мэдээ
Г.Лувсанжамц: Хашаандаа амьдрах хүмүүсийн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байшинтай болох саналыг дэмжих хэрэгтэй DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 27
67
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.
-Архитекторууд Монгол Улс хот төлөвлөлтийн нэгдсэн бодлогогүй явж ирснийг онцолдог. Та энэ талаар ямар бодолтой явна вэ?
-Хот төлөвлөлтийн тухайд сүүлийн 20-иод жилд нэгдсэн төлөвлөлттэй байх ёстой гэж үзэх боллоо. Хот байгуулалт, барилгын яам хүн ам, нутагшил, суурьшлын болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө гаргаж, цэвэр бохир усаа хариуцдаг. Эрчим хүчний яам цахилгаан дулаан, дэд станцуудаа, Засгийн газар газар зохион байгуулалтаа, Зам тээврийн яам зам гэх мэтээ хариуцаж, нэгдсэн төлөвлөлтгүй болжээ. Хотын захиргаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мөн гаргадаг. Эдгээр байгууллага нэгдсэн төлөвлөгөөтэй болвол хэрэгжүүлэхэд хялбар болно. Яамд төлөвлөгөө зохиох ажилд хамаг цагаа зарцуулж, төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хүний нөөцийн боломжгүй байна.
-Ямар төлөвлөгөө байх ёстой вэ?
-Улсын, хотын, орон нутгийн хэмжээний гэсэн гурван давхарга бүхий төлөвлөгөө байна. Улсын хэмжээнийх нь бүсчилсэн хөгжлийн, хотуудад хот суурины, аймгууд газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй байна. Манай улс 20 гаруй аж үйлдвэрийн парктай. Зарим нь цэвэр устай ч бохир усгүй гэх мэт нэгдсэн төлөвлөлтгүй өнөөг хүрчээ. Японд бол Дэд бүтцийн яам нь ус, цахилгаан гэх мэт бүгдийг нэг дор төлөвлөдөг. Бид улсаараа нэг төлөвлөгөөтэй болж, нэг чиг рүү харахгүй бол “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжихгүй. 20 минутын хотыг анх санаачилсан хүн нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан. Хамгийн анх 1900-гаад оны эхээр Америкт энэ зарчмын дагуу 6000 хүнтэй дүүрэг бүрд сургууль, цэцэрлэг, сүм байх ёстой гээд барьж эхэлсэн. Оросууд үүнийг микро район гэж нэрлэж, манайд 3, 4 дүгээр хорооллыг энэ аргачлалаар байгуулсан. Гэвч сүүлийн жилүүдэд төлөвлөлт алдагдсан тул Нью-Йорк, Лондон хотууд түгжрэл, агаарын бохирдол гэх мэт асуудлуудтай нүүр тулан, одоо буцаад 20 минутын хот төлөвлөлт рүү чиглэж байна.
-Та хот төлөвлөлтийн доктор. Одоо ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?
-Би Хот байгуулалтын тухай, Барилгын тухай болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Хот байгуулалтын биш, Хот төлөвлөлтийн хууль болгон нэрийг нь өөрчилнө. Одоогийн хуульд төр хот байгуулах мэтээр бичжээ. Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шаардлагатай. Японы нэг хотын жишээг ярья. Хотоо 12 бүсэд хуваагаад, бүс бүрээ өнгөөр ялган буддаг. Аль бүс орон сууцны хороолол байх, тэнд байшингууд нь хэдэн давхар байх, хаана аж үйлдвэрийн бүс байх вэ гэдгийг шийддэг. Хоолны газар байгуулах бол зөвшөөрөл авах шаардлагагүй, харин бүртгүүлдэг.
Хотын захиргаа нь газрын зургаа хараад, хаана хуушуур, шорлог хийж болох, болохгүйг л хэлдэг. Хот төлөвлөлт иргэдийн эдийн засгийн эрхийг хааж болохгүй, тэдэнд ажил хийх эрх чөлөө олгох ёстой. Стандартаа баталсан бол зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үздэг.
-Гэтэл Монгол Улсад бизнес эрхлэгчид маш олон зөвшөөрөл авдаг шүү дээ?
-Барилга барихдаа архитектур төлөвлөлтийн даалгавартаа, загвар зургийн, барилгын зөвшөөрөл авдаг. Барилгын хөгжлийн төв салбарынхаа хөгжлийг боомилогч, авлигын үүр болчихсон. Энд 15 хүн ажилладаг атлаа жилд 5200 зураг төсөл шалгадаг. Барилгаа барьсны дараа Улсын комисст хүлээлгэн өгөх гэж бас бөөн бичиг баримт бүрдүүлж, гарын үсэг зуруулдаг. Барилга барих явцад огт хянаагүй атлаа барьсных нь дараа хянаад зөвшөөрөл өгөх нь буруу. Хэрэв тэр байшин газар хөдлөлтөд нурвал өнөө зөвшөөрөл олгосон хүмүүс хариуцлага хүлээх ёстой ч ийм механизм байхгүй байна. Эстонид энэ байшинг энэ хүн зурж, энэ компани барина гэж бүртгэдэг юм байна. Энэ мэтээр чөлөөлчихвөл эдийн засаг тэлнэ, ажлын байр бий болно. Хот байгуулалтын тухай хуульд энэ өөрчлөлтийг оруулна.
-Агаарын бохирдлыг яаж бууруулах вэ?
-Лондон утаагаа яаж бууруулсан бэ гэвэл зургаан баганатай бодлого хэрэгжүүлжээ. Эрэлтийг дэмжих буюу орон сууц худалдан авах иргэдийг урамшуулах бодлого манайд ипотекийн зээлийн бодлогоор дамжин хэрэгжиж байна. Гэтэл нөгөө талдаа нийлүүлэлтийг дэмжих буюу барилгын компаниудаа дэмжих ажил орхигджээ. Үнэ өсөх хэрээр орон сууц худалдан авах боломжтой айлууд буурсан. Тэдэнд хөнгөлөлттэй зээл гэх мэт дэмжлэг үзүүлээгүй тул орон сууцны үнэ өссөөр байна. Үнэ өсөх хэрээр орон сууц худалдан авах боломжтой айлууд буурсан.
-Арван жилийн турш ипотекийн зээл өгсөн ч гэр хорооллын өрх буураагүй?
-Тийм ээ. Барилгын олон компани ЖДҮ-ийн түвшинд байна. Гэтэл тэдэнд ЖДҮХС-гаас огт зээл өгдөггүй, хөдөө аж ахуйн салбарынхан л энэ зээлийг авдаг. Энэ сангийн зээл ч буурч, одоо өмнөх зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгож байна. Би Ж.Энхбаяр сайдад ЖДҮХС-гийн нийт зээлийн 30 хувийг барилгын жижиг компаниудад олгодог болох саналаа илэрхийлсэн. Энэ сангаас зээл авсан ААН-үүд өнгөрсөн онд 5300 ажлын байраа хадгалжээ. Энэ онд энэхүү тоо 7000 болж өснө. Энэ сангаас олгосон ямар хэмжээний зээлээр нэг ажлын байрыг хадгалж байгааг асуухад 7 сая төгрөг гэсэн. Энэ муу үзүүлэлт биш. Энэ нь ЖДҮХС-гийн зээлийн нэг шалгуур үзүүлэлт болох ёстой.
-Барилгын чанарын тухайд юу хэлэх вэ?
-Манайд барилгын стандарт, дүрэм журмуудыг хангалттай их баталсан юм билээ. Гэр хорооллын 100 гаруй айлаар явж судалгаа хийхэд тал нь хашаандаа байшин барьж амьдрах хүсэлтэй, үлдсэн нь орон сууц руу нүүх бодолтой байв. Хашаандаа амьдрах хүмүүсийн эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байшинтай болох саналыг дэмжих хэрэгтэй. Энэ чиглэлээр би Монголбанк, арилжааны банкныхантай уулзсан. Ногоон барилга гэхээр сайн дулаалгатай, халаалтдаа эрчим хүч зарцуулдаггүй, ухаалаг агааржуулагчтай, өндөр битүүмжлэлтэй буюу доторх агаарыг гадагш гаргахгүй байх ёстой юм. Энэ технологи олон жилийн өмнө хөгжсөн.
-Хүмүүс ногоон барилга гэхээр их үнэтэй гэж ойлгодог?
-Энэ байшинг нэвтрүүлэхийн тулд Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулна. Жилд 1000 орчим барилга барих зөвшөөрөл авч, түүнээс 700-г барьж байна. Зураг төсөл боловруулсан, гүйцэтгэсэн к омпаниуд өөрсдөө захиалагчийн хяналт тавьдаг болох заалтыг шинэ хуульд оруулж, хаврын чуулганаар өргөн барина. Төр бүртгэх ажил л хийнэ. Хариуцлага хүлээхгүй бол төр хянах ёсгүй. Гэр хорооллын нэг өрх дэд бүтцэд холбогдоход 80 сая төгрөгийн зардалтай. Үүний 30 сая төгрөгийг төр өгөөд, үлдсэнийг нь иргэд хариуцвал олон өрх дэд бүтцэд хурдан холбогдоно. Гэвч энэ санал 2025 оны төсвийг хэлэлцэх үеэр дэмжигдээгүй. Бас нэг санал байгаа нь эрчим хүчний хэмнэлтийн хувийг зээлийн хүүтэй уялдуулах. Одоо ногоон зээлийн жилийн хүү 12 хувь байна. Хэрэв та 50 хувийн эрчим хүч хэмнэдэг байр баривал зээлийн хүүнийхээ талыг буулгана гэсэн үг. Тэгэхээр ипотекийн жилийн 6 хувийн хүүтэй адил болно.
-Ногоон зээл, хэрэглээний зээлийн хугацаа адилхан 30 сар байна. Уртасгах боломжтой юу?
-Ногоон зээлийн хугацааг 60 сар болгох боломжтой. Гэвч банкууд цахилгаан бараа зарах буюу хэрэглээний зээл түлхүү өгөх сонирхолтой байна. Ингээд ажлын байр нэмэгдэхгүй. Иймд би банкуудад ногоон зээл олголтоо 40/40/20 хувь болгох санал тавьсан. Нийт зээлийнхээ 40 хувийг дулаалгад, цахилгаан бараанд 20, цахилгаан машинд 40 хувийг олгох. Банкууд ямар хариу өгсөн бэ гэхээр ам.доллараар эх үүсвэр татаж, Монголбанкинд своп хийлгэхэд 5.5-6 хувийн шимтгэл төлдөг юм байна. Үүнийг бууруулбал боломжтой гэсэн. Энэ нь боломжтой эсэхийг судална. Мөн ногоон зээл, хэрэглээний зээлийн хугацаа адилхан 30 сар байна. Ногоон зээлийн хугацааг 60 сар болгох боломжтой. Дулаалгын материалыг импортын болон НӨАТ-аас чөлөөлбөл иргэдэд хэрэгтэй ч Сангийн яамтай зөвшилцөх шаардлагатай. Би хүмүүстэй уулзахаар төр дэмжээч гэж их хэлэх юм. Энэ их буруу хандлага. Жишээ нь, Барилгын хүрээлэнтэй болох санаачилга гарсан. Төрийн нэг байгууллага, нэг дарга, нэг зөвшөөрөл л нэмэгдэнэ. Төр бүхнийг хийснээр улс хөгжихгүй.
-Бидэнд тулгамдаж буй асуудлын нэг хотын түгжрэлийг хэрхэн бууруулж болох вэ?
-Хүмүүс машинаа унамаар байна, гэхдээ түгжирмээргүй байна гэдэг. Харамсалтай нь, энэ боломжгүй. Машин байгаа цагт түгжрэл буурахгүй. Нийслэлд Бага тойрууд ажлын байр хамгийн ихээр нягтаршжээ. Иймд хэдий авто замууд шинээр барьсан ч Бага тойруу руу орох, гарах замууд дээр дахин түгжирнэ. Иймд нийтийн тээврээ хөгжүүлэх, дугуйн болон явган хүний зам тавих нь зөв. Мөн орон зайгаа тэлэх шаардлага бий. Энхтайваны өргөн чөлөөний дагуу гуравдугаар эгнээний замаар BRT автобус явбал түгжрэл буурна. Одоо автобус нэгдүгээр эгнээгээр явж байгаа тул түгжрэл буурахгүй байна.
-Тэгж бодож байсангүй…
-Автобус буудал руугаа орж чадахгүй, бусад машинаа хаачихдаг. Метро дор хаяж таван жилийн дараа ашиглалтад ороход BRT-г хотын хойш зөөнө. Энэ автобус хямд тул давуу талтай. Мөн нийтийн тээврийн салбарт их өгөгдөл ашиглан чиглэлээ оновчлох, автобусны чиглэлийг буудал бүрийн нэрээр биш, газрын зураг дээр зургаар харуулах гэх мэт ажлууд хийнэ. Нийслэлийн нийтийн тээврийн газартай байнга холбоотой байж, хамтран ажиллаж байна. Тус газарт би 13 зөвлөмж өгсөн. Гадаадын хөрөнгө оруулагч Монголоос хөрөнгөө татахад, гараад явахад нь 20 хувийн татвар ногдуулдгаа болих хэрэгтэй. Уул уурхайн хөрөнгө оруулагчдад зориулж энэ зохицуулалтыг нэмсэн юм билээ.
-Шинэ зуунмод хотын бүтээн байгуулалтын тухайд ямар санал, бодолтой байна вэ?
-Шинэ Зуунмод хотын интернэт хурдан, хиймэл дагуулуудтай, сэргээгдэх эрчим хүч ашигладаг, дата төвүүдтэй байх шаардлагатай. Дата төвүүдийн нийт зардлын 60 хувийг хөргүүрт зарцуулдаг. Манайд өвөлдөө хүйтэн тул хүйтэн агаараар хөргөж, зардлаа хэмнэж болно. Иймд япончуудад дата төвүүдээ Монголд байгуулах санал тавина. Дэлхийн томоохон компаниуд дата төвөө Швед, Норвеги руу зөөж байгаа юм билээ. 2016 онд хоёр улс Эдийн засгийн хэлэлцээр байгуулсан ч тус улсын экспорт ихээхэн өслөө. Манайх Япон улстай алдагдалтай худалдаа хийдэг.
-Хотын удирдлагууд гэр хорооллын зарим өрхийг хийн хэрэглээ рүү шилжүүлэх талаар ярьж байна. Энэ зөв бөгөөд боломжтой шийдэл үү?
-LNG хийг хэрэглэхийн тулд шугам татна. LPG хийг баллоноор зөөх тухай судалж байгаа юм билээ. LPG хийг хэрэглэхээр чийг их гарч, байшингийн хананд чийг шингэнэ. Өвөл дотор +20, гадаа -30 градус хүйтэн байгаа. Иймд чийг хөлдөж, тэлдэг. Хавар болохоор гэсдэг. Энэ маягаар хэсэг хугацааны дараа байшин нурдаг. Англи, Германд ийм тохиолдлууд гарсан. Энэ хийг ашиглахаас өмнө барилгуудын дулаалга, битүүмжлэлийг сайжруулах шаардлагатай.
-Шинэ Хархорум хот байгуулж, 300 га-д барилгажуулна гэсэн. Энэ боломжтой гэж бодож байна уу?
-Улстөрчид өөрийн өвийг үлдээх хүсэлтэй байдаг. Ерөнхийлөгч бүр хот барих мода гарав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн Шинэ Хархорум хотын төслийн Ажлын албаны дарга нь мэргэжлийн хүн, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор гурван удаа ажилласан Н.Нацагдорж гэж хүн. Түүнээс өнөөгийн Улаанбаатар яагаад ийм болсныг асуух хэрэгтэй. Эрэлтийн тухайд хот байгуулалтад масштаб хамгийн чухал. Ямар хэмжээтэй газарт хот байгуулах вэ гэсэн үг юм. 2050 он гэхэд Хархорум хотод 500 мянган хүн амьдарна гэдэг. Бид өөрсдөө хот байгуулж үзээгүй учраас энэ талын төсөөлөлгүй. 180 мянган гагийн 3000 га-г барилгажуулна гэдэг боломжгүй юм.
-Таны бодлоор бид хэдэн га-г барилгажуулж чадах вэ?
-Бид үндэстнээрээ зүтгээд, зүтгээд арван жилд 100 га-г л барилгажуулна. Тэгэхээр 50 га-г Хархорумд, 50 га-г Ханбогдод гэх мэтээр хуваарилах хэрэгтэй. Хятад, Казахстан, Индонез, БНСУ гэх мэт биднээс хамаагүй том эдийн засагтай, ажиллах хүчтэй улсуудтай харьцуулаад байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Би үүнийг хэлэхээр “Ахын дүү хөрсөн дээрээ буу. Манай эдийн засаг сайжирна” гэсэн. Би харин өөрсдөд нь хөрсөн дээрээ буу гэмээр байна. Баахан цаас “үйлдвэрлэж”, үргүй зардал гаргана. Энэ хотын зураг төсвийн зардал 30 тэрбум төгрөг шүү дээ. Дархан, Эрдэнэт хотууд 200 мянга, Багануур 100 мянган хүнтэй хот болох боломжтой. Ханбогд усны нөөц бага тул том хот болохгүй. Шинэ Зуунмод хотыг мөн 3000 га-д барина гэхэд нь би “Барилгын бүх компанийнхаа хүчин чадал, Яармагийг хэдэн жилд барилгажуулснаа тооцоорой” гэж хэлсэн.
Д.Эрдэнэтуяа
Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ DNN.mn
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэгт ажилдаа албан ёсоор орж, эхний долоо хоногт тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолтыг...
3 цагийн дараа
32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа DNN.mn
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. ...
3 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф...
2 цагийн дараа
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ DNN.mn
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр хуульч, өмгөөлөгч Г.Батба...
1 цагийн дараа
Зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 айл байна DNN.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувий...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд