мэдээ
Ц.Нарангарав: Цахим орчинд шуугиад байгаа хүний метапневмовирус бол дэлхийд өргөн тархсан ханиадны нэг төрөл DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 11
8
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний судалгааны албаны томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач Ц.Нарангаравтай цахим орчинд шуугиад буй “хүний метапневмовирус”-ын талаар ярилцлаа. Тэрээр энэ вирус нь бусад ханиадны вирустэй адилхан учраас айж, сандрах шаардлагагүй гэдгийг онцолсон юм.
-Хятадад тархсан амьс галын замын халдвар үүсгэдэг “хүний метапневмовирус”-ийн тухай мэдээлэл цахим орчинд багагүй шуугиан тариад байна. Мэргэжлийн хүний үүднээс энэ вирусийн талаар тодруулга өгнө үү?
-Анх 2001 онд Голландын эрдэмтэн энэ вирусийг амьсгалын замын халдвартай хүүхдийн хамар залгиурын дээжээс илрүүлж байсан. Үүнээс хойш бусад ханиад томууны вирустэй адилхан илрүүлэгдээд явж байгаа юм л даа. Энэ вирус нь 60-аас доошгүй жилийн хугацаанд дэлхий дээр оршин тогтноод тархчихсан амьсгалын замын бусад эмгэг төрүүлэгчидтэй адилхан гэх судалгаа ч бий.
-Бусад вирусээс ялгарах онцлог шинж тэмдэг бий юу?
-Тийм зүйл бол байхгүй. Бусад амьсгалын замын ханиад үүсгэдэг вирустэй адилхан ханиалгах, найтаах, халуурах гэх мэт энгийн шинж тэмдгүүдээр илэрдэг. Хүнээс хүнд халдварладаг. Агаар дуслаар болон бохир эд зүйлсээр дамжина.
-Энэхүү вирусийн нууц үе нь ямар хугацаанд байдаг вэ?
-Халдвар авснаас хойш гурваас тав хоног гэж үздэг. Энэхүү вирусээр өвдлөө гэхэд хамгаалах дархлаа нь маш сул тогтоно. Тиймээс дахин өвчлөх магадлал өндөр байдаг. Дэлхий дахинд өргөн тархаад, бүх оронд бүртгэгдсэн вирус л дээ. Хүн амын дунд ханиад үүсгэдэг бусад вирустэй адилхан бүх улиралд илэрдэг. Гэхдээ өвөл, хаврын улиралд арай давамгай. Зарим тохиолдолд дэгдэлт үүсгэх ч боломжтой.
-Энэ вирусийг нийгмийн ямар бүлэг зонхилон тусах магадлалтай байдаг вэ?
-Судлаачдын үзэж буйгаар хүүхдийн амьсгалын замын халдварын өвчлөлийн 10-12 хувийг энэ вирус үүсгэдэг гэсэн тооцоолол байдаг. Ихэнх тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвддөг боловч хүүхдүүдийн 5-12 хувь нь амьсгалын замын доод халдвар, уушгины хатгаа үүсгэдэг гэх судалгаа ч байна.
Ялангуяа 5-аас доош насны хүүхдүүд, дархлаа султай хүмүүс, дээрээс нь дархлаа дарангуйлагдсан өндөр настнуудад хүнд тусна. Ханиаданд эрсдэлт бүлэг гэж байдагтай л адилхан шүү дээ. Энэ вирусийнилрэх шинж тэмдэг нь энгийн ханиадтай адилхан гэж ойлгож болно. Ямар нэгэн онцгой шинж тэмдэг илэрнэ гэсэн өвөрмөц зүйл байхгүй. Судлагдаад, мэдэгдээд, танигдчихсан вирус. Хүний метапневмовирус гээд гараад ирэхээр л шуураад эхэлсэн байх л даа.
-Энэхүү вирусийн эсрэг тусгайлсан вакцин, эмчилгээ байдаггүй. Тиймээс ямар эмчилгээ хийдэг вэ?
-Шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хийдэг. Ханиадны эсрэг урьдчилан авдаг арга хэмжээгээ авахад л болно. Маскаа зүүж, хүн хоорондын зайгаа бариад гараа тогтмол угаах хэрэгтэй. Дархлаагаа дэмжинэ гэх мэт ханиад томууны үед урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг л авна.
-Энэ бол агаар дуслаар дамждаг вирус. Тиймээс газарзүйн байршлын хувьд манайхтай хэр ойрхон байна вэ?
-Хятадын албан ёсны өвчний хяналт сэргийлэлтийн төвийн 2024 оны хамгийн сүүлийн 52 дахь долоо хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчний шалтгаантай амбулаторийн үзлэг, яаралтай тусламжаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо ихэссэн гэж байсан. Үүнээс харахад тэр улсад томуугийн вирус, хүний метапневмовирус, риновирус гэх мэтчилэн 10 төрлийн вирусээр үүсгэгдсэн халдварууд явагдаж байна. Манайд улирлын томуу ихэсдэг шиг Хятадын хойд бүсэд хүйтэн сэрүүн цаг уур эхэлж байгаа учраас л вирусийн ихсэлт явагдаад байгаа юм.
Гэхдээ энэ вирус бусад томуу, томуу төст өвчин үүсгэдэг вирусээ бодвол арай илүү давамгай илэрсэн хэрэг. Ялангуяа хойд бүс нутагт хүний метанпневмовирусийн эерэг хувь нь арай илүү ихэссэн л байх. Гэтэл манайд томуугийн А хүрээний хэв шинжтэй вирус хүний метанпневмовирустэй харьцуулахад 6.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй байна. Ер нь бол цахим орчинд шуураад байгаа энэ вирус нь бусад томуугийн вирусээ бодвол хөнгөхөн явцтай.
-Хүний биед ороод үйлчилдэг механизм нь ямар байдаг вэ?
-Ханиад аваад хүний бие организм яадаг билээ, яг л түүнтэй адилхан. Өөр ямар нэгэн хүндрэл байхгүй. Тиймээс сандарч тэвдэж, айх зүйл юу ч үгүй. Хүмүүс айна гэдэг чинь тухайн зүйлийн талаар мэдлэггүй байгаа юм. Энэ вирусийн хувьд дэлхий нийтэд аль хэдийнэ танигдчихсан, сэргийлэх арга хэмжээ, эмчилгээ, шинж тэмдэг нь тодорхой болчихсон шүү дээ. Бүх зүйл нь тодорхой вирус Хятадад тархсан л байна.
-Гадаад орчинд хэр тэсвэртэй вэ?
-Ер нь вирусүүд өвөл идэвхжээд байгаа учраас хүйтэн, сэрүүн, чийглэг агаарт харьцангуй тэсвэртэй байдаг. Энэ вирус ерөөсөө л бусад вирустэй адилхан. Хятад улс хүн амын нягтрал ихтэй учраас тархах эрсдэл нь харьцангуй их байсан юм.
-Одоогийн байдлаар манай улсад томуугийн ямар хэв шинжит вирус давамгайлж байна вэ?
-Томуугийн А хэв шинжийн халдвар хамгийн өндөр байна. Түүний араас амьсгалын синциталь в ирусээс улбаатай өвчлөл бас л харьцангуй ихэсч байна. Бид хүний метапневмовирусийн судалгааг сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хийгээд явж байгаа.
Тухайлбал, 2023-2024 оны томуугийн улиралд 4288 сорьцод шинжилгээ хийснээс 1817-оос буюу 42 хувиас нь ханиад үүсгэгч вирус илэрсэн. Үүн дотроос хүний метапневмовирус 64 буюу 3.5 хувийг эзэлж байсан. Ер нь бол энэ вирус бүх л сард илэрдэг. Гэхдээ их хэмжээгээр бол биш. Хамгийн сүүлд 50 дахь долоо хоногт гурван тохиолдол илэрсэн. Нийт сорьцынхоо 1.5 хувийг эзэлж байна.
-Метапневмовирус оргил үедээ томуу, томуу төст вирусийн хэдэн хувийг эзэлдэг вэ?
-10 орчим хувийг л эзэлнэ. Тиймээс нийгмээрээ үүнд санаа зовоод, айж цочирдож, түгших ямар ч шаардлагагүй.
А.Даваадулам
Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Шуурхай штабын хуралдаан болж байна DNN.mn
Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга ...
7 цагийн дараа
Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард олгоно DNN.mn
Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг 2025 оны нэгдүгээр сард багтаан бүрэн олгоно гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаа...
7 цагийн дараа
Халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна DNN.mn
Нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Улиастайн голын ай сав болон Толгойт зэрэг нийт 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Гео...
6 цагийн дараа
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдааны цахим бүртгэл эхэллээ DNN.mn
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно. Тус бари...
5 цагийн дараа
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцлөө DNN.mn
Улсын Их Хурлын чуулганы (2025.01.10)-ийн нэгдсэн хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд