мэдээ
Б.Тэнгис: Мөрийтэй тоглоомд донтчихсон хүн ирээдүйгээ ерөөсөө төлөвлөж чаддаггүй болчихдог DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 01
17
“Tengis TV” youtube хуудсыг хөтлөн ажиллуулдаг контент бүтээгч Б.Тэнгистэй ярилцлаа. Тэрбээр БНСУ-д суралцах хугацаандаа мөрийтэй тоглоомд донтож байсан бөгөөд энэ талаарх зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм.
-Та мөрийтэй тоглоомын талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?
-Намайг бага байхад аав маань “Миний хүү архи, тамхинаас л хол байгаарай” гэж захидаг байсан. Аавынхаа хэлснээр би архи, тамхи, шоу цэнгээнээс хол байсан. Харин одоо залуучууддаа мөрийтэй тоглоомоос л хол байгаарай гэж хэлмээр байдаг юм. Хэрэв хүн маш гүн далайд сэлэх юм бол живж, амь насаа алдах эрсдэлтэй. Тэр далайд маш их эд хөрөнгө, мөнгө байгаа гэж бодъё. Түүнийг авах гэж тэмүүлэх тусам живэх магадлал өндөртэй. Казино, мөрийтэй тоглоом үүнтэй яг адилхан. Та магадгүй 10 сая, 100 сая төгрөг хожиж болно. Гэхдээ түүнийгээ 4-5 дахин нугалж төлөх хэрэгтэй болдог юм. Хүн их хэмжээний мөнгө хожихоороо ажил хийх ямар ч хүсэлгүй болдог. Тэр хүний ухамсарт “Би нэг өдөрт зовж зовж 50-60 мянган төгрөг олдог. Гэтэл 10 сая, 100 саяыг нэг дор олчихлоо шүү дээ. Тэгвэл ядаж өдөрт 1-2 сая төгрөг олдог болъё” гэсэн бодол суудаг. Ингэж яваад л алддаг. Үүнийг л ухаарч ойлгож чадваас ирээдүйд олон зүйлийг алдаагүйдээ маш их баярлах болно шүү.
-Та БНСУ-д байхдаа мөрийтэй тоглоомд хэсэг хугацаанд донтож байсан тухайгаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлж байсан. Ямар төрлийн мөрийтэй тоглоом тоглодог байсан бэ?
-Би 2018 оноос 2021 оны хооронд мөрийтэй тоглоом тоглосон. Намайг БНСУ руу дагуулж явсан хүн математикийн багш байсан. Тэр хүн мөрийтэй тоглоомд хожиж болох логик, гаргалгаа гаргаад надад үзүүлсэн юм. Тэгэхээр нь миний сонирхол төрөөд, бид хоёр казинод очиж тоглосон. Тэнд анх ороход маш хүйтэн мэдрэмж төрж байсан. Тэр орчин надад зохихгүй гэдгийг би мэдсэн. 2018 онд шүү дээ. Бид тус бүрдээ нэг сая вонтой очиж тоглоход эхлээд 600 мянган воны ашиг олж, 1.6 сая вонтойтой болсон. Тухайн үед “Хөөх, ямар сонин юм бэ. Болж байна шүү дээ” гэж бодоод бид хоёр бие бие рүүгээ харж инээгээд л. Тэгээд тоглож байтал яг дээрээс харж байгаа юм шиг бид хоёрын төсөөлснөөс эсрэг үр дүн гараад байсан. Бид мөрийнд алдаад 700-800 мянган вонтой үлдчихсэн юм. Тэгээд бие бие рүүгээ гайхаж хараад “Юу вэ, ямар сонин юм бэ. Болохгүй байна шүү дээ” гэж бодсон. Дахиад тоглоод нэг сая вонтой болсон. Гэтэл дахин алдаад тус бүрнээ 100 мянган вонтой л хоцорсон. Тэгээд сонин болоод тэндээс гараад хамт саунд хонож байсан. Тухайн үед ах маань надад “Хоёулаа дахиад мөрийтэй тоглоом тоглохгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхэд би 20 настай, нэгдүгээр курсийн оюутан байсан. Өдрийн 7080 мянган воны цалин авах гэж маш их хөдөлмөрлөдөг байлаа. Шөнө нь ажилдаа яваад, өдөр нь хичээлдээ явдаг байсан болохоор маш их ядарна. Тийм ч учраас миний хувьд мөнгөний үнэ цэнэ маш их байсан. Би мөнгө алдаж үзээгүй байсан учраас алдсан нэг сая вон маань маш хүнд туссан. Тухайн үед би дахиад мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдсан. Нэг монгол хүн “Хамт тоглоё” гэхээр нь тоглож байгаад сургалтын төлбөрөө алдсан. Үүний улмаас 2, 3 дугаар курстээ сургалтын төлбөрөө төлж чадахгүй визний маань хугацаа дуусаад “харласан”.
2021 онд “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр мөрийтэй тоглоом онлайн хэлбэр лүү шилжсэн. Тухайн үед би онлайнаар казино тоглож үзээд маш их мөнгө алдаад, буруу замаар явж байгаагаа ойлгож, өөрчлөгдье гэж бодсон. Мөрийтэй тоглоомноос гараад гурван жил болж байна.
-Мөрийтэй тоглоом хар тамхинаас илүү донтуулдаг гэдэг юм билээ. Яагаад донтдог юм бол?
-Манай найз анх удаа казинод тоглотол аз нь таараад 10 сая вон хожсон юм. Найз маань өглөө 06:00 цагаас эхлээд өдөржингөө айл нүүлгэж, хүнд ачаа өргөж байгаад орой 18:00 цагийн үед тардаг байсан. Бүхэл бүтэн 12 цаг ажиллаад 150 мянган воны цалин авдаг байсан бол гэнэт 10 сая вон хожчихоор олдог байсан мөнгө нь юу ч биш юм шиг санагдаж эхэлсэн юм билээ. 10 сая вон хожсон хүн тэнгэрийн умдаг атгачихсан юм шиг хэчнээн их баяр хөөртэй байх билээ дээ. Гэхдээ гэнэт орж ирсэн, өөрөө хөдөлмөрлөж олоогүй мөнгө үнэ цэнэтэй зүйлд зарцуулагдахгүй нь ойлгомжтой. Аз завшаан гэдэг бол байнга тохиогоод байдаг зүйл биш. Мянгад нэг тохиолддог, саяд нэг ч байж магадгүй.
Маргааш нь очоод тоглож байгаад нэг сая вон алдлаа гэхэд алдсан мөнгө нь угаас өөрийнх нь мөнгө юм шиг санагдаад уур нь хүрдэг. Цаана нь есөн сая вон байхад түүнийг заавал өсгөнө гэж шунаж тоглож байгаад таван сая воныг нь алдана. 10 сая вонтой байж байгаад 5 сая воныг нь алдчихаар тэр хүний сэтгэл зүй ямар болох вэ. Дахин дахин тоглож байгаад 10 сая воноо бүгдийг нь алдчихлаа гэхэд тэр хүн 5 сая вонтой үлдэхдээ л больдог байж гэж бодно. Харамсдаг, больдог гэсэн хоёр төрлийн хүн байдаг. Болихын тулд эрэл хайгуул хийж, өөрийгөө эргэн хардаг хүн бий. Эсрэгээрээ 10 сая воныг хожиж чадсан юм чинь хүнээс 2 сая вон зээлээд тоглочихъё гэх хүн бий. Тэглээ гэхэд хүнээс зээлсэн мөнгөөр тоглохдоо “Энэ хүний мөнгө шүү дээ” гэж бодогдоод тоглож чадахгүй.
-Хамгийн анх мөрийтэй тоглоом тоглож байгаа хүмүүсийг их хожуулах зарчмаар амтшуулдаг гэж сонссон. Энэ үнэн үү?
-Эхлээд хожуулах зарчим гэж байхгүй. Энэ бол цэвэр аз. Мөрийтэй тоглоом, казино, бэт 0.5 хувийн шимтгэлтэй байдаг. Зарим нь маш өндөр шимтгэлтэй. Удаан тоглох тусам казинод ашигтай байхаас өөр аргагүй алгоритмтай байдаг учраас хожигдох нь ойлгомжтой. Бид казиног хэзээ ч барж идэхгүй, хэзээ ч ялж чадахгүй.
-Та мөрийтэй тоглоомын донтолтоосоо хэрхэн ангижирсан бэ?
-Мөрийтэй тоглоом тоглож байх үедээ би янз янзын ажил хийдэг байсан. Тиймээс ажилдаа анхаарлаа төвлөрүүлж байсан. Мөрийтэй тоглоомд хожихоороо хүн маш их баяр хөөр, сэтгэл ханамжтай болдог. Хүмүүс мөрийтэй тоглоомоос гарахын тулд өөр зүйлээр буюу хоббигоор орлуулах хэрэгтэй гэж хэлдэг. Гэхдээ хэрхэн яаж гэдгээ сайн мэддэггүй. Миний хувьд өөрийгөө аль болох завгүй байлгадаг байсан. Би өөрийгөө аль болох олон ажлаар “дараад”, сэтгэл зүйн эмчилгээний хичээлийг сонсоод, ирээдүйгээ төлөвлөж байсан. Мөрийтэй тоглоомд донтчихсон хүн ирээдүйгээ ерөөсөө төлөвлөж чаддаггүй болчихдог. Тиймээс ирээдүйгээ төлөвлөөд өөрийгөө завгүй байлгавал мөрийтэй тоглоом хэрэггүй гэдгийг ойлгодог. Мөн зөв лөгөө хичээлээ үзээд эмчлэгдвэл бүрэн ангижрах боломжтой. Үүнийг донтож байгаа хүмүүс мэдэхгүй учраас л алддаг.
-Та мөрийтэй тоглоом тоглож байгаа хүмүүст хандан зөвлөгөө өгөхгүй юу?
-Би Монголд ирээд цагдаагийн мөрдөгчтэй танилцсан. Тэр хүн хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэглээ их байна. Бид барьж дийлэхгүй байна. Нэгэнт дийлэхгүй учраас бид сэрэмжлүүлж л чадна” гэж хэлсэн. Хэрэв намайг арван жилд сурч байхад хэн нэгэн надад мөрийтэй тоглоомын хор нөлөөг зөвлөсөн бол би үнэхээр их баярлах байсан. Солонгост ЕБС-ийн дөрвөн сурагч тутмын нэг нь мөрийтэй тоглоом тоглодог нь батлагдчихсан. Манай улсад арван жилийн хүүхдүүд нүднээс далдуур тоглож байгаа. Үүний нэг жишээ бол 1XBET. Энэ мөрийтэй тоглоомын маркетинг, зар сурталчилгаа хэрээс хэтэрлээ. Солонгост мөрийтэй тоглоомын зар сурталчилгаанд арга хэмжээ аваад эхэлчихсэн. Манай улсад дөрвөн хүүхэд тутмын нэг нь мөрийтэй тоглоом тоглодог болчихвол хэчнээн аймшигтай үр дүн гарах бол. БНСУ бол 55 сая хүн амтай. Гэтэл манай улс дөрвөн сая ч хүрэхгүй хүн амтай. Монгол Улсын нэг сая хүн мөрийтэй тоглоом тоглож байна гэж бодвол ар араасаа хэчнээн их асуудал гарах бол. Манай улсын таван иргэн мөрийтэй тоглоомоос үүдэн амиа хорлосон гэсэн судалгаа бий. Цахимаас донорын группүүдийн зарыг уншихаар “Бөөрөө заръя” гэсэн залуучууд их байна. Тэд мөнгөний асуудалд ороод, өртэй болчихсон учраас л арга буюу тийм зар тавьж байгаа.
Ө.Анхзаяа
Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн Ёкозүнагийн ёслолоо хийлээ DNN.mn
Японы мэргэжлийн сумо бөхийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэнгийн “Ёкозүна” ёслол өчигдөр “Мейжи” сүмд боллоо. Тус ёслолыг улсын...
8 цагийн дараа
“Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг боллоо DNN.mn
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс цуврал хэлэлцүүлг...
7 цагийн дараа
Менингококкт халдвараас сэргийлье DNN.mn
Иргэд гол төлөв цахилгаан менингит гэж ярьдаг менингококкт халдвараас сэргийлэх эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. Эцэ...
6 цагийн дараа
Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 21876 төгрөгийн үнэтэй байна DNN.mn
Нийслэлийн статистикийн хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, өнгөр...
5 цагийн дараа
Биржээр 128 мянган тонн коксжих нүүрс арилжжээ DNN.mn
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн цахим а...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд