гадаад
Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа

Админ
2025 оны 5 сарын 04

46

Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэмсэг харилцаа хандлагыг шүүмжилж байна. Тиймээс бодит нөхцөл байдлыг тодруулахаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг зорьж иргэд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа.
Иргэн А.Равжаа: Эмнэлгийн үйлчилгээ авахад үнэхээр хүндрэлтэй байна. Эмчид үзүүлэх цаг авахад нэг сар хүлээх бол юу ч биш. Би бараг хоёр сарын өмнө бөөр, нүдэн дээр цаг авсан. Өнөөдөр ингээд үзүүлэх гээд хүлээгээд сууж байна. Гэхдээ хоёр сарын турш эмчид үзүүлэх цагаа хүлээх энэ хооронд ялангуяа ахмадуудад юу тохиолдохыг хэн мэдлээ дээ. Муугаар бодоход дараа нь хэн хариуцлага хүлээх вэ. Ингэж хугацаа алдаагүй бол арай ч ийм дээрээ тулахгүй байсан даа гэх гомдлын сэтгэл хэнд ч төрнө. Үнэхээр бухимдалтай байна. Цаг авахын тулд доод тал нь нэг сар хүлээнэ. Шинжилгээ өг гэвэл маргааш нь ирж эмчээсээ код авна. Тэгээд шинжилгээний хариу гарсны дараа эход харуулах ёстой болбол дахиад 14 хоног хүлээдэг байх жишээтэй. Хамгийн харамсалтай нь нэг сар 14 хоногийн дараа онош нь тодорхойгүй гэсэн хариу сонсдог. Дахиад л дээд доод шатны эмч нарын хаалга татаж, амыг нь харна. Заримдаа огт үзүүлж чадахгүй хамаг цагаа үрээд явдаг. Хэрвээ би энэ эмнэлэгт таньдаг хүнтэй байсан бол эмчид үзүүлж чадах байсан даа. Хамгийн сүүлд ийм бодол толгойд орж идэг. Аргаа барсан хүний бодол юм даа.
Иргэн Б.Саранчимэг: Эмч нар өвчтөнтэйгөө огт тулж харьцахгүй байна. Би сая эмчийн өрөөнөөс гарч ирлээ. Компьютер дээрээсээ миний нэрийг хараад шууд ийм, ийм шинжилгээ өг гэсэн. Ёс болгоод биед минь чагнуур хүргээд, янз бүрийн зовуурь байгаа эсэхийг ч асуусангүй.
Сүүлийн үеийн эмч нар өвчтөнтэйгөө тулж харьцахгүй байгаа юм шиг санагддаг. Өвчтөнөөсөө их хол, хүйтэн, хөндий. Дээхнэ үеийн эмч нар чагнуураараа нэг бүрчлэн чагнаж үзэж, асуулт асуудаг байлаа. Одоо чагнууртай эмч их ховор болжээ. Чагнууртай эмч харахаараа их баярладаг. Ямар ч байсан энэ эмч миний даралтыг ч болтугай үзэх юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Ер нь ихэнх залуу эмч нар “Суу. Яасан” гээд мань мэттэй их ихэмсэг харьцдаг. Бараг юм асуухгүй. Үйлчилгээ бол үнэхээр сул байна. Яах вэ эмч нар олон хүнтэй харьцдаг болохоор хэцүү л байдаг байх. Гэхдээ ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэнэ гээд тангараг өргөсөн эмч хүнд хамгийн чухал зүйл харилцааны соёл шүү дээ. Хүн мэдлэггүй, дээд боловсролгүй байж болно. Тийм байлаа гээд төвөгшөөсөн, дээрэнгүй харьцаж болно гэсэн үг биш. Ядахдаа “Та их удаан хүлээжээ. Танд ямар зовуурь мэдрэгдэж байна. Эмчдээ бүгдийг нь хэлээрэй” гэвэл хүний сэтгэл өөр болно доо. Энд байгаа хүмүүс уйдсандаа ирдэггүй юм.
Аргагүй эрхэнд тартагтаа тулаад ирэхээр “Ингэ, тэг, тийшээ оч” гээд хуруугаараа хаашаа нь мэдэгдэхгүй заадаг. Явуулын хүмүүс их үйлчлүүлдэг ийм газарт хөтөч гэж хүн баймаар байна. Хөдөөний хүмүүс энэ эмнэлгийн хэдэн давхарт, юуны эмч нь суудгийг мэдэхгүй. Дэмжих төв дээр оч гэнэ. Хаана байдгийг нь мэдэхгүй болохоор эмнэлгийн хувцастай хүн бүрээс асууна. Тэр хүнээс асуу гээд нэг рүүгээ заадаг. Арайхийж мэддэг хүнийг нь олохоор тийшээ гэнэ. Яг хаашаа нь мэдэгдэхгүй, тийшээ, ийшээ гээд байдаг. Мал тууж байгаа юм шиг. Хамгийн гомдмоор нь тэтгэвэрт гарсан, 60 хүрсэн ахмадуудыг хүний тооноос хасаж үйлчилгээ үзүүлэх хандлагатай. Ер нь “60 гарсан таны оронд залуучуудыг эмчилж байсан нь дээр” гэсэн утгатай үг сонссон юм шиг болоод эмчийн өрөөний хаалгыг хаадаг. Уг нь хөгшин, залуу хүмүүс нийлж байж энэ ертөнцийг бүтээдэг биз дээ гэв.
Үений мэс заслын үзлэгийн гадаа эмчээ хүлээж буй иргэд: Хаашааявсан, хэзээ ирэх нь тодорхойгүй эмчийг хүлээх шиг зовлон алга
Үзлэгийн цаг авахын тулд нэг, хоёр сар хүлээх нь бараг асуудал биш болжээ. Хамгийн зовлонтой нь хаашаа явсан нь мэдэгдэхгүй эмч хүлээх л байна. Бид өглөө 8:30-д ирээд үзүүлж чадсангүй. Одоо 13:00 цаг болж байна. Эмч нь байхгүй. Бүр хамгийн эхний хүн ч ороогүй, хүлээгээд сууж байдаг. Бид энэ эмчийг таван цаг хүлээлээ. Эмч нь хаашаа явсан, юу болсон нь мэдэгдэхгүй, хаалгаа онгорхой орхиж гараад таван цаг алга болсон. Настай хүмүүс эмчид үзүүлж, эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа. Иймэрхүү асуудлаас болж эрүүл мэндээрээ хохирч байгаадаа гомдолтой байна. Хөл, нуруу, үе мөч гээд өвдөхгүй газар алга. Бидэнд одоог хүртэл албан ёсны тайлбар огт хийсэнгүй. Эмнэлгийн хувцастай хүн бүр өөр хариулт хэлнэ. Асуухаар хагалгаатай байгаа, эсвэл удахгүй ирнэ, хүлээгээд сууж бай гэнэ. Зарим нь ойрхон гарсан гээд тоймтой хариу огт хэлэхгүй. Үнэхээр яаралтай ажилтай байсан юм бол яах гэж биднийг ингэж хүлээлгээд байгаа юм бэ. Яасан ч зовлонтой, бачуурмаар юм бэ.
Иргэн Д.Сүрэн: Үзүүлэх гээд өрөөнд нь орохоор эмч нар цаанаасаа хүйтэн хөндий харьцдаг. Биднийг хөдөөний хүмүүс болохоор сэжиглээд байдаг юм уу, бүү мэд. Үгийн зөрүүгүй шууд шинжилгээ өг гэнэ. Мэдээж, эмч хэлсэн учраас шинжилгээгээ өгнө. Тэгээд л хариугаа бариад үзүүлэх гээд өдөр бүр ирдэг. Нэг бол эмч нь алга болчихно. Эсвэл өдөржин оочерлоно. Би энэ өрөөний гадаа оочерлож зогсоод одоо бараг хоёр сар болж байна. Ийм эрүүл мэндийн тогтолцоо байдаг юм уу. Хэл сураггүй Эрүүл мэндийн сайдтай нь уулзмаар байна. Би өнгөрсөн хоёр сард нурууны хагалгаанд ороод гурван сард дотрын эмчид ходоод өвдөөд байна гээд зовууриа хэлэхэд “Өө, зүгээр байна шүү дээ” гэсэн. Би өөрийнхөө биеийг мэдэрнэ шүү дээ. Ийм эмч гэж байдаг юм уу. Би гомдол гаргаад дээд, доод шатны дарга нар руу нь орсон. Эмч нар юу ч мэддэггүй юм уу, эсвэл хүнд суртал нь хэтрээд байна уу. Үнэхээр сэтгэлгүй ханддаг. Орсон хүн бүрээ “Зүгээр байна. гар” гэнэ. Үнэхээр зүгээр байсан бол яах гэж өөрийгөө зовоон байж эмнэлэгт үзүүлэхээр ирэх юм бэ. Өөрт үнэхээр зовуурь мэдрэгдээгүй бол мөнгө, цагаа үрэн энд ирэх шаардлага байхгүй. Үнэхээр гомдолтой байна. Өвчтөнийхөө өвчин зовлонгоор ингэж тоглоом тохуу хийж болдог юм уу. Шинжилгээний хариу муу гарчээ, эмчээ яах вэ гэхээр дотрын эмч нь зүгээр л байнадаг гэдэг. Ходоодоо дурандуулахаар муу байна гээд байгаа юм. Гэтэл эмч нь зүгээр гэхээр хэнд итгэх болж байна аа.
Иргэн А.Булган: Төлсөн даатгалынхааүр шимийг эргээд хүртэнэ гэдэг үлгэр болжээ
Даатгалын хөнгөлөлт бол зогссон юм шиг байна. Шээсний шинжилгээнээс бусдыг нь гадуур хувийн эмнэлэгт 360 мянган төгрөгөөр өглөө. Даатгалаараа энэ эмнэлгээ засаж байгаа гэнэ. Тэгэхээр ард иргэд даатгал төлөөд өөртөө бус барилгад хөрөнгө оруулсан болж таарлаа. Ийм залилан байж болох уу. Залилах хүн мундсан биш ард түмнээ залилахаасаа ичээсэй. Одоо даатгал төлөөд түүнийхээ үр шимийг хүртэнэ гэдэг үлгэр болжээ.





15 байршилд явган хүний зам шинэчилж эхэлжээ
Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулу...
4 цагийн дараа
Монголын хоккейчид Хонконгийн багт ялагдаж, IV байр эзэллээ
Мехсикийн Мехико хотод шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн гуравдугаар дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж б...
3 цагийн дараа
Цагаан даваа болон Солонготын даваа цасанд боогджээ
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 4-ний 10:00 цагийн байдлаар улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээгээр 41 чиглэ...
3 цагийн дараа
Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ
Улаанбурхан өвчин нэг хоногт 32 тохиолдлоор нэмэгдлээ. Тодруулбал, Улаанбурхан өвчнөөр өнөөдрийг хүртэл 1198 хүн өвдсөн байна. Үүнээ...
3 цагийн дараа
Иргэд: Эмнэлгийн үйлчилгээ авах гэж яваад биеэ улам дордууллаа
Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахын тулд доод тал нь нэг сар 14 хоног хүлээж байгаагаас гадна эмч нарын хайхрамжгүй, хүйтэн хөндий, ихэ...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд