Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Д.Гантулга: Боловсролын салбарын төсөвт зарцуулж байгаа хувь хэмжээг нэмэхгүй бол асуудал шийдэгдэхгүй

trend

Админ

img

2025 оны 8 сарын 17

img

15

news-img

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгатай ярилцлаа.


-Энэ хичээлийн жилд элсэн суралцах хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байна вэ. Нэг ангид 50-60 хүүхэд суралцдаг, гурван ээлжээр хичээллэдэг асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ хичээлийн жилд өмнөх жилүүдээс нөхцөл байдал хүнд эхлэх гэж байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилтэй харьцуулахад хүн амын динамикаас шалтгаалаад 30 орчим мянган хүүхэд илүү сурч эхэлнэ.

Өнгөрсөн жилд нийслэлд нэлээд хэдэн сургууль гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэн. Үүнийг шийдэхийн тулд сургуулиудын эргэн тойронд боломжтой газруудад нь барилга түрээсэлж, түрээсийн сургуульд оруулсан.

30 мянган хүүхэд гэдэг нь 960 хүүхэдтэй шинэ сургуулиар авч үзвэл 30 шинэ сургуулийн нэмэлт хэрэгцээ шаардлага гарсан. Бодит байдал ийм байна. Ирэх хоёр, гурван жилдээ хүүхдийн тоо 30, 30 мянгаар нэмэгдэж, 2030 оноос тогтворжих дүр зураг гарсан. Эцсийн дүндээ шинээр сургууль барьж байж л энэ асуудал шийдэгдэнэ. Энэ хооронд хотхонуудад нь бага сургууль байгуулаад, ингэхдээ сургуулиуд өөрсдийн салбар сургууль болгоод байгуулж болно. Хувьсах зардлыг нь төрийн өмчит сургуульд өгдгөөс арай өндрөөр өгөөд, урьд нь ажиллаж байсан гавьяат багш нар нь байраа өөрсдөө гаргаад бага сургууль ажиллуулах гэх мэт түр зуурын арга хэмжээг авч байна.

-Энэ жилийн хувьд шинээр хэдэн сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон бэ?

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад орон даяар нийтдээ 78 сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга ашиглалтад орж байгаа.

Боловсролын салбарын үндсэн асуудал нь багш нарын цалин, хангамж байдаг. Үүнтэй холбоотой багшийн хомсдол үүсдэг. Боловсролын салбарт зарцуулж байгаа төсөв мөнгө эдгээр асуудлын шалтгаан болж байна уу?

-Салбарын үндсэн асуудлууд өмнөх жилтэй харьцуулахад энэ жил нийгэмд өргөнөөр яригдаж байна. Нэгдүгээрт, хүүхэд сурах сургууль байна уу, багшлах багш байна уу, цалин хангамж бага байна гэх мэт асуудал энэ удаагийн төсвөөр өргөн хүрээнд хэлэлцүүлэгдэж байна. Бодит байдлаа ярьж байгаа нь сайшаалтай боловч нөгөө талаар шийдэл гарцыг энэ үеэр ярих болов уу гэсэн хүлээлт байна. Эдгээр асуудал нь зөвхөн Боловсролын яамны ажил биш, Сангийн яам, УИХ-ын түвшинд яригдах зайлшгүй цаг нь болсон байна гэж харж байна.

Өнөөдрийн байдлаар 3000 орчим багшийн дутагдалтай байгаа. Тэтгэвэрт гарч байгаа багш нарын оронд хүн авахгүй гэсэн ойлголт байхгүй. Энэ нь алдаатай мэдээлэл. Харин ч нэмэлтээр багш авах хэрэгцээ байгаа. 1000 хүүхдэд 70 орчим багш, сэтгэл зүйч, эмч гэх мэт орон тоо байх зайлшгүй шаардлагатай байдаг. Боловсролын салбараас цомхотгол хийнэ гэдэг нь бараг л боломжгүй зүйл. Одоо яригдаад байгаа төрийг цомхон болгох арга хэмжээний хүрээнд судалгаа шинжилгээ хийгээд эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ нь Засгийн газрын түвшинд шийдэгдэх байх. Үндсэн асуудал нь багшийн цалин юм. Багш нар 1.485.000 төгрөгөөс цалингаа бодуулж эхэлдэг. Суманд очоод ажиллавал 40 хувь, аймгийн төвд ажиллавал 25 хувийн нэмэгдэл авдаг. 10 жил ажилласан бол 10 хувийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл гэж зөвлөх багш нар 20 хувийн нэмэгдэл, анги дааж байгаа бол 10 хувийн нэмэгдэл гэх мэт 10 орчим нэмэгдэл байдаг. Эдгээр нэмэгдэл нь шинээр ажиллаж байгаа багш нарт очдоггүй. Гэвч боловсролын салбарт олон жил ажиллаж байж өндөр цалинтай болно гэж бодох нь өрөөсгөл ойлголт. 2024 онд системийн хэмжээнд 2.3 орчим их наяд төгрөг цалингийн сангаар дамжиж багш нарын орлого болж очсон. Үүнийг 10 хувиар нэмье гэвэл 230 орчим тэрбум төгрөг, 20 хувиар нэмье гэвэл 460 тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас олох вэ гэдгийг УИХ-ын түвшинд ярих шаардлагатай. Төсвийн зардлынхаа хэдэн хувийг зарцуулж байна вэ гэдэг том үзүүлэлт байдаг. 2025 онд боловсролын салбарын зардал 14 орчим хувь байсан. 2026 онд мөн энэ хэмжээнд л яригдаж байна. Монгол Улс 2000 онд төсвийн зардлынхаа 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж байсан бол түүнээс хойших онуудын ерөнхий графикийг харвал буурсан үзүүлэлттэй гарсан. Үүн дээрээ хэлэлцүүлэг хийгээд сууж байна гэдэг нь маш ичгэвтэр асуудал. Монгол Улс боловсролын салбарын асуудлыг хэдэн багшийн асуудал гэж харах биш, энэ салбараа өөд нь татвал Монгол Улсын эдийн засаг өснө, хөгжинө гэсэн шинэ хандлагыг энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгээр нэгэнт өргөн хэлэлцүүлэгдсэнийг бүх шатандаа ярилцаж эхлээсэй гэсэн хүсэл байна. Төсөв эдийн засгийн нөхцөл байдлаас болоод бага байж болно. Гэхдээ зарцуулж байгаа мөнгөнийхөө 20 хувийг боловсролдоо зарцуулчихвал Сингапур улстай харьцуулахад ДНБ 30 хүртэлх хувиар өснө гэсэн судалгааг Дэлхийн банкныхан танилцуулаад байгаа.

Ер нь боловсролын салбарын төсөвт зарцуулж байгаа хувь хэмжээг нэмэхгүй бол салбарын асуудал шийдэгдэхгүй. Монгол Улсын “Алсын хараа-2050”-д төсвийн зардлынхаа 20 хувийг, ДНБ-ийхээ 6 хувийг боловсролын салбарт зарцуулж байя гэсэн зорилтууд орсон байдаг. Гэтэл бодит байдал дээр буурсан. 15 хувьд хүргэж чадахгүй байгаа нь боловсролын салбарын багш нарын дутагдал, цалин бага, хөрөнгө оруулалт хийгээд сургуулиудаа тэлж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тухайлбал, 2026 оны нийт төсвийн зардлыг 33 их наяд гэж төсөөлж байна. Хэрвээ 20 хувийг нь боловсролдоо зарцуулна гэдэг шийдвэрийг УИХ дээр гаргах юм бол 6.6 их наяд гэсэн үг. Тэгвэл багш нарын цалинг нэмэх, шинэ сургууль барих асуудлууд шийдэгдэх боломжтой. Энэ жил 20 хувь болж чадахгүй ч 16, дараа жил нь 18, тэрний дараа жил 20 хувь болгоод боловсролын салбарыг нэн тэргүүний салбар болгож авч явъя гэдэг бодлогын шийдвэрийг хэн гаргах вэ гэвэл УИХ гаргана.

-Багш мэргэжлээр суралцах оюутнуудыг тэтгэлэгтэй сургадаг ч бодит байдал дээр Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилладаггүй асуудал гардаг. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Багш мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын тэтгэлгийг төрөөс өгдөг бодлого хэрэгжиж байгаа. Цаашид ч хэрэгжих ёстой. Яагаад гэвэл мэргэжилтэн бэлтгэгдээгүй байхад зах зээлээс хүн татна гэсэн ойлголт байхгүй. 2026 оны төсөв дээр Боловсролын яамнаас 7000 орчим багш мэргэжлээр суралцагчдын төлбөрийг төрөөс даах 31.3 тэрбум төгрөгийн төсвийн санал оруулсан байгаа. Энэ нь суурь ажлаа хийж байна гэсэн үг. Хамгийн гол асуудал нь энэ хүмүүс төгсчихөөд боловсролын салбартаа ажиллахгүй байгаа. Яагаад гэвэл цалин бага. Тэглээ гээд тэтгэлгээ зогсоож болохгүй. Их сургуульд элсүүлэхдээ нийслэлд тав, орон нутагт гурван жил мэргэжлээрээ ажиллах ёстой гэх мэт гэрээ, контрактаа сайн хийх хэрэгтэй. Гэхдээ энэ мэт тулгасан, захиргааны аргаар шийдэхээс илүүтэй залуу боловсон хүчнээ цаашид өсөж дэвших тал дээр бодлого хэрэгтэй. Гэвч бодит асуудал нь багш нарын үндсэн цалин. Жишээ нь, шинээр орж ирж байгаа залуу багш нартаа орон сууц авахад нь хөнгөлөлттэй зээлд хамруулах гэх мэт дэмжлэг үзүүлбэл үр дүнтэй болно.

-Эдгээр асуудлыг яриад байгаа гол шалтгаан нь монгол хүүхдүүдийг эрдэм мэдлэг, боловсролтой болгох үүднээс ярьж байгаа. Нөгөө талаар сурлагын амжилтын олон улсын PISA шалгалтын үнэлгээгээр хэд хэдэн дутагдлыг хэлж өгсөн. Үүнтэй уялдуулаад ямар шийдэл яригдсан бэ?

-Тийм ээ. Боловсролын салбарын асуудлыг эцсийн дүндээ монгол хүүхдийг мэдлэг боловсролтой, ур чадвартай болгох үүднээс яриад байгаа. PISA олон улсын шалгалтын үнэлгээгээр бидэнд хэд хэдэн дутагдлыг хэлж өгсөн. Нэгдүгээрт, бага ангийн хүүхдүүд уншаад ойлгохгүй байна, хөдөө орон нутгийн боловсролын ялгаа 2.5 жилийн хоцрогдолтой болсон зэрэг үнэлгээ гарсан.

Одоогоор сурах бичгийн шинэчлэл явагдаж байна. Үүнтэй уялдуулаад бага ангийн хүүхдүүдэд унших бичиг гэдэг хичээлийг буцаад оруулж байгаа. Мөн хөдөө болон нийслэлийн боловсролын ялгаан дээр тэгш хамран суралцуулах талаар цахим технологийг түлхүү ашиглахаар анхаарч байна. Ядаж бүх сургуулиудаа интернэтийн хурдтай болгох, ямар ч сүлжээ орох боломжгүй газрууддаа старлинк төхөөрөмж тарааж байршуулаад интернэттэй болгох гэх мэт PISA үнэлгээгээр гарсан дутагдлуудаа сайжруулахаар ажиллаж байна.

-Энэ жилийн хувьд Ерөнхий боловсролын сургуулиудын суралцагчдын дүрэмт хувцаст өөрчлөлт оруулах талаар мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дүрэмт хувцасны хувьд хуулиараа таван жилд нэг удаа загварыг нь өөрчлөөд явдаг. Өнгөрсөн жил эцэг эхчүүдээс гарсан санаачилгын дагуу поло загварыг нэмэлтээр, сонголтоор оруулж ирэх ажлыг судаллаа. Өнгөрсөн жилийн хугацаанд оёдлын холбоодуудтай хамтарч, энэ жилээс эхлээд поло цамцыг хүүхдүүд өөрсдөө хүсвэл авч өмсөх боломжтой. Одоогийн байдлаар Стандарт хэмжил зүйн төвтэй үйл ажиллагаагаа эцэслэх процесс явагдаж байна. Загвар нь гарсан, албажуулж байна. Есдүгээр сарын 1 гэхэд үйлдвэрүүд бэлэн болгочих байх. Дүрэмт хувцас санал болгож эхлэхэд поло загварын дүрэмт хувцас мөн гарна.

-Сүүлийн үед Боловсролын яамны тэрбумын үнэтэй ширээ сандал гэх асуудал яригдаад байгаа. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Ганцхан сандал ширээ биш, Боловсролын яам болон харьяа байгууллагуудын дижитал шилжилтийн цогц тоног төхөөрөмж болох гадагшаа болон 21 аймгуудтайгаа хурал хийдэг цогц систем, алба хаагчдын компьютер гээд нийтдээ 40 орчим нэр төрлийн 180-аад бүтээгдэхүүнийг авсан гэсэн мэдээлэл байна.

 

Г.БАЛГАРМАА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Э.Халиун: Та өөрөө өөртөө эмч байгаарай

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Эрдэнэцогтын Халиунтай ярилцлаа. -Чихрийн шижин өвчний талаар...

img

8 цагийн дараа

П.Намжилсүрэн: Геологийн ажил гэж явсаар заримдаа гэртээ очилгүй 3-4 жил болчихдог байлаа

Ахмад геологич П.Намжилсүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд геологийн салбарт тасралтгүй 65 жил ажилласан ахмад геологичдын нэг юм. -Таны...

img

7 цагийн дараа

Д.Гантулга: Боловсролын салбарын төсөвт зарцуулж байгаа хувь хэмжээг нэмэхгүй бол асуудал шийдэгдэхгүй

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгатай ярилцлаа. -Энэ хичээлийн жилд элсэн суралцах хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар ...

img

6 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун, говь, тө...

img

6 цагийн дараа

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана

Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр...

img

11 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд