мэдээ
Л.Баяртулга: Дотоодын улаанбуудайн үйлдвэрлэл буураад байвал манай улсын хүнсний аюулгүй байдал, хангамжид улаан гэрэл асна DNN.m
Админ
2025 оны 1 сарын 31
19
Гурил, улаанбуудайн импортын татварыг тэглэснээс үүдэн дотоодын гурилын үйлдвэрүүд хүнд байдалд орж, газар тариалангийн салбарт олон эрсдэлийг дагуулжээ. Энэ тухай “Монголын тариаланчдын үндэсний холбоо”-ны тэргүүн Л.Баяртулгатай ярилцлаа.
-Импортын гурилын татварыг тэглэснээс үүдээд дотоодын гурилын үйлдвэрүүд эхнээсээ үйлдвэрлэлээ явуулж чадахгүй болж буй нь цаашдаа ямар эрсдэл дагуулах вэ?
-Дотоодын гурилын үйлдвэрүүд маань тодорхой хэмжээнд үйлдвэрлэлээ явуулж чадахгүй болно гэдэг нь улаанбуудайн үйлдвэрлэл эрхэлдэг тариаланчдын хувьд хүнд цохилт болно. Өнөөдөр манай улс улаанбуудай экспортлохгүй байгаа учраас тариалсан улаанбуудайгаа гурилын үйлдвэрүүдэд л нийлүүлнэ. Гурилын үйлдвэрийн цорын ганц түүхий эд бол мэдээж буудай. Буудайгаа борлуулж чадахгүй байна гэдэг нь тариаланчид орлогогүй болно гэсэн үг. Тэгэхээр энэ нь магадгүй ирэх жилүүдэд улаанбуудайн дотоодын үйлдвэрлэлийг эрс багасгах хүчин зүйл болно. Яагаад гэвэл бидэнд худалдан авагч байхгүй болох эрсдэлтэй. Үүний улмаас тариаланчид буудайгаа тариалахаа болиод өөр үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй болно. Эсвэл тариалангийнхаа үйлдвэрлэлийг зогсооно. Гэхдээ зогсооход маш хэцүү. Яагаад гэвэл газар тариалангийн үйлдвэрлэлд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог. Өндөр үнэтэй трактор, комбайн зэрэг хөрөнгө оруулалт хийгддэг. Тэдгээрээ ихэвчлэн бэлнээр авч чаддаггүй, голдуу банкны зээлээр авдаг. Зээл нь хугацаатай, хүүтэй учраас байнга төлөөд явж байдаг. Тэгэхээр зээлийн дарамтад орно гэсэн үг. Тиймээс зогсоох арга нь хүнд учраас цаашдаа үйлдвэрлэлээ явуулах хэрэгтэй, харин яаж ашигтайгаар явуулах вэ гэдэг асуудал яригдана.
-Оросын гурилыг дотоодын үйлдвэрийн гурилтай харьцуулахад чанарын хувьд ямар байна вэ?
-Эхлээд гурилыг юугаар нь үнэлээд байна гэдгийг харах хэрэгтэй. Эсвэл орос гурил сайн гээд уламжлалаараа хэрэглэж байна уу гэдгийг мэдэхгүй байна. Миний хувьд Монголын гурилын үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хүчин чадал олон улсын түвшинд хүрчихсэн. Тийм учраас Оросын гурилыг Монголын гурилаас илүү байна гэж хэлж чадахгүй. Монголын гурил бол олон улсын түвшинд, хүнснийхээ стандартыг хангаж байгаа.
Тариаланчид ч тодорхой хэмжээнд сайн чанарын улаанбуудай үйлдвэрлээд, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа учраас Оросын гурил чанартай гэдэгтэй санал нийлэхгүй байна.
-Хэрэв импортоор гурил орж ирсээр байвал дотоодын улаанбуудайн тариалалт ирэх жилүүдэд багасах эрсдэлтэй юу?
-Нийлүүлэлт их боллоо гээд бид ихээр идэхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр, улаанбуудайгаар зөвхөн гурил хийгээд болчихдог гэж бодож болохгүй. Улаанбуудайн 70-75 хувь нь гурил болно, үлдсэн хувь нь хивэг гэх мэт дагалдах бүтээгдэхүүн гардаг. Энэ нь мал аж ахуйн салбарт нэлээд ач холбогдолтой.
Дотоодын улаанбуудайн үйлдвэрлэл энэ хэвээрээ буураад байвал Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хангамжийн тал дээр улаан гэрэл асна гэсэн үг. Яагаад гэхээр ОХУ өнгөрсөн жил цаг агаарын маш хүнд нөхцөлд ургацаа хураасан. Тухайлбал, Сибирь орчмоор маш их бороо орж, ургац хурааж авахад хүндрэлтэй асуудлууд үүссэн. Мөн ОХУ өвөлжих буудай тариалдаг. Энэхүү буудай тарьдаг бүс нутгуудад нь ган болсон. Өвөлжих буудай тариалалт 10 хувь буурсныг 2019 оноос хойш хамгийн доод цэгтээ хүрсэн гэж хэлж болно. Тиймээс энэ онд оросын буудайн ургац эрс буурах нь тодорхой болж байгаа. Тэгэхээр эргээд ОХУ дотоодын хэрэгцээгээ хангах тал дээр асуудал үүснэ. 2024-2025 онд ОХУ 50-55 орчим сая тонн буудай экспортолно. Гэхдээ экспортынхоо доод үнийг албан бусаар 250 ам.доллар гэж тогтоосон байна лээ. Доод үнэ тогтооно гэдэг бол тэрнээс дээш явна гэсэн үг. Дээрээс нь экспортын татвар бий. Албан бус мэдээгээр хоёрдугаар сарын 15-наас зургадугаар сарын 30-ныг хүртэл квоттой болгох зүйл яригдаж байна. Яагаад гэвэл инфляци болон дотоодынхоо гурилын үнийн өсөлтийг хязгаарлах бодлого барих төлөвтэй байна гэсэн мэдээ байгаа.
Тэгэхээр орос ах нар маань тусална, тэдний гурилыг идчихнэ гээд байж байтал уур амьсгалы н өөрчлөлт, гэнэтийн гамшиг, хүнсний хомсдол, магадгүй геополитикийн асуудлаас үүдэн нэг л өдөр Оросын буудай, гурил манай улс руу орж ирэхгүй байх магадлал бий. Тэр үед бидэнд дотоодынхоо гурилын үйлдвэрийг дампууруулчихаад, гурилынхаа хэрэгцээг юугаар хангах вэ гэдэг том асуудал үүснэ. Үүнийг төр засгийнхан маань бодож байгаа байх. Тиймээс бид дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмжих ёстой. Үүнийг зөвхөн гурилын үйлдвэр, буудай тарьдаг тариаланчдын асуудал гэж ойлгож болохгүй. Энэ нь буудайнаас гурилын үйлдвэр, гурилын үйлдвэрээс гараад хүнсний үйлдвэр, хүнсний үйлдвэрээс гараад дэлгүүрүүд, дэлгүүрээс гараад хэрэглэгчдэд хүрнэ. Тэгэхээр энэ өнцгөөс том зургаар нь харах хэрэгтэй. Мэдээж гурил боломжийн үнэтэй байх ёстой. Тэнгэрт тулсан үнээр гурил худалдаж авна гэж байхгүй. Монголд зарагдаж байгаа гурилын үнийг ард түмний орлоготой харьцуулбал боломжийн байна гэж бодож байгаа.
-Цаашдаа дотоодын үйлдвэрийн гурилын үнэ өөрчлөгдөх болов уу?
-Гурилын үнийг ярихын тулд эхлээд түүхий эд нь хэдэн төгрөгөөр нийлүүлэгдэж байгааг харах хэрэгтэй. Түүхий эдээ үйлдвэрлэхэд тог цахилгаан, тээвэрлэлт, ажлын хөлс, татвар зэрэг олон зардал гарна. Энэ болгоныг тооцох хэрэгтэй. Ингэж байж гурилын үнэ бий болдог. Дээрээс нь ААН-үүд ядахдаа 5-10 хувийн ашигтай ажиллах хэрэгтэй. Одоогийн байдлаар худалдаж авсан улаанбуудайн үнэ тодорхой хэмжээнд тогтсон байгаа учраас гурилын үнэ үүнээс илүү өсөхгүй болов уу гэж бодож байна. Гэхдээ саяхан болсон үйл явдлуудыг бодох хэрэгтэй. Тухайлбал, цахилгааны үнэ нэмэгдлээ. Мөн ам.долларын ханш өсч байна. Хэрвээ цаашид валютын ханш өсөөд байвал гурилын үнэ дагаж өсөхөөс өөр арга байхгүй. Тог , цахилгаан, бензиний үнэ нэмэгдээд байвал гурилын үнэ дагаж өсөхөөс аргагүй болно. Хэрвээ цахилгааны үнэ буураад, төгрөгийн ханш сайжраад эхэлбэл гурилын үнэ буурах, тогтвортой байх бололцоотой . Тэгэхээр тариаланчдын нийлүүлж байгаа буудайнаас гурилын үнийг шууд тооцох хэцүү. Маш олон хүчин зүйл байгааг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид гурил гэдэг стратегийн хүнсийг хамаагүй донсолгож болохгүй. Тогтсон үйлдвэрлэлийг аль болох цааш нь аваад явах ёстой. Ингэж байж бид баталгаатай хүнстэй, айлаас хүнсээ гуйдаггүй болно.
-Тэгэхээр үүнийг цаашдаа хэрхэн анхаарвал зүйтэй вэ?
-Ер нь бол аль ч улс орон хүнснийхээ асуудлыг чухалчилж авч үздэг. Хүнс бол анхдагч хэрэгцээ учраас эрүүл, баталгаатай байх ёстой. Тэгж байж ард түмэн нь ажиллах, сурах, хөгжих боломжтой болдог. Тэгэхээр үүнийг улс орон дотоодынхоо бодлогоор авч явдаг, хөгжүүлдэг байх хэрэгтэй. Ер нь цаашдаа Монгол Улс Зүүн Өмнөд Ази руу хүнсний бүтээгдэхүүн экспортлох бололцоотой газар нутагтай. Мах, ургамал, биологийн боловсруулсан хүнс үйлдвэрлээд экспортлох боломж бий. Тэгэхгүйгээр энэ салбараа дампууруулаад, зөвхөн уул уурхайгаар явна гэвэл нөхцөл байдал хүндэрнэ. Тийм ч учраас салбаруудаа төрөлжүүлэх хэрэгтэй. Иргэдээ ажилтай, орлоготой байлгана гэдэг их чухал. Иргэд нь орлоготой байвал эдийн засаг хөгжинө. Таван төгрөг хэрэгтэй байна гээд дотоодын үйлдвэрээ цавчиж унагаагаад байвал энэ улсад үлдэх салбар, үйлдвэрлэл байх эсэх нь эргэлзээтэй болно.
Г.БАЛГАРМАА
Б.Найдалаа: Асар их хөрөнгө зарцуулсан ч утаа буурах биш, улам л хортой болсонд иргэд бухимдаж байна DNN.mn
УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Анхныхаа чуулганыг 126 гишүүнтэй парл...
8 цагийн дараа
11 настай хүүхдүүдийн 25 хувь нь папиллома вирусийн халдварын эсрэг вакцин хийлгэжээ DNN.mn
Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан болсон хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2024 оноос Үндэсний ...
8 цагийн дараа
Маргаашнаас автобусанд 1000 төгрөг төлж, өдөрт 4 удаа зорчино DNN.mn
Маргаашнаас шинэ тариф мөрдөгдөж эхлэхээр болсон байна. Тодруулбал, автобусаар зорчихдоо том хүн 1000 төгрөг төлөх бол хүүхэд хуучин...
7 цагийн дараа
Голын мөс рүү цөмөрч орсон автомашиныг татан гаргажээ DNN.mn
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн “Боршоо гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км, сумын төвөөс хойд...
7 цагийн дараа
Монгол Улс дахь НҮБ: Хүүхдийн эрхийг зөрчиж, амь насанд ноцтой эрсдэл учруулж болох шийдвэрээ эргэн харахыг мэдэгдэж байна DNN.mn
Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хурдан морины уралдаан нь унаач хүүхдэд онцгой эрсдэл учруулдгийг санаж, хүүхдийг ал...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд