Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Сөнөдийн их найрагч Бүрэнтөгсийн Тогтомж

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 8 сарын 16

img

41

news-img

Тэр жилийн хавар Өмнөд Монголын Шилийн гол аймгийн нутаг Сөнөд баруун хошуунд дөрөө мултлахад Сөнөдийн их найрагч Бүрэнтөгсийн Тогтомж угтан авч билээ. Тэрээр “Замбуу тивийн хоохон”, “Харанхуйд цэнхэртэхүй” яруу найргийн номуудаад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо кирилл үсгээр хэвлүүлж Ар Монголынхны хүртээл болгосон нэгэн. ӨМӨЗО-ны Утга зохиолын дээд шагнал

“Солонго” шагналыг хүртсэн Өмнөд Монголд хамгийн их дуулиан шуугиан тарьж буй найрагч юм.

Биднийг Сөнөдийн тал нутагт хөл тавихуйд алдарт Тамчийн тал нүүр нүдгүй элсээр шуурч, ёстой л улаан түйрэн гээч босч байсан. Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутаг ингэж угталгүй яахав дээ хэмээн миний бие найрагчийн сэтгэлээр долгилж Гүлүгэдэй баатрын алдарт Харууслын шүлгийн мөрүүдээс уншиж байсан сан. Ингэж их эзэн хааны хүү Өгөдэй хааны үеийн дайчин шүлэгч баатрын халуун голомтод Тогтомж найрагчтай анх салхиных исгэрээнд уулзаж билээ. Энэ л цагаас эрхэм найрагчтай сэтгэлийн садад болж “Болор цом”-д түүнийг урьж, утга зохиолын баяраар Монголд ирэх бүрийд нь уулзан шүлгээ дуудаж, хундага жингэнүүлж явсан.

Хэдэн жилийн өмнө, намар оройн хуйсгануур салхитай навчис шуурч цас будагнасан өглөө эрхэм найрагч маань “Өдрийн сонин” дээр зориод ирлээ. Яг тэр үед миний бие Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, утга зохиолч судлаач Д.Нацагдоржийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ширсэдийн Цэнд-Аюуш багштайгаа уулзахаар гарах гэж байлаа. Хоёул морины ханьтай “шогшуулж” захирал багшид хүндэтгэн золгоод утга зохиолын ангийн оюутнуудтай уулзалт хийлээ. Мань хүн эзэн хааныхаа нутаг Хан Хэнтийгээрээ явж ирснээ ярьж, алдарт Бурхан халдунд залбирч, Онон мөрний уснаас амссанаа бэлгэшээн хэлж “Ононд би цутганам” шүлгээ омогтойхон уншлаа.

“Байгаа л орондоо үг дуугүй зогсном

Баяр гунигийн ямар ч цагаатгал хэрэггүй

Сэтгэл минь харин Ононг зорин харгина

Сэрмүүхэн Хэнтийн салхинд үг дуугүй үнсүүлнэ

Уул усандаа насаа нэмэн өөрөө бууралтана

Удам сайтын дуулж амьдарсан өмнөд нутгаас

Алдсан бүхнийхээ харууслыг нөхөн цэлэлзэн урсаад

Амин хайраараа Ононд би цутгана

…Цэв цэнхэр он жилийн гэрэлт сүнс би

Цэмцгэр ганган энэ цагийн дутаж байгаа өнгө

Хүслэнт төрийн товчооны босоо халуун үсэг

Хөх Монголын эх оронд эргэж байгаа нүүдэл

Ононд би цутгана, мөрөн гол цутгална

Уянга болсон тунгалаг ертөнц эгшиг татан цутгална” гэж уншихад хацрыг нь халуун нулимс даган урсаж байсан сан.

Сөнөдийн их найрагч эзэн хааныхаа нутаг, Онон Хэрлэнгийн хөвөөнд гал бутрах шиг шүлгүүдээ бичиж, онгод цалгин сэтгэл огшсоных нь илэрхийлэл эл шүлэг юм даа. Нулимстай ч уншилгүй яахав дээ. “Жороогийн жороо”, “Өвгөн шувуу”, “Саруул тал” тэргүүт тал алдалсан уртын дууг Сөнөдийнхөн Тамчийнхаа талд унаган шуранхай хадаан дуулдгийг тэр жилийн хавар мэдэрч билээ. Тогтомж найрагчийн ижий Сайхан талын дууч болохыг хүү нь хэлж байсан. “Миний ижий амьдралдаа нэг чиг удаа тайзан дээр зарлуулж дуулаагүй ч монгол соёлынхоо дархлааг хадгалсан хүн юм. Өв тээгч гэж манайхан ярьдаг, тийм хүн. Сайхан талынхаа цэцгэн дунд, адуу малынхаа дэргэд жилийн дөрвөн улиралд дуулж яваа хүн. Хүүхэн хутагтын дуу гэгддэг “Баян баргын манаа”, мөн “Будал цолмон хүрэн” зэрэг дуунуудыг тунчиг цээлхэн дуулдаг байлаа. Сөнөдийн найр манай ээжийн дуугаар эхэлнэ. Тавиад оны эхээр “Тув тунгалаг Туул”, “Миний хайртай Улаанбаатар” зэрэг дуунуудыг ар монгол хүнээс сурч байсан гэдэг” хэмээн дууч ижийнхээ тухай ярьж байсан.

Аав нь Сайхан талын адуучин ханагар эр явсныг бахдан хэлж байсан. Тамчийн талын Үүдийн хөндийд хаваржиж буй Машбаяр гуайн бага хүү Дүүрэнсангийнд дөрөө мултлах ахуйд найрагч ижий аав, ус нутагтаа зориулсан шүлгүүдээ уншиж байлаа. Тэр бүгдээс “Вангийн хар азарга” дууль сэтгэлд гүн шингэж үлдсэн байна.

“Унаганы зөөлөн уруул шиг мөөгөн бороо шавшиж

Урт намрын шинж зунаас эхэлж мэдэгдэнэ

Нойтон жигүүрээ дааж ядан үүлс амрах талд

Ногоон торгон хээ адууны тамга шиг тогтоно

Усан цэнхэр манан гэнэтхэн шингэрч шувуу жиргэнэ

Уурганы үзүүр сунгаж алдалмаар солонго дэргэд татна

Чийгтэй наран уур савсуулан нэг л тунгалгаар дээш хөөрнө

Цэцгийн сайхан өврийн хангай уяаны морьд шиг цэмцийнэ

Цэргийн бэлтгэл, хошуу засгийн адуун сүрэг нуур захлан тургилна

Цээлхэн үүрсэх ижлийнхээ дэргэд хар азарга онгон дэлээ салхилуулна

…Идэрхэн түүхийн бүдэрсэн газарт туурай хээтэй нулимс

Их удаан уйлсан эцгийн сэтгэл мэт миний зүрхэнд мэгшинэ

Уужим хангайн цог сүлдийг сүнсэнд минь хурааж үүрсдэг

Уудам Вангийн хар азарга сүргийн дэргэд алга

Удмын сайхан заншлаар морио хайрлахыг сургасан

Уртын дуунд дуртай адуучин өвөг минь алга” гэж сүргээ хийморлин хатирахад салхины нь уруулаас айраг амтагддаг, сүүлчийн ганц хийморь хар азаргаа үгүй болоход харуусан бичсэн дууль адуучны хүү миний цээжинд одоо ч гунигтай хэвээр байна.

Эрхэм найрагчийн “Нүүдлийн товчоон” шилдэг бүтээл англи, монгол хэлээр хэвлэгдээд удаагүй байна. Уг номын хэвлэлийн эхийг бэлтгэсэн, миний хүндэтгэлт ах Чойжинсүрэнгийн Эрхэмбаяр “Тогтомж найрагч чамд хүргэж өгөөрэй гэж ахад нь захисан юм шүү” хэмээн номын дээжийг авчирч гардууллаа. “Нүүдлийн товчоон”-д сэтгэл алгадуулж суухуйд “Үл сөхрөхийн шүлэг” нь нүднээ бууж Тамчийн талын танхай найрагч л ингэж шазуураа зууж, дотоод тамираа тасчин бичнэ дээ” гэж эрхгүй бодогдсон сон.

“Босож зогс, яг одоо сөхөрч байгаа хүмүүсийг хэлж байна

Босож зогс, хэн чамд сөгдөхийн эрхийг өгсөн юм

Зүүн хотных, баруун саахалтынх

Ар хангайнх, өвөр шилийнхэн

Алтан дөрвөн улирал шиг өлгий бууц минь бий

Дэргэд минь байгаа хүмүүс дахиж сөгдөж болохгүй

Дэлхийд байгаа ноомой хүмүүс сөгдөж болохгүй

Намрын навчис юм уу, цасны лавс юм уу

Хамаа байхгүй

Нарны цацраг юм уу, чиний яруу санаа юм уу

Алин ч болно

Чиний наран сэрэхүйн хязгааргүй

Уранхай тэрлэгтэй амьдарлаа ч

Уртын дуугаа дуулаарай

Мөнгөгүй тарчиг явахдаа ч

Мөнхийн нутгаа дээдлээрэй

Эргэж харахын ч хэрэггүй

Эртний их тал өмнө минь бий

Босож зогс, тийм ээ, сөгдөж байгаа хүмүүсийг хэлж байна

Боол явах эрхийг хэзээ ч эх орон минь бидэнд өгөөгүй ээ”. Тийм ээ, Сөнөдийн их найрагч Тогтомж бол ийм л халуун цус нь оргилж байдаг, Халхын их тал, Монголынхоо голомтыг цээжиндээ хадгалж сэтгэл огшин шүлгээ тэрлэж суудаг омог төгөлдөр найрагч юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Гантулга: Боловсролын салбарын төсөвт зарцуулж байгаа хувь хэмжээг нэмэхгүй бол асуудал шийдэгдэхгүй

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгатай ярилцлаа. -Энэ хичээлийн жилд элсэн суралцах хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар ...

img

8 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун, говь, тө...

img

7 цагийн дараа

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана

Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр...

img

10 цагийн өмнө

Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа

Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ &#...

img

11 цагийн өмнө

Нийслэлд нэгдүгээр ангид элсэх 38,942 хүүхдээс 60 хувь нь бүртгүүлжээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Улсын ...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд