа энэ гэрээнд орох уу, үгүй юү гэдгийг харж, Монголын эдийн засгийн гол ноён нуруу болсон жижиг дунд үйлдвэрлэгч нарт нөлөөлөх нөлөөг тодорхой болгохгүй бол энэ хэлэлцээрт орж болохгүй гэж бодож байна.
-Бизнес эрхлэгэчид, үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээ алдаж, ажлын байрны тоо хумигдаж, ажилгүйчүүд нэмэгдэх учраас ЕАЭЗХ-ны гэрээ байгуулах асуудлыг хойшлуулж өгөхийг хүсч байна. Хэлэлцээр хийгдээд, 375 нэр төрлийн бараа ороод ирвэл Монгол Улсад ямар нөлөө үзүүлнэ гэж та бодож байна вэ?
-ЕАЭЗХ гэдэг юуны өмнө гаалийн нэгдсэн бүс буюу талбай болчихож байгаа юм. Харилцан татваргүй бараа оруулах нь байна. Тэгэхээр бод л доо. 200-300 сая хүнтэй хүмүүстэй хэлэлцээ явагдана. Хятадтай хийж байгаа бол дөрөв дахин их цаг орно гэсэн үг. олон зуун сая хүнтэй улсуудад, том зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь байна шүү. Гэрээлэгчийн хувьд бүх зүйл хямд ороод ирнэ. энэ хооронд жижиг, дунд үйлдвэрлэл үндсэндээ дампуурна шүү дээ. Тийм учраас энэ тооцоог л зөв хийсэн байх ёстой. зөвхөн энэ тооцоог хийж, хариулт өгсний дараа орох уу, үгүй юү гэдэг тухай яриа гарна. Түүнийг хийгээд, бүгдээрээ ойлготол хугацаа орно.
-Монгол Улсад жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хэд байдаг билээ?
-200-гаад мянган аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 100 мянга хүрэхгүй нь идэвхтэй байдаг. Түүнээс 4000 орчим нь манай Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн, 97 мянга нь гишүүн биш. Бүгд ажлын байр бий болгодог хүмүүс байхгүй юу. Жишээлбэл, оёдлын салбарыг авч үзвэл, Монгол Улсад 300-гаад аж ахуйн нэгж байгаагаас 60 хувь нь 1-2 хүнтэй гээд бодохоор оёдлын салбар бүрэн алга болно л доо. Яагаад гэвэл, бусад орны хямд бараагаар хийсэн хувцас улам хямд үнэтэй болоод ороод ирнэ. Тэр үед бид 6500 оёдолчноо яах вэ. Бүгд ажилгүй болно. Гол нь, 90 хувь нь эмэгтэйчүүд, тэр дундаа бүр өрх толгойлсон эмэгтэйчүүд. Тийм учраас бид энэ гэрээг тун болгоомжтой хийхгүй бол глобал ертөнц гэж баахан давхисан, одоо бүтэхгүй байна шүү дээ. Яг л тэрэн шиг юм болно.
-Арваад жилийн өмнөөс Монгол Улс ОХУ-тай бараа бүтээгдэхүүнээ бага татвартай гаргая гэсэн санал тавьж ирсэн юм билээ. Одоо дайнтай улсад хүнс нийлүүлэх болоод байна уу. Бусад дөрвөн оронтой бас татварын харилцан хөнгөлөлттэй байх юм болов уу?
-Евразийн эдийн засгийн холбоо байгуулагдаад арваад жил болж байна. эдгээр таван оронтой харилцан татвар чөлөөлөх асуудал яригдаж байгаа. энд орсон жижиг орныхны тухай л сайн мэдэх хэрэгтэй гэсэн үг. ОХУ дайны байдалтай, нөлөө бий. Манай улсаас танайх 70, 80 хувийг татвар аваад байх юм, манай мах, сүүг гаргаж өгөөч гэж ярьж ирсэн. Одоо энэ хэлэлцээрт орох нь арай л эрт болов уу гэж бодож байна. Манай хөдөлмөрийн бүтээмж, өрсөлдөх чадвар өндөр, бараг хэнтэй ч өрсөлдөж чадах хэмжээний бол ашигтай болохоос өнөөдрийн нөхцөлд ахиу ашигтай гэж үзэхгүй байна.
-Хямд бараа ороод ирвэл өнөө, маргаашаа аргацааж, зээлээс зээл, өрөөс өрийн хооронд яваа иргэдэд нэмэр болох юм биш үү?
-Тийм л дээ. Хэрэглээний барааны үнэ буурах талтай. Гэхдээ ямар үнээр буурах вэ гэдэг асуудал. Ажилгүй, орлогогүй болсон хүн хямдхан ч юм авч чадахгүй. Тэрийгээ бас тооцох хэрэгтэй. Манайх чөлөөт эдийн засагтай орон шүү дээ. хүн болгон юу дуртайгаа хийх ёстой. Ихэнх нь өөрөө үйлдвэрлэж чадахгүй, орлого байхгүй байгаа учраас эргэлзээтэй асуудал болно.
-Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэлэлцээрийн төслийг өргөн барихад бэлэн болсноо мэдэгдсэн. Энэ нь Эгийн голын усан цахилгаан станцыг барих болсны хариуд тулгалт юм байх гэсэн хардлага зарим хүнд байна. Та юу хэлэх вэ?
-Би нэг их холбоотой гэж бодохгүй байна. Яах вэ, аль нэг хүн тэгж санал тавьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дахиад бодоход, ажилгүйдэл 20, 30 хувь болчихно, тэрийг яаж тооцох вэ гэдгээ харьцуулж үзэхгүй бол болохгүй. Уих-ын гишүүд юугаа өгөөд, юу авч байгаа вэ гэдэг тооцоон дээр суурилсны үндсэн дээр шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Сэтгэл хөдлөлөөр ажиллаж болохгүй. Бүх юман дээр тэр шүү дээ, төрийн ажил ч тэр.
-Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, хоёр дахь удаагаа өргөн бариад хэлэлцэж байна. Та Засгийн газрын өргөн мэдүүлээд байгаа төсвийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Төсвийн төсөл эдийн засгийн өсөлтөөсөө тодорхой хувиар өсч байгаа учраас түүнтэйгээ аль зэрэг харьцаатай байна вэ гэдгийг нарийн үзэх хэрэгтэй. эдийн засаг маш хурдан өсч байна. Долларын ханшийг яаж барих вэ гэдэг л асуудал байхгүй юу. Доллараараа бол төгрөгөөр өсч байгаа шиг өсөхгүй байгаа шүү дээ. Тэр талаас нь доллартайгаа бүхнийг харьцуулж харсан нь дээр болов уу. Түүнээс “Өө мөнгө нь их байна, энд тэгж их өгч болохгүй” гэж тооцоогүй ярьж болохгүй.
-Олон улсын байгууллагууд ирэх оны эдийн засгийн өсөлтөө хэтэрхий өөдрөгөөр төсөөлөөд байна гэж анхааруулсан. Нүүрсээ 129 ам.доллараар тооцсон ч урд хөршийн эдийн засаг буурсан үзүүлэлттэй, цаашид саармагжих төлөвтэй байна. Та өсөлт, үр ашиг гарна гэж тооцож байна уу?
-Урд хөршийн эдийн засаг хуучин шигээ 10 битгий хэл, 5, 6 хувиар өсөхөө байсан. Гурав, дөрвөн хувиар өсч байна. энэнтэй холбоотой нүүрсний борлуулалт урт хугацаандаа хэцүү байх. Тийм учраас эрчим хүчний хөрөнгө оруулалт илүү татах, түүний дотор ногоон эрчим хүч, атомын эрчим хүчнийхээ тухай ярьж, холыг харсан төслүүдээ хийхгүй хоорондоо хэрэлдээд суугаад байж болохгүй. Мэдээж төсөв үр өгөөжтэй зарцуулагдах ёстой. Төсвийн зарцуулалтыг хянадаг хороо байх ёстой. Тэрэн дээр сэтгүүлчид, улстөрчдийн оролцоо хэр байдаг юм бол. Тэрийг нэг харах цаг болчихоод байгаа юм. Нийгэм бужигнахаас өмнө улстөрчид юу яриад байгааг хянадаг төрийн бус байгууллагууд, системүүд сайн ажиллах хэрэгтэй. энэ чинь зөвхөн төсвийг танах асуудал биш болчихлоо шүү дээ. ер нь цаагуураа засгийн газраа унагах ч юм уу, улстөрчдийн далд бодлогын тоглоом болох магадлал их өндөр болчихлоо. энийг далимдуулаад төр засгаа өөрчлөх асуудал ч явж байхыг үгүйсгэхгүй.
-Нийслэлийн утаа, агаарын бохирдол үнэхээр энэ жил огцом нэмэгдлээ. Утааг яаж бууруулах вэ. Сайжруулсан шахмал түлш, хий, нүүрс үү, эсвэл яндангийн тоог цөөлөх үү?
-Айл болгоныг юугаар халааж байна вэ гэдэг асуудал шүү дээ. Богино хугацаанд өөрчлөх нь нүүрс биш болсон. хоёрдугаарт, орон сууцжуулах. Орон сууцжуулах хөдөлгөөнд гэр хороололд байгаа хүмүүсийг өөрсдийг нь оролцуулахгүй бол өөрчлөгдөхгүй. энэ асуудлыг бараг арваад жилийн өмнөөс ярьж байна. Орон сууцанд орох хүсэл эрмэлзлийг нь цуг оролцуулахгүй бол хашааны газрыг нь эргэлтэд оруулаад, гудмаараа нийлж байшин бариад, нийлж зардаг механизмыг оруулахгүй бол урагшлахгүй. Гудмаар нь хурааж аваад, нэг компанид өгөөд явахгүй байна гэдгийг 10 жилийн түүх харуулчихлаа шүү дээ. “Живж байгаа хүний үхэх, амьдрах хоёр тэр хүний гарт байгаа” гэдэг шиг шүү дээ. Гэр хороололд байгаа хүмүүсийн газрыг эргэлтэд оруулах замаар, орон сууцжуулах бодлого илүү хурдан явах болов уу гэж бодож байгаа шүү.
Д.ЭРДЭНЭТУЯА
Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний чанарт шалгалт хийж эхэлжээ DNN.mn
Стандарт, хэмжил зүйн газраас мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хамтарсан үзлэг, хяналт шалгалт хийхээр бол...
8 цагийн дараа
Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч байна DNN.mn
УОК-ын Шуурхай штабын Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч а...
7 цагийн дараа
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно DNN.mn
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ. Арван хоёрдугаар сарын 14-ний 11:00 цагаас сумын цолтон болон ...
7 цагийн дараа
Google Map системд Монгол Улсын 360 ширхэг мэдээллийг орууллаа DNN.mn
Зам, тээврийн салбар иргэдэд нээлттэй, шилэн яам болох ажлын хүрээнд салбарын нээлттэй өгөгдлүүдийн платформ 2.0 хувилбарыг хөгжүүл...
6 цагийн дараа
Хөвсгөл аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн “Устын гол” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 193 км, сумын төвөөс хойд зүгт 29 к...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд