мэдээ
Б.Пүрэвсүрэн: Бүхний эрх ашиг бус бүлэглэлийн эрх ашиг ноёлдог нийгэм газар авчихаад байна DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 26
58
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй хүний мөн чанарын тухайд ярилцлаа.
-Хүний мөн чанар гэж чухам юу вэ. Энэ талаар яриагаа эхэлье. Ер нь энэ зүйл өөрчлөгддөг үү?
-Хүний мөн чанар, уг чанар гэдэг хоёр ойлголтыг философид түгээмэл хэрэглэдэг. Цаашилбал энэ нь хүний оршихуй, ахуйтай холбоотой яригддаг гол ойлголт. Тийм учраас үүнийг шууд өөрчлөгддөг гэж хэлэхэд төвөгтэй. Яагаад гэхээр хүн гэдэг асуултад хариулах явцад энэ ойлголт аяндаа гарч ирдэг. Тэр утгаараа гаднаас хамаарах байдлаар тогтмол оршиж байдаг зүйл гэж ойлгож болно.
-Нийгмийн сүлжээ, цахим орчин бий болсноор хүний мөн чанар улам тодорч гарч ирэв үү?
-Хүн бол нийгмийн харилцааны нэг үзэгдэл. Тэгэхээр хүн хүнтэйгээ харилцах явцдаа олон янзын зан авир, дүр төрхийг үзүүлж байдаг.
Ингэх явцдаа бусдыг шүүмжлэх, буруутгах, үзэн ядах, хайрлах гэх мэт хүний ахуйн атрибиутын бүхий л хэлбэрийг гаргаж байдаг. Тийм учраас “хүн хүндээ чоно” гэдэг эртний нэр томьёоллууд гарч ирсэн байдаг. Түүхээс авч үзэхэд, сүүлийн 2000 жилийн дотор хүн төрөлхтний дайн тулаангүй байсан өдрийг тоолбол нэг жил ч хүрдэггүй гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, хүн гэдэг амьтан, улс гүрнүүд, үндэстэн угсаатнууд хоорондоо тодорхой шалтгааны улмаас үргэлж дайтаж, мөргөлдөж, шүргэлцэж байдаг. Өнөөдөр ч гэсэн дэлхий нийтийг хамарсан дайн тулаан байна уу гэвэл байна.
Дайн тулааныг үүсгэж байгаа гол шалтгаануудыг авч үзвэл шашин хоорондын мөргөлдөөн, газар нутаг, байгалийн нөөц, эрх мэдлийн төлөө хүмүүс хоорондоо дайтаж, тэмцэлдэж ирсэн байдаг. Энэ бүгдээс үзвэл зарим философийн урсгал чиглэлд хүний уг чанарыг дайсагнагч шинжтэй гэж үзсэн сургаалууд бий. Хүний зан авир, хүүхэд насандаа гаргаж байгаа үйлдлийг психологийн салбарт энэ нь хүнээрээ байгаагийн нэг илэрхийлэл гэж түгээмэл авч үзсэн байдаг. Монголчууд хүүхэд, хөгшин хүн хоёр адилхан ч гэж ярьдаг.
-Орчин үед хүмүүс сайн явсан нэгнээ үзэн ядсан, атаархсан хандлага ихээр гаргах боллоо. Цахим орчинд ч шууд илэрхийлдэг болж. Саяхан төр нийгмийн томоохон зүтгэлтэн таалал төгсөх үед ийм үзэгдэл ихээр харагдлаа. Тэгэхээр үүнийг монгол хүний мөн чанартай холбож үзэх үү?
-Үүнийг тайлбарлах хэд хэдэн хандлагууд байгаа. Ер нь энэ жишээн дээр монгол хүн өнөөдөр хэн болчихоо вэ гэдэг асуудлыг нийгмийн сэтгэл зүйн хүрээнд тод харуулсан үзэгдэл болж өнгөрлөө гэж харж байна. Нөгөө талаар энэ асуудал философийн үүднээс юутай холбоотой талаар авч үзэх хэрэгтэй. Бид 1990 оноос нийгмийн шилжилт хийсэн гээд ярьдаг. Нийгэм өөрчлөгдөх явцад монгол хүний үнэлэмж, үнэт зүйлсэд томоохон өөрчлөлт болоод өнгөрсөн. Тэгэхээр энэ үнэт зүйлсийн тогтолцоо өөрчлөгдөөд бүрэн төлөвшиж амжаагүй байгаагийн нэг илрэл нь үүнийг гэж харж болно. Үнэт зүйлс, үнэлэмж гэдэгт хүний итгэл бишрэл, зан суртахуун, эрхэмлэх зүйл, өв уламжлалдаа хандах хандлага гээд цогц ойлголт багтах учраас тэр бүх тогтолцоо шинээр төлөвшиж чадаагүй байгааг харуулж байна. Цаашилбал, монгол хүн зан суртахууны хувьд ямар хүн болчихоод байгаа юм. Өмнө нь ямар байсан юм гэдэг суурь асуудлууд гарч ирж байна. Монголчуудын төрөлх өгөгдөл, унаган зан чанар гэж юу байсан гэдэгт хариулах, тайлбарлах хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Нөгөө талаар монгол хүнд өрсөлдөөний ёс зүй гэдэг зүйл байхаа больсон байна. Нийгэм шилжих явцдаа үнэт зүйлсийн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байгаа юм. Бүх л цаг үед хэн нэгнийг сайшаах, муулах, шүтэн бишрэх хандлага манайд асар хүчтэй байсан. Үүний цаана юу харагдаж байна гэхээр Монгол дахь институтцийн тогтолцоо бүрэн төлөвшихгүй байгаа, тэр дундаа улс төрийн тогтолцоо бүрэн төлөвшихгүй буйгаас үүдэн төр засгийн нэр хүнд ард түмний дунд унасан байгаатай холбон үүнийг тайлбарлах боломжтой.
-Ер нь монголчууд оюун санааны хувьд нэгдмэл биш байна уу?
-Монголчууд өөрсдийгөө дэлхийн талыг эзэлж байсан гэж бахархаж ярих дуртай. Гэхдээ тэр үед биднийг юу нэгтгэж байсныг дахин анализ хийж өнөө цаг үед ямар байх хэрэгтэй гэдгийг зөв олж тогтоох хэрэгтэй.
Төр засгийн бодлогод нэгдмэл үнэт зүйлстэй байх тухай маш тодорхой заагаад өгсөн байдаг. Гэвч бид ямар нэгэн байдлаар оюун санааны амьдралдаа нэгдмэл биш байна. Нэгдүгээрт, бидэнд гадны нөлөө маш их байна. Улс төр, эдийн засаг, оюун санааны хувьд гэх мэт. Хоёрдугаарт, бид уугуул монгол соёл, зан чанар, язгуур уг үндсээсээ хөндийрсөн байгаа юм. Угтаа бид хөндийрөөгүй байсан бол ямар ч түвшинд хүнийг муулах, ховлохыг цээрлэж, “арван цагаан буян, арван хар нүгэл” гэх мэт ойлголтоор дамжуулан үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. Цаашилбал, монголчууд нэгийгээ саар явбал засаж сайжруулж авахыг боддог байсан. Үүнийгээ “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино”,”айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “нэр хугарахаар яс хугар” гэж нэр төрөө эрхэмлэн дээдэлж ирсэн.
Өнөө цагт нийгмийн бүлгүүдийн байдлаас аваад үзвэл байгууллага, хамт олон, улс үндэстний эрх ашгийг ярихаасаа илүү бүлэглэлүүдийн эрх ашгийг ярьдаг болсон. Бүлэглэлүүдийн эрх ашгийг ярьж байна гэдэг нь алсын хараагүй байна гэсэн үг. Өөрийнхөө мэдрэмжийг монгол хүн хэт өргөмжилж, өөрийнхөө бодсон, ярьж байгаа зүйлээ нийтийн болгох гэж зорьж, хүчлэх гээд байдаг. Тэгсэн мөртлөө өөрийн гэсэн бодол, суурь тун багатай. Энэ нь бусдыг аялдан дагалдах шинж төлөв түгээмэл ажиглагддагийн нэг жишээ юм.
Цааш нь яривал бид эрх чөлөө гэдгийг төдийлөн сайн таньж мэдээгүй. Түүнийг дагаад анархи буюу дур зоргоороо авирлах байдал маш их газар авсан байна. Монгол хүнд өнөөдөр наад зах нь хүн чанар, шударга байдал алдагдсан нь олон зүйл дээр харагдаж байна. Тухайлбал, Монголд өнөөдөр өрсөлдөөний ёс зүй гэдэг зүйл алга болчихсон. Ямар нэгэн байдлаар шударгаар өрсөлдөх, ялсан ч ялагдсан ч бие биедээ хүндэтгэлтэй хандах, ялсан хүнээ шууд хүлээн зөвшөөрч баяр хүргэх гэх мэт хувь хүний харилцааны наад захын соёлууд ховордчихсон байна. Өөрийгөө л нэн тэргүүнд тавина уу гэхээс өрсөлдөгчөө хүндэтгэх тухай ойлголт алга болсон. Бүхний эрх ашиг бус бүлэглэлийн эрх ашиг ноёлдог нийгэм газар авчихаад байна. Тиймээс бусдыг санаатай болоод санамсаргүйгээр гүтгэх, доромжлох явдал хүртэл янз бүрийн давхаргын өрсөлдөөний нэг илрэл гэж хараад байна.
-Нэгдмэл байдлаа алдаж байгаагийн шалтгаан нь гадны хүчин зүйл нөлөөлдөг гэж дурдлаа. Тухайлбал, ямар жишээ байна?
-Өнөөдөр дэлхий дахинд олон соёлт байдлыг хүлээн зөвшөөрөх нь зөв гэдэг түгээмэл хандлага байна. Гэсэн хэдий ч улс орон үндэснийхээ эрх ашиг нэгдмэл байдлыг хангахын тулд улс төр, эдийн засаг, оюун санаа, үнэт зүйлсийн хувьд нэгдмэл байхгүй бол гадны гэсэн болгон сайхан биш байдаг. Тухайлбал, боловсролын тогтолцоондоо олон орны жишээ баримтыг нутагшуулах гэж оролддог, гадны соёлын нөлөөг ямар нэгэн шүүлтүүргүйгээр шууд хүлээж авдаг жишээ байна. Үндэснийхээ сэхээтнүүдийн нөөц бололцоог бүрэн дайчлах, ашиглах явдал хангалтгүй байна. Тийм учраас өөрсдийнхөө мөн чанарын судлах, таньж мэдэх, түүнд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байх нь чухал. Унасан бүхэнд шалтаг мундахгүй гэгчээр бүх юмыг бусдын буруу гэдэг байдлаар явбал хүн гэдэг амьтан хэзээ ч төлөвшиж хөгжихгүй. Уг нь хүн гэдэг амьтан юуг танин мэдэж болох вэ, юунд итгэх вэ, юуг хийх ёстой вэ гэдгээ мэддэг байвал жинхэнэ хүн байх боломжтой гэж философид үздэг.
Г.БАЛГАРМАА
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, наймдугаар сард ашиглалтад оруулна DNN.mn
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр болло...
8 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд 4030 тонн давс, 6260 тонн бодисын нөөцтэй байна DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 36 байгууллагын 1...
7 цагийн дараа
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа нэг сар үргэлжилнэ DNN.mn
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэ...
7 цагийн дараа
Нийслэлд гал түймрийн 41 дуудлага бүртгэгджээ DNN.mn
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны нэг, гал түймрийн 41 дуудлага бүртгэгджээ. Гал түймрээс 225 иргэнийг ава...
7 цагийн дараа
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр хоёр дахиа түрүүллээ DNN.mn
“Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймг...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд