мэдээ
Б.Дагвадорж: Мал эмнэлгийн салбар бол хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндтэй шууд холбоотой

Админ
2025 оны 5 сарын 03

26

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Мэс засал, нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Дагвадоржтой ярилцлаа.
-Мал эмнэлгийн ангийн элсэгчдийн тоо сүүлийн үед ямар байна вэ?
-ХААИС-ийн хэмжээнд элсэлт харьцангуй гайгүй байгаа. Нэг ангид дунджаар 150-200 хүүхэд элсэж байгаа. Гэхдээ мал эмнэлэг, хөдөө аж ахуйн чиглэлийг голч оноо, сурлагын түвшин доогуур байгаа хүүхдүүд сонгох магадлал өндөр байна. Уг нь малын эмч бол эрэлттэй мэргэжил.
-Мал эмнэлгийн салбар хэр чухал болохыг та тодорхойлж хэлэхгүй юу. “Малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг” гэдэг үг байдаг шүү дээ?
-Мал эмнэлгийн салбар бол хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тийм учраас хүн төрөлхтнийг эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа салбар. Манай мал эмнэлгийн сургууль сүүлийн үед Солонгосын хөрөнгө оруулалтаар маш их тоног төхөөрөмжтэй болж байна. Багш нарын маань 70-80 хувь нь өөрсдийнхөө чиглэлээр гадаадад докторын зэрэг хамгаалаад ирсэн. Мал эмнэлгийн салбарт ажиллах хүчин Монголд гэлтгүй олон улсад эрэлттэй байгаа. Манайд төгссөн хүмүүсийг Европт очоод шалгалт өгөөд тэнцвэл, шууд мэргэжлээрээ ажиллах бололцоотой байгаа. Тухайлбал, зүүн Европын орнуудад ажиллах боломжтой байна. Сүүлийн үед жижиг амьтад маш эрчимтэй хөгжиж байна, бид амьтны тухай хуультай боллоо. Тэгэхээр жижиг амьтны чиглэлээр мэргэших, хурдан морины спорт мөн эрчимтэй хөгжиж байгаа учраас малын эмчийн шаардлага хэрэгцээ маш их нэмэгдэж байна.
-Малын эмч хүнд нөхцөлд ажилладаг учраас энэ салбарт ажиллах хүний тоо бага байна уу?
-Ажлын байран дээр ихэвчлэн жилийн дөрвөн улиралд ажилладаг гээд ажлын орчин хүнд байдаг талтай. Нэг сумын малын эмчид заримдаа 50-120 мянган мал оногдож байгаа. Гэтэл нэг эмчид 15-35 мянган мал оногдох ёстой. Тэгэхээр эмч маань гэртээ ч орох завгүй, вакцин, туулгалтаа хийдэг, өөрөө тайлангаа гаргадаг гээд маш ачаалалтай ажилладаг. Олж байгаа орлого нь хийж байгаа ажилтайгаа харьцуулахад маш бага. Ялангуяа алслагдсан сумдад буюу малын эмч хэрэгтэй бүсүүдэд цалин бага байдаг. Вакцин хийсэн үйлчилгээний төлбөрөөр л амьдарч байгаа шахуу. Зах зээл дээр мал хямд болохоор хүмүүс үйлчилгээ авах бололцоо муу болж байна. Алслагдсан аймгуудад хүн бага суурьшдаг мөртлөө малын нүүдэл ихтэй газарт хувийн мал эмнэлэг ч байдаггүй. Орон нутагт ажиллавал ажлын байр бэлэн байдаг, гэтэл ажлын байранд дөнгөж очиж байгаа залуу боловсон хүчин хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллахад орчин нөхцөл нь бүрдэхгүй байна гэж харж байгаа.
-Манай улсын малын тоо толгой сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйтай холбоотой малын өвчлөл гарч байх шиг байна. Үүнтэй холбоотой вакцинжуулалт, урьдчилан сэргийлэлт чухал болоод байна уу?
-Хөдөө аж ахуйн яамнаас малын өвчлөлтэй холбоотой дата мэдээллийг авдаг. Халдварт өвчин сүүлийн үед нэмэгдэж байгаа. Хүмүүс малын эмч гэхээр халдварт өвчин, вакцин хийдэг хүн гэсэн ойлголттой байдаг. Жишээ нь, эрчимжсэн аж ахуй байлаа гэхэд фермийн чиглэлээр сурдаг, сонирхдог хүүхдүүд хэр их байна, гэмтсэн амьтдыг яаж хамгаалах вэ зэрэгт мэргэшсэн малын эмч хэрэгтэй. Бид бол таван жил ерөнхий суурь малын эмчийг бэлтгэж байгаа. Тийм болохоор практик дээр нарийн мэргэшсэн эмч нар шаардлагатай байна. Улс орноос вакцин гэхээсээ илүү энэ мал өвчтэй байна уу гэдэг шинжилгээг авах хэрэгтэй. Өмнө нь социализмын үед серийн шинжилгээ гэдэг байдлаар өргөн хэмжээнд шинжилгээ хийдэг байсан. Миний хувьд нөхөн үржихүйн чиглэлийн хүн учраас өндөр ашиг шимтэй адуу, үхэр оруулж ирээд түүндээ улирлын чанартай, жилийн хугацаанд үзлэг шинжилгээнд хамруулж байх ёстой гэж боддог. Мөн аж ахуйн нэгжүүд маань маш өндөр үнэтэй мал оруулж ирдэг, тэрнээс нь маш олон өвчин илэрдэг. Тэр үед нь үзлэг шинжилгээ хийхэд дэлэн нь үрэвсэлтэй, турууны өвчинтэй, үргүйдэлтэй, сав нь үрэвссэн, хөлийн эмгэгтэй, адууны нийлүүлгийн өвчин гэх мэт эрсдэл бий болсон байдаг. Тэгэхээр манайд мэргэшсэн малын эмч гэдэг ойлголт зайлшгүй байх ёстой. Хүний эмч гэхэд эхлээд зургаан жил сурчихаад, дараа нь резидент эмч гээд мэргэшээд явдаг. Олон улсад малын эмчийг мөн тэгж мэргэшүүлдэг. Адууны эмч, үхрийн эмч, фермийн эмч, зэрлэг амьтны эмч, жижиг амьтны эмч болох уу гэх мэт чиглэлээрээ мэргэших шаардлагатай. Манай сургуулийн хувьд ийм бодлого бариад явж байгаа ч орж байгаа хүүхдийн тоо, төлбөр гээд асуудал үүсдэг. Мөн бид практик ажил хийлгэдэг учраас маш өндөр зардал шаардлагатай болдог. Олон улсад энэ салбарт мэргэжилтэн бэлтгэхэд хамгийн багадаа нэг оюутнаас 25-40 сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ энэ мөнгийг оюутнаас нь авдаггүй. Төр засгийн буцалтгүй тэтгэмж, эсвэл мэргэжлээрээ ажиллахаар нь авдаг зохицуулалттай байдаг.
-Малчны хотонд малчид өөрсдөө дур мэдээд малаа эмчлэх гээд байдаг. Гэтэл тариагаа тарьчихаад хоёр гуравхан хонуулаад мах, сүүг нь хэрэглэдэг. Энэ нь бидний яриад байгаа хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна уу. Малчид ер нь юун дээр алдаад байна вэ?
-Энэ бол хамгийн гол яригдах ёстой асуудал. Урьдчилан сэргийлэх гэдэг нь вакцин хийх биш, тухайн мал сүргийг эрүүл байлгах зүйл. Гэтэл малчид өвдсөнийх нь өмнө биш, дараа нь эмийн сангаас өөрөө дуртай эм тариагаа аваад тарьдаг. Үүнийг шийдэх гээд одоо тусдаа биобэлдмэл, малын нэмэлт тэжээлийн тухай хууль гарсан байгаа. Антибиотик ороогүй нэмэлт тэжээл бол зүгээр зарагдана. Гэтэл антибиотикийн, химийн үлдэгдэл бол хүнсний аюулгүй байдал дээр хамгийн их яригдаж байгаа асуудал. Зарим сум нэг л малын эмчтэй. Тэгэхээр тэр эмч яаж бүх өрхөд хүрэлцэж ажиллах вэ гэдэг зүйл яригдана. Хоёрдугаарт, малын өртөг хямд байгаа учраас эрчимжүүлэх зүйл яригддаг. Эрчимжүүлнэ гэдэг нь тухайн орон нутагт ашиг шим хамгийн сайн байгаа үүлдрийг үржүүлээд, дулаан байранд байлгаад, нэмэлт тэжээл өгчихвөл аяндаа ашиг шим нь нэмэгдэнэ. Ашиг шим нэмэгдэнэ гэдэг нь малын үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Малын эмч бол малыг яаж эрүүл байлгах вэ, хэдийд нь нэмэлт тэжээлээ өгөх вэ, хэдийд нь урьдчилан сэргийлэлтдээ орох вэ, өвчилсөн бол яаж тусгаарлах вэ гэдэг зөвлөгөө өгөөд, тухайн сүргийг эрүүл байлгасныхаа төлөө тухайн малчнаас орлогынх нь хувиас тооцож, гэрээ байгуулдаг нөхцөл олон улсад баримтлагддаг. Тэр л манайд орж ирэх зайлшгүй шаардлагатай болчихоод байна. Мөн хөдөө орон нутагт батлагдаж байгаа орон тоо болон ажиллаж байгаа малын эмчийн тоо хангалтгүй байгаа.
-Таны хувьд фермер, нөхөн үржихүйн талдаа судалгаа хийдэг гэсэн. Сүүлийн үед ямар, ямар судалгаа хийж байна вэ?
-Миний хувьд нөхөн үржихүйн зохиомол хээлтүүлэг, үр хөврөл шилжүүлэн суулгах шинжилгээ хийдэг. Шинжилгээ хийхдээ эхо, рентген, биохимийн шинжилгээ гэх мэт орчин үеийн аргуудыг ашигладаг. Манай сургуулийн хувьд тодорхой хэмжээний эмнэл зүйн аппаратуудтай болсон. Оюутнуудаа ч энэ тал дээр түлхүү сургаж байна. Сүүлийн үед төр засгаас цэвэр үүлдрийн үхрээр хангах зүйл ярьж байгаа. Монголдоо энэ чиглэлээр цөөн мэргэшээд ирсэн хүний нэг нь би. Японд доктороо хамгаалаад ирсэн. Одоо хийж байгаа ажил гэвэл мал хээл хаях, зулбах гэх мэт зүйл дээр ямар шалтгаан байна вэ гэдэгт нь цусны биохими дээр гарсан өөрчлөлт, эрдсийн дутагдал, витамины дутагдал эсвэл уургийн дутагдал байгаа эсэхэд судалгаа хийдэг.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Г.Балгармаа





Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
Энэ онд нийслэлийн 10 байршилд нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсарна. Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын талаар ...
2 цагийн дараа
Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг зургадугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн /2025.05.03/-ийн хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөр...
1 цагийн дараа
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...
19 минутын дараа
“Чингис хаан” олон улсын буудал руу явж буй нийтийн тээврийн үйлчилгээний автобус хөтөчтэй
Үндэсний өв соёлоо шингээсэн хувцастай хөтөч нар 3-5 орны хэлээр төвөггүй ярьдаг бөгөөд эх орныхоо түүх, соёлын талаар мэдлэгтэй, Мо...
40 минутын өмнө
“Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Өнөөдөр 13:00 цагаас “Чингэлтэй хайрханы хишиг” Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эхэлнэ. Барилдаанд зодоглохо...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд