Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

О.Саранчулуун: Нэр дэвших өргөдлөө өгөөд МАН-ын жагсаалтын эхний дөрөвт бичигдэнэ гэхэд надаас өөр хүн итгээгүй DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 1 сарын 24

img

42

news-img

УЛСДАА АМЬДАРДАГ Ч БҮРТГЭЛГҮЙ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГГҮЙ, ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДДАГГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮС ТӨСӨӨЛСНӨӨС ИХ БАЙДАГ


МАН-ын жагсаалтын дөрөвт нэр дэвшин сонгогдсон, УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.

-Таны хувьд хэвлэлд төдийлөн ярилцлага өгөөгүй санагдаж байна. Юуны өмнө та манай уншигчдад өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу. Ямар мэргэжилтэй, өмнө нь хаана ажиллаж байсан хүн бэ?

-Миний хувьд 2005 онд МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Тэр жилээсээ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Зан үйлийн тэнхимийн багшаар ажлын гараагаа эхэлж байлаа. Өөрөөр хэлбэл, анхны үндсэн ажил маань байсан гэсэн үг. Дараа нь УИХ-ын гишүүний хариуцлагатай ажлыг хийгээд явж байна.

-Таны намтрыг харж байхад дотоодод гэлтгүй гадаадад мөн сургууль төгссөн байна. Тэгэхээр ажиллахынхаа хажуугаар сурч байсан гэсэн үг үү?

-Багшилж байхдаа МУИС-д мэргэжил дээшлүүлж магистрт сурч төгссөн. Үргэлжлүүлээд 2008 онд Израилийн Хэбрүгийн их сургууль Нийгмийн эрүүл мэндийн сургуульд магистраар сурсан. Анагаахад багшлахдаа Олон нийтийн нөлөөлөл гэдэг хичээл заадаг байлаа. Мөн амьдралын дадал зуршлыг өөрчлөх, нийгмийн зан үйлийн хичээлийг ордог байсан. Энэ хоёр чиглэлээрээ 2013-2014 онд Нью-Йоркийн Колумбын их сургуульд суралцсан. Энэ хугацаанд олон нийтэд нөлөөлөх, олон нийтийн зан үйлийг өөрчлөх зэргийг нийлүүлсэн чухал ажлыг Монголд ирж хэрэгжүүлсэн. Тэр нь “Ахиллис Монгол ОУБ” ТББ-ыг үүсгэн байгуулсан явдал юм. Энэ олон улсын байгууллага нь Нью-Йоркт салбартай. Харин Монголд байдаггүй байсан. Энэ утгаараа Монголд энэхүү байгууллагын салбарыг анх нээсэн гэж ойлгож болно.

-Таны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж парламентад орж ирсэн. Яг улс төрийн хувьд ямар процессоор орж ирсэн бэ гэдгийг дараа нь асууя. Үүнээс өмнө энэ бүлгийн иргэдэд дэмжлэг, туслалцаа хэрэгтэй гэдгийг та хэзээнээс ойлгож, бодитой ажил хэрэг болгож явсан юм бэ?

-Миний хувьд эдгээр иргэдийн зовлон, жаргалыг өөрийн биеэр туулж үзсэн учраас хамгийн сайн ойлгож, мэдэрдэг.

Нөгөөтэйгүүр дээрх ажлуудыг санаачлан эхлүүлэх болсон хамгийн том шалтгаан нь би өөрөө. Юу гэхээр би 13 настай байхдаа мориноос унаж бэртээд, нэг хөлөө тайруулсан хүн. Тухайн үед мориноос унаад, бэртсэн гэмтэл маань эдгэхгүй бүтэн найман сар эмнэлгээр явсан. Эцэст нь ясны хорт хавдар гэдэг оноштойгоор хөлөө тайруулсан. Тухайн үед би жаахан охин шүү дээ, 5-6 удаа химийн тариа хийлгэж, 7-8 удаа туяа шарлагад орж байсан. Хавдрын нэлээн хожуу үед илрүүлсэн. Энэ бол миний амьдралын хүнд, хэцүү үе байсан. Өсвөр насны хүүхэд, дээр нь гэр бүлийн хувьд санхүүгийн болоод бие, сэтгэлийн асар их дарамттай үе байсан гэж ойлгож болно. Яг энэ хүнд хэцүү зүйл миний сэтгэл зүрхэнд хадаастай үлдсэн. Одоо ч бодоход эмзэглэдэг. Энэ утгаараа өөртэйгөө адилхан яваа хүмүүст ямар нэгэн байдлаар тус дэм болоод явбал надад үлдсэн энэ эмзэг мэдрэмж бага багаар аних юм болов уу гэж одоо бодогддог. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах юмсан гэсэн бодол хар багаас минь байсан.

-Үнэхээр таны хэлдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрд сэтгэлийн, биеийн, санхүүгийн, үзэл бодлын, амьдрах орчны гээд олон бэрхшээл байгаа нь үнэн л дээ…?

-Тийм. Мөн хөгжлийн бэрхшээл гэдэг зүйл өөрөө ядууралтай асар холбоотой ойлголт. Миний амьдрал ч тийм байсан.

-Тийм гэхээр боломж тааруу амьдрал дунд өссөн гэсэн үг үү?

-Намайг Хавдрын эмнэлэгт эмчлүүлж байхад ээж минь хаа байсан Баянхошуунаас цай, хоол автобусаар зөөгөөд эргэдэг байлаа. Нэг захаас нөгөө зах хүрэхэд бүтэн цаг гаруй хугацаанд явна гэсэн үг. Тэр хооронд ирсэн хоол нь хөрнө, асгарна. Зарим үед охиноо эргэх хоол, цайгүй үе ч байсан. Үнэхээр хэцүү амьдрал. Дөнгөж зах зээлийн үе. Ээж, аавууд ажилгүй. Одоогийн зорилтот бүлгийн айл өрх гэдэг шиг тийм айл. Дээрээс нь хүүхэд нь хорт хавдраар эмчлүүлж, хөлөө тайруулчихсан, химийн тарианд орчихсон байдаг. Үнэхээр амаргүй үе. Энэ утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэний өөрийн сэтгэл санаа, амьдрал, ар гэрийн байдал ямар байдгийг яс махандаа шингэтэл мэдэрсэн, ойлгосон хүн. Тиймээс тэр жаахан охин байхдаа л “том болохоороо ийм хүмүүст аль чадахаараа тус болно доо” гэж боддог байлаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн төр болон хувийн хэвшлийн олон байгууллага байдаг байх. Тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэдэг бодитой байгууллага бас цөөхөн үү?

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ажилладаг 3000 гаруй байгууллага бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь эдгээр байгууллагуудын 10 орчим хувь буюу 300-400 байгууллага л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр байгууллагуудын ихэнх нь сургалт, халамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин манайх нийгмийн чиглэлээр. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн дээр очоод за чи зоригтой бол, хүчтэй бол гэж хэлээд асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр спортын чиглэлээр нийгмийн тэгш харилцаанд оруулахыг зорьдог. Ингэхийн тулд бага багаар нөлөөлж, дадал суулгах зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг.

-Та гэр бүлээ танилцуулах гүй юу. Эцэг эхээс хэдүүлээ вэ. Таны аав, ээж аль нутгийн хүмүүс вэ?

-Манай аав Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гаралтай хүн. Ээж маань Архангай аймгийн Хотонт гэж явах болов уу. Өөрсдөө Улаанбаатар хотод төрсөн ч өвөө, эмээ маань дээрх нутгийн хүмүүс. Миний хувьд ч Улаанбаатар хотод төрж, өссөн. Арван жилээ Нэгдүгээр хорооллын “Ирээдүй” цогцолбор сургуульд зургадугаар ангиасаа хойш суралцаж төгссөн. Зургадугаар ангид орохоос өмнө миний хувьд олон сургуульд шилжин суралцсан байдаг.

-Яагаад вэ?

-Нөгөө л гэр бүлийн амьдралын хүнд хэцүү байдалтай холбоотой. Манайх энд тэнд олон айлын хашаанд нүүж амьдардаг байсан. Үүнтэй холбоотой.

-Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Миний хувьд аавыгаа сайн мэдэхгүй ээ. Аавтайгаа уулзаж байгаагүй. Бид эхээсээ тавуулаа. Гэхдээ аав, ээжээсээ би ганцаараа. Манай дүү нар өөр овогтой. Ээж маань тэтгэвэрт гарахаасаа өмнө Гэмтлийн эмнэлэгт хүлээн авахын асрагчийн ажил хийдэг байсан. Түүнээс өмнө цэцэрлэгийн туслах багш, орцны цэвэрлэгч гээд олон ажил хийж явсан хүн. Таван дүүтэй гэж хэлсэн. Дүү нарын эрэгтэй нь хэдэн жилийн өмнө бурхан болсон. Доороо дөрвөн эмэгтэй дүүтэй эгч хүн. Одоо бүгд тус тусын амьдрал ахуйтай, ажил мэргэжилтэй сайн яваа хүмүүс байгаа. Миний хувьд харин нөхөр, хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдарч байна.

-Айлын том эгч, гэрийн эзэгтэй, нийгмийн ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн доктор, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон улсын байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч хүний хувьд улс төрд анх орсон процесс яаж явагдсан бэ. Таны хувьд МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэн парламентад сонгогдсон улстөрч шүү дээ…?

-Улс төрд орох болсон учир шалтгаанаа би танд товчхон бөгөөд эхнээс нь цэгцтэй хэлэхийг хүсч байна. Би түрүүн ярьсан багшийн болон төрийн бус байгууллагынхаа ажлыг хийгээд явж байлаа. 2022 онд Энэтхэгийн хүмүүнлэгийн байгууллагаас “650 хүний бодит бүртгэл хүсэлт байвал, үнэгүй хиймэл хөл хийж өгдөг” үйл ажиллагаа манай улсад байна. Тиймээс танай улсад ийм хүмүүсийн хүсэлт байвал дата мэдээллийг нь явуулаарай гэдэг зүйлийг Энэтхэг Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгт Элчин сайдаар дамжуулан хүргүүлсэн юм байна. Ингээд хамтын ажиллагааны байгууллага энэхүү саналыг тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлж, энэ талын судалгаа мэдээлэлийг авахыг хүссэн байна. Гэтэл яамнаас ердөө 200 хүрэхгүй хүний судалгааг явуулж. Ингээд дараа нь Энэтхэг талаас хүмүүнлэгийн нэг ажилтан надтай уулзаж, энэ талын судалгаа авахыг хүссэн юм. Миний хувьд энэ талын мэдээлэл их байсан. Жишээ нь, манай улсад жилд хэчнээн хүн чихрийн шижин өвчнөөр мөн үйлдвэрийн ослоор хөлөө тайруулдаг вэ гэдгийг би мэдэж байсан. Гэтэл энэ тоог яамнаас гаргаж өгөөгүй, мэдэхгүй байгаа нь бид ядаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ судалгааг хийдэггүй гэдэг нь харагдаж байгаа юм.

-Нарийн тоон мэдээлэл байхгүй байсан гэсэн үг үү?

-Тийм. Ингээд би өөрийн фэйсбүүкээрээ энэхүү мэдээллийг олон нийтэд зарласан. Гэтэл надад удалгүй 800 гаруй хүний мэдээлэл ирсэн. Эдгээр мэдээлэл дунд миний мэдэхгүй, төсөөлөөгүй үнэхээр эмзэг хүнд кейсүүдийг иргэд маань ирүүлж байсан.

-Ямар мэдээлэл вэ?

-Юу гэхээр Монгол Улсын иргэн атлаа бүртгэлгүй, төрийн үйлчилгээ авдаггүй, тоологдоогүй, өөрт нь хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төсөөлснөөс их байдгийг мэдэж авсан. Эдгээр хүмүүсийн ирүүлсэн зураг, материалыг хараад миний сэтгэл бүр их эмзэглэж, зүрх өвдсөн. Улмаар уг ажил маань цаашаа үргэлжлээд гурван яамны хүрээнд орсон. Яг энэ үеэр УИХ-ын сонгуулийн жил таарсан. Тэр үед Үндсэн хууль өөрчлөгдсөн. Сонгуулиа өмнөхөөсөө өөрөөр явуулна гэдэг зүйл нийгэмд яригдаж эхэлсэн. Улмаар Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тухайн үед нэг мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдэл дотор “Манай нам жагсаалтын эхний тав дотор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг оруулна” гэдэг зүйл байсан. Үүний дараа надад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, намайг мэддэг, миний мэддэг олон төрийн бус байгууллага, найз, нөхөд, хүрээллээс санал ирсэн.

-Сонгуульд нэр дэвшээч гэдэг санал уу?

-Тийм. Салбар, бүлэг бүрийг төлөөлсөн парламент байгуулагдах гэж байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж чи нэр дэвших саналаа өгөх хэрэгтэй гэж олон хүн надад зөвлөсөн. Тэр бүү хэл олон төрийн бус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл энэ хүрээллээс хэн байх вэ гэдэг судалгааг явуулсан юм билээ. Ингээд боловсрол, мэдлэг, мэргэжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрсэн хүн нь О.Саранчулуун чи байна гэдэг зүйлийг хүртэл тухайн үед хэлж байсан. Миний хувьд өөрөө улс төр лүү орох сонирхол тухайн үед огт байгаагүй. Улс төрийн хэл ам, нэгнээ гүтгэдэг, доромжилдог зэрэг байдлаас нь болоод төвөгшөөх хандлагатай байсан. Харин түрүүн ярьсан 650 хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл цуглуулах ажлаас болоод миний сэтгэл маш их өвдсөн. Тэр мэдрэмжээрээ ер нь өөрөө энэ шийдвэр гаргах түвшинд нь орж ажиллаж байж асуудлыг өргөн хүрээнд шийдэж чадах юм байна гэсэн итгэлийг олж авсан.

-Та МАН-ын гишүүн байсан юм уу. Эсвэл шууд нэр дэвших хүсэлтээ өгөөд явсан юм уу. Яагаад МАН-ыг сонгосон юм бэ?

-Миний хувьд тухайн үед нам бус байсан. Олон хүмүүс санал ирүүлж, ятгаж, хүссэн учраас би нэр дэвшье гэж шийдсэн. Ингээд аль намаас нэр дэвших вэ гэдгээ бодсон. Хамгийн том гэгдэх МАН, АН, ХҮН нам. Алинд нь орох вэ гэж бодсон. Надад улс төрийн хүрээлэл дундаас нэг ч таних хүн байгаагүй. Нөгөөтэйгүүр аль намд орох нь тийм ч чухал биш байсан. Өөрөөр хэлбэл, миний итгэл үнэмшил юу байсан гэхээр УИХ-ын гишүүн болох л байсан гэсэн үг. Гишүүн болж, төрийн бодлогод оролцож байж өөрийн зорьж тэмүүлсэн зорилгоо биелүүлж чадна гэж үзсэн. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал. Өөр юу ч биш. Ингээд миний мэргэжил, зорьж байгаа зорилго маань зүүний чигийн бодлоготой нийцэж байсан учраас МАН-ыг сонгосон.

-МАН-ыг сонгоод нэр дэвших хүсэлтээ өгсөн юм байж. Тэр үед жагсаалтад багтана гэдэгтээ, цаашлаад УИХ-ын гишүүн болно гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж би ганцхан нэр дэвших өргөдлөө өгөөгүй. МАН бол том нам. Бараг 300 гаруй мянган гишүүнтэй. Энэ утгаараа надаас өөр олон хүн өгсөн байх. Миний хувьд тухайн үед намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөртэй миний зорилго, чиглэл ингэж уялдаж холбогдохоор байгаа учраас танай намаас нэр дэвших хүсэлтэй байна гэдгээ бичээд л өгдөг газар нь өгчихсөн. Надад энэ нам дотор таньж мэдэх хүн байхгүй. Өргөдлөө өгчихлөө, та дэмжээд өгөхийг бодоорой ч гэж хэлэх хүн байгаагүй. Нэр дэвшихээр болсон гэдгээ хэлсэн хүмүүс нь ерөөсөө өөрийн найз нөхөд, ах дүүс. Энэ хүмүүс маань улс төр, намд ямар ч хамааралгүй. Бүгд нам бус урдах ажлаа хийгээд л явдаг хүмүүс. Ингээд өргөдлөө өгчихөөд өөрийгөө жагсаалтын хэдэд бичигдэх битгий хэл багтах эсэхээ ч мэдэхгүй урдах ажлаа хийгээд явж байсан.

-Найз нөхдөдөө хэлсэн гэж байна. МАН-ын жагсаалтад нэр дэвшихээр өргөдлөө өгчихлөө гэх үед таны ойр дотны хүмүүс ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Бусадтай л адилхан. Улс төрийн нам, улстөрчид чинь худлаа шүү гэж. Юу гэхээр би өргөдлөө өгсөн гэдгээ найз нартаа хэлж байгаа юм. Гэтэл манай найз надад огт итгэхгүй. Харин эсрэгээрээ “Чи ямар гэнэн юм бэ. Чам шиг хүн өргөдлөө өглөө гээд тэр том нам жагсаалтдаа бичлээ юу. Том намын жагсаалтад орохын тулд хэдэн зуун сая бүр тэрбум төгрөг өгч байж ордог юм” гэж хэлж байсан. Ер нь бид нийтээрээ л улс төр, улс төрийн намыг ингэж ярьж байдаг даа. Үүнтэй л адилхан найз нөхдийн хүрээнд иймэрхүү яриа байнга болдог байв. Би ч хэрэв тийм бол яах вэ дээ гэж бодсон. Жагсаалтад орохгүй байсан ч урдах ажлаа хийгээд явна. Хийх ажил олон байна, хамаа ч алга гэж боддог байлаа. Өргөдлөө өгчихлөө, магадгүй МАН-ын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулна гэж намынх нь дарга хэлж байсан. Энэ утгаараа намайг хэрвээ жагсаалтад оруулбал найз нь эхний тавд багтах байх гээд ярьдаг байлаа. Ингэж хэлэхэд манай найз, нөхдийн 99 хувь нь намайг жагсаалтын эхний тавд багтана гэж огт итгээгүй. Ганцхан би өөрөө өөртөө л итгэж явсан. Улмаар сарын дараа жагсаалтын нэр дэвшигчдээ МАН-ын бага хурлаас зарласан. Ингээд намайг жагсаалтын дөрөвт бичигдлээ гэж баталгаажуулсан.

-Ингээд МАН-ын жагсаалтын дөрөвт бичигдсэн нь тодорхой болсны дараа танай найзууд юу гэж байх юм. Ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Зарим нь бүр итгээгүй. Зарим нь итгэж ядаж байсан. Зарим нь “Хүүе ээ, чи Л.Оюун-Эрдэнийг таньдаг юм уу, тэр намд хандив өгсөн юм уу. Хэдэн төгрөг өгсөн юм бэ” гэж хүртэл асуудаг байсан. Энэ мэтээр жагсаалтаар бичигдсэнээс хойш миний эргэн тойрны хүрээллийн хүмүүс намайг МАН-тай холбогдох бүх сувгийг эрж хайсан. Даанч надад тийм суваг байхгүй болохоор юу олох вэ дээ. Би өөрийн итгэл үнэмшлээрээ МАН-ын жагсаалтаар нэр дэвших өргөдлөө өгсөн. Миний өргөдлийг хүлээн авч судлаачид намайг МАН-ын жагсаалтын эхний дөрөвт бичсэн. Надад таньдаг улстөрч байгаагүй. Тэр бүү хэл би өөрийн фэйсбүүк хуудаснаа эрх баригч намын бодлого, үйл ажиллагаа буруу байна гэдэг шүүмжлэлийг байнга бичдэг байсан. Энэ бол миний улс төр лүү орсон процесс. Маш энгийнээр бодитой хэлэхэд ийм байна.

Э.Мөнхтүвшин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сурагчдын хичээл ирэх даваа гаригаас эхэлнэ DNN.mn

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт дуусаж, шинэ улирлын хичээл ирэх даваа гаригаас /2025.01.27/ эхэлнэ. Хоёрдугаа...

img

8 цагийн дараа

Эхийн алдар одон шинээр авах эхчүүдийн материалыг авч эхэллээ DNN.mn

Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон шинээр авах эхчүүдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар болс...

img

7 цагийн дараа

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд  (2025.01.23) Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нарын гишүүд Хууль тогтоом...

img

7 цагийн дараа

С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан DNN.mn

Монгол Улсын Төрийн соёрхолт, МУСГЗ, яруу найрагч С.Оюунтай төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат агсны ...

img

6 цагийн дараа

207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван ААН үнийн санал ирүүлжээ DNN.mn

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны т...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд