мэдээ
Улс орны хөгжлийн түлхүүр нь боловсрол юм

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 8 сарын 15

13

Технологийн эрин зуун болсон өнөө үед хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд цоо шинэ хэв маяг бий болж байна. Хиймэл оюун ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, генийн инженерчлэл зэрэг салбарууд дэлхийн улс орнуудын хөгжлийн индексийг тодорхойлох болов. Өөрөөр хэлбэл, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж чадсан улс орнууд бүс нутагтаа болон дэлхий ертөнцөд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл манай урд хөрш БНХАУ-ыг хар л даа. Хөдөө аж ахуйн орон байсан хятад үндэстэн бидний нүдэн дээр технологийн супер гүрэн болчихлоо. Тус улс дэлхийд хамгийн эртний хөдөө аж ахуйн соёл иргэншилтэй орон гэдгийг дэлхий мэднэ. XX зууны эхэнд ч Хятад хөдөө аж ахуйн улс хэвээр байв. Нийт хүн амынх нь 85 хувь нь ядуу тарчиг тариачид байсан гээд бод доо. Цай, торгоноос өөр экспортын бүтээгдэхүүнгүй, хотжилт гээд сүйд болоод байх байшин барилга тун ховор байсан Хятад улс өнөөдөр дэлхийд технологийн супер орон болж чадлаа. Хятадуудыг олимпод оролцлоо гэж дэлхий шоолдог байсан үе ард хоцорсон байна. Тэгвэл 20, 30-хан жилийн дотор тэд тэргүүлэх спортын гүрэн болоод зогсохгүй олимпийн наадмыг хэрхэн өндөр түвшинд зохион байгуулж чаддагаа ч харуулсан.
Үнэхээр Хятад улс бидний нүдэн дээр хэдхэн арван жилийн дотор хөдөө аж ахуйн орноос үйлдвэрлэгч, технологийн гүрэн болж хөгжлөө. Тэд өнөөдөр дэлхийн эдийн засагт ноёлж байна. Мэдээж энэ амжилтад нь Америк нөлөөлсөн байх л даа. Яагаад гэвэл Америкийн ноу-хау, технологийг эзэмшихийн тулд Хятадад өндөр түвшний нарийн мэргэжилтэн бэлдэх зайлшгүй шаардлага үүссэн биз. Иймд ард түмнийхээ боловсролд ч онцгойлон анхаарсан нь түүхийн хуудаснаас тод харагддаг. 1970-аад оны сүүлээр Дэн Сяопины “Нээлттэй хаалганы бодлого” хэрэгжих үед Америк, Хятадын харилцаа сэргэж байв. Америк худалдааны хоригоо зөөлрүүлж, Хятадад экспортын үйлдвэрлэл тэсрэлттэй хөгжих боломжийг олгосон юм. Хятадад Америкийн томоохон компаниуд үйлдвэрээ байгуулж, технологи, менежментийн арга барилаа нэвтрүүлсэн. Америкийн ноу-хауг хятадууд эзэмшихийн тулд боловсролоо өөр шатанд ахиулах ёстойг ойлгосон биз. Олон мянган хятад оюутан АНУ-д суралцаж, инженер, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн нь өнөөдрийн энэ хөгжилд хүрэх түлхүүр нь байв. Тухайн үед АНУ-д очсон хятад оюутнуудын ихэнх нь инженер, компьютер, электроник, физик, хими зэрэг чиглэлээр сурч байсан гэх юм билээ. Тэгээд ч боловсролгүйгээр өндөр технологиудыг эзэмших боломжгүй. Өнөөдрийн Хятадын технологийн амжилтын суурь нь ердөө нарийн мэргэжилтэн бэлтгэх стратеги төлөвлөгөөтэй нь холбоотойг эрдэмтэд онцолдог.
Монгол Улсын хөгжлийн гарц нь боловсрол байх ёстой. Бид өнөөдөр хөгжье гэвэл боловсролоо нэг номерт эрэмбэлэх хэрэгтэй байна. Хэдүүлээ байгалийн баялгаа барж идэхээс илүүтэйгээр хүний баялгаа хөгжүүлэх нь хамгийн ухаалаг шийдэл. Дэлхийн банкны судалгаагаар өндөр орлоготой улс орнуудын баялгийн 70 хувь нь хүний боловсрол мэдлэгт суурилдаг гэжээ. Иймд өндөр боловсрол эзэмшсэн иргэдтэй улс аж үйлдвэр, технологийн салбарт хурдан манлайлдаг. 1950-иад онд дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан Өмнөд Солонгос улс яаж хөгжилд хүрснийг мэдэж байна уу. Тэд боловсролдоо тууштай хөрөнгө оруулалт хийснээр технологийн гол тоглогч орон болж чадсан байх жишээтэй.
Боловсрол бол улс орны хөгжлийн түлхүүр төдийгүй иргэдийн аз жаргалтай амьдрал, нийгмгийн тогтвортой байдлын баталгаа юм. Яагаад гэвэл боловсролтой иргэд шинжлэх ухаанчаар сэтгэж, оюунлаг нийгмийг цоглоодог. Тэр утгаараа авлигагүй, шударга ёс, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгмийн амин сүнс нь өнөө л боловсрол. Тэгэхээр хөгжилд хүрэхийн тулд боловсролын салбараа улс төрөөс салгах хэрэгтэй. Үүний тулд багшийн мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь зүй ёсны асуудал. Гэтэл манай улсад багшийн үнэлэмж хэтэрхий доогуур байна. “Сурлага муутай хүүхдүүд хуваарь авч чадахгүй болохоороо багшийн мэргэжил сонгодог” гэсэн нийгмийн хандлага хүртэл бий болчихсон. Тэрийгээ дагаад багш нарын авч байгаа цалин цаваг нь ч дэндүү бага. Уг нь түмний хүүхдэд эрдэм ном зааж, сургаж буй ачтан гэдэг утгаараа багш бол хамгийн нэр хүндтэй мэргэжил баймаар. Ядаж л багшийн цалинг хамгийн багадаа 1500 ам.доллараас эхлүүлдэг болгох хэрэгтэй.
Монголын ирээдүй хойч болсон хүүхэд, залууст шинжлэх ухааны орчин цагийн мэдлэг эзэмшүүлж, чанартай боловсрол олгож, багш нарыг чадавхжуулах нь үндэсний бодлогын тэргүүн зорилт байх ёстой. Ингэж чадвал манай улсын тусгаар тогтнол ардчиллын үндэс суурь болох юм. Одоогийн бидний харанхуй бүдүүлэг, мухар сүсэгтэй, дов жалгаараа задрах шахсан, хоцрогдсон ядуу байдлаас зөвхөн боловсрол л аварна.
М.МӨНХЦЭЦЭГ





Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзлаа. У...
7 цагийн дараа
Хятадын судлаачдын ээлжит амжилт
Янз бүрийн хясаанууд, мөсөн давхарга мэт харагдах бактерийн болон гуурсан хорхойнуудаас бүтсэн хивсэнцрүүд бүрхсэн талбайнууд харагд...
7 цагийн дараа
Улс орны хөгжлийн түлхүүр нь боловсрол юм
Технологийн эрин зуун болсон өнөө үед хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд цоо шинэ хэв маяг бий болж байна. Хиймэл оюун ухаан, биотехнол...
6 цагийн дараа
ОБЕГ: Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага хийж, ур чадвараа нэмэгдүүллээ
ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги БНФУ-аас Зүүн ази бүсийн Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, ...
6 цагийн дараа
Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах гол төслийн нэг Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ханга...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд