Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 24

img

51

news-img

Монгол Улсын Төрийн соёрхолт, МУСГЗ, яруу найрагч С.Оюунтай төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын анхны ерөнхийлөгч П.Очирбат агсны тухай дурсан ярилцлаа.


-Таны хувьд Ерөнхийлөгч П.Очирбат агсны хэвлэлийн албанд ажиллаж байсан шүү дээ. Танд анх яаж санал тавьж байв?

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгчтэй нэг багт ажиллах болсон нь миний хувь заяанд тохиосон эрхэм цаг хугацаа гэж боддог. Хэвлэлийн албаны дарга маань Чунтын Чулуунбаатар, түүний мэдэлд Нарантуяа гэж бүсгүй бид хоёр томилогдож байлаа. 1993 онд би “Ардын эрх” сонины ажилтан, давхар “МОНЦАМЭ”ийн сурвалжлагч байсан. Булган аймагт байхад миний хүсэлтээр эрхлэгч Ц.Балдорж намайг нийслэлд авчирсан. Ирсний дараа нэг өдөр намайг утсаар ярья гэлээ. Гар утас гараагүй, дундаа нийтийн утастай байсан цаг. Тэгтэл “Ерөнхийлөгчийн туслах Тогтохнасан гэдэг хүн байна, тантай Ерөнхийлөгч уулзана гэж байна” хэмээн дуулгасан. Улсын номер нэг хүн уулзъя гэхэд би юу хийчихлээ гэсэн бодол л төрдөг юм билээ. Учир нь тэр хүнийг зурагтаар л харсан төдий, огт танихгүй. Анхны Ерөнхийлөгчтэй уулзахдаа гар хоосон ормооргүй байдаг. Гэтэл надад өгөх ном ч байсангүй. Намар цаг юмдаг. Санаанд Могодын айраг л орж ирсэн. Нутгийн жаахан айраг аваад орвол болох уу гэсэн. Тогтохнасан туслах “болно оо” л гэж байна. Орлоо. Өрөө нь цэл гэр том, тээр цаана Ерөнхийлөгч сууж байснаа босож ирээд гар барилаа. Тэгээд “Би намтрын номоо гаргах гэж байна. Чамайг тэнд ажиллуулах саналтай байна. Чиний бичсэн “Ямар азаар бид хоцрогдов оо” гэсэн нийтлэл чинь надад сайхан санагдсан” гэлээ. Тэр үед надад “зохиолчид юу гэх бол” гэсэн хачин бодол орж ирсэн юм. Маш олон нэртэй төртэй зохиолчид байхад намайг гэдэг нь гэсэн бодол л доо. Тэгээд “Би чадах болов уу. бодъё” гэсэн юм. Ийм үг сонсоно чинээ огт санаанд ороогүй тул тулгамдсан л даа. Тэр нийтлэлийнхээ ачаар л тоогдсон юм шүү дээ.

-Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд ажиллаж байхад хэвлэлийг нь хариуцаж хөдөө гадаа хамт явдаг байсан байх. Энэ тухай дурсвал?

-Ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчтэй хоёр гурван газар хамт явж байсан. Ерөнхийлөгчтэй цуг машинд суугаад явж байхад тусгай албаныхан нь хамгаалж, анхаарал тавьж байгаа нь надад их сайхан санагддаг байсан. Хол газар машинд яваад Ерөнхийлөгч ч зүүрмэглэнэ, бид ч ялгаагүй зүүрмэглэнэ.

Тэр болгонд туслах нь ард нь суугаад гараа эвж, тогтвортой явуулах үүргийг бие хамгаалагчид нь маш хариуцлагатай гүйцэтгэдэг байсан. Энэ нь төрийн дээд албаны хүмүүсээ яаж хүндэлж хайрлаж, хамгаалж байх ёстойг харуулж байсан даа. Надад тэр нь ямар их хүндлэл вэ гэж бодогддог байлаа. Ерөнхийлөгчтэй хамт анх удаагаа Лондонд очиж, хэвлэлийн албаны хүний хувьд хэвлэлийн бага хурал зохион байгуулж үзэж байлаа. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанд байхдаа их сайхан зүйлүүдийг үзэж явлаа даа.

-Ингэхэд “Тэнгэрийн цаг” ном дээр хэр удаан ажиллаж байв?

-“Тэнгэрийн цаг” номыг жил гаруй бичсэн. Ерөнхийлөгч өөрөө юмаа бичээд тэрийг бичээч нь шивээд, шивсэнийг нь би авч засаад хэвлүүлээд Ерөнхийлөгчид үзүүлээд явдаг байсан. “Тэнгэрийн цаг” номыг шүүмжилсэн нэг ч шүүмж гараагүйг бодвол бид хоёрын ном гайгүй болсон хэрэг. Би шөнийн 11 цаг хүртэл суудаг байлаа. Засгийн газрын гаражаас тусгай машинаар намайг гэрт хүргэж өгдөг. Тийм боломжоор хангаж байсан гэсэн үг. Тэгээд номоо бичиж дуусгаад Лондонд хэвлүүлсэн. Тэр үед хэвлэлийн чанар сайн биш, шинэхэн хэвлэх үйлдвэр стандартын хэмжээнд ажиллаж чадахгүй байсан цаг. Ном маань гараад олон түмэн сайхан хүлээж авсан.

-П.Очирбат Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай хүн байсан бэ?

-Хэлсэндээ байдаг, хүний итгэлийг дааж чаддаг, өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болдог, яах аргагүй төрийн хүн байсан. Ардчилсан зарчим гэдгийг үлгэрлэж харуулъя гэж боддог . Тиймдээ ч хүмүүсийг сонгож авч ажиллуулахдаа үргэлж зөв бодлоготой байсан. Өөрийн байр сууриа илэрхийлнэ гэдэг бол үе үеийн Ерөнхийлөгч нарт чухал зүйл байдаг. П.Очирбат Ерөнхийлөгч олон зөвлөхтэй, тэдэнтэйгээ зөвлөлдөөд байр сууриа хэдийд хэлэх вэ, хаана уулзалтад очих вэ гэдэг нь бодлогын зүйл байдаг. Энэ бүгд бол Монгол Улсын хувьд цоо шинэ зүйл байсан.

-Монгол Улс Үндсэн хуулиараа хүний эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдэлсэн, ардчилсан нийг мийн харилцааг тунхагласан түүхэн цаг үе шүү дээ?

-Тийм шүү. Ерөнхийлөгч бол өөрийнхөө амьдарч б а й г а а нийгэмд шүүмжлэлтэй ханддаг, дэвшилтэт үзэлтэй хүн байсан. 1990 оноос хойш Монгол Улс бие даасан бодлоготой гэдгийг үлгэрлэж байсан. Улс төрд намууд төлөвшин тогтоогүй үед П.Очирбат гэж хүн гол ноён нуруу нь байгаагүй бол Монгол Улс тийм байж чадах болов уу гэж хамт ажиллаж байсан бидний хувьд боддог. Тийм учраас яах аргагүй эв нэгдлийн бэлгэ тэмдэг байсан.

Ажиллах үеийн бас нэг сайхан зүйл нь Ерөнхийлөгчтэй хамт цалингийн цэс дээр нэр маань бичигддэг. Хамгийн дээр П.Очирбат гэж байгаад түүнээс доош бидний нэр хамт бичигддэг. Гарын үсэг зурж цалингаа авдаг байлаа. Санхүүгийн эрх чөлөө бий болоод Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоёр сарынхаа цалинг бөөнд нь авъя гэхэд өгдөг болж байсан. Өмнө нь манай санхүүгийн системд тийм зүйл байгаагүй. Энэ мэтчилэн зах зээлийн харилцаанд орж байсан. Тэр нь их сайхан санагддаг юм. Бид чинь их хатуу үед байлаа. Томилолтоор явъя гэхэд санхүү дээр очно, банк гэж хүнд суртлын газар очно, бөөн юм болдог байсан бол 1990 оноос чөлөөтэй болоод цалингаа гурван сараар нь авъя гэхэд хүртэл өгч л байдаг зах зээлийн нийгмийн эрх чөлөөг бид хамгийн анх үзэж байлаа.

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.01.24/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өө...

img

8 цагийн дараа

Д.Трампын зарлигт түр хориг тавьжээ DNN.mn

АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хязгаарлах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын ирэх хоёрдугаар сард хүчин төгөлдөр болох зарл...

img

7 цагийн дараа

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.24) хуралдаан гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 08 минутад ...

img

7 цагийн дараа

“Оскар-2025” наадамд нэр дэвшигчид DNN.mn

97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах Ёслол АНУ-ын Лос-Анжелес хотод гуравдугаар сарын гурванд зохион байгуулагдана. Тус наада...

img

7 цагийн дараа

Барилгын материалын худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа DNN.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах “Биг” барилгын материалын худалд...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд