Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Д.Довчинсүрэн: Махны экспортыг зургаан сар хүртэлх хугацаагаар зогсоох саналыг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд тавьсан DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 2 сарын 08

img

44

news-img

Махны экспортын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнтэй ярилцлаа.


-Мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор харьяа яамнаас ямар ажлыг хийж байна вэ?

Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, түүнийгээ дагаад махны үнэ ч нэлээд нэмэгдсэн байна. Тийм болохоор бид аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзалт хийгээд л явж байна. Үнийг буулгахын тулд нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтраад өргөтгөсөн худалдаа зохион байгуулъя. Яамны зүгээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ажиллая, хэд хэдэн газар гаргаж өгөөч гэж байгаа. Ингэх юм бол зөвхөн мах гэлтгүй сүү, цагаан идээ, үндэсний үйлдвэрлэгчдээ хамруулсан өргөтгөсөн худалдаа явуулъя гэж уриалж байна.

-Махны экспортыг хориглолоо гэдэг мэдээлэл явж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Экспортын махыг хориглох тал дээр гэвэл Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдвэр гаргуулах гээд, холбогдох гишүүд рүү нь санал, дүгнэлтээ явуулчихсан байгаа. Энэ долоо хоногийн даваа гариг (өнөөдөр)-т саналууд нь гарч ирэх байх. Ингэсний дараагаар махны экспортыг түр хугацаагаар зогсоох эсэх тухай яригдах байх гэж бодож байна.

-Экспортыг зогсоосон шийдвэр одоогоор гараагүй байгаа гэсэн үг үү?

Албан ёсоор шийдвэр гараагүй байна. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр ярилцаад шийднэ.

-Нөөцийн махны нөөц бүрдүүлэлт бага байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргах гэж байгаа гэсэн үү?

Энэ жилийн хувьд нөөцийн махыг 10 мянган тонныг бэлдэх төлөвлөгөөтэй. Одоогоор нөөц бүрдүүлэлт 70 хувьтай явж байна. Нөөцийн махыг намар 8, 9 дүгээр сард үнэ хямд, мал тарган байх үед бэлддэг. Энэ үед аж ахуйн нэгжүүдээ сонгон шалгаруулаад ажил явдаг. Гэвч энэ жилийн хувьд жаахан хоцорсон болов уу гэж би харж байна. Сүүлийн хоёр жил махны экспорт тун гайгүй байсан. Мөн албан бус тоогоор есөн сая гаруй мал хорогдсон. Тийм болохоор энэ жил махны үнэ нэлээд эрт өсөөд эхэлчихлээ. Уг нь олон жилийн дунджаас авч үзвэл 4, 5 дугаар сард жаахан нэмэгддэг. Ийм олон талын шалтгаан байгаа учраас махны экспортыг түр зогсоох асуудал хөндөгдөж байна.

-Экспортод мах гаргадаг компаниудтайгаа яамнаас уулзсан гэсэн. Энэ уулзалтаар юу яригдсан бэ?

Мах экспортлогч 50 гаруй компани байна. Эдгээр компаниуд маань экспортлох нийт махныхаа 10 хувийг онцгой нөхцөл байдал үүссэн, гамшиг осол болсон, цар тахал гарсан, үнэ хэт өссөн үед гаргах тухай бодлогын гэрээнд тусгасан байдаг.

Энэ хүрээндээ бид аж ахуйн нэгжүүдтэйгээ уулзсан. Тэд ч өргөтгөсөн худалдааны үеэр 10 хувиа гаргахаар зөвшөөрсөн. Энэ долоо хоногийн баасан гаригт (өнгөрсөн баасан гаригт) Махны холбооны удирдлагууд Дархан хотод сайдтай уулзсан. Хэд, хэдэн асуудлыг тавьсан. Махны экспорт түр хугацаанд зогсоохоор бол ямар ажлууд хийх талаар нэлээд төлөвлөгөөтэй ярилцсан. Мөн нөөцийн махыг холбоо дангаараа бүрдүүлээд явах талаар төлөвлөгөө гаргаж сайдад танилцуулахаар тохирсон.

-Хэрвээ экспортыг зогсоохоор бол хэдий хэр хугацаад үйлчлэх вэ?

Эхний байдлаар зургаан сар хүртэл гэсэн саналыг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд тавьсан байгаа. Ингэхдээ адуу болон ямааны түүхий махны экспортыг хэвийн үргэлжлүүлье. Лаазалсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг хэвийн явуулж байя. Харин хонины түүхий мах, дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн махыг түр хугацаагаар хориглоё гэсэн саналыг тавьсан. Эцсийн шийдвэрийг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гаргана.

-Ер нь сүүлийн жилүүдэд махны экспорт хэр хийгдсэн бэ?

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад 2022 онд манайх 16 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн гаргасан. Харин 2023 онд ХХААХҮЯ-наас үхрийн махнаас бусад мах, махан бүтээгдэхүүн дээр тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд тус онд 80,4 мянган тонн буюу 360 сая ам.долларын экспорт хийсэн. Харин 2024 онд Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн дээр тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байх шийдвэр гарсан. Ингэснээр ноднин жил манай улс 70 гаруй мянган тонн мах гадагш нь гаргаад байна. Ямар нэгэн тоо, хэмжээ тогтоохгүй болчихоор манай аж ахуйн нэгжүүд ч нааштай байгаа.

-Мах экспортлох ажил сүүлийн жилүүдэд нэлээд сайн явагдсан. гэвч тогтвортой экспортлоход малын гоц халдварт өвчин гол асуудал үүсгэсэн. Энэ тал дээр харьяа яамнаас ямар ажлууд хийж, хэрэгжүүлж байна вэ?

Малын гоц халдварт өвчин бол манай Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын хариуцдаг гол асуудал. Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход хамгийн гол тулгамддаг асуудал нь энэ. Мэдээж өвчтэй бүс нутгаас ямар ч орон импортлохыг зөвшөөрдөггүй. Тийм болохоор сүүлийн жилүүдэд манай Мал эмнэлгийн ерөнхий газар сайн ажиллаж гоц халдварт өвчнийг нэлээд хумьсан. Ингэснээр сүүлийн хоёр жилд манай экспорт нэмэгдсэн. БНХАУ-ын хувьд дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн махыг авдаг. Харин Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага дээр Монгол Улс ямар нэгэн өвчингүй гэсэн статусаа авчих л юм бол маргаашнаас нь ч хамаагүй түүхий мах авахад бэлэн гэдгийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас тавьдаг. Энэ хүрээнд МЭЕГ-т үүрэг, даалгавар өгч, ойрын хугацаанд өвчингүй бүс нутаг болгох асуудлыг эрчимтэй явуулж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нөөцийн махыг 117 цэгээр борлуулж эхэллээ DNN.mn

2025 онд нийслэлээс 446 цэгээр борлуулахаар төлөвлөснөөс 117 цэг борлуулалтаа эхлүүлж байна. Харин үлдсэн цэгүүдэд энэ сарын 15 гэхэ...

img

2 цагийн өмнө

Монголд нэгдүгээр сард 33 мянга гаруй жуулчин иржээ DNN.mn

 2025 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хугацаанд нийт 33 462 жуулчин хүлээн авсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монгол Улс 2...

img

3 цагийн өмнө

Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал DNN.mn

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс бодит өртөгт нь хүргэх, хэрэглэгчдэд ...

img

4 цагийн өмнө

“Хөх сувд-2025” олон улсын мөсний баярын үеэр ажиллах жуулчны бааз, амралтын газрууд DNN.mn

“Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 2025 оны хоёрдугаар сарын 13-23-ны хооронд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-д болн...

img

5 цагийн өмнө

Багш нарын хоолны мөнгийг Нийслэлд 172 мянга, орон нутагт 107 мянган төгрөг болголоо DNN.mn

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын су...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд