мэдээ
Б.Баяраа: Үндэслэлгүй хэт өндөр тогтоосон татварын дарамтын улмаас аж ахуйн нэгжүүд ээлж дараалан үүд хаалгаа барьсаар байна DNN.mn
МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 1 сарын 21
342
-Сүүлийн үед уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд татварын дарамтад орж улмаар энэ талаар шүүхийн маргаан их гарах боллоо. Энэ нь юутай холбоотой юм бол?
-Юуны өмнө уул уурхайн салбарынхан хуульд заасан татварыг төлөхгүй гэж маргаагүй болохыг тодотгох нь зөв байх. Харин хуульд заасан татвараа бодитой, шударгаар төлж байсан аж ахуйн нэгжүүдэд гэнэт татварын хяналт шалгалт хийгдэж үндэслэлгүйгээр хөөсрүүлсэн татвар нөхөн ногдуулж байгаад татвар төлөгчид бухимдалтай байгаа. Тухайлбал, татвараа цаг хугацаанд нь бодитоор үнэн зөв тайлагнаад тайланг нь татварын байгууллага хүлээн авч баталгаажуулж явж байснаа гэнэт л их хэмжээний татварын төлбөр нөхөж ногдуулсанд гомдолтой байгаа юм.
-Ямар төрлийн татвар үндэслэлгүй ногдуулсан гэж маргаж байна вэ?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нь тухайн улсын байгалийн баялгийг ашигласны төлбөрт нэг удаа ногдуулдаг олон улсад нийтлэг хэрэглэгддэг татварын төрөл юм. Манай Ашигт малтмалын тухай хуульд зааснаар борлуулалтын үнэлгээнд үндэслэн ногдуулдаг төлбөр юм. Уул уурхайн салбарынхан бүтээгдэхүүнээ аль болох өндөр үнэ хүргэж ахиу ашиг олохыг эрмэлзэж ажиллах нь тодорхой төдийгүй борлуулалтын үнэлгээнээсээ хуульд заасан хувь хэмжээгээр татвар төлөх үүрэгтэй. Гэтэл Монгол Улсын хувьд далайд гарцгүй, хоёр хөршөөс өөр улсад бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн боломж хязгаарлагдмал байдлаас шалтгаалж төрийн болон хувийн хэвшлийн аль ч салбар бүтээгдэхүүнээ өндөр хүргэх бололцоо байдаггүй. Гэтэл татварын байгууллага олон улсын зах зээлийн үнэ гэгдэх байж боломгүй өндөр үнээр борлуулж чадаагүйн хохь гэж үзэн өндөр үнээр зарах ёстой байсан мэтээр үндэслэлгүй татвар ногдуулж байна.
-Яагаад татвар үндэслэлгүй ногдуулж байгаа гэж. Та илүү тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржийн болон биржийн бус бүтээгдэхүүн гэж ангилдаг. Тухайлбал алт, зэс гэх мэт бүтээгдэхүүнийг олон улсын биржээр арилждаг. Харин нүүрс, жонш, төмрийн хүдэр гэх мэт овор ихтэй, тээвэр ложистикийн хүчин зүйлээс шалтгаалдаг бүтээгдэхүүний үнийг аль ч олон улсын бирж дээр нэгдсэн үнэ зарлаж тогтоох боломжгүй байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, уурхайн амнаас эцсийн хэрэглэгч үйлдвэрт хүргэгдэх хүртэл үе шат дамжлага бүрт үнэ нь өсч байдаг тул өнөөдрийг хүртэл олон улсын жишиг үнэ тогтоож байгаагүй. Аль бүс нутаг, улсад борлуулагдаж байгаагаас шалтгаалаад харилцан адилгүй үнэтэй гэсэн үг. Уг нь Монголоос хоёр хөршдөө экспортолж байгаа буюу эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтсон бодит үнийг Засгийн газрын зүгээс олон улсын үнэ биш гэж үзэх үндэслэл байхгүй. Бодит гэрээ хэлцэл, дансны хуулга, санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож, нягтлан бодох бүртгэлийн стандартаар тайлагнаж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа төлж байгааг татварын байгууллага сайн мэдэж байдаг. Жоншны салбараар жишээ авахад, олон улсын худалдааны хэлэлцээрийн дагуу төмөр замын тээврээр ОХУ-ын Наушки, БНХАУ-ын Эрээн гэсэн худалдааны нөхцөлөөр экспортолж байгаа. Гэтэл Засгийн газрын үндэслэлгүй тогтоолд үндэслэн татварын байгууллагаас БНХАУ-ын Тяньжин далайн боомт үнээс тооцож татвар ногдуулж байгаа нь ямар ч эрүүл ухаанаар ойлгогдохооргүй шийдвэр юм.
-БНХАУ-ын Тяньжин далайн боомтод Монгол Улсаас гарал үүсэлтэй жонш тээвэрлэгдэж хүрэх өртөг зардлыг татвар ногдуулахдаа хасахгүй байгаа гэсэн үг үү?
-Яг тийм. Монгол Улсаас экспортлогдсон жонш Тяньжин далайн боомтод хүрэхэд 1000 гаруй км замын олон улсын тээврийн зардал, ачилт буулгалт, агуулах, хадгалалт хамгаалалт, ажиллах хүчнийн зардал, тухайн үйлчилгээг хүргэж байгаа компанийн орлого төдийгүй улсын болон орон нутгийн татвар хураамж, тэр ч бүү хэл даатгалын зардал зэрэг нэмүү өртгүүд шингэж усан онгоцны тавцан дээр ачигдаж бэлэн болдог. Тиймээс өндөр үнэтэй байх нь тодорхой юм. Ашигт малтмалын хуульд Монгол Улсаас борлуулсан дүнгээс татвар тооцохоор хууль тогтоогч маш тодорхой хуульчилсан байтал Засгийн газраас хилийн чанадад олон төрлийн зардал шингэсэн өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс тооцож татвар ногдуулна гэсэн шийдвэр гаргаснаар татварыг зөвхөн хуулиар ногдуулах зарчмыг ноцтой зөрчсөн гэсэн үг. Энгийнээр бол төмрийн хүдэр борлуулж байхад эцсийн бүтээгдэхүүн болох цагны пүршний үнээр, эсхүл мах худалдсан малчнаас савлагдаж амталсан дэлгүүрийн стэйкний үнээр тооцож татвар авна гэсэнтэй агаар нэг юм.
-Олон улсын зах зээлийн үнээр борлуулах гэдгийг юу гэж ойлгох вэ?
-Монгол, Орос, Хятадын хооронд хийгдсэн худалдааг олон улсын худалдаа гэж үзнэ. Энэ жишгээр тухайн бүс нутагт тогтож байгаа үнэ ч олон улсын зах зээлийн үнэ гэх ойлголтыг илэрхийлнэ. Жишээлбэл, Монгол Улсаас хөрш улсуудтай байгуулсан гэрээг олон улсын гэрээ биш гэхгүй биз дээ. Үүний адилаар хөрш улсуудтай хийж байгаа зах зээлийн үнийг тухайн бүс нутаг дахь олон улсын зах зээлийн үнэ гэж ойлгох нь зөв юм. Тэрнээс биш БНХАУ-ын Тяньжин эсхүл Мексикийн булангийн боомтыг олон улсын зах зээл гээд бусад улсын буюу Монголын г адаад худалдааны нөхцөлийг үгүйсгэж болохгүй. Өмнө хэлсэнчлэн уул уурхайн бүтээгдэхүүн агаараар нисэхгүй тул орон зай, цаг хугацааны өртөг, үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт нэмүү өртөг шингэж үнэ өсөх нь тодорхой юм. Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс төдийгүй Олон улсын тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт нэгдсэн. ОХУ-ын DAPНаушки, БНХАУ-ын DAPЭрээн гэсэн олон улсын худалдааны инкотермс нөхцөл нь олон улсын зах зээлийн үнэ гэх ойлголтыг илэрхийлдэг. Ядаж л Монгол Улс шиг газрын тээвэр бүхий худалдааны нөхцөлтэй улсад далайн тээврийн буюу усан онгоцны тавцангийн үнийн нөхцөл тулгах нь утгагүй биз дээ.
-Нүүрсний хувьд АМНАТ татварын суурийг өөрчлөх шийдвэр олон гарсан. Жоншин дээр ийм тохиолдол гарсан уу?
-Улсын төсөв бүрдүүлэхэд чухал үүрэгтэй учраас нүүрсний АМНАТ суурийг жишиг үнэ, гэрээний үнэ зэргээр 5-6 удаа өөрчилсөн. Гэтэл жоншны хувьд төсөвт жин бага дардаг тул шоовдорлоод олон жил олон улсын жишиг үнээр авна гэсэн шийдвэрээ өөрчилсөнгүй. Ер нь Засгийн газар шийдвэр гаргахдаа жоншны тухайд эдийн засгийн тооцоо судалгаа огт хийгээгүй. Жоншны салбарын нөлөөллийн шинжилгээ ч хийгээгүй. Засгийн газрын тэмдэглэлийг харахад эхнээс нь дуустал нүүрсээ хэлэлцэж байснаа хавсралтад жонш гээд нэг мөр оруулчихсан байдаг. Манай төрийн байгууллагын хувьд шийдвэр гаргахдаа тооцоо судалгаагүй хайнга хандах тохиолдол олон байдаг шүү дээ. УИХ хүртэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль буюу бидний нэрлэж хэвшсэнээр 68 хувийн татварын хууль батлахдаа огт алт арилжаалдаггүй Лондонгийн металлын биржийн үнэд үндэслэн алтны татвар авна гэж хуульчлаад Үндсэн хуулийн Цэц дээр унаж байсан. Үүнтэй л адилхан үзэгдэл гэж харж байна.
-Тэгэхээр огт үндэслэлгүй үнэ дээр Монгол Улсаас экспортлогдсоноос хойш хилийн чанадад үүссэн зардалд АМНАТ ногдуулад байна уу?
-Тийм. БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр үүссэн зардал, нэмүү өртөгт татвар ногдуулж дотоодын аж ахуйн нэгжүүдийг төлөхийг шаардаж байна гэсэн үг. Ашигт малт малын тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн аргаар олборлоход эдийн засгийн үр ашигтай эрдсийг ашигт малтмал гэж үздэг. Хэрэв үндэслэлгүй хөөсөрсөн өндөр татвар ногдуулбал тухайн бүтээгдэхүүн зардлаа нөхөж ашигтай байх уу, эдийн засгийн үр ашиг өгөх үү. Өөрөөр хэлбэл, ашигт малтмал гэх ухагдахууныг илэрхийлж чадах уу. Цаашид олборлох шаардлага бий юу гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Өнөөдрийн байдлаар жоншны салбар дааж давшгүй татварын өрөнд орсон байдалтай байна. Бодитой олсон орлогодоо татвараа төлөөд хэвийн явж байсан аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтад оруулж, улмаар дансыг нь хааж үйл ажиллагааг нь бүрэн зогсоож байна. Үлгэрлэвэл саалийн үнээгээ идшинд хийгээд нэг сайн цадаж аваад өлсөөд явсан ч яахав гэдэг шиг ойрын харалган бодлого яваад байгаа юм.
-Төрийн буруу шийдвэрийн улмаас өөр ямар сөрөг үр дагаврууд үүсч байна вэ?
-Нэгдүгээрт, Засгийн газрын тооцоо судалгаагүй харалган шийдвэрийн харгайгаар төр, хувийн хэвшлийн хооронд маш олон жилийн ужгирсан үл ойлголцол, маргаан үүсч байна. Нэг талаас төрийн зүгээс олон улсын далайн боомт дээр хамгийн хямд далайн тээврээр дэлхийн ч аль улсын үйлдвэрлэгчид хүргэгдэх боломжтой болсон бүх нэмүү өртөг шингэсэн өндөр үнээр бүтээгдэхүүнээс тооцож татвараар дарамталж байгаа бол нөгөө талд нь далайд гарцгүй, хязгаарлагдмал зах зээлтэй цөөхөн худалдан авагч нартаа аль болох өндөр үнээр зарахыг хичээсэн аж ахуйн нэгжүүдийн хоорондын үл ойлголцол олон жил үргэлжилж байна. Хоёрдугаарт, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон татварын дарамтын улмаас үндэсний аж ахуйн нэгжүүд ээлж дараалан үүд хаалгаа барьсаар байна. Хамгийн эмзэглэмээр, бага гүй бухимдуулж байгаа асуудал бол татварын хяналт шалгалт зөвхөн үндэсний аж ахуйн нэгжүүд рүү чиглэгдээд байна. Цаашлаад татварын өр үүсгэж данс хааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж хэвийн төлж байсан татвараа ч төлж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байна. Ингэснээр дагаад ажлын байр, хөрөнгө оруулалт үндсэндээ байхгүй болсон. Гуравдугаарт, дэлхийд тогтоогдсон нөөцөөрөө дөрөвдүгээрт, үйлдвэрлэлээрээ зургаад, экспортоор эхний тавдугаарт ордог Монгол Улсын жоншны салбар бүхэлдээ гадны компаниудын мэдэлд шилжиж байна. Татварын өрийн дарамтыг тэсвэрлэж чадахгүй орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд лиценз, хувьцаагаа зарахаас өөр сонголтгүй болж байна. Мэдээж хэрэглэгч болох урд хөршөөс өөр худалдан авагч байхгүй тул эцсийн дүндээ худалдагч, худалдан авагч зах зээл интеграцид орж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний үнийг биднээс үл хамааран хилийн чанадад тогтооно гэсэн үг. Засгийн газрын үндэслэлгүй шийдвэрийн улмаас уул уурхайн зарим салбарыг бүхэлд нь гадныханд алдаж байна. Үнэндээ үндэсний аж ахуйн нэгжүүд татварын дарамтын өмнө хоёр гараа өргөн бууж өгч компаниа худалдахаас өөр сонголтгүй болж байгаагаа нуухгүй байна.
-Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүд эрх ашгаа хамгаалах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Мэдээж олон жилийн ужгирсан алдаатай шийдвэр учраас одоогийн Засгийн газарт бүх бурууг тохох нь зохисгүй биз. Татварын байгууллага нь хэдийгээр татвар төлөгчдийнхөө зовлонг сайн ойлгодог боловч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг учраас дээд шатны байгууллагын муу шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзах эрх байхгүй. Сайн мэдээ гэвэл Засгийн газрын шийдвэрт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаж аж ахуйн нэгжүүдээс санал авч байгаа нь хожуу ч гэсэн алдаагаа залруулах болов уу гэсэн горьдлого төрүүлж байна. Гэвч өнгөрсөн хугацааны буруу бодлого шийдвэрийг залруулахад дэндүү оройтсон тул Захиргааны хэргийн шүүхэд найдахаас өөр арга үлдээгүй. Хэрэв Засгийн газар, захиргааны шүүхээс дорвитой шийдэл гарахгүй энэ маягаар цаашид үргэлжилбэл уул уурхайн салбарынхан Засгийн газарт шаардлага хүргүүлж, шат дараатай арга хэмжээ авахыг зорин ажиллаж байна. Энэ бол ганц жоншны салбарын зовлон биш шүү дээ. Том зургаараа бодлогогүй, тооцоо судалгаагүй муу шийдвэрийнхээ гороор уул уурхайн зарим салбарыг гадныханд алдах үүд хаалгыг бид өөрсдөө нээсэн. Мөн үндэсний үйлдвэрүүдийнхээ үүдийг барьж байгаа хэрэг юм.
Бямба гаригт аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно DNN.mn
“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006 оноос хойш жил бүр зохион байгуулдаг “Атар” хэвийн боовны нэрэмжит айм...
8 цагийн дараа
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалттай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана DNN.mn
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хооронд хиймэл оюун ухаанд суурилсан “Стратегийн оюун ухааны платфор...
7 цагийн дараа
Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана DNN.mn
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн ...
7 цагийн дараа
УАШТ-ийг 34 шүүгч дэнсэлж байна DNN.mn
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Насанд хүрэгчдийн УАШТ-д олон улсын зэрэглэлтэй 20, улсын зэрэглэлт...
6 цагийн дараа
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө DNN.mn
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газарт гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд “Юнител” ХХК-аас нийгмийн хар...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд
G.Otgonsyren
G.Ottgonsyren mash zyb zyitei asyydaliig handgun bna eniig eryyl yhaanaar shiideh tsagana ali hediin bolson manai turiin shiidber mash ydaan ajilaa hiij medeh hyn honor bolson