Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Р.Эмүжин: “Пагмадулам” кинонд Д.Нацагдоржийг ч тэр, Д.Пагмадуламыг ч тэр хайрлаагүй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 10

img

139

news-img
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдралаас сэдэвлэсэн “Пагмадулам” уран сайхны киноны талаар зохиолч, яруу найрагч Р.Эмүжин үзэл бодлоо илэрхийлсэн. Уг киноны талаар түүнтэй ярилцлаа.


Пагмадулам” киноны тухай та өөрийн цахим хуудастаа санал, шүүмжээ илэрхийлсэн. Таныг гол нь юу бухимдуулав?

-Ер нь аливаа зохиолд тухайн дүрийн сэтгэл зүйн задаргаа гэж байдаг. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн зохиол бүтээлийг харахад маш өндөр мэдрэмжтэй, уран бүтээлчийн хувьд зоригтой, өргөн хүрээнд өндөр түвшинд сэтгэж чаддаг, бүтээл болгондоо үндэстнийхээ эрх ашгийг хамгаалсан бодлогыг шингээдэг яруу найрагч, зохиолч. Энэ утгаараа он цагийн шалгуурыг давж, их зохиолчийн олон бүтээл хэдхэн жилийн дараа 100 насны босгыг давах гэж байна. Гэтэл Дашдоржийн Нацагдорж гэдэг шинэ үеийн утга зохиолын үндэслэгчийг уг бүтээлд гаргахдаа сул дорой, архичин, анхиагүй, юм л бол мэлмэрээд сууж байдаг, нулимстайгаа хутгалдсан тийм хүн болгож гаргасан. “Миний нутаг”, “Од”, “Харанхуй хад”, “Монголын үрс маш олон болтугай” гэж 100 жилийн өмнө хэлж чадсан тэр бүтээлчийн сэтгэл зүйн задаргаа нь архичин юм уу. Д.Нацагдоржид огт наалдахгүй тийм зан чанарыг уг бүтээлд илэрхийлсэн. Тийм учраас “Пагмадулам” киноны нэг чухал дүрийнхээ зан араншин, сэтгэл зүйн байдалд зөв задаргаа хийж чадаагүй гэж үзэж байна. Нөгөө талаараа дэлгэцийн бүтээл гэдэг бол маш хүчтэй, олон хүнд хүрдэг. Түүхэн бүтээл нь дараа дараагийн үеийнхэнд түүхийн гэрч болж үлддэгээрээ өндөр ач холбогдолтой. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч зүгээр л нэг архичин байсан юм байна гэдэг ойлголтыг киног үзсэн хүн болгон аваад гарах боломжтой. Зохиолч хүн зохиолдоо гарч байгаа гол дүрүүдээ чухалчилж, ямар нэгэн байдлаар товойлгож харуулахыг хичээдэг . Ингэхдээ Д.Пагмадуламын дүрийг товойлгож харуулахдаа нөгөө талд нь Д.Нацагдоржийг сүүдэрт нь сул дорой болгож уруудуулж харуулах ямар шаардлага байсан юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Пагмадуламын дүр дээр та ямар бодолтой байна. Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын түүхийг хятаджуулсан гэж та бичсэн. Яагаад ер нь ингэх болсон юм бол?

-Бүтээлд гарч байгаа Д.Пагмадулам бол Пунцагийн Бадарч гуайн хэлдгээр Монголын түүхийн ширхэг цагаан сувд байсан.Энэ хүн бол тухайн үеийн тайж Дамдины гэр бүлд өссөн, гэрийн өндөр боловсролтой, орос, герман, хятад хэлтэй, монгол хэл бичигт гүн нэвтэрсэн эмэгтэй байсан. Гэвч цаг үеийн ороо бусгаа байдал, хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд түүний хувь тавилан маш эмгэнэлтэйгээр дууссан. Тэр байтугай Д.Пагмадуламтай Д.Нацагдорж амьдарч байгаагүй юм шиг тийм түүхийг ярьдаг хүмүүс ч байдаг. Д.Пагмадуламын асуудал гарч ирэхээр заавал нөгөө талд нь хятад хүний эхнэр болгох гээд, хятад хүнтэй амьдраад дууссан юм шиг, Д.Нацагдоржийг хаяж гудамжинд гаргачихаад Хятадын халуун ханзанд толгой хоргодож байсан юм шиг ийм дүрийг заавал бий болгож, ард түмнээр нь жигшүүлэх оролдлого 100 шахам жилийн түүхэнд олон удаа гарсан. Өнөөдөр ч гэсэн монгол эмэгтэй хүнийг гутаадаг арга нь хятад эртэй ханилбал тэр нь гутамшгийн дээд гутамшиг юм шигээр ойлгогддог. Түүний хувь тавилангаар кино хийхдээ заавал яагаад тийшээ хөтөлж аваачсан юм. Хэлмэгдээд буудуулж нас барсан гэдэг таамаг байдаг.Тэгвэл Д.Пагмадуламыг өчүүхэн ч гэсэн хайрлаад энэ таамгаар, сүүлийн сэжүүрээр нь дүрслээд дуусгаж яагаад болоогүй юм. Гол дүрээ хайрлах зохиолч, найруулагч, уран бүтээлчийн сэтгэл зүрх хаачсан юм бэ. Юугаар арилжаад тэр сэтгэл зүрхээ алга хийчихсэн юм бол. Энэ эмэгтэй амьдралынхаа сүүлийн мөчүүдэд хятад хүний эхнэр байсан уу, хятад хөгшинтэй ханилж байсан уу гэдэг асуултад тухайн үед тэр хятад хүний хашаанд, жижигхэн байшинд нь амьдарч байсан гавьяат жүжигчин Цэрэндулам гэдэг эмэгтэйн маш тодорхой яриа байдаг. Тэр хятад хүний эхнэр нь маш ганган, үнэт зүйл хэрэглэдэг, ааширхаг хүн байсан. Д.Пагмадулам бол тэдний жижиг хөлсний байранд нь суудаг байсан гэдгийг тодорхой илэрхийлж, ярьсан байдаг. Дээрээс нь Д.Пагмадулам зөвхөн амь хоргодохын тулд хэлмэгдүүлэлтийн үед хятадуудын амьдардаг Амгалангийн хэдэн гудамжинд толгой хоргодож байсан. Огт нэгждэггүй, тэндээс хүн баривчилдаггүй байсан учраас хоргодож байсан гэдэг таамгийг манай судлаачид гаргасан байдаг.

Түүхэн киног хийхэд дур зоргоороо үйл явдлыг нь өөрчилж, нэмж хасаж болохгүй, хэтэрхий задгай сэтгэж болохгүй. Ер нь энэ тал дээр кино уран бүтээлчид цаашдаа хэрхэн анхаарвал зүйтэй вэ?

-Мэдээж уран бүтээлч хүн задгай сэтгэнэ , тухайн бүтээлээрээ үзэгч, уншигчдын сонирхлыг татах гэж хэлбэлзүүлнэ, үйл явдлаа наашаа цаашаа дураараа хөтөлнө. Гэвч түүхэн бүтээлд түүхэн баримт гэдэг зүйл хилийн багана шиг цэх шулуун зогсож байдаг. Энэ тохиолдолд уран бүтээлчийн задгай сэтгэлгээг өөр зүйл дээр илүү сэтгэмжтэйгээр ашиглаж, гаргадаг байх хэрэгтэй. Тархиа илүү ажиллуул, илүү бод, илүү логик задаргаануудыг хий. Тэгж байж түүхэн том бүтээл рүү орно. Хэрвээ уран бүтээлчийн тархи тийм хэмжээнд хөгжөөгүй бол түүхэн дүрүүдийн түүхэнд сийлэгдэж үлдсэн том мөн чанар луу орох хэрэггүй. Яагаад гэвэл та нар түүнийг задалж, логикоор урагшаа хөтөлж авч явж чадахгүй. Энэ бүтээл дээр зориуд болон зориуд бусаар гаргаж ирсэн энэ алдаануудыг би яриад байгаа юм. Түүхэн бүтээл хийж байгаа уран бүтээлчид Монголын түүхэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, зүг чиг болж байсан, хөгжлийн анхны алхмуудыг хийж байсан тэр хүмүүсээ хайрлаж бүтээлээ хиймээр байдаг байна. “Пагмадулам” кинонд Д.Нацагдоржийг ч тэр, Д.Пагмадуламыг ч тэр хайрлаагүй. Хайрлаагүй учраас золиос болгож, түүх гуйвуулах хэрэгсэл болгож ашигласан гэж бодож байна.

Их зохиолчийн ганц шүлгийн нэр, ганц дуурь, жүжгийн нэр байхгүй хэрнээ яагаад Хятадын утга зохиол яриад байдаг талаар та бичсэн?

-Д.Нацагдорж бол Монголын анхны хөгжимт дуурь буюу “Учиртай гурван толгой”-г бичсэн. Энэ дуурийг 1934 онд Бөмбөгөр ногоон театрт тавьсан. Гэтэл яагаад монгол хэл дээрээ 100 шахам жүжиг, дуурь, өгүүллэг, шүлэг бичиж, 15 настайгаасаа Жанжин Сүхбаатарын дэргэд ажиллаж, албан хэрэг хөтөлж байсан тэр түүхэн хүнийх нь бүтээл энэ урт кинонд гардаггүй юм бэ. Яагаад ганц ч шүлгийнх нь нэр байдаггүй юм бэ. Яагаад тэр хүн ганц ч удаа бийр, янтай бариад ширээний ард сууж үзэгддэггүй юм бэ. Үзүүлж байгаа дүрслэл нь гэвэл архи уусан, архи задалсан, архи сөгнөсөн, архи өргөж байгаа ийм л дүрслэлүүд гардаг. Бүтээлээс нь нэг ч удаа гаргаагүй хэрнээ Хятадын “Сүн Үкүн” дэлгэц дүүрэн гардаг. Миний хэлснээр нас барсан Д.Нацагдорж мөнгө төлөөгүй учраас түүний “Учиртай гурван толгой” дуурь, эсвэл аль нэг шүлгийнхээ хоёрхон мөрийг хэлж байгаагаар хэдхэн секунд оруулаагүй юм уу. “Сүн Үкүн”-ий тал мөнгө төлсөн учраас дэлгэц дүүрэн гаргаад байгаа юм уу. Д.Пагмадулам Хятадын утга зохиолын таван ноён оргилын талаар Д.Нацагдоржид лекц уншиж байгаа юм. Д.Нацагдорж тэрнээс суралцаж бүтээлээ бичсэн юм уу. Энэ асуулт зүй ёсоор гарч ирнэ. Уран бүтээлчдийн тухай уран бүтээл хийж байна. Жишээ нь, Очирбатын Дашбалбарын тухай дэлгэцийн бүтээл хийж байснаа дотор нь “Тэнгэр шиг бай”, “Би талын хөх чоно” гээд шүлгээс нь, “Гэгээн наранд ойрхон өслөө би” гээд дуунаас нь нэг ч мөр, нэг нот ч орохгүй бол О.Дашбалбарын дүрсийг тэр кинонд ашиглах ямар шаардлага байна. Энэ ч утгаараа уг бүтээлд Дашдоржийн Нацагдоржийн дүрсийг, нэрийг, хэв галбирыг, тэр хүний бүтээсэн түүхэн амьдралыг ердөө л ашигласан. Түүнээс ямар нэгэн байдлаар өчүүхэн хувьд нь ч дэлгэж харуулах зүтгэл байгаагүй.

-“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэдэг. Тэгвэл “Пагмадулам” кино үзэгч, уншигчдад үзэл санааны ямар ач хол богдолтой байна вэ?

-“Пагмадулам” киноны цаашдаа үзэгч, уншигч монголчуудад үлдээх үзэл санааны ач холбогдол юу вэ гэвэл байхгүй. Ганцхан ач холбогдол байна. Тэр нь Д.Пагмадулам, Д.Нацагдорж гэдэг хоёр дурлалт хос байжээ. “Сүн Үкүн”-ийг үзээд шүтэн бишрээд Хятадын уран зохиолоор амьсгалаад, таван ноён оргилыг нь ярилцаад явж байсан юм байна. Нөхөр нь гэж хүн архинд ороод, гудамжинд үхээд, эхнэр нь хөгшин хужаатай нийлээд нөхрөө аваачиж оршуулсан юм байна. Ерөөсөө л ийм ойлголт байна. Цаг үеэ мэдэр. Унших нь цөөрсөн, утга зохиолын хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс ихээр хасчихсан энэ цаг үед түүх хүүрнэгчид нь өнөөдрийн уран бүтээлчид шүү. Гэтэл бид түүх рүүгээ эргээд ус цацаж болохгүй. Тэр түүхийг хүүрнэгчид, үргэлжлүүлэгчид, дархлагчид гэдгээ ойлгож түүхэндээ хүндэтгэлтэй ханд, түүхэн хүмүүсээ хайрлаач ээ л гээд байгаа юм.

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно. Тус бари...

img

2 цагийн дараа

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр нийт 1748 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 136...

img

2 цагийн дараа

Элон Маскийн намтар судлаач түүний сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэж байна гэв DNN.mn

The Daily Beast сэтгүүлд Элон Маскийн намтарч хэмээн нэрлэсэн Харвардын их сургуулийг хуулийн боловсрол эзэмшсэн сэтгүүлч Сет Абрамс...

img

1 цагийн дараа

ЦУОШГ: Энэ сарын 11-14-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээллээ. Ирэх хоногуудад ихэнх нутгаар хүйтний...

img

41 минутын дараа

2024 оны хувьд дэлхийн агаарын температур анх удаа жилийн дундаж утгаараа 1.5°C-ийг давлаа DNN.mn

2024 оны хувьд дэлхийн агаарын температур анх удаа жилийн дундаж утгаараа 1.5°C-ийг давлаа. Энэ нь дэлхийн дулаарал улам бүр эрчимжи...

img

17 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд