мэдээ
Б.Хүслэн: Үе тэнгийн дээрэлхэлтийн хамгийн том шийтгэл бол тухайн хүнийг насан туршид нь гэмт хэрэгтэн мэт харагдуулдаг явдал DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 08
![img](/images/view.png)
26
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/deerelhelt_buruutgah_envanto-122020-1252056922.jpeg?v=1738903093)
Нийслэлийн ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн сэтгэл зүйч Б.Хүслэнтэй үе тэнгийн дээрэлхэлтийн талаар ярилцлаа.
-Өмнө нь үе тэнгийнхний дээрэлхэлтийг зөвхөн бие махбодод халдах хэлбэрээр ойлгодог байсан. Бодит нөхцөл байдалд ирээд ажиллахад үе тэнгийн дээрэлхэлт ямар хэлбэрт шилжсэн байна вэ?
-Ерөнхийдөө дээрэлхэлтийг үгэн ба үгэн бус хэмээн хоёр ангилдаг. Одоогоос хэдэн жилийн өмнө сургуулийн орчинд дээрэлхэлтийн үгэн бус хэлбэр давамгайлдаг байсан. Жишээлбэл, яг бие махбодод халдах, заналхийлэх, нэгнээ бүлэглэж дээрэлхэх хэлбэр газарт авч байлаа. Үүний дараагаас интернэт орчинд нэгнийхээ янз бүрийн бичлэгийг зөвшөөрөлгүй тарааж эхэлсэн.
Эсвэл нууцаар тухайн хүүхдийн бичлэгийг хийж аваад мөнгө өгөхгүй бол олон нийтэд цацна гэж айлган сүрдүүлж, дарамталдаг байсан жишээнүүд олон бий. Харин одоо бол үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн дарамт нь үгэн хэлбэрт шилжсэн. Дийлэнхдээ нэгнийгээ гадаад үзэмжээр нь ялгаварлан гадуурхдаг. Эсвэл үгээр өөлж, гоочлох, тохуурхах, доош нь хийж, шүүмжилдэг.
Жишээ нь.
-Чиний хувцаслалт чинь хоорондоо зохицохгүй байна. Чиний хамар том, нүд чинь хэтэрхий онигор болохоор царай муутай гэх мэтчилэн. Ер нь бол нийгмээрээ бие махбодоор хүчирхийлэхээс зайлсхийдэг болсон шүү дээ. Энэ чинь өөрөө гэмт хэрэгт тооцогддог учраас тэр. Тиймээс үгэн хэлбэр буюу сэтгэл санааны хүчирхийлэл газар авсан. Мөн дээрэлхэлт, хүчирхийлэл үйлддэг хэрэгсэл нь ч солигдсон. Одоогоос 3-5 жилийн өмнө Фэйсбүүкээр цахим дээрэлхэлт явагддаг байсан шүү дээ. Эсвэл чатаар дарамталдаг байлаа. Харин одоо бол сургуулийн насны хүүхдүүд үүнийг ашиглахаа больсон. Өөрөөр хэлбэл, “NGL” гэх аппликэйшнээр үгэн дээрэлхэлтийг үйлддэг болсон байна. Энэ аппликэйшний хувьд хэн зурвас, сэтгэгдэл илгээсэн нь харагддаггүй. Тиймээс л үүнийг хамгийн баталгаатай хэрэгсэл гэж сонгосон юм шиг санагддаг.
Ерөөсөө л дээрэлхэлт үйлдэгч дараа нь өөрийгөө гэх нотлох баримт үлдээхгүй гэж буйн илрэл юм л даа. Олон нийтэд үүнийгээ мэдэгдэхгүй гэсэн нэг заль.
-Ер нь ямар утга, агуулгатай зурвас илгээдэг вэ?
-Ерөөсөө л гадаад үзэмжээр нь гоочилж, шоолсон утгатай зүйл бичдэг. Анзаараад байхад үе тэнгийн дээрэлхэлт дунд ангийн сурагчдад хамгийн их тохиолддог. Ахлах ангийнхны хувьд харьцангуй гайгүй шүү. Өмнө нь бол сайн сурдаг, муу сурдгаараа ялгарч нэгнээ гадуурхдаг байсан бол одоо зөвхөн хувцаслалт, царайны хэлбэр, тарган, туранхайгаар нь сэтгэл зүйн хувьд дарамт үүсгэж, үгээр хүчирхийлдэг болжээ. Хүүхдүүд гадаад үзэмж, царай төрхдөө яг л Солонгосын одууд шиг стандарт тогтоочихсон. Хэрэв тухайн стандартад нийцэхгүй, жаахан өөр дүр төрхтэй, эсвэл хувцаслалттай байхаар л үгэн дээрэлхэлтийг үйлдээд байгаа юм. “NGL”-ээр нэгэндээ “чи ингэж амьдарч байхаар үхээч” гэх мэт утгатай зурвасыг илгээж сэтгэл зүйд нь халддаг. Ямар ч хүн гэнэт ийм зурвас аваад цочирдоно. Ийм утгатай зурвас олон дахин давтамжтай ирэхээр өөрийгөө үнэхээр царай муутай, бусдаас гажуудаар төсөөлж эхэлдэг. Дээрэлхэгчийн зүгээс ирж байгаа бүхий л үгэнд итгэж өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй, итгэл үнэмшилгүй, өөртөө итгэх итгэлээ алддаг. Хамар нь энгийн юм шиг харагддаг байсан ч “том хамартай” гэх үгийг сонссоор байгаад өөртөө тэгж харагддаг болсон байх жишээтэй. Олон нийт иймэрхүү дээрэлхэлтийн хэлбэрийг охидууд дунд ихэвчлэн байдаг гэж үздэг л дээ. Гэхдээ хөвгүүдэд ч гэсэн ийм хэлбэрийн дээрэлхэлт тохиолддог. Эрэгтэй хүүхэд учраас уламжлалаа дагаад хэн нэгэнд хэцүү байгаагаа хэлдэггүй. Эрэгтэй хүүхэд чанга байх ёстой, гоншигнох ёсгүй гэх хэв загварт баригдчихсан байдаг. Түүнээс биш яг л адилхан үе тэнгийн дээрэлхэлт, дарамтад өртдөг.
-Дээрэлхэлт үйлдэгчийн хувьд ямар сэтэл зүйтэй байдаг вэ?
-Өсвөр насны хүүхдүүд үе тэнгийнхнээ дээрэлхэж өөрийн хүссэнээрээ хөдөлгөж чадах юм бол байр суурь нь дээшилж буй мэтээр төсөөлдөг. Өөрийгөө эрх мэдэлтэй удирдагч хүн гэж боддог. Тиймээс дорой харагдсан нэгнээ дээрэлхээд ирэхээрээ өөрийгөө хүчирхэг, лаг хүнээр мэдэрч эхэлдэг. Бид 25 нас хүртлээ сэтгэл хөдлөлийн тархиараа бүх зүйлээ шийддэг. Хэн нэгнийг доош нь хиймээр, өөрийгөө илүү гэж мэдэрмээр санагдана гэдэг бол сэтгэл хөдлөлийн тархи хөгжчихсөн яваад байгаа учраас тэр л дээ. 25 нас хүрэхээр бидний бүх тархи хөгжөөд дуусчихдаг учраас логикоор сэтгээд эхэлдэг. Тиймээс хүүхдүүд Ерөнхий боловсролын сургуульдаа үйлдэж байсан дээрэлхэлтийн асуудлаа нууж эхэлдэг юм. Өөрөөсөө ичдэг. Мөн өөрийн бий болгосон хүрээллээ алдахаас айдаг. Хүмүүс түүнийг хүчирхийлэгчийн нүдээр харах вий гэж санаа зовдог.
-Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг солонгосын нийгэм хүчтэй эсэргүүцдэг. Тиймдээ ч Солонгос одуудын карьер ихэвчлэн дунд, ахлах ангид байхдаа үйлдсэн сургуулийн хүчирхийллийн хэргээс нь болж унадаг. Манайд ч гэсэн ийм зүйл багагүй ажиглагдах болжээ.
-Ер нь бол сүүлийн үед ийм цикль ажиглагдах болсон. Алдартай одууд гэхээсээ илүү бүхий л ажил мэргэжилд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нөлөөлдөг болжээ. Одуудын хувьд амьдрал нь бүгдийн нүдэн дээр ил байдаг болохоор илүү шуугиан тарьдаг юм. Ямар нэгэн шуугиан, сенсаци байхгүй болохоос дунд сургуулийн дээрэлхэлтийн хэргээсээ болоод ажлын карьер нь унасан, хүрээллээсээ хасагдсан, шоовдорлогдсон хүмүүс олон байдаг. Үүнээсээ болоод мөн л сэтгэл зүйн гутралд орсон хүмүүс сэтгэл зүйчид ханддаг. Ажил олгогч, эсвэл хөрөнгө оруулагчид тухайн хүний өмнөх амьдралын намтрыг нь шалгасны үндсэн дээр итгэж болох уу, үгүй юу гэдгээ шийддэг. Хэрэв тухайн хүн сурагч байх үедээ ийм асуудал гаргаж байсан нь тогтоогдвол үл итгэх хандлага гаргана. Эсвэл шударгаар үнэнээ хэлбэл түүнд боломж олгохыг хүсэх тохиолдол ч бий. Даанч ийм тохиолдол маш цөөн байдаг нь харамсалтай. Үе тэнгийн дээрэлхэлт буюу сургуулийн хүчирхийлэл үйлддэг байсан хэрэг нь хүний амьдралын их эгзэгтэй үед илэрч гарч ирдгээрээ хорлонтой байдаг. Яг л ажил, амьдрал нь цэцэглээд санасандаа хүрэх гээд явж байхад нь салхи шуурга шиг гарч ирээд бүгдийг хамаад оддог. Тэгэхээр үе тэнгийн нэгнээ дээрэлхдэг байсан хэрэг бол хүнийг насан туршид нь дагадаг.
-Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдэд ямар шийтгэл оногдуулдаг вэ?
-Яг хууль эрх зүйн талаас нь сайн мэдэхгүй байна. Мэдээж насанд хүрээгүй хүүхэд учраас баривчилж, хорьж цагдахгүй. Сургуулийн журмаараа бол хамгийн түрүүнд нийгмийн ажилтан болон сэтгэл зүйчтэй холбогдоно. Хэрэв хэрэг нь хүндрээд явах юм бол хорооны цагдаа, нийгмийн ажилтантай хамтарч ажилладаг. Ер нь бол үе тэнгийн дээрэлхэлтийн хамгийн том шийтгэл нь тухайн хүнийг амьдралынх нь туршид гэмт хэрэгтэн мэт харагдуулдаг явдал юм.
А.Даваадулам
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Нөөцийн махыг 117 цэгээр борлуулж эхэллээ DNN.mn
2025 онд нийслэлээс 446 цэгээр борлуулахаар төлөвлөснөөс 117 цэг борлуулалтаа эхлүүлж байна. Харин үлдсэн цэгүүдэд энэ сарын 15 гэхэ...
2 цагийн өмнө
Монголд нэгдүгээр сард 33 мянга гаруй жуулчин иржээ DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдрийн хугацаанд нийт 33 462 жуулчин хүлээн авсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монгол Улс 2...
3 цагийн өмнө
Айл өрхүүдэд цахилгаан борлуулах тариф болон төлбөрийг тооцох аргачлал DNN.mn
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс бодит өртөгт нь хүргэх, хэрэглэгчдэд ...
4 цагийн өмнө
“Хөх сувд-2025” олон улсын мөсний баярын үеэр ажиллах жуулчны бааз, амралтын газрууд DNN.mn
“Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 2025 оны хоёрдугаар сарын 13-23-ны хооронд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-д болн...
5 цагийн өмнө
Багш нарын хоолны мөнгийг Нийслэлд 172 мянга, орон нутагт 107 мянган төгрөг болголоо DNN.mn
Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын су...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд