Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Б.Найдалаа: Асар их хөрөнгө зарцуулсан ч утаа буурах биш, улам л хортой болсонд иргэд бухимдаж байна DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 1 сарын 31

img

25

news-img

УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхныхаа чуулганыг 126 гишүүнтэй парламент хуульд заасан хугацаандаа хуралдаж хаалаа. Энэ утгаараа өнгөрсөн намрын чуулган та бүхний хувьд ямар үр бүтээлтэй болж өндөрлөв?

-Холимог системээр сонгуулиа хийж, гарсан үр дүнгээр нь байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит чуулган өндөрлөлөө. Энэ утгаараа 76-гаас 126 болсон парламент асуудалд яаж хандаж байна, ямар хандлага илүү байна, өмнөхөөсөө юугаараа өөр байгааг тодорхой илтгэсэн чуулган болсон гэж бодож байгаа. Товчхондоо маш сонирхолтой чуулган боллоо гэж хариулмаар байна.

-Хамгийн сонирхолтой нь хамтарсан Засгийн газар байгуулсан явдал байх, тийм үү. Үүнд танай нам бас орсон байгаа шүү дээ…?

-Юуны өмнө ямар үндэслэл, шалтгаанаар хамтарсан бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Анх хамтарч байхдаа ч олон нийтэд энэ талаар тодорхой хэлж байсан. Одоо ч хэлье. Манай намын хувьд яагаад Засгийн газарт хамтарсан юм бэ гэж. Юуны өмнө 2-3 жил биш 20-30 жил улс төрийн гацаанаас гарч чаддаггүй том төслүүдийг хөдөлгөх гэж хамтарсан. Улс төрийн тогтвортой байдал чухал байна гэж бид сүүлийн 30 жил ярилаа. Үүнийг бодитой болгох гэж бид хамтарсан. Улс орны хөгжлийг бодитой дээшлүүлэхийн төлөө бид хамтарсан. Эдийн засгаа өсгөхийн тулд хамтарсан гэж ойлгож байгаа. Эхнээсээ хамтарсан Засгийн газрын бодит үр дүнгүүд гарч байна.

-Тухайлбал, ямар үр дүн гарчихаад байна вэ?

-Монгол Улс бол дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, хоёрхон хөрштэй улс. Энэ утгаараа бидэнд гуравдагч хөршийн бодлого, гуравдагч улс орнуудтай хийх том төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг нь эдийн засаг гэлтгүй бусад талаараа асар чухал нөлөөтэй. Энэ утгаараа саяхан бид Францын “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Энэ бол маш том ажил. Өнгөрсөн 20 гаруй жил хийгдээгүй том ажил гэж харж байгаа. Маш хурдан хугацаанд хөдөллөө. Хөдлөх болсон шалтгаан нь нөгөө хамтарсан Засгийн газар байгуулагдсантай холбоотой болов уу. Дээр нь төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын асуудал байна. Төмөр замаа бид барьчихсан атлаа холбож чадалгүй 20 км-ээр зөрүүлчихсэн байсан. Энэ бол үнэхээр харамсалтай үйл явдал. Үүний цаана асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулагдсан. Алдагсан боломжоо мөнгөн дүнгээр тооцоод гаргаад ирвэл хэдэн их наяд төгрөгийн алдагдал гарч ирнэ. Үүнийг хөдөлгөж, хил холболтын төмөр замуудын ажил гацаанаасаа гарсан.

-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох асуудал намрын чуулганы сүүлээр нэлээд шуугьсан. Их хэмжээний өр зээл тавьж байгаад уг үйлдвэрийг ашиглалтад оруулна. Ашиглалтад орсныхоо дараа зардлаа нөхөж чадах уу гэдэг дээр шүүмжлэл их гарсан л даа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрээ бид аль болох богино хугацаанд ашиглалтад оруулаад, эрчим хүч, газрын тосны хараат бус байдлаа нэн яаралтай олж авах хэрэгтэй

Та үр ашигтай байх талаас нь асуулаа. Гэхдээ үр ашигтай байх буюу менежмент нь тусдаа асуудал шүү. Мөн Энэтхэгээс авч байгаа зээл ч гэсэн тусдаа яригдах асуудал. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо менежментээ хийж чадаагүй, уг төслийг үр ашиггүй удирдчихаад үүнийгээ Энэтхэгээс авах зээлийн асуудалтай хольж хутгах ямар ч шаардлага байхгүй гэсэн үг.

-ХҮН намын хувьд энэхүү парламентад бүлэг байгуулах хэмжээнд хараахан суудал авч чадаагүй байх аа. Гэхдээ бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж гишүүд хэлж байсан санагдана. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Манай намын хувьд парламентад найман гишүүн сонгогдон ард түмнээ төлөөлөх, хууль тогтоох ажлаа хийж байгаа. Мэдээж бүлэг байгуулахад гишүүний тоо дутна. Тиймээс бид УИХ дахь ХҮН намын зөвлөл байгуулсан. Даргаар нь миний бие ажиллаж байна. Зөвлөл ч гэлээ бүлгийн хэмжээнд ажиллаад явах боломж бидэнд хангалттай бий. Ажиллаад ч явж байгаа гэж боддог. УИХ-ын найман гишүүн гэдэг бол цөөхөн тоо биш ээ.

-Танай намын хувьд салбарын реформуудыг хийх шаардлагатай гэж ярьдаг. Энэ утгаараа хамтарсан засагт ороод Эрчим хүчний реформыг эхлүүлсэн. Гэхдээ реформ гэхээс илүү нийгмээс намдаа гал дуудсан салбарыг түрүүлээд барьчихсан юм биш үү гэж хардаг л даа…?

-Манай нам Засгийн газарт хамтарсан гол зорилго бол шийдэж чадахгүй байсан шинэчлэлийн чанартай суурь асуудлыг шийдэх реформ. Үүний тод жишээ нь, эрчим хүчний реформ юм. Эрчим хүчний салбараа бид шинэчилж байж эдийн засгийн өсөлт, бусад салбарын болоод иргэдийн орлого нэмэгдэх тухай ярих боломж нээгдэнэ. Энэ шинэчлэлийг эхлүүлэхгүйгээр, хийхгүйгээр Монгол Улсын хөгжлийн тухай ярих хэцүү. Бараг боломжгүй. Тиймээс бид нийтээрээ бодит үнэнтэйгээ нүүр тулах ёстой. Энэ утгаараа уг асуудлыг ХҮН нам улс төрийн хувьд манлайлаад Үндэсний хороо байгуулан ажиллаж байна. Уг хороог Шадар сайд Т.Доржханд ахалж байгаа. Мөн нам, намын гишүүд тус хороонд ажиллаж байгаа. Ингэж ажиллаж байгаагийнхаа хувьд энэхүү шинэчлэлийг хийхэд улс төрийн дэмжлэг үзүүлэн ажиллах шаардлагатай. Энэ бол том ажил. Чухал сэдэв. Үүний үр дүн тун удахгүй гарах болно.

-Та сая хэллээ, эрчим хүчний шинэчлэлийг манай нам манлайлж эхлүүлсэн гэж. Мэдээж шинэчлэл гэдэг өргөс авсан юм шиг хийгдэхгүй байх. Гэхдээ эрчим хүчний үнэ, тарифыг нэмэх замаар шинэчлэл хийх шаардлага байсан уу. Нэмсэн юм бол яагаад цахилгаан хязгаарлалт хийсэн юм бэ гэдэг дээр иргэд маш их бухимдалтай байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Иргэдийн шаардаж, бухимдаж байгаа нь зөв өө. Үүнийг ХҮН нам маш сайн ойлгож, хүлээн авч байгаа. Гэхдээ нэг буруу ойлголт энд байна. Үнэ нэмчихээд тог тасалчихлаа гэж. Тэгэхээр эрчим хүчний шинэчлэлийг эхлүүлэх хамгийн эхний алхам бол мэдээж үнэ тариф. Өөрөөр хэлбэл үнэ, тарифыг нэмэх шаардлага заавал байсан. Нөгөөтэйгүүр үнэ тарифыг нэмсэн, нэмээгүй эрчим хүчний хязгаарлалт болдгоороо болох л байсан зүйл. Тогны хязгаарлалт бол үнэтэй ямар ч хамаагүй ойлголт шүү. Үүнийг иргэд маань ялгаж салгах учиртай. Тогны хязгаарлалт угтаа олон жил бид эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй, байгаа эх үүсвэрээ тулгачихаад хэрэглээгээ улам нэмсэнтэй холбоотой асуудал. Түүнээс биш үнэ, тариф нэмээгүй байсан бол тог хязгаарлахгүй байх боломж байсан мэтээр ойлгож болохгүй л дээ. Хүссэн хүсээгүй тогны хязгаарлалтад орох нь бидний бодит байдал. Үүнтэй нүүр тулах ёстой. Харин эрчим хүчний реформ гэдэг бол зөвхөн үнэ тариф нэмэх асуудал огт биш гэдэгтэй санал нэг байна. Үнэ тариф бол энэ салбарын алдагдлыг дөнгөж бууруулах хэмжээнд л хийгдсэн ажил. Цаашлаад бид салбарын бүтэц, тогтолцоонд ужгирсан асуудлыг ил тод болгож, засах шаардлагатай. Улмаар эрчим хүчний шинэ эх үүсвэр, байгаа эх үүсвэртээ тогтмол засвар үйлчилгээг нь хийх ажлуудыг давхар хэрэгжүүлнэ. Урт хугацаандаа бид эрчим хүч импортоор авах биш, экспортлох асуудлыг ярьдаг болно.

-Цахилгааны хязгаарлалтад ордог, үнэ, тариф нь өссөн зэргээс шалтгаалаад ЖДҮ эрхлэгчид бизнесээ явуулахад асар хүнд байна. Дээр нь татварын дарамт их байна шүү дээ. Ер нь татвартай холбоотой асуудлаар таны хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Юуны түрүүнд татварын ачаалал бага байх шаардлагатай. Үүнийг хэн хүнгүй л хүсч байна. Татвар, цахилгааны хязгаарлалт гэх мэт асуудлаас болж иргэд, аж ахуйн нэгжүүд бухимдаж байгаа. Энэ үнэн. Саяхан талбай дээр иргэдийн жагсаал цуглаан боллоо. Бухимдаж байгаа иргэд олон харагдсан. Миний хувьд иргэд юунаас болоод бухимдаад байна вэ гэдгийг ингэж ойлгож байгаа. Гарц шийдэл нь тодорхой бус, хэзээ шийдэгдэх нь мөн адил тодорхой бус, тэгсэн атлаа асар их хөрөнгө зарцуулчихсан асуудалд бухимдаж байна. Жишээ нь утаа. Өнгөрсөн хугацаанд утааг багасгах, бууруулахад зориулж хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ. Ингээд утаа буурсан уу гэвэл үгүй. Харин эсрэгээрээ илүү хортой болсон. Нийгэм ийм байхад дахиад татвар нэмэх замаар ч юмуу, эсвэл иргэдийнхээ хувийн өмчтэй байх эсэхэд нь халдсан шийдвэрүүд олон нийтийг улам л бухимдуулж байна.

-Автомашинтай болох эсэх нь мэдээж иргэний эрх. Гэтэл нэг асуудлыг шийдэх гэж нөгөөхийг нь хориглосон шийдвэр их гарах болсон гэж та хэллээ. Жишээ нь, автомашины дугаар олгох асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс уудам газар нутагтай. Энэ уудам газар нутаг дээр аж төрж амьдарч байгаа хүн морьтой, автомашинтай байх ёстой. Гэтэл үүнд нь хязгаарлалт тавих гэж оролдож байна. Ийм байж болохгүй. Автомашин авах асуудлыг нь нээлттэй чөлөөтэй үлдээ. Харин тэрхүү авсан автомашинаа хаана унах вэ гэдэгт нь нөлөөлөх бодлого байх ёстой. Тухайлбал, иргэн хүн шинэ автомашин авлаа гэж бодъё. Тэрхүү автомашинаа тухайн хүн заавал Улаанбаатар хотод унахгүй шүү дээ. Хөдөө явна. Гэтэл хөдөө, орон нутагт явахдаа яах юм. Автомашингүй яв гэж байгаа юм уу. Тиймээс иргэнийг автомашинтай болоход нь саад тодгор битгий учруул. Харин тэр автомашинаа хаана унах вэ гэдэг дээр зөв бодлого гаргаж явах учиртай. Манай зарим шийдвэр гаргагчид хувь хүний хэрэгцээг бодохгүйгээр зөвхөн хотын утаа, түгжрэл зэрэг асуудлыг бодсон шийдвэр битгий гаргаач ээ. Энэ бол төрийн бодлогод нийцэхгүй.

-Үе үеийн парламентын зарим гишүүн гэмт хэрэгт нэр холбогдох, улмаар гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх асуудал яригддаг. Энэ удаагийн парламентад мөн нэр бүхий гишүүнийг эгүүлэн татах асуудал яригдаж байна. Үүнд та шинэ гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Уг асуудал бол бидний бодол, хүслээс хамаарахгүй явах асуудал л даа. Өөрөөр хэлбэл, хуульд юу гэж заасан байна түүгээр явах асуудал. Шүүх ямар шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэр нь бичгээр баталгаажиж гарсан уу. Тэгэхээр тодорхой шийдвэр гарсан тохиолдолд яах вэ гэдгийг шийдэх бэлэн хууль, эрх зүйн орчин нь байна. Энэ утгаараа хэрэв шүүхийн тодорхой шийдвэр албажиж гарсан тохиолдолд ямар ч гишүүн гишүүнийхээ ажлыг өгөхөөс өөр аргагүй л гэж бодож байна. Түүнээс биш залуу гишүүн учраас байлгаж байя, эсвэл энэ удаадаа хамгаалаад үлдье, дараа битгий ийм алдаа гаргаарай гэдэг байдлаар явах нь өрөөсгөл шүү. Хуульд яаж заасан байна, түүгээрээ шийдэгдээд л явах учиртай.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Менингококкт өвчнөөс сэргийлэх зөвлөмж DNN.mn

Менингококкт халдвар нь 10-15 жилийн давтамжтай томоохон дэгдэлт үүсгэх хандлагатай байдаг. Өмнө нь 2000-2001 онд Монголд менингокок...

img

8 цагийн дараа

Хоёрдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь DNN.mn

Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны хуваарийг танилцуулж байна. 02.02 Ням. 11:00 цагт-Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэ...

img

8 цагийн дараа

Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангайгаас чиглэлээс бусад чиглэлд 1000 төгрөгөөр зорчино DNN.mn

Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгр...

img

7 цагийн дараа

Орос, Сирийн хэлэлцээр өндөрлөв DNN.mn

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов, ерөнхийлөгч Путины Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Александр Лаврентьев на...

img

7 цагийн дараа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд