мэдээ
Эгэлгүй их хүмүүн DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 22
28
Тусгаар тогтносон, бие даасан хараат бус бодлоготой, чөлөөт ардчилсан төрийн тогтолцоотой, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нээлттэй нийгэм бүхий өнөөгийн Монгол Улс энэ статус квотой болохын тулд ХХ зуунд гурван том хувьсгал дамжсан юм. Энэ бол 1911, 1921, 1990 онд болсон үйл явдал билээ.
Төрийн байгууламж, бүтэц үндсээрээ гэнэт солигдохыг хувьсгал гэнэ. Тайван ба зэвсэгт тэмцэл аль нь ч байж болно. Голдуу тусгаар тогтнолтой зэрэгцдэг. Бас гаднаас хараат вассал, хагас колони тогтоцоос салах ч орно. Харин Монголын гурван хувьсгалын алин ч ард түмний дотор биентэйгээ харгалдсан зэвсэгт тэмцлээр эхлээгүй юм. Гурван хувьсгал бүгд Монгол төрийн дотоод зохицол, харилцан буулт, нийгмийн тодорхой хэсгийн дэмжлэгтэйгээр гараагаа авсан.
1911 оны үйлс бол тусгаар тогтнолоо сэргээсэн хувьсгал байлаа. Манжийн эрхшээлээс гарсан гэж түүхэн утгаар нь алдаатай нэрлэдэг. Үнэндээ нийт Хятад болон Монголыг эрхшээж байсан манж нарын Манж Чин улс унаж, “эрхшээгч” өөрөө үгүй болсон учир, монголчууд түүхийн энэ эгзэгтэй үеийг ашиглан өөрийн туурга тусгаар улсаа тунхаглан зарласан билээ.
Нийгэм улс төрийн эгзэгтэй, хямралтай үе үүнийг даван туулах өөрийн баатруудыг төрүүлдэг. Цагаа олж төрсөн цөөн тооны тэдгээр хүмүүс бусдыгаа уриалан дуудаж бэрхшээлийг даван туулдаг. 1911 онд тэгж тодрон улс орноо аварсан гурван том хошуучлагч байсан нь Богд Жавзандамба, Да лам Гомбын Цэрэнчимэд, Баттөмөрийн Хайсан гүн гурав байсан юм. Хэрэв энэ гурав хошуучлаагүй бол түүх хаашаа эргэх байсныг хэлж мэдэхгүй. Дагалдагч олны дотор янз бүрийн бодол зорилготой хүн цөөнгүй байсан нь хожим нь илэрхий болсон.
Яаж ч үгүйсгээд теократ улс хамжлагыг халж, шашин төрийг тусгаарлан, Үндсэн хуульт хаант улс болсон болохоор 1921 онд гараагаа авсан үйлс яах аргагүй хувьсгал мөн. Мэдээж энэ хувьсгалыг санаачлагч, хэрэгжүүлэгч болоод цаг үеийн ороо бусгаа байдал их нөлөө үзүүлсэн ч хувьсгалын үр дүн Монгол орны тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх чиглэл рүү хөтөлсөн. Хувьсгалыг хошуучлагч МАН-ын анхны дэд дарга, БНМАУ-ын Хувьсгалт цэргийн зөвлөлийн дарга Элбек-Доржи Ринчинович Ринчино, Ардын Засгийн анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо, Сангийн сайд Солийн Данзан нар. Сонирхолтой нь бүгд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар Монголын төлөө боловч тус бүр өөрийн тусдаа бодол санаа, арга чиглэлтэй энэ гурван хүний хоорондын тэмцэл маргаан цааш цаашдын төлөвшлийн эх хар зургийг гаргаж ирсэн билээ.
1990 оны үйл явдал бол ардчилсан төрийн тогтолцоотой, нээлттэй нийгэм бүхий бие дааж хүлээн зөвшөөрөгдсөн чөлөөт орон болж өөрчлөгдсөн тусгаар тогтнолын төлөөх зуун жилийн тэмцлийн сүүлчийн хувьсгал байлаа.
Наяад оны сүүлчээр коммунист дэглэм сүүлчийн амьсгалдаа орсон нь сохор дүлий хүнд ч ойлгомжтой болсон. Румынд Чаушескуг эхнэрийнх нь хамт буудан хороолоо. Бээжинд босогч оюутнууд төв талбайгаа эзлэн авав. Берлиний хана нурлаа. Польш, Унгар, Чехословакт коммунист засаг унав. ЗХУ-д энд тэндгүй үндэстэн хоорондын ил цагаан байлдаан эхлэв.
Хичнээн социалист коммунист итгэл үнэмшилтэй байсан ч Монгол төрийн удирдлагад байсан хүмүүс эх орны өмнө хариуцлага хүлээсний хувьд энэ хүнд байдлаас хэрхэн гарах аргаа хайхаас өөр гарцгүй болсон юм. Хамгийн гол нь Хятадын гэх аюулаас Монголыг хамгаалж байна хэмээн 20 гаруй жилд Монголд байрласан зөвлөлтийн 100 мянган цэрэг 1988 оноос Монголоос гарч одов. Зөвлөлтийн “хамгаалалт” үгүй болж байгааг Монголын удирдлага зурагтын мэдээнээс, Горбачёвын үгнээс анхлан олж сонссон нь мөнөөх “мөнхийн найрамдлын” мөн чанарыг харуулжээ. Зөвлөлт гүрэн хямралын ирмэгт тулан туйлдсанаар Монголд өгдөг зээл байтугай бараа нийлүүлэлт нь зогсов. Балгасан дунд үлдэж хоцорч буй Монгол орон!
1990 оны 3 дугаар сарын эхээр шинээр төрсөн, гудамжны жагсаал цуглаан хийхээс цааш эрх мэдэлгүй Ардчилсан хүч-ний шаардлагаар Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ бол хэтэрхий хялбаршуулсан гэнэн тайлбар юм. Огцрох саналыг эрх барих МАХН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнх гаргаж, бусад гишүүдээ уриалсан төдийгүй шахамдан шаардсан. Тэрээр айсандаа, хариуцлагаас зугтах гэсэндээ, учраа олоогүйдээ ийм шийдвэр гаргаагүй, энэ бол удтал бодож гаргасан түүний ухамсартай шийдвэр байсан юм. Улс төрийн товчоо хэмээх нь ард түмнээс сонгогдоогүй 9 хүн олон жилийн турш Монгол оронд төрийн эрх бүрэн атгаж байлаа. Үнэн хэрэгтээ энэ нь төрийн, шүүхийн, засгийн газрын, орон нутгийн бүх эрх мэдлийг нэг гарт зангидан атгасан хязгааргүй эрх мэдэлт засаглал байсан. Шинэ төрсөн хүүхэд байтугай, нялх төл хүртэл төр засагт бүртгэлтэй атал МАХН, түүний удирдах бүлэглэл болох Намын төв хороо, Улс төрийн товчоо бараг 70 жилийн турш оршин байгаагаа хуульчлан бүртгүүлээгүй байгууллага.
Төрийн эрх мэдлийг намаас төрд нь хүлээлгэж өгөх ёстой гэж Батмөнх ойлгосон хэрэг. Энэ бол түүний итгэл үнэмшил байсан. Тэрээр Улс төрийн гишүүдээс огцорсныхоо дараа эргэж төрийн ажилд оролцохгүй, сонгогдохгүй, тэр чигээрээ “гавьяаныхаа амралтад” нэгмөсөн гарах амлалт авахуулж байсан. Үүнээс өмнө ч тэрээр Монголын нам төрийн удирдагчаар ажилласан 6 жилдээ бага багаар олон чухал өөрчлөлт хийж чадсан юм. Тэрээр энэ хооронд 30 жил дайсагналцсан өмнөд хөрштэй харьцаагаа хэвийн болгосон. Хятадтай харилцах харилцаанд тодорхой үр дүн авчирснаар хоёр талын төлөөлөгчид 1987 онд Монгол-Хятадын хилийн дэглэм, хилийн асуудлыг зохицуулсан. Мөн Иргэд харилцан зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан.
1988 онд хувиараа хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн нөхөрлөл байгуулахыг иргэдэд зөвшөөрлөө. Залгуулаад өргөн хэрэглээний бараа, хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тэрчлэн гуанз, тээвэр мэтийн хүн амд шаардлагатай ахуйн үйлчилгээг ерөнхийд нь хувийн хэвшлийнхэн эрхлэх ажил хэмээн тодорхойллоо. Энэ бол Цэдэнбалын хичээнгүйлэн байгуулж босгосон монгол социализмын нуралтын эхлэл байсан юм. Цааш нь бүр ч үнэмшимгүй “перестройка” “гласность” боллоо, юу гэвэл МАХН-ын УТТ-аас 1988 онд Хэвлэл утга зохиолыг хянах газрыг татан буулгачих нь тэр! Ингээд олон нийт үзэл бодлоо ил цагаан илэрхийлж болох болов. Тал нутаг хүний гурван үе үргэлжилсэн гүн нойрноосоо сэрлээ. Жамбын Батмөнх бол яах аргагүй эгзэгтэй хямралын үед цагаа олж төрсөн шинэчлэгч, хошуучлагч мөн.
Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор нэг намын удирдах бүрэлдэхүүн төр улсын бүх эрх мэдлийг дангаараа өмчилж байсан явдал зогсож, төрийн эрх мэдэл албан ёсоор “төр” гэж нэрлэгдэж байсан төрийн инстүүцэд шилжлээ. Улс төрийн товчоо шинэчлэгдэж, цөөн хэдэн хүний бүрэлдэхүүнээр дахин амилсан боловч энэ цагаас төрийг биш, өөрийн төрөлх улс төрийн намынхаа удирдах бүрэлдэхүүн болон тогтсон билээ.
Эрх мэдэл төрд шилжсэн ч чухам аль нь төр, эрх мэдэлтэй болохоороо яах ёстойг хэн хүнгүй ойлгохгүй байлаа. Чухам энэ үед цаг үе бас нэгэн хошуучлагчийг төрүүлсэн нь хуульч Бираагийн Чимид байлаа. Төр бол өөр өөрийн хариуцлага, эрх мэдэл бүхий бие даасан хууль тогтоох, гүйцэтгэн засаглах, шүүн таслах инстүүцүүдээс бүрдэнэ гэсэн зарчмыг баримтлан үүнийг бусдад ойлгуулах төдийгүй хуульчлан тогтоохоор шургуу ажиллаж эхэлсэн юм. Хууль тогтоох формал үүрэгтэй боловч энэ үүргээ бараг хэзээ ч гүйцэтгэж чадаагүй өдий хүрсэн, 430 гишүүнээс бүрдсэн Ардын их хурал Чимидийн боловсруулсан санаачлагыг хуульчлах ёстой.
1990 оны 5 дугаар сард болсон Ардын их хурлын чуулганаар 1960 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулав. 1960 оны Үндсэн хуулийг АИХ инстүүцийнхээ хувьд анх удаа авч хэлэлцэж буй нь энэ. Гуравдугаар Үндсэн хууль гэгддэг уг баримтыг тухайн үеийн АИХ хэлэлцэж байтал Цэдэнбал зарим засвар оруулна гэж аваад тэр чигээрээ мартжээ. Иймээс энэ нь үнэн чанартаа батлах ёстой инстүүцээрээ ороогүй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр биш эд.
Саяхан л утсаар залгаад, бие нь эрүүл саруул болж байвал бусад зүйл аяндаа болно гэж санаа тавьж байсан их хүмүүн нутаг буцсаныг сонсоод сэтгэл уймрав.
Анхны уулзалт
1992 оны намар. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Р.Батаа гуай намайг дуудуулж. Очлоо. ЕТГ-ын дарга Б.Түмэнтэй хамт танилцах уулзалт хийгээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн парламентын асуудал хариуцсан шадар туслахаар ажиллахыг санал болгов. Би ч баяртай зөвшөөрлөө. “Тэгвэл маргааш өглөө 11 цагт П.Очирбат Ерөнхийлөгчтэй уулзуулна, дэмжвэл чамайг ажилд авна” гэлээ. Маргааш өглөө нь хоцроод Ерөнхийлөгчийн өрөөнд орлоо. Төрийн тэргүүнтэй ганцаар уулзсан анхны мөч. Ерөнхийлөгч намайг суу гэж сандал руу зангангаа “Чи цаг хэр барьдаг товариш вэ? гэж зэмлэнгүй асуултаар эхлэв. Би уг нь цаг маш сайн барьдаг, сая ном зөөх машин саатаад” гэсэн чинь “Өө, тийм үү, машинаар зөөдөг тийм олон номтой хүн үү” гэхэд нь ном, толь бичиг цуглуулах дуртай гэсэн юм хэллээ (Тэр үед интернэт байгаагүй болохоор номоос л асуултынхаа хариуг хайдаг байсан цаг). Духны хөлс чийхарч байв. Гэтэл Ерөнхийлөгч “Шинэ ардчилсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байна. Төрийн тэргүүн Ерөнхийлөгч, байнгын ажиллагаатай УИХ хоёрын хоорондын харилцааг эхнээс нь зөв төлөвшүүлж, хэвшүүлэх нь чухал. Энэ талд чи надад тус дэм бол. Үндсэн хуулийн төсөл боловсруулахад Б.Чимид даргатайгаа гайгүй гар нийлж ажилласан гэж сонссон. Маргааш өглөө ажилдаа ор” гээд гаргаж билээ. Мартагдашгүй сайхан дурсамж минь.
ШАрын гол дАхь ширүүн уулзалт
1993 оны хавар. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байсан үе. Ерөнхийлөгч солонгосчуудын бэлэглэсэн Галлопер, дагалдан яваа хүмүүс нь УАЗ-469 машинтай Дархан хотоор дайраад Шарын гол явлаа. Бараа, хүнс ховор, жилийн 200-300 хувийн инфляцитай, төгрөгийн ханш өдрөөр унаж, нийгэм их бухимдалтай байсан цаг. Уулзалтын танхим пиг дүүрэн. Удаа ч үгүй урдуур суусан нэг хижээл насны эр төр засгийн үйл ажиллагааг ширүүн шүүмжлэнгээ, олон асуулт ундруулж эхлэв. Гэтэл П.Очирбат Ерөнхийлөгч “Хөөе Цэрэндорж оо, бие нь сайн уу, танайхан сайн уу, экскаватор чинь хэр байна? Наад олон асуултаа энд биш, миний буусан буудлын өрөөнд очиж асуу, бид 2-т өөр амин яриа ч байна” гэсэн чинь хүмүүс инээлдээд уулзалтын уур амьсгал эерэгээр эргэж байж билээ. Ерөнхийлөгч хүнийг хөгшин залуу, ажилчин дарга гэж ялгаж харьцдаггүй энгийнээс энгийн хүн байсан.
Өнгөтэй бууз
Таван жилийн өмнө П.Очирбат Ерөнхийлөгч рүү залгаад “Та зав гайгүй байгаа бол Киргизийн Хар тор ордын судалгааны тайланг хараад санал бодлоо хэлж өгнө үү” гэсэн чинь явуулчих гэв. Долоо хоногийн дараа гэртээ хүрээд ир гэв. Тэр олон зуун хуудас тайланг уншаад, зурж, тэмдэглээд, хэлэх саналаа цаасан дээр гараараа биччихсэн сууж байхыг хараад гайхах, бас бахархах, хүндлэн дээдлэх сэтгэгдэл төрж билээ. Наян насыг зооглох дөхсөн хүн ийм ажил хэрэгч байна гэдэг бас л ховор үзэгдэл. Ажлаа бүтээгээд гарах гэтэл Ш.Цэвэлмаа эгч хоёр уут бууз өгөнгөө “Обо чиний тухай надад хэлсэн. Эхнэр чинь ковидын хөл хорионоос болоод гадаадад байгаа, чамайг гэртээ ганцаараа байгаа гэж хэлсэн. Та нар ч хоол унд хийх, өөртөө арчаатай байх талаар ямархуу хүмүүс гэдгийг гадарлана. Энэ хэдэн буузыг авч хариад хөлдөөгчдөө хийчих. Өлсөхөөрөө жигнээд, эсвэл шараад идээрэй. Цагаан гурилаар чимхсэн нь үхрийн махтай, бор гурилаар чимхсэн нь хонины махтай, харин тэр тод өнгөтэй гурилаар чимхсэн нь махгүй, ногоогоор хийсэн бууз шүү гэж хэлэхэд нь тэнгэрт байгаа ээж минь санаанд орж самсаа шархирч билээ (Сургуулийн дотуур байранд амьдрахаар явах болоход ээж маань нэг уут хүнс бэлдээд, эхлээд энэ гонзгой боорцгоо хатахаас нь өмнө ид, дараа нь ясны тостой усаар зуурч хийсэн бөөрөнхий боорцгоо ид, хамгийн сүүлд хатуу ааруулаа мэрж ид гэж зааварчилдаг байж билээ). Ерөнхийлөгч маань Монголын нийгмийн хамгийн эгзэгтэй үед төрийн тэргүүний үүргээ амжилттай биелүүлэхэд нь Ш.Цэвэлмаа эгчийн үл үзэгдэх, үл үнэлэгдэх үүрэг их байсан гэдэг бодол минь улам батжиж билээ.
П.Очирбат Ерөнхийлөгч торгон мэдрэмжтэй, саруул ухаантай, туйлын тэвчээртэй, ажилсаг, эгэлгүй энгийн, хошин шогийн мэдрэмжтэй, хэнийг ч өөртөө татаж чаддаг, бусдын бодол санааг шүүрдэж чаддаг, олон янзын үзэл бодолтой хүмүүсийг нэг зүйл дээр төвлөрүүлж, эвлэрүүлж чаддаг ер бусын хүн байсан. Ард түмний хайрласан хээгүй Ерөнхийлөгч, үнэндээ хийдэл гаргадаггүй эгэлгүй их хүмүүн Та Монгол эх нутагтаа эргэж төрөх болтугай.
Пунцагийн ЦАГААН
Үйлчилгээнд явж байхдаа тамхи татсан автобусны жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn
“Автобусны жолооч тамхи татаж байхад нь шаардлага тавихад хүлээн аваагүй” гэсэн иргэний гомдлыг хянаж, Зөрчлийн тухай ху...
8 цагийн дараа
АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд… DNN.mn
АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Илли...
8 цагийн дараа
Хилийн боомтууд гурав хоног амарна DNN.mn
Энэ сарын 29-31-ний хооронд БНХАУ-ын хаврын баяр буюу цагаан сар тохиож байна. Үүнтэй холбоотойгоор зарим хилийн боомтууд амрахаар б...
7 цагийн дараа
Б.Мөнхнар анх удаа улсын аварга боллоо DNN.mn
Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий барилдаанууд Бөхийн өргөөн...
7 цагийн дараа
Ууланд сураггүй болсон иргэний цогцсыг олжээ DNN.mn
Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Жаргалант” хайрхны “Яргайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т,...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд
Пунцаг
Олон юм хуцахгүй явж жангаа ид.