Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Я.Цэцэнзаяа: Өнгөрсөн онд хүний эрхийн дэвшлүүд гарсан хэдий ч ухралт их байна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 03

img

25

news-img

Хүний эрхийн зөрчлийг төгсгөл болгохын төлөө кампанит ажил өрнүүлдэг дэлхийн 150 гаруй орны 10 сая гаруй гишүүн дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн “Эмнести Интернэшнл” байгууллагаас дэлхийн хүний эрхийн төлөв байдлын талаарх судалгааг жил бүр хийдэг билээ. Өнгөрсөн оны судалгааны талаар тус байгууллагын кампанит ажил хариуцсан зохицуулагч Я.Цэцэнзаяатай ярилцлаа.


-Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын 2024 оны судалгаа тайлангийн онцлог юу вэ. Тайланд хэдэн асуудлыг хөндсөн бэ. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэхүү тайлан нь зөвхөн 2024 онд Эмнести Интернэшнлийн дэлхий дахинаа явуулсан бүх судалгааны нэгтгэлийг тоймлож гаргаснаараа онцлогтой. Тайландаа таван бүс нутгийн 150 орны хүний эрхийн нөхцөл байдлыг баримт, судалгаатайгаар оруулсан бөгөөд дөрвөн сэдвийг онцолсон.

Ерөнхийд нь харвал, өнгөрсөн онд хүний эрхийн дэвшлүүд гарсан хэдий ч ухралт их байна. Зарим нэг эерэг өөрчлөлтийг эс тооцвол хүчирхэг улс орнууд НҮБ-ын дүрэмд суурилсан олон улсын эрх зүйн тогтолцоог сүйтгэж, тив болгонд дарангуйллын практик тархахад ихээр нөлөөлсөн.

-Өнөө үед дэлхий нийт дайн дажинтай байгаа нь хүний эрхийн томоохон зөрчлүүд үүсэхэд нөлөөлж байгаа болов уу?

-Тийм. Энэ асуудал бол хөндсөн дөрвөн сэдвийн нэг нь. Орос, Украины дайнаас хойш зэвсэгт мөргөлдөөний үеэр энгийн иргэдийн амь нас хохирч, дэд бүтэц, барилга байгууламж, үйлдвэр, соёлын өв, сүм хийд, мөргөлийн газрууд руу халдсан тохиолдол маш их гарлаа.

Энэ өөрөө Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг ноцтой зөрчсөн үйлдэл. Тэгэхээр энэ бүхэнд хэн, ямар хариуцлага тооцох юм бэ. Гэтэл НҮБ өөрөө хариуцлагыг ялгамжтай тооцож, хойрго хандаж байна. Израиль Палестины асуудлыг геноцид буюу төрлөөр устгах гэмт хэрэг юм байна гэдгийг нь тодорхойлж, судлаачид хүлээн зөвшөөрчихлөө.

-Үүнээс гадна ямар сэдэв, асуудлыг хөндсөн талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Хоёр дахь асуудал нь өөрөөр сэтгэгчдийг, шүүмжлэгчдийг нухчин дарж, ялгаварлан гадуурхаж байна. Тэр дундаа улс төрийн өрсөлдөгчид, сэтгүүлчид, хүний эрх хамгаалагчдыг мөрдөх, тагнах, чагнах, зүй бусаар харьцах, эрүүдэн шүүх, айлган сүрдүүлэх, амь насыг нь хөнөөх, дур зоргоор баривчилж, хорих, яллах, уран бүтээл, туурвилуудыг нь хаах, устгах асуудал дарангуйллын практик болж хэвшиж байна. Гурав дахь асуудал бол Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн өсөн нэмэгдэж буй зардлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж а жилласангүй. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины зэвсэгт мөргөлдөөн, өндөр инфляци, өрийн эргэн төлөлт, татварыг урвуулан ашигласан зэрэг хүчин зүйлсийн улмаас нэмэгдсээр байна. Уур амьсгалыг чинээлэг, аж үйлдвэржсэн орнууд хамгийн их бохирдуулж байна. Бохирдуулагч улс орон уур амьсгалын өөрчлөлтийг нөхцөлдүүлэгчийнхээ хувьд төлбөр төлөх ёстой. Гэвч төлбөрөө олон талт болон хоёр талт олон улсын банкуудаар өр, зээл хэлбэрээр төлж байна. Улмаар санхүүжилтийг нь авлигатай, эдийн засаг нь хөгжөөгүй, улс төр, нийгмийн байдал нь тогтворгүй, ядуу буурай орнууд авч, үргүй зарж байна. Энэ нь эргээд маш их хэмжээний өрийн дарамтыг үүсгэж байна.

Тухайлбал, ДНБ-ийхээ орлого болон төсвийн мөнгөөрөө тэрхүү өр, зээлийг хааж байна. Ингэснээр иргэдийн эдийн засаг, нийгмийн эрх, боловсрол эзэмших, эрүүл мэндээ хамгаалуулах, ариун цэврийн дэд бүтцээр хангагдах, нийгмийн хамгаалал хүртэх зэрэг эрхийн хэрэгжилтэд зарцуулагдах ёстой төсвөөс танагдаж байна гэсэн үг. Үүнээс дүгнэхэд, уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт анхнаасаа тогтолцоогүй, шударга бус, өр хэлбэрт суурилж байгаа учраас хүний эрхийг зөрчихөд хүргэж буй хэрэг юм. Дараагийн асуудал бол технологийн улмаас зөрчигдөж буй хүний эрх. Нэг үгээр хэлбэл, технологийг зэвсэг болгон ашиглаж байна. 2024 онд Засгийн газрууд ирээдүй хойчоо умартаж, эрхийг нь уландаа гишгэлээ. Улс орнууд хиймэл оюун ухааныг төрийн үйл ажиллагаандаа улам түлхүү ашиглах боллоо. Ингэснээр ялгаварлан гадуурхалтыг өдөөж, шударга бус байдлыг дэвэргэлээ.

-Манай улсын тухайд ямар асуудлууд яригдаж байна вэ?

-Эхний асуудал бол ял завшдаг байдал. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ манай улс биелүүлээгүй. Дэлгэрүүлбэл, өнгөрсөн оны есдүгээр сард ОХУын ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчлал хийснийг тод санаж байгаа байх. Гэтэл 2023 оны гуравдугаар сард Олон Улсын Эрүүгийн шүүхээс түүнийг баривчлах тогтоол гарсан ч манай улс Ромын Дүрмийн гишүүн орныхоо хувьд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт буруутгагдсан ОХУ-ын ерөнхийлөгчийг б аривчлах үүргээ биелүүлээгүй.

-Өнгөрсөн онд иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийн тухай асуудал нэлээн хөндөгдлөө шүү дээ. ХЭҮК-оос УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлдээ хүртэл энэ асуудлыг тусгасан байсан?

-Эрх баригчдыг шүүмжилсэн сэтгүүлчид болон иргэдийн эсрэг гомдол гаргах, мөрдөн байцаахад Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэсэн заалтыг их ашиглаж байна. Жишээлбэл, ЦЕГ-ын мэдээллээр 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны байдлаар дээрх зүйл заалтаар 697 гомдол хүлээн авснаас 16 нь сэтгүүлчтэй холбоотой байх жишээний. Энэ зүйл заалтаар сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, мэдээллийг түгээх эрх, эрх чөлөөнд нь халдаж байна. Түүнчлэн сэтгүүлчдийг сонгуулийн жилд мөрдөн шалгах нь олширч, хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарж байна.

-Цагдаагийн байгууллагын зүгээс иргэнээс мэдүүлэг, байцаалт авах зорилгоор зургаан цаг хүртэлх хугацаагаар иргэнийг байлгах хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт бодит амьдрал дээр төдийлөн хангагддаггүй талаар иргэд ярьдаг. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-Энэхүү дур зоргын баривчилгаа бол хүний эрхийг зөрчиж буй нэг хэлбэр. Манай байгууллагын зүгээс түр саатуулах, хүний халдашгүй, эрх чөлөөтэй байх эрхтэй холбогдуулан тойм бэлтгэж, Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн. Энэ хүрээнд үндсэн хуулийн Цэцээс Цагдаагийн албаны тухай хуулийн 26.2 дугаар заалт буюу түр саатуулах хугацааг зохицуулсан заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн.

-Ахмад настнуудын эрхийн тухайд та юу хэлэх вэ?

-Ахмадын эрхийн асуудал тэд өөрсдөө ороцлогч байж, идэвхтэй байх хэрэгтэй байна. Ахмад настнууд руу чиглэж буй төрийн бодлого нь ерөөсөө л тэднийг асран хамгаалал болон нийгмийн үйлчилгээ авдаг хүртэгч гэж хардаг. Түүнээс биш тэдний олон жил хуримтуулсан туршлагыг үнэгүйдүүлж, нийгмийн сайн сайхны төлөө оролцох, хөдөлмөрлөх эрхийг нь хангахгүй байна. Энэ хүрээнд бид удахгүй Ази-Номхон далайн бүс нутгийн ахмад настны эрхийн асуудлаарх чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газар 2005 оноос хойш тэтгэврийн хэмжээг нэмсээр ирсэн ч инфляцийн түвшинтэй уялдахгүй байсаар өдийг хүрлээ. Хэдий тийм ч амьжиргаагаа залгуулахад хүрэлцэхгүй, инфляцийн түвшин эдийн засгийн нөхцөл байдалтай уялдахгүй байна.

-Таны дээр дурдсанаас гадна ямар, ямар асуудал байна вэ?

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Тухайлбал, уул, уурхайн үйл ажиллагаа малчдын ундны ус, газар эзэмших эрх болон амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлсэн хэвээр байна. Тэр ч утгаараа өнгөрсөн оны долдугаар сард НҮБ-ын Уугуул иргэдийн эрхийн тусгай илтгэгч Монгол Улс дахь усны нөөц болон малын бэлчээрт үзүүлэх нөлөөнд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Дэлгэрүүлбэл, уул уурхайн үйл ажиллагааны улмаас бий болж буй тоосжилт нь малын арьс, ноосны чанарыг доройтуулж, малчдын амьжиргаанд нөлөөлж байгааг онцолсон. Мөн тэрбээр малчид уламжлалт амьдралын хэв маягаас хөндийрч буйг хэлж байсан. Дээр нь шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн асуудал яригдаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлж, гэрээ хэлцэл хийж, нөхөн олговор өгч байгаа. Ингэхдээ иргэдэд өгч буй нөхөн олговор шударга бус, харилцан адилгүй байна. Үнэлгээний журам нь ч ил тод биш, ялгамжтай байна. Иргэдийн хөгжлийн төлөө утаа, хөрсний бохирдолтой тэмцэнэ гэдэг нэрээр зарим иргэдийг золигт гаргаж байна. Ямар ч нэгдсэн бодлого, хамгаалалт алга. Энэ мэтчилэнгээр хүний эрхийн ухралтууд хийлээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ө.Анхзаяа, М.Сийлэн

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна

Энэ онд нийслэлийн 10 байршилд нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсарна. Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын талаар ...

img

23 минутын дараа

Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг зургадугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн /2025.05.03/-ийн хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөр...

img

38 минутын өмнө

Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...

img

2 цагийн өмнө

“Чингис хаан” олон улсын буудал руу явж буй нийтийн тээврийн үйлчилгээний автобус хөтөчтэй 

Үндэсний өв соёлоо шингээсэн хувцастай хөтөч нар 3-5 орны хэлээр төвөггүй ярьдаг бөгөөд эх орныхоо түүх, соёлын талаар мэдлэгтэй, Мо...

img

3 цагийн өмнө

“Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно

Өнөөдөр 13:00 цагаас “Чингэлтэй хайрханы хишиг” Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эхэлнэ. Барилдаанд зодоглохо...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд