Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Ц.Байгалмаа: Төлбөрт таавар, бооцоот тоглоомыг иж бүрэн зохицуулсан хууль батлагдаагүй нь эрсдэл үүсгэж байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 26

img

197

news-img

Цагдаагийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоом, бооцоот тааврын “1XBET”ийн агент гэх 100 гаруй этгээдийг шалгаж холбогдох техник хэрэгслүүдийг нь хураан авсан тухай албаныхан мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Өмгөөлөгч, “Онч сэцэн” ХХКийн үүсгэн байгуулагч Ц.Байгалмаатай ярилцлаа.


-Спорт бэттингийн үйл ажиллагаа явуулахын тулд ямар зөвшөөрөл авах шаардлагатай байдаг юм бол?

-Цахим мөрийтэй тоглоомын хор аюулыг ойлгож, олон улсад зохицуулах гэж оролдож эхэлсэн. Зарим улс орнуудад спорт бэттингийг мөрийтэй тоглоом гэж үздэггүй бол заримд нь мөрийтэй тоглоом мөн гэж үздэг. Спорт бэттингээр халхавчлан далд хэлбэрээр өөр мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах эрсдэл зарим улсад гарч байгаа. Манай улсын тухайд нэгдүгээрт, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгохоор зохицуулалт бий.

Хоёрдугаарт, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860.000-2.150.000 төгрөг төлөх хуулийн зохицуулалттай байдаг. Гэхдээ төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тухай нарийн зохицуулсан хууль одоохондоо байхгүй. Ерөөсөө л зохицуулалтгүй сул орхичихсон. Тиймээс энэ талаар нарийн зохицуулсан хуулийг яаралтай батлах ёстой.

-Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан бол сар бүр тодорхой хэмжээний татвар улсад төлөх ёстой. Гэтэл зөвшөөрөл аваагүй учраас улсад татвар төлөгдөхгүй байна шүү дээ?

-Татварын тухай хуулиудад төлбөрт таавар, бооцоот тоглоомын орлогоос татвар авахаар зохицуулж өгсөн байдаг боловч энэ төрлийн тоглоомын сөрөг талыг тооцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36 сая 250 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулахаар заасан. Үүнийг Онцгой албан татварын тухай хуульд 2015 онд тусгасан байдаг. Зөвшөөрөл аваагүй учраас манай улсад энэ төрлийн татварын орлого орж ирдэггүй бөгөөд гадагш урсаж байна гэсэн үг. Энэ харилцааг иж бүрэн зохицуулсан хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй.

-Энэ талаарх одоогийн зохицуулалтыг та хэрхэн харж байна вэ?

-Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл олгохоор заасан боловч хэрхэн үйл ажиллагаа явуулах тухай хуулийг нь батлаагүй байгаа нь Зөвшөөрөл авсан компанид ч, тэр компанийн бооцоонд оролцож тоглох иргэдэд ч эрсдэл үүсгэж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Компани хууль бус үйл ажиллагаа явуулбал алийг нь зөрчил гэж үзэх вэ, алийг нь эрүүгийн хэрэг гэж үзэх вэ гэдэг нь энэ талаар хууль батлагдаж байж тодорхой болно. Одоо спорт бэттинг гэх далайд яаж сэлэх талаар дүрмийг нь хуульчилж батлаагүй байж татвар авна гэж зохицуулсан байгаа нь та ямар ч гэсэн өгөөш өгч загас бариад ир, бид татвараа авна, татвараа авсны дараа таныг эрүүгийн хэрэгтэн мөн биш эсэхийг тогтооно гэж байгаатай л ижил юм.

Ямар төрлийг нь зөвшөөрөх вэ, ямар төрлийг хориглох вэ гэдгээ эхлээд монгол ёс уламжлал, хүн амын боловсрол мэдлэг, ёс суртахуун, эдийн засгийн байдал, амьжиргааны төвшин олон зүйлийг бодолцож байж шийдэх хэрэгтэй.

-Энэ тоглоомыг сурталчилсан сурталчилгаа хаа сайгүй л харагдах болжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаа явуулахыг манай улсын хууль тогтоомжид хэрхэн заасан байдаг юм бол?

-“1XBET”-ийг инфлүүнсерүүд, хотын төвд байрлах дэлгэц, “Youtube” суваг, янз бүрийн спортын уралдаан тэмцээнийг ивээн тэтгэх байдлаар далд сурталчилгаа явуулж байна. Тухайн компани тусгай зөвшөөрөл авсан бол сурталчилгааг явуулж болно. Зөвшөөрөлгүй бол сурталчилгаа явуулах хориотой.

-УИХ-ын гишүүн О.Номинчимэг цахим бооцоот тоглоомын хууль эрх зүйн орчныг бий болгох хуулийг санаачилна гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Манай улсын тухайд энэ төрлийн тоглоомыг хэрхэн зохицуулбал зүйтэй гэж та бодож байна вэ?

-Зарим улс орнууд цахим бооцоот тоглоомыг хориглодоггүй ч тусгай зөвшөөрөл олгох байдлаар үйл ажиллагааг нь хатуу хяналтын дор байлгадаг. Спорт бэттингийн тухайд энэ чиглэлийг сонирхдог фанатуудын дунд, оролцох хүний нас ба үнийн дүнгийн хязгаар тавих байдлаар зохион байгуулбал гарах эрсдэл бага байх болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тохиолдолд өндөр түвшний хяналттай байх хэрэгтэй. Мөн үйл ажиллагаа нь ил тод, тодорхой байх ёстой. Ингэснээр хэт донтох, мөнгө угаалт зэрэг бусад асуудлаас урьдчилан сэргийлж чадна.

Өндөр хөгжилтэй орны боловсролтой, өөрийгөө хянах чадвартай хүмүүс чөлөөт цагаараа хааяа нэг тоглож болно. Харин манай улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа ямар түвшинд байгаа билээ дээ. Авч байгаа цалин мөнгө нь ар гэрээ авч явахад хүрэлцэхгүй байхад эхний хэрэгцээгээ хангаагүй байж, хүмүүс энэ төрлийн тоглоомыг тоглож байна. Цалингаараа өөрийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж бага мөнгөөрөө тоглож болно шүү дээ. Амар хялбар аргаар мөнгө олох залуусын гэнэн бодолд дөрөөлөөд түүгээр ашиг олох боломжийг хаах ёстой.

Манай улсын хүн амын боловсрол ёс суртахуун биеэ авч явах чадвар хэр байгаатай уялдуулан алийг нь зөвшөөрөх, аль төрлийг бүрмөсөн хориглох эсэхээ шийдэх нь зүйтэй. Санал асуулга явуулж, маш их бодож байж хууль батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудлаас үүдэж олон хүн хохирох эрсдэлтэй. Хэдэн хүн хохирсон, ямар сөрөг үр дагавар гарсан, хэдэн хүн энэ мөрийтэй тоглоомоос болж амь амьдралаа алдаж амиа хорлосон гэдгийг нарийвчлан судлах ёстой.

-Гадны орнуудад цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх, эсвэл зохицуулах ямар сайн туршлага байна вэ?

-Тухайлбал, Сингапур улсын хууль нь маш хатуу зохицуулалттайгаар энэ асуудлыг зохицуулсан байдаг. Тийм ч учраас эрсдэл үүсэхээс тодорхой хэмжээгээр сэргийлж үйл ажиллагааг нь хянаж чаддаг. Мөрийтэй тоглоомын зарчим нь эхлээд чамд өгөөш хаяж өгнө. Өгөөшиндөө амтшуулах замаар донтуулдаг. Үүнийг л ойлгох хэрэгтэй. Тухайн хүний донтолтыг ашиглаад л мөнгө олж байгаа хэрэг.

-“1XBET” Монголд нэвтрээд удаж байна. Үүнд арга хэмжээ авахгүй удаан явсан нь ямар учиртай юм бол?

-Хууль тогтоогчид энэ тоглоомыг Монгол Улсад оруулж ирэх эсэхээ шийдэж амжаагүй байтал залуучууд энэ төрлийн үйл ажиллагааг явуулаад эхэлчихсэн. Манай улсын хууль хяналтын байгууллагууд гарч байгаа хэрэгтээ л анхаарлаа хандуулаад байдаг. Гэтэл гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгаж, урьдчилан сэргийлэх гэдэг бол хуулийн байгууллагуудын үүрэг шүү дээ. Энэ үүргээ л биелүүлж чадалгүй орхигдуулчихсан, зохицуулалтгүй байгаа гэж хэлмээр байна.

-Манай улс дотооддоо спорт бэттингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж, гадны орнуудаас ашиг олох боломжтой юу?

-Манай улс дэлхий нийтийг хамарсан спортын төрлөөр тодорхой хэмжээний мөрийтэй сайт ажиллуулбал олон улсаас мөнгө орж ирэх боломжтой. Олон улсад биш юм аа гэхэд Азийн зах зээл рүү гарах боломжтой. Беттинг дагаж спорт хөгждөг гэж дэмжигч нар нь тайлбарладаг. Ийм тал ч бий.

-Мөрийтэй тоглоомын донтолтоос үүдэн маш олон асуудал гардаг. Тухайлбал, салалт, байр машинаа барьцаанд тавих, цаашлаад амь насаа алдсан тохиолдол ч байдаг. Энэ тоглоомыг ялангуяа залуучууд тоглож байгаа шүү дээ?

-Би нэг жишээ дурдъя л даа. Архангай аймгийн Өлзийт суманд амьдардаг 20 орчим настай эмэгтэй цахимаар тоглодог байж байгаад мөнгөгүй болонгуутаа залилангийн хэрэг үйлдсэн байсан. Хот хөдөө хаа сайгүй мөрийтэй тоглоомын донтолтоос болж залилангийн хэрэгт холбогдож шийтгэгдсэн тохиолдол цөөнгүй гарч байна. Эхлээд өөрийн болон гэр орныхоо эд зүйлээ зарна, дараа нь ар гэр, найз нөхдөдөө хандаж мөнгө авна. Сүүлдээ ойрын хүрээллээсээ мөнгө авах боломжгүй болоод ирэхээр танихгүй хүнээс мөнгө авч залилан хийдэг. Өөрөөр хэлбэл, донтолтоосоо үүдэн гэмт хэрэгт холбогдох боломжтой. Мөн энэ 1XBET тоглоомд донтож, байраа алдаж, адаг сүүлд нь амиа хорлосон тохиолдол гарсан байна. Мөрийтэй тоглоомд донтсон хүн нойргүйдэж, сэтгэцийн өөрчлөлтөд орж сүүлдээ хий юм харах хүртлээ хүндрэх боломжтой. Тухайн тоглоомыг тоглосон хугацаа, давтамж, гэр бүлийн суурь хүмүүжил, хүрээлэн буй орчны нөлөө зэргээс шинж тэмдэг нь гүнзгийрэх эсэх нь хамаардаг. 25 насыг сэтгэл зүйн хувьд төлөвшсөн үе гэж үздэг. Тийм ч учраас СЭМҮТ-ийн эмч судлаач нар 25-аас дээш насны хүн энэ төрлийн тоглоомыг тоглох нь зүйтэй гэж үздэг юм билээ. Өмгөөлөгч хүний зүгээс залуустаа өөрийнхөө донтолтыг хянах чадваргүй бол мөрийтэй бүхнээс хол бай гэж захиж хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана

Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр...

img

2 цагийн өмнө

Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа

Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ &#...

img

3 цагийн өмнө

Нийслэлд нэгдүгээр ангид элсэх 38,942 хүүхдээс 60 хувь нь бүртгүүлжээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Улсын ...

img

4 цагийн өмнө

Цэцэрлэгийн бүртгэлийн системд 104.031 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуули...

img

5 цагийн өмнө

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд