мэдээ
Г.Дашиймаа: Өөрсдөө дур мэдэн харшлын эм хэрэглэж яавч болохгүй

Админ
2025 оны 5 сарын 03

1

“Энхдөлгөөн мед” эмнэлгийн эмч, клиникийн профессор, арьс, харшлын тэргүүлэх зэргийн их эмч Г.Дашиймаатай харшлын талаар ярилцлаа.
-Харшлын идэвхжлийн үеийг хавар гэж ойлгож болох уу?
-Эхлээд харшлын өвчин юунаас болж үүсдэг болохыг мэдэх нь зүйтэй. Нэгдүгээрт, харшлын өвчнөөр өвчилж байгаа хүмүүсийн ихэнх нь буруу хооллолттой байна. Хоёрдугаарт, амьдралын буруу хэвшлээс үүдэн харшил үүсдэг. Өөрөөр хэлбэл, харшил нь хүний орчиндоо дасан зохицох чадвар муу болсонтой нягт холбоотой. Дөрөв, тавдугаар сараас нус нь гоожоод, хамар нь загатнаад эхэлбэл модлог ургамлаас, тав, зургаа, долдугаар сард энэ шинж тэмдэг илэрвэл үет ургамлаас харшилсан гэж үздэг. Харин долдугаар сарын дундаас есдүгээр сар хүртэл амьсгалын замын харшлын шинж тэмдэг илэрвэл хогийн ургамлаас харшилж байна гэж үздэг. Тэгэхээр харшлын идэвхжлийн үе нь харилцан адилгүй байдаг.
-Харшлын шинж тэмдгүүд хүн бүрд харилцан адилгүй илэрдэг гэдэг юм билээ. Ямар, ямар шинж тэмдэг байдаг вэ?
-Тийм. Харшил бол маш том, өргөн хүрээг хамарсан сэдэв. Харшлыг дотор нь амьсгалын замын харшил, арьсны харшил гэж ялгадаг. Амьсгалын замын харшил гэдэгт улирлын чанартай ургамлын болон ахуйн хүрээний харшлууд багтдаг.
Харшлын гаралтай маш олон төрлийн өвчин байдаг. Арьсны 500 гаруй өвчин байдгаас тодорхой хувийг нь харшлын гаралтай гэж үздэг. Тэгэхээр харшлын шинж тэмдгийн тухайд яг таг хариулт өгөхөд хэцүү.
-Амьдралын явцад харшилтай болж болно гэсэн үг үү?
-Харшил маш олон янз байдаг. Амьсгалын замын харшлын үед нус, нулимс гоожих, нүд загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин арьсны харшлын үед арьс хуурайших, бие загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хүрэлцэж харшилсан харшлын тухайд ч өөр шинж тэмдэг илэрнэ. Харшил гэдэг нь өргөн хүрээг хамарсан том сэдэв учраас амьдралын явцад харшилтай болж болно гэж хэлэхэд хэцүү.
-Амьдралын буруу хэв маяг гэхээр нойргүйдэл харшил үүсгэдэг гэж ойлгож болох уу?
-Нойргүйдэл харшил үүсэхэд маш их нөлөөлдөг. 22:00-02:00 цагийн хоорондох нойр хэзээ ч нөхөгддөггүй. Энэ үед нойр авч чадахгүйгээс үүдэн хүний дархлаа унадаг. Хүмүүс “Дархлаагаа сайжруулах гэсэн юм. Ямар эм, тариа хийлгэх вэ” гэж маш их асуудаг. Би энэ асуултад хэзээ ч хариулахгүй. Яагаад гэвэл та 22:00 цагт унтаад сурчихвал таны дархлаа сайн байх боломжтой. Заавал эм, тариа хэрэглэх албагүй шүү дээ. Хүмүүс орой унтаж байгаа учир өвчлөл маш их байна. Үүнийг хүмүүс мэддэг хэрнээ төдийлөн хэрэгжүүлж чадахгүй байна.
-Аав, ээж хоёрынх нь хэн нэгэн харшилтай бол хүүхэд нь харшилтай байх магадлал 50 хувь, хоёулаа харшилтай бол 75 хувь байдаг гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр харшил удамшдаг гэсэн үг үү?
-Би хүүхдийн эмч. Ээж, аавынх нь хэн нэгэн харшилтай бол хүүхэд харшлах магадлал 50-75 хувь гэж үздэг. Харин ээж, аав хоёрт хоёуланд нь харшлын шинж тэмдэг илэрдэг бол хүүхэд нь харшлах магадлал 90 хүртэлх хувь байдаг гэж үздэг. Үүнд нөлөөлөх хүчин зүйл гэж бий. Тухайлбал, хүүхдийн харшлын гаралтай арьсны өвчнийг диатез гэдэг. Эцэг, эх нь харшилтай бол тэдний хэрэглэж буй хоол хүнс хүүхдэд нь ч адил байдаг. Тиймээс л харшлах магадлал өндөр гэж үздэг. Хүмүүс “Диатезтэй хүүхэд төрлөө. Диатез эдгэдэггүй өвчин” гэж их ярьдаг. Яг үнэндээ хүүхдээ зөв арчлаад, зөв хоолловол заавал тэр магадлал гүйцэлдэх албагүй. Диатезтэй хүүхдүүдийн 50-70 хувь нь гурван нас хүртлээ бүрэн эдгэх боломжтой.
-Монголд ямар харшил хамгийн түгээмэл байгаа вэ?
-Бүх төрлийн харшил түгээмэл байна. Хүмүүсийг хамгийн их зовоож байгаа харшил бол улирлын чанартай амьсгалын замын харшил. Хүмүүс зуны дэлгэр цагаар цэвэр агаарт аялмаар байгаа ч гараад явахаар харшил нь хөдлөөд нус, нулимс нь гоожоод байвал хэцүү байдаг шүү дээ. Энэ төрлийн харшил маш их болсон. Харшлаас болж хүүхдүүд хүртэл хашаандаа тоглох боломжгүй болчихоод байна шүү дээ.
-Харшилтай хүн идэж болохгүй хүнс гэж байдаг уу?
-Харшлын гаралтай өвчнөөр өвдсөн хүмүүс харшлуулах хүнснээс аль болох татгалзах ёстой. Жишээлбэл, хамгийн их харшлуулдаг хүнс бол өндөг. Мөн харшлын гаралтай жимснүүд гэж бий. Энэ нь ихэвчлэн өнгөт жимс байдаг. Жишээлбэл, чацаргана. Мөн исгэлэн хүнс харшлуулдаг. Түүнчлэн харшилтай хүмүүс удаан хадгалах зориулалттай хүнснээс татгалзах ёстой. Яагаад гэвэл энэ төрлийн хүнс заавал нөөшлөгч бодис агуулсан байдаг. Харшлуулах хүнс гэдэг бол сайн хоол хүнс биш.
-Иргэдийн дунд харшлаа гэрийн нөхцөлд өөрсдөө дур мэдэн эмчлэх хандлага байдаг. Энэ нь зөв үү?
-Эмнэлэгт заавал хандах ёстой. Хэрэв та ямар нэгэн харшилтай бол харшлын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай. Цахим хөгжсөн энэ үед Фэйсбүүкээр бие биенээсээ асуугаад харшлаа өөрсдөө эмчлэх гээд л үзээд байдаг болж. Ингэхээрээ буруу эмчилдэг. Яагаад гэвэл хүмүүс харшлын шалтгаанаа мэдэхгүйгээс үүдэн арилгаж чаддаггүй. Харшлыг арьс, харшлын эмч эмчилнэ үү гэхээс дотрын эмч эмчлэхэд төвөгтэй.
-Харшил бүрэн эдгэх боломжтой юу?
-Хэцүү асуулт байна. Хүн өөрөө хичээвэл намжмал байлгах боломжтой. Хичээхгүйгээр юу ч хамаагүй идэж, унтах ёстой цагтаа амрахгүй байгаад л байвал ямар нэгэн байдлаар өвчинд нэрвэгддэг. Хүмүүс харшлыг ерөөсөө эдгэдэггүй гэж боддог. Эдгэж болно. Гэхдээ бүрэн эдгэнэ гэдэг эргэлзээтэй. Харин намжмал, сэдрээхгүй байлгаж болдог.
-Харшлаас урьдчилан сэргийлэх ямар, ямар арга зам байдаг юм бол?
-Урьдчилан сэргийлэхийн тулд зөв хооллож, амьдралын зөв дадал хэвшилтэй байвал харшлын өвчнөөр өвдөхгүй байх магадлал өндөр. Эцэг, эх нь харшилтай тохиолдолд хүүхэд нь харшлах магад лал өндөр гэдэг хэдий ч амьдралын буруу хэвшилтэй байвал х аршлаар өвдөнө. Харин эрүүл ахуйн дэглэм барьж, арьсаа зөв арчилбал харшлахгүй байх боломжтой.
-Хэдэн жилийн өмнө хийсэн судалгаагаар Монголд таван хүн тутмын нэг нь ямар нэгэн харшилтай байна гэсэн үр дүн гарсан байна лээ. Энэ тоо одоо хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?
-Нэмэгдэж байгаа гэж бодож байна. Би 40 жилийн өмнө эмч болсон хүн. Тэр үед харшилтай хүн бага байсан. Амьдралаас хараад байхад харшлын өвчлөл асар ихсэж байгаа. -Харшлын эмний зохистой хэрэглээний тухайд та юу хэлэх вэ?-Харшлын эмийг эмчийн хяналтад уух ёстой. Тэгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн харшлын эм хэрэглэж яавч болохгүй. Харшил их байгаа энэ үед эмийн сангаас эм асуухад өгөөд явуулж байна. Ингэж хэрхэвч болохгүй. Харшилсан л бол харшлын эмчид үзүүлэх л хэрэгтэй. Харшлын эмчийг маш өндөр мэргэжлийн эмч байхыг шаарддаг. Харшлын эмч сайн дотрын эмч, сайн мэдрэлийн эмч байх ёстой. Түүнээс дуртай хүн нь харшлыг эмчлээд байдаггүй.
-Харшлын эмийг дур мэдэн хэрэглэх нь ямар үр дагавартай вэ?
-Маш аюултай. Харшилчихаад “Тариа хийдэг гэсэн. Тэр тариаг нь хийлгэчихье” гэсэн хүмүүс их орж ирдэг. Тэр бүрд нь би тайлбарлаж хэлээд, тэр тариаг хэрэглэхгүйгээр өвчнөөсөө салах боломжтой гэдгийг хэлж өгөхийг л хичээдэг. Өндөр тунтай гормон тариулбал эхний удаа харшлыг тань нам дарчихна. Дараагийн удаа арай бага үйлчилнэ. Улмаар гурав дахь жилээсээ тариа хийлгээд ч үр дүнгүй болчихдог. Түүнчлэн гормон учир янз бүрийн сөрөг нөлөө их байдаг. Дур мэдэж эмчилгээ хийх хамгийн аюултай.
-Эмийн харшил амь насанд хамгийн аюултай гэдэг үнэн үү?
-Тийм. Хэрвээ ямар нэгэн эмнээс харшилтай бол өвчний түүх дээр нь заавал улаанаар тодруулж бичдэг. Эмнээс харшилсан хүн тухайн эмээ дахин хэзээ ч хэрэглэж болдоггүй. Эрүүл саруул байхад хүн бүхэн анхаараасай. Та нэгдүгээрт, зөв хоолло. Хоёрдугаарт, амьдралын хэв маягаа зөв байлга. Энэ бүхнийг одооноос анхаарч эхлээрэй. Хэрэв танд ямар нэгэн харшлын шинж тэмдэг илэрвэл харшлын эмнэлэгт хандаж, эмчилгээ хийлгэдэг байгаасай гэж хүсэх байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Ө.Анхзаяа





Энэ онд нийслэлийн 10 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна
Энэ онд нийслэлийн 10 байршилд нийт 16 км урт борооны ус зайлуулах шугам угсарна. Борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын талаар ...
43 минутын дараа
Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг зургадугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн /2025.05.03/-ийн хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөр...
18 минутын өмнө
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ
Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...
1 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын буудал руу явж буй нийтийн тээврийн үйлчилгээний автобус хөтөчтэй
Үндэсний өв соёлоо шингээсэн хувцастай хөтөч нар 3-5 орны хэлээр төвөггүй ярьдаг бөгөөд эх орныхоо түүх, соёлын талаар мэдлэгтэй, Мо...
2 цагийн өмнө
“Чингэлтэй хайрханы хишиг“ улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно
Өнөөдөр 13:00 цагаас “Чингэлтэй хайрханы хишиг” Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн эхэлнэ. Барилдаанд зодоглохо...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд