мэдээ
Ц.Хосбаяр: 13 жилийн турш ялагдаагүй байсан К.Ичог хожсон нь П.Орхоныг их хурцалж өгсөн

2017 оны 12 сарын 24

1
Улирч буй 2017 оныг “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн багийн хамт олон амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Чөлөөт бөхийн насанд хүрэгчид болон залуучуудын УАШТ-нүүдэд багаараа түрүүлж цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс багаараа мөнгөн медаль хүртжээ. “Алдар” спорт хорооны багш гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлсанаа хүргэе.
-“Алдар” спорт хороо гэх их айлын босгоор хэрхэн алхаж байсан бэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?
-Би 1984 оны зургадугаар сард Зүүнбаянгийн цэргийн ангийн танкийн хороонд татагдсан. Дараахан нь алдар спорт хороон дээр тамирчин цэргээр ирсэн дээ. Энэ цагаас хойш “Алдар” гэх их газартай миний амьдрал холбогдсон. Дундуур нь “Монген” сургуульд багшилж байгаад 2001 оноос хойш дасгалжуулагчаар ажилласаар өнөөдөртэй золгож байна даа.
-Чөлөөт бөхийн спортоор яагаад хичээллэх болов?
-Хүүхэд байхдаа хичээлээ тарж ирэнгүүтээ том өрөөндөө дүү нартайгаа барилдана. Умгардуу өрөөнд ноцолддог байсан болохоор ширээ мөргөх, эвгүй унаснаас болоод гар, хөлөө гэмтээх энүүхэнд. Орой аав, ээж хоёрыг ажлаас тарж ирэхэд нь дайнаас ирсэн юм шиг л хэдэн амьтан сууж байдаг сан. Үүнийхээ буянд бөхөд дөртэй болж наймдугаар ангидаа сургуулийн аваргаар шалгарч дараа жил нь дүүргийн аварга болж чөлөөт бөхийн спортод орсон доо. Харин 1983 онд залуучуудын улсын аваргын 45 кг-д тухайн үеийн гол өрсөлдөгчид болох “Цагаан” Баяраа, талийгаач Батбадрал нарыг хожиж түрүүлээд эргэлт буцалтгүй бөхийн спортын замд орсон.
-1992 оны Барселонагийн олимпийн наадамд та хоёр дүүгээ дагуулж очсон доо. Нэг гэрийн төрсөн гурван ах дүү эх орноо төлөөлж олимпийн наадамд зодоглосон тохиолдол өөр бараг үгүй байх шүү?
-Тийм ээ. 1992 онд багш нар Монгол говь, бүх ард түмний спартикад, Иван Ярыгины тэмцээнүүдэд хамгийн өндөр амжилт гаргасныг нь олимпийн наадамд явуулахаа мэдэгдээд байсан. Би Ярыгины нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль, спартикадаар мөнгөн медаль, Монгол говь тэмцээнээс алтан медаль зүүж олимпийг зорих болзлоо хангаж байсан даа.
-Та олимпод оролцсон формоо амжилттай барьж дараа жил нь Азийн аваргад финалдаж байсан. Тэр тэмцээний талаар дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Тэр жил би улсын аварга шалгаруулах тэмцээндээ жингийн өрсөлдөгч Гантулгадаа ялагдчихаад байсан л даа. Харин тухайн үеийн шигшээ багийг ахалж байсан дархан аварга Х.Баянмөнх гадагшаа барилдвал туршлагатай гэж үзэж намайг сонгосон. Очоод Солонгосын Жон Су Ог онооны давуугаар ялаад, Иран, Казахстаны тамирчдыг ялаад шигшээд олимпийн аварга Ким Илд ялагдсан. Надтай эхний даваанд барилдсан Солонгосын Жон Су О сүүлд олимп дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртсэн байх.
-2017 он “Алдар” спорт хорооны хамт олны хувьд амжилт бүтээлийн жил болж улирч байна. Та хоёр дахь дэлхийн аваргаа өлгийдөж авлаа. Оны төгсгөлд гаргасан амжилтуудаа эргээд харвал?
-Сайхан жил байлаа. Унаган шавь нараа дасгалжуулаад насанд хүрэгчид болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүллээ. Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дутуу хүнтэй явсан ч багаараа дэд байрт шалгарлаа. П.Орхон маань гэхэд л энэ онд олон улсын чанартай найман тэмцээнээс шар медаль хүртсэн байна. Харамсалтай нь манай хамт олныг чөлөөт бөхийн холбооны ЕНБД Б.Батбаяр, ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар “Атена” систем гэж хачин юм яриад хамгийн чухал тэмцээн ААШТ-нд явуулаагүйд нь сэтгэл дундуур байдаг.
-Та шигшээ багийн дасгалжуулагч нарт сэтгэл дундуур явдаг юм уу даа?
-Дасгалжуулагч маань хэтэрхий туршлагагүй байна аа. Энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр Ө.Батзулын буланд суусан багш хожиж байсан шавиа “Яваад өг, яваад өг” гэж шахсаар байгаад хөлд нь оруулаад хожигдуулсан. Сая 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр ОУХМ Г.Отгонжаргалын буланд суусан Б.Баттулга чимээгүй суусаар байгаад хожигдуулсан. Буланд суудаг багш нар тамирчиндаа хамгийн нөлөөтэй хүмүүс байдаг л даа. Хэрэгцээтэй үед нь оновчтой зөвлөгөө өгдөг торгон мэдрэмжтэй байх ёстой. Тийм ур чадвар манайханд дутагдаж байна. Өнөөдөр удирдаж байгаа Б.Баттулга 2008 оны олимпийн наадамд бас л дасгалжуулаад нэг л ялалт авч байсан. Ийм хүмүүст яагаад эрх дарх олгоод байгааг ойлгохгүй байгаа. Эд нар хүний бэлдсэн хүүхдээр гангарах л гэж цаг нөхцөөж байгаа хүмүүс. Энд бол тамирчид ямар ч буруугүй.
-Шинэ дэлхийн аварга П.Орхон маань 2016 онд Иван Ярыгины гранп ри тэмцээн дээр 13 жилйн турш ялагдаагүй байсан домогт бөх Каори Ичог оноогоор цэвэр ялж дэлхийн бөхийн ертөнцийн анхааралд өртсөн. Энэ барилдааны талаар ярихгүй юу?
-П.Орхон маань багаасаа л танигдсан л даа. Гэхдээ олон хүнд бэрхшээлийг давж гарч энэ өндөрлөгт хүрснийг нь хэлэх нь зүйтэй байх. Ичогийн барилдааныг бичлэг үзээд дүгнэлт хийж тактик боловсруулж байхад манай хүнд ойрхон үзэх боломж байна гэж тооцож байснаас биш тэр босоо хүнийг оноогоор цэвэр ялна гэж ёстой санаагүй шүү. П.Орхоны толгой илүү сийрэг ажиллаж, олдсон боломжуудаа алдалгүй ашигласнаар ялалтыг өөрийн талд шийдсэн.
-2016 оны олимпийн наадамд дэлхийн чөлөөт бөхийн хүрээнийхэн зөвхөн П.Орхон Каори Ичо гэсэн финалыг л хүлээж байсан. Харамсалтай нь байдал өөрөөр эргэсэн?
-П.Орхон олимпийн наадамд очихдоо том тэмцээний дэвжээ үзээгүй болохоор бага зэрэг биеэ барьсан тал байгаа. Уул нь 2015 оны дэлхийн аваргад оролцуулаад том тэмцээний бараа харчихсан бол байдал яаж ч эргэж болох байсан. Гэхдээ тухайн үеийн шигшээгийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр “бие муутай хүүхдийг авч явахгүй, дэвжээн дээр амь насаа алдвал би хариуцахгүй” гэх шалтгаан хэлээд үлдээсэн. Гэтэл өнөөдөр тэр бие муутай хүүхэд нь Дэлхийн аварга болчихлоо шүү дээ.
-П.Орхон олимпийн наадмын дараанаас 63кг-руу жин өгссөн. Дээд жинд нь Дэлхийн хошой аварга, олимпийн наадмын хүрэл медальтай хөдөлмөрийн баатар Б.Батцэцэг хүлээж байсан. Аваргыг хожиж байж л олон улсын тэмцээнд оролцох хүнд даалгавартай тулсан шүү дээ?
-Манай хүн ялаад дэлхийн аваргад оролцоно гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан учраас жин өгсөх шийдвэрийг өөрөө гаргасан. Ер нь Ичог хожсон барилдаан л П.Орхоныг их хурцалж өгсөн. “Намайг ялах хүн байхгүй” гэсэн сэтгэл зүйтэй дэвжээнд гардаг болсон доо. Оны эхэнд улсын аваргаар Б.Батцэцэгтэй барилдахад нь би бас жийрхэж л байлаа. Эхний оноог алдсан ч сэтгэл зүй сайтайгаа харуулж аваргыг цэвэр дарж алтан медаль хүртэж багш нараа баярлуулсан.
-Өнгөрсөн жил Г.Мандахнаран гавьяат олимпийн наадмаа харамсалтай өндөрлүүлсэн шүү. Медалийн үзүүрээс атгаад л алдсан?
-Би Мандахыгаа олимпийн медаль хүртчихсэн бөх л гэж үнэлдэг. Том улсуудын зохион байгуулалттай луйврын золиос болчихсон доо. Мөн манай олимпийн шүүгч Б.Төмөрбаатар үүргээ маш муу биелүүлсэн. Энэ нөхөр Ц.Сэрээтэрийн хамтаар Оросын аварга шалгаруулах тэмцээнд очиж луйвар хийсэн нь олон улсад Монголын чөлөөт бөхийг дэндүү муухай харагдуулсан. Энэ увайгүй үйлдэл Оросын Ерөнхийлөгч В.Путины хэмжээнд яригдаж байсан шүү дээ.
-Гавьяат Г.Мандахнаран цахим орчинд энэ асуудлаар Арбитрын шүүхэд хандаж буйгаа мэдээлж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Г.Мандахнаран маань хувиасаа болон ивээн тэтгэгчид нь асар их хэмжээний төлбөр төлсөн ч өнөөдрийг хүртэл нааштай хариу сонсоогүй л байна. Гэхдээ манай хүн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж том гавьяа байгуулсан даа.
О.ДАШНЯМ





Өнгөрсөн сард зөрчлийн гаралт 20.8 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан...
7 цагийн дараа
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдч...
7 цагийн дараа
Э.Төрмандах: Би хоолойныхоо чадлаар аархана гэж боддог
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэсүрэнгийн Төрмандахтай ярилцлаа. –Дуучин Э.Төрмандах гэж их аархсан хүн явна гэж д...
6 цагийн дараа
Хорватын Гадаад хэрэг, Европын сайдын айлчлал маргааш эхэлнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман энэ сарын 1...
6 цагийн дараа
Наршихаас сэргийлэхийг зөвлөж байна
Уншигч та бүхэнд наршилтаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна. Урьдчилан сэргийлэлт: Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд