мэдээ
Богд ууланд алхахдаа “Монголын Үндэсний их сургууль”-д мөнгө төлдөг болох уу? DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 31
33
Ердөө хоёр гуравхан хоногийн өмнө “Шүүх газрын зөвшөөрлийг олгодоггүй” гэсэн мэдэгдлийг ШЕЗ-өөс хийжээ. Тэр тийм. Гэхдээ төрийн захиргааны байгууллагаас цуцалсан газрын зөвшөөрлийг шүүх буцаан сэргээх шийдвэр гаргадаг. Энэ нь дам утгаараа газрыг тухайн этгээдэд олгож байгаа хэлбэр юм.
Яг ийм нэг айхавтар жишээ байна. Нийслэлийн Засаг дарга 2022 оны тавдугаар сард А/740 тоот захирамж гаргаж Богд уулын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах “Дугуй цагаан” хэмээх хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсч, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан. Уул руу гарах зам дээр ашиглалтгүй хэдэн дугуй цагаан барилга байсан. Богд ууланд алхдаг Улаанбаатарын хүн болгон мэднэ. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр уг байгууламжийг буулгахад дээрх байгууллагын эсэргүүцэлтэй тулж нэлээд асуудал болсон. Уг барилгыг, доорх газартай нь “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ эзэмшдэг байсан юм. Уул нь оронд нь ууланд алхагсдад зориулсан тохижилтыг хийхээр болж байв. Гэвч сүүлдээ шүүхийн шийдвэр, сайдын туслалцаатайгаар тэр хавийн газар “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-д үлдчихсэн байна.
Улаанбаатарчуудын уул руу алхах замд байх тэрхүү газрыг “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-д 2016 онд БОАЖ-ын сайдын тушаалаар олгожээ. Ингэхдээ аялал жуулчлалын зориулалтаар 10 га газрыг, мөн эко сургуулийн зориулалтаар 15.5 га газрыг ашиглах гэрчилгээг тус тус олгосон байна.
Харин БОАЖ-ын сайдын 2019 оны долдугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалаар дээрх газруудын газар ашиглах эрхийг цуцалсан байна. Гэвч эргээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны зургадугаар сарын 22-ны 434 дүгээр шийдвэр гарч, энэ дагуу БОАЖ-ын сайдын 2021 оны нэгдүгээр сарын 29-ний тушаалаар газар ашиглах эрхийг сэргээсэн байна.
Түүний дараа 2023 оны наймдугаар сарын 1-нд БОАЖ-ын сайдын тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай” хэмээн үзэж “Монголын Үндэсний их сургууль”-ийн нэгдүгээр талбайн 21140 мкв газраас 1058 мкв, хоёрдугаар талбайн 136820 мкв газраас 23643 мкв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалжээ. Үүнийг “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг маргаан эхэлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ын Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд ашиглах эрхтэй газрыг БОАЖ-ын сайд хэсэгчлэн цуцалсан. Энэхүү тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн. Бидэнд огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг явуулаагүй. Тушаал гарсны дараа ч мэдэгдээгүй, Бид мэдээллийн сайтаас 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр олж мэдэж, тушаалыг татаж авсан. хамгаалах зарчим, хууль ёсны эрхийг хамгаалах асуудлыг сайд зөрчиж байна. Иймд хууль тогтоомжийг илтэд зөрчиж манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндсөн БОАЖ-ын сайдын тушаалыг манай сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа “БОАЖ-ын сайд “Монголын Үндэсний их сургууль”-ийн ашиглах эрхтэй газрыг хэсэгчлэн цуцлахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн 2023 оны тавдугаар сарын 22-ны өдрийн дугаар саналыг үндэслэсэн. Уг саналд Ойн тухай хуулийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 29.1.10-д “Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэсэн заалтуудыг зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон” гэсэн. Тиймээс ойн сан бүхий хамгаалалтын бүсэд байрших иргэн, хуулийн этгээдийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу явуулсан. Гэтэл “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-аас хариу ирүүлээгүй. Мөн БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны зургадугаар сарын 8-нд “Сонсох ажиллагааны хариу хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн. Иймд БОАЖ-ын сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний A/299 дүгээр “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.
Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ -ын ашиглах эрхтэй байсан 21140 м.кв талбайн 1058 м.кв, 136820 м.кв талбайн 23643 м.кв нь ойн сангийн газартай давхцалтай байгаа нь ойн сангийн агаарын зургаар тогтоогдож байна. Давхцалтай хэмээн хэсэгчлэн цуцалсан ойн сангийн талбай нь ой тэлэн ургах зориулалттай хамгаалалтын бүс ч биш, торлог бүхий хэсэг ч биш, шигүү шинэсэн ой болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаас тодорхой харагдана. Маргаан бүхий тушаалд баримталсан Ойн тухай хуулиар хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг, ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хоригложээ. Гэтэл “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-д аялал жуулчлал эко сургуулийн зориулалтаар ашиглах эрх олгосон газарт барьсан аялал жуулчлалын цогцолбор барилгад Хот байгуулалт хөгжлийн газраас олгосон 2022 оны долдугаар сарын 7-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаварт төлөвлөлтийн хязгаарын схем зургаарх барилгажих талбайд шүүхийн үзлэгээр тогтоогдсон ойн сан дахь шинэсэн ой модтой талбай багтсан байна” гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
“Монголын Үндэсний их сургууль” НҮТББ давж заалдсанаар Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны долдугаар сарын 31-нд хэлэлцсэн байна. Ингээд “Анхан шатны шүүхээс “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ -ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэдийгээр хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны лавлагаа болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан газар нь ойн сан бүхий газартай давхцалтай болох нь тогтоогдож байх боловч маргаан бүхий энэ тохиолдолд Ойн тухай хуулийг баримтлан нэхэмжлэгч төрийн бус байгууллагын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан нь буруу байна. Ийнхүү тусгай дэглэм бүхий тусгай хамгаалалттай газар нутагт байрлах ойн сан бүхий газартай холбоотой шийдвэр гаргахдаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэгжүүлсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй” гэж шийдвэрлэжээ.
Энэхүү магадлалыг хариуцагч тал болох БОАЖЯ-наас эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсан.
Харин Улсын дээд шүүх энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Тус шүүх албан ёсны мэдээллийн сайтаараа “Уг маргааныг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар хэлэлцүүлэхээр шийдсэн. Гэвч БОУАӨ-ийн сайд нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна.
Хуульд зааснаар хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, хэргийг хянах боломжгүй болдог. Ингэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна” гэж мэдээлжээ. Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ын газрыг сэргээсэн магадлал эцсийнх болж үлдсэн юм. Эндээс нэг том эргэлзээ гарч ирэв. “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ нь Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Харин тус дүүргийн Засаг даргаар 2016-2020 онд ажилласан С.Одонтуяа БОУАӨ-ийн сайд болоод удалгүй “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ын эсрэг гомдлыг татаж авсан байх юм. Уул нь яам нь хувийн хэвшилд хууль сахиулах арга хэмжээ аваад, улмаар шүүхээр маргаад хоёр жил явж байсан асуудал байгаад байдаг. Эцэст нь яам ялагдаж, МҮИС давжээ.
Мөн ойн сан бүхий, тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг л хуулиар зөвшөөрдөг. Харин сургууль барих зөвшөөрөл гэж байдаг юм уу. Энэ бас нэг асуудал нь болж байгаа юм.Дээрээс нь шүүхээр маргаж байх хугацаанд төсвөөс нэлээд хөрөнгийг зараад тэр газарт нь Улаанбаатарынхныг ууланд алхахад зориулсан тохижилтыг хийжээ.
Одоо тэр газар “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ынх болсон. Тэгэхээр удахгүй Улаанбаатарынхан Богд ууланд алхахдаа “Монголын Үндэсний их сургууль”-д мөнгө төлж байж нэвтэрдэг болж магадгүй л юм байна.
Ө.Билэг
Менингококкт өвчнөөс сэргийлэх зөвлөмж DNN.mn
Менингококкт халдвар нь 10-15 жилийн давтамжтай томоохон дэгдэлт үүсгэх хандлагатай байдаг. Өмнө нь 2000-2001 онд Монголд менингокок...
8 цагийн дараа
Хоёрдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь DNN.mn
Хоёрдугаар сард МҮБХ-ноос зохион байгуулах албан ёсны хуваарийг танилцуулж байна. 02.02 Ням. 11:00 цагт-Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэ...
7 цагийн дараа
Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангайгаас чиглэлээс бусад чиглэлд 1000 төгрөгөөр зорчино DNN.mn
Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгр...
7 цагийн дараа
Орос, Сирийн хэлэлцээр өндөрлөв DNN.mn
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов, ерөнхийлөгч Путины Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Александр Лаврентьев на...
7 цагийн дараа
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд