Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

П.Намжилсүрэн: Геологийн ажил гэж явсаар заримдаа гэртээ очилгүй 3-4 жил болчихдог байлаа

trend

Админ

img

2025 оны 8 сарын 17

img

28

news-img

Ахмад геологич П.Намжилсүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд геологийн салбарт тасралтгүй 65 жил ажилласан ахмад геологичдын нэг юм.


-Таны хувьд хэдэн настай байхдаа геологийн салбарт орж ажиллаж байв?

-Миний бие 16 настай байхдаа геологийн салбартай амьдралаа холбож байлаа. Би өөрөө Говь-Алтай аймгийн уугуул. Тухайн үед хонь хариулдаг л хүүхэд байсан юм. Манайх зэстэй газар байдаг, түүгээрээ л тоглож суудаг байлаа. Нэг өдөр сумын төв дээр жижгэвтэр хоёр зэс авч очтол хоёр орос хүн тааралдсан юм. Өнөөх хоёр чинь зэсийг маань сонирхоод, хаана байгааг нь надаас асууж, би ч машинд нь суугаад Хар азаргын нуруунд очсон юм. Бас тэр оросуудад 60 мянган төгрөгөөр хоёр хонь зарж байлаа. Одоо бодох нь ээ их л үнэтэй зарж байсан юм билээ. Тэгээд л оросуудтай танил болж, намар болтол бидэнтэй ажиллах уу гэхээр нь ажиллая гэсэн юм. Тэгээд Говь-Алтай аймгийн Халиун, Бугат, Төгрөг суманд геологийн маршрут гаргаад ажилласан.

Намар ч болж аравдугаар сард Хөвсгөл далайн хойд тал руу хайгуул хийхээр болсон юм. Тухайн үед оросууд гучин цагаан морьтой байсан юм. Нөгөө хэдийг нь Хөвсгөл рүү туух хүн олдохгүй намайг туугаад явах уу гэхээр нь би ганцаараа чадахгүй гээд нэг өвгөн олж өгөөд Завхан, Цэцэрлэг дамжаад гурав, дөрөвхөн хоноод очиж байсан санагддаг юм. Тэгсээр байгаад өвөл болчихсон. Эхлээд намайг буцаагаад гэрт минь хүргэж өгнө гэж хэлж байгаа. Тэгснээ больчихоод, Улаанбаатар ороод ажил олж өгнө гэхээр нь би баярлаад хот руу орж ирсэн юм. Хотод орж ирээд таних хүн байхгүй. Тухайн үед хотод ч хүн цөөн байж. 1960 онд шүү дээ. Одоогийн Халдвартын эмнэлгийн тэнд геологичдын байрладаг орон сууц байсан юм. Нөгөөдүүл чинь намайг тэнд оруулж өгч байлаа. Би тэнд зүгээр сууж чадахгүй байсан болохоор Хөдөө аж ахуйн дээд сургуулийн хажууд байсан “Геологийн лаборатори” нэртэй чулуу нунтагладаг, нүддэг цехэд сар гаруй ажиллав. Тэгээд дараа нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Их хайрханы уурхайд туслах ажилтнаар орсон. Тэр цагаас хойш тасралтгүй 65 жил ажиллаж байна. Тэндээ нэг жил ажиллаад Улаан-Үд рүү гурван сарын курст явж ирээд “өрөмийн мастер” нэртэй болж байлаа. Тухайн үед зунд нь амраахгүй ажиллуулаад, өвөлд нь хичээлд суулгадаг байлаа. Төгсдөг жил Чойрт намайг ажилд оруулсан юм. Тухайн үед геологи, өрөмдлөг, уул уурхайн мэргэжлийн хүн байхгүй байлаа. Намайг Орост ажиллаж байсан болохоор сайн сурлагатай гэж ярьдаг байсан л даа. Тэгээд намайг “Бригад ажиллуулаад ахлах мастераар ажиллаж чадах уу” гэхээр нь “чадна аа” л гэж хэлж байсан юм.

-Энэ хугацаанд та хэдэн аймаг сумдаар явж хайгуулын ажил хийж байв?

-Баян-Өлгий аймгийн Булган суманд л очиж үзээгүй. Бусад бүх аймаг, сумдаар явж байлаа. Бүр заримаар нь дахин, дахин явах үе ч бий.

-Баруун аймгууд руу усан хангамжийн ажил хийх үүргийг танд өгч байсан гэсэн. Тухайн үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?

-1970-аад ны үед баруун таван аймгийг усжуулах үүргийг надад өгч байлаа. Миний хувьд Төв аймгийн Баянжаргаланд байгаа нүүрсний ордуудад маш сайн ажиллаж байлаа. Анхны том нүүрсний ордыг манай бригад хийгээд, би чинь тухайн үедээ л нэр хүндтэй тэргүүний хүн байлаа. Залуу ч байсан. Нэг өдөр Хурц сайд намайг дуудаж байна гэхээр нь вагонд суугаад ирсэн юм. Тэгтэл “Олон жил сургуулилт хийж байгаа бригадын залуучуудаа тараа, хоёрдугаарт, баруун аймгуудад очиж усан хангамж хий” гэсэн юм. Намайг хот явах гэж байхад Чойрын Геологийн дарга Жамбал гуай надад “Өөрийг чинь өөр газар хуваарил гэж байна, сайд нар. Би явахгүй гэж хэлээрэй. Чи дандаа нэгдүгээрт орж байгаа. Чамд Хөдөлмөрийн баатар өгөх гэж байгаа. Гэхдээ чи заавал нэг жил ажиллах хэрэгтэй байна” гэж хэлсэн юм. Би Хурц даргад энэ талаар хэлтэл “Чи хийхээ мэдвэл бид өгөхөө мэднэ” гээд намайг баруун тийш нь нүүлгэсэн юм. Баянхонгорт очоод усан хангамжийн ажил хийх гэж 20-иод жил болсон. Аймгуудын усанд төвлөрсөн усан хангамжийг хийсэн дээ. 1993 онд зах зээлийн шилжилт болоод Налайхын темст 6-7 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

-Та 21 аймгийн бүх суманд очиж үзсэн гэлээ. Тэгэхээр геологич хүнд маш их тэвчээр, хатуужил хэрэгтэй байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Зайлшгүй шаардлагатай зүйл бол тэвчээр, хатуужил, хувийн зохион байгуулалт. Энэ зүйлүүд байхгүй л бол судалгааны ажил урагшлахгүй. Би анхнаасаа тууштай байгаагүй л дээ. Намайг оросууд л сургасан гэж боддог. Надад юу гэж хэлнэ тэрийг нь л дагадаг байлаа. Түүнээс би чинь хонь л хариулж явсан хүн.

-Хайгуулын ажил гэж явсаар гэртээ очилгүй хамгийн удаандаа хэдэн сар болдог байв?

-Геологийн ажил гэж явсаар заримдаа гэртээ очилгүй 3-4 жил болчихдог байлаа. Багадаа ээжээсээ өнчирч үлдсэн болохоор гэртээ нэг их татагддаггүй байсан юм. Очих юмсан гэж бодох нь ч бага байлаа. Говь-Алтай аймаг байгуулагдаад хоёрхон гар худагтай байсан юм. Тухайн үед аймгийн төв дээр ажиллаж байхдаа уулын цаана байгаа нутагтаа очъё гэж багшдаа хэлээд гурав хоноод ирж байсан юм. Их л сонин санагддаг юм билээ. Тухайн үед ажил ховор байсан үе. Нутгаас минь намайг дагалдаж ажилладаг байсан хүмүүс одоо ч байхгүй болж дээ.

-Та багаасаа байгальтай ойр байсан нь таныг энэ мэргэжил эзэмшихэд нөлөөлсөн гэж боддог уу?

-Цаанаасаа зөн байдаг л гэж боддог. Жаахан байхдаа дандаа л чулуутай ноцолдож байсан минь нөлөөлсөн л байх. Бас нэг зүйл нь архи, тамхи хоёртой найзалж яваагүй дээ. Архинаас хол байсан нь багын хүмүүжил байсан байх. Гол нь хүсэл тэмүүлэл, зорилго. Дээрээс нь би ажлын хэнээтэй хүн дээ. Одоо бол хөрсөн доорх усыг 95 хувьтай олж чаддаг болсон. Энд тэндээс хүмүүс худаг гаргуулах гэсэн юм гээд ярьдаг юм. Газрын гүнээс ус гарахад газрын өндөр нам, хад чулуу, судал, халгай зэгс ургасан байдал гэх мэт байгалиа л сайн ажиглана гэсэн үг. Ер нь тэгээд насаараа хийгээд явахаар мэдэрдэг болчихдог юм. Одоогоор надтай холбоотой 81 худаг ашиглагдаж байна. Зааж чиглүүлсэн худаг гэвэл хэдэн зуугаар тоологдоно.

Манай орны тал хувь нь хуурайшчихсан байгаа. Гүний усыг нь хайгуул хийж гаргамаар санагддаг юм. Тэгэхээр хөрөнгө мөнгөний асуудал үүснэ байх. Ер нь гүний усыг гаргах нь ашигтай. Хөрсний усыг хайрлах хэрэгтэй. Дор хаяж 30 метрээс дооших усыг аваад байвал газрын дээрх ус байдгаараа байж л байна.

Зарим хүмүүс усгүй боллоо, ирээдүйд усгүй орон болчихно гэж яриад байгаа. Би үүний эсрэг байдаг. Манайх шиг тэнгэртэй ойрхон уул нуруудтай, модтой, цас бороо байнга ордог орны хувьд усгүй болно гэж ярих хэрэггүй. Харин тэрний оронд усаа яаж цэвэршүүлэх талаар ярьдаг байх хэрэгтэй.

-Геологийн салбарын хөгжил сүүлийн үед ямар байна вэ?

-Геологи улсад ашигтай. Гэвч сүүлийн үед нэг орд газар нээх гэж их л зарлага гаргаад байгаа харагддаг. Хоёрдугаарт, мэргэжлийн хүн байхгүй. Сүүлийн дөрөв таван жил хайгуул хийж байгаа газарт дахиад хайгуул хийх хэрэгтэй л гэж боддог. Дандаа буруу зөрүү, дутуу хийж байгаа.

 

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсжээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.6 (3....

img

7 цагийн дараа

Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадамд Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, шинээр Улсын начин цол хүртсэн Ш.Отгонтөгсийн цолны мялаалга наадмын барилдаан ...

img

7 цагийн дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуули...

img

6 цагийн дараа

Э.Халиун: Та өөрөө өөртөө эмч байгаарай

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Эрдэнэцогтын Халиунтай ярилцлаа. -Чихрийн шижин өвчний талаар...

img

6 цагийн дараа

П.Намжилсүрэн: Геологийн ажил гэж явсаар заримдаа гэртээ очилгүй 3-4 жил болчихдог байлаа

Ахмад геологич П.Намжилсүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд геологийн салбарт тасралтгүй 65 жил ажилласан ахмад геологичдын нэг юм. -Таны...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд