Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Д.Дагвадорж: Энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлт богино хугацаанд огцом өөрчлөгдөж, удаан үргэлжилнэ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 01

img

22

news-img

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Дагвадоржтой уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байна гэж хүн бүхэн ярьж байгаа. Ер нь яагаад уур амьсгалын өөрчлөлтийг анхаарах ёстой болчихоод байна вэ?

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хувьсал бол маш өргөн хүрээтэй. Энэ ч утгаараа олон хүчин зүйлээс хамаардаг. Дэлхийн түүхээс харахад уур амьсгал байнга өөрчлөгдөж, хэлбэлзэж ирсэн. Энэ нь байгаль, геофизик, сансрын хүчин зүйлийн нөлөөтэй. Гэхдээ тодорхой хугацаанд өөрчлөгдөөд буцаж төлөвтөө ороод хэлбэлзэж байгаа байгалийн хэлбэлзэл, өөрчлөлтийн тухай асуудал. Гэтэл яагаад одоо цагт уур амьсгалын өөрчлөлт маш чухал боллоо гээд хүн бүр ярьж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд анхаарал хандуулаад байна вэ

Учир нь энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлт бол хүний үйл ажиллагаа илүү давамгайлж, байгалийн хэлбэлзэл, өөрчлөлт дээр улам нэрмээс өгөөд эрчимжүүлж байгаа. Нөгөө талаар энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлт бол маш богинохон хугацаанд огцом өөрчлөгдөж, удаан хугацаагаар үргэлжилнэ гэсэн үг. Буцаж төлөвтөө ороход хүн л арга хэмжээ авахгүй бол бэрхшээлтэй гэсэн дүгнэлт гараад байгаа.

-Тэгвэл хүний үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр уур амьсгалын өөрчлөлт нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?

-Агаарт ямар хэмжээний хийнүүд байна гэдэг нь дэлхийн уур амьсгал бүрэлдэхэд маш чухал нөлөө үзүүлдэг. Мэдээж уур амьсгал бүрэлдэн тогтоход газарзүйн байрлал, дэлхийн хөдөлгөөн гэх мэт олон хүчин зүйл хамаарна. Уур амьсгалыг дулааруулахад нөлөөлдөг хийнүүд хуримтлагдаад, хүний үйл ажиллагаа буюу үйлдвэрлэл, уул уурхай, машин техник хэрэгсэл, бусад байгалийн ашигт малтмалыг ашиглах, түүнийг шатаах, эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой олон хүчин зүйлийн нөлөөгөөр агаар мандалд ялгардаг хийнүүдийн хэмжээ улам ихээр нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, агаар мандалд байдаг нүүрстөрөгч давамгайлсан, нүүрстөрөгч агуулсан хийнүүд хамгийн их хэмжээгээр хуримтлагдаад байна. Тэр нь хуримтлагдахын хэрээр дэлхийн уур амьсгалыг улам дулааруулах хэмжээнд хүрч байна. Өөрөөр хэлбэл, хүний үйл ажиллагаа идэвхжиж, үйлдвэрлэл хөгжихийн хэрээр агаарт ялгаруулах хийнүүдийн хэмжээ улам бүр нэмэгдээд байгаа гэсэн үг.

-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг Монголтой харьцуулахад ямар байна вэ. Манай улсын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Дэлхийн уур амьсгал ямар хэмжээгээр өөрчлөгдөж байгааг багажаар хэмжсэн дүнг авч үзвэл сүүлийн 140 гаруй жилийн дотор 1.1 градусаар дулаарсан байгаа. Дэлхийн дулаарал бол бүс нутаг болгонд харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Монгол орон өндөр өргөрөгт оршдог, туйлын бүсэд ойрхон, их газрын гүнд оршдог, өндөр уул нуруутай байдаг онцлогтой. Тийм учраас дэлхийн уур амьсгалын нөлөөгөөр Монгол орны уур амьсгалыг цаг уурын багажаар хэмжээд бодит дүнгээр тооцож үзэхэд сүүлийн 80 гаруй жилийн дотор 2.4 градус орчим дулаарсан байгаа. Үүнийг дэлхийтэй харьцуулахад хоёр дахин их байна. Үүний шалтгаан нь Монгол орон дулааралт хамгийн эрчимтэй явагдаж байгаа голомтод оршиж байгаа бүс. Үүнийг дагаад уур амьсгалын бусад үзүүлэлтүүд маш их хэмжээгээр өөрчлөгдөж байгаа. Монгол орны хувьд хур тунадас багасах, хуурайших хандлагатай байна. Нөгөө талаар хур тунадасны шинж чанар өөрчлөгдөж шиврээ бороо бага орох, аадар бороо их орох гэх мэт цаг агаарын огцом өөрчлөлт явагдаж байна. Мөн их халдаг, их цас ордог, гэнэт хүйтэрдэг, салхи шуурга их гардаг гэх мэт үзэгдлүүд нэмэгдэж байгаа нь агаар мандал тогтворгүй болж байна гэсэн үг. Тэр хэмжээгээрээ байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойрхон болж байна. Энэ нь нийгэм, эдийн засагт байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нэмэгдэх эрсдэлтэй. Байгаль орчны хувьд цэвдэг, өндөр уулын цас мөсний хайлалтууд, гадаргын усны татралт, нуурууд ширгэх тухай асуудал бий. Үүнийг дагаад хөрсний чийг буурч, бэлчээр талхлагдах, шим тэжээл нь буурах, ургац багасаж байна.

Нөгөө талаар манай орны эдийн засаг цаг агаараасаа шууд хамааралтай гэж үзэж болно. Ялангуяа бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан нь хур тунадастай, таатай байвал мал нь өсдөг, зуд турхан болвол мал нь хорогддог. Зөвхөн өнгөрсөн жилийн зуданд хэдэн сая мал хорогдсон гэдгээс харж болно. Ялангуяа хөдөөгийн иргэд нэг жилийн зуднаар амьжиргааныхаа эх үүсвэрийг алдаж байна. Нийгмийн эрүүл мэндийн тухайд янз бүрийн халдварт өвчний эрсдэл нэмэгдэж, өмнө нь халуун оронд гардаг байсан зарим өвчлөл манай оронд ажиглагдаж байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл бүх салбарт мэдрэгдэж байгаа гэсэн үг.

-Тэгвэл цаашдаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн нөлөөнд өртөлгүй тодорхой арга хэмжээ авч учирч болох хохирлыг багасгах, бууруулах хэрэгтэй байх?

-Ер нь уур амьсгалын өөрчлөлтийг энэ хэмжээгээр нь шууд үргэлжлүүлээд байж болохгүй. Тиймээс арга хэмжээ авч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, зогсоох шаардлагатай. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байгаа эх үүсвэрийг л багасгана гэсэн үг. Агаар мандалд оруулж байгаа нүүрстөрөгчийн хийнүүдийн ялгаралтыг аль болох багасгах хэрэгтэй. Энэ бол ганц, хоёр арга хэмжээ аваад хэрэгжих асуудал биш. Дэлхий нийтээрээ нэгдсэн арга хэмжээ авч байж үр дүнд хүрэх ёстой. Тэр хүрээнд дэлхий нийтээрээ Парисын хэлэлцээрийг 2015 онд баталсан. Парисын хэлэлцээрийн гол зорилго нь дэлхийн дулаарлыг 1.5-2 градусаас хэтрүүлж болохгүй гэж заасан. Үүнээс хэтэрвэл их хэмжээний экологийн сүйрэлд орно.

Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа салбарууддаа илүү арга хэмжээ авах шаардлагатай. Байгаль орчин талаасаа ус, өндөр уулын цас мөс, мөнх цэвдэг, бэлчээрийг хамгаалвал байгалийн гамшгийн эрсдэлээс сэргийлнэ.

Эдийн засгийн салбарт гэвэл мал аж ахуйгаа хөгжүүлэх, газар тариаланд анхаарах, усалгааны тодорхой хэмжээний горимыг нэвтрүүлэх арга хэмжээ авах нь зөв. Эдгээр нь Монгол орны хувьд эдийн засагт гол үүрэг гүйцэтгэдэг салбарууд учраас манай орны хувьд илүү хамааралтай. Эрчим хүчний салбар дундаа малтмал түлш, нүүрс, хийн түлш зэргийг ашиглаад байгаа нь шатах явцдаа нүүрстөрөгчийн төрлийн хийнүүдийг ялгаруулдаг. Тийм учраас эрчим хүчний шилжилтийг хийх шаардлагатай. Мөн машин техник хүлэмжийн хийг ялгаруулж байна, түүнээс аль болох татгалзаж цахилгаан хөдөлгүүрт шилжих, үйлдвэрлэлийн салбарт ч гэсэн ялгаагүй үйлдвэрлэх үр ашгийг нэмэгдүүлж аль болох бага эрчим хүч хэрэглэх хэрэгтэй.

Дэлхийн уур амьсгалыг дулааруулахад манай орон бага нөлөө үзүүлсэн байж болно. Яагаад гэвэл үйлдвэрлэл бага хөгжсөн, хүлэмжийн хий бага ялгаруулдаг. Гэхдээ нэгэнт өөрчлөгдөж байгаа уур амьсгалын эрсдэлд илүү өртөж байгаа учраас манай улс хүссэн хүсээгүй зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс цуврал хэлэлцүүлг...

img

7 цагийн дараа

Менингококкт халдвараас сэргийлье DNN.mn

Иргэд гол төлөв цахилгаан менингит гэж ярьдаг менингококкт халдвараас сэргийлэх эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмжийг хүргэж байна. Эцэ...

img

6 цагийн дараа

Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 21876 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Нийслэлийн статистикийн хорооноос 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, өнгөр...

img

6 цагийн дараа

Биржээр 128 мянган тонн коксжих нүүрс арилжжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн цахим а...

img

5 цагийн дараа

Өнөөдрөөс 1000 төгрөгөөр өдөрт 4 удаа зорчиж эхэллээ DNN.mn

Өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд