мэдээ
Япончуудын Мөнхийн шүтээн Фүжи уул
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 10
![img](/images/view.png)
108
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/а.png?v=1739178655)
Фүжи уулын наана Хань Р.Будын хамт
Аян замын тэмдэглэл хөтөлдөг сонирхол минь завсарлаж завсарласаар арван хэдэн жилийн дараа Япон орноор үргэлжлэх юм гэж төсөөлж ч байсангүй.
Фүжи уул
Наран гийсэн оройд нь
Наманчилж залбираад сөгдлөө
Ариун дагшин хормойноос нь
Адис аваад мөргөлөө
Зүйл зүйлийн хэлтнүүд
Зорин ирдэг хайрхан юм
Дөрвөн зүг найман зовхист
Дуурсагдаж л байдаг уул юм
Орчлонгийн нууцлаг бүхнийг
Онголж дархалсан уул юм
Оршихуйн нандин увдисаар
Үндэстнээ ивээсэн хайрхан юм
Наран улсын сүр хүч
Ниппон түмний сүлд хийморь
Мандал бадралын бэлгэдэл
Мөнхийн шүтээн Фүжи уул
Сэтгэлийн минь утас нэг л өөрөөр хөндөгдөх тэр агшинд шүлэг тэрлэх сэдэл төрдөг.
Энэ бол жинхэнэ зохиолч, яруу найрагчдын онгодоос тэс өөр eрдөө л хэн хүнд байдаг сэтгэлийн эмзэглэл юм. Яагаад гэхээр би зохиолч биш, яруу найрагч бүр ч биш. Тиймээс тэр онгод гэгч нь надад лав байхгүй. Харин онгод гэдэг нь зохиолч яруу найрагчийн заяанд төрсөн тэдний агуу төрмөл авьяас билиг нь ундарч байдаг байгалийн нандин өгөгдөл буй за. Миний хувьд сэтгэлийн эмзэглэлээ болсон болоогүй ганц хоёр үг хэлхэж тайлдаг байж болох юм. Сэтгэлийн эмзэглэл гэхээрээ заавал гуниг зовлон, энэлэн шаналан, уй гашуу биш, бүр уярал хайр, баярлаж хөөрсөн сэтгэлийн хариу үйлдэл ч байж мэднэ. Тиймдээ ч өнөөг хүртэл тэрлэсэн шүлгүүд дотор минь хэн нэгэнд тусгайлан зориулсан хэд хэдэн шүлэг байдгийн учир жанцан энэ буй за. Зарим нь дуу болсон байдаг. Ийм нэгэн сэтгэлийн эмзэглэлээр эртнээс үзэж харахыг мөрөөдөж явсан Фүжи уулыг хараад хэдэн мөр шүлэг сэтгэлд буусныг энд сийрүүлсэн минь энэ болмой.
Япон орныг мэдэх болсон минь
Дунд сургуулийн сурагч байхын л миний сонирхдог газруудын нэг байсан хэдий ч тэр үед мэдээлэл хомс, хүмүүсийн ам дамжсан ярианаас хэтрэхгүй. Гэхдээ би чухам яагаад ийнхүү сонирхох болсон шалтгаанаа эргэж бодсоор олсон шүү. Тухайн үeийн Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргeгийн тухай ном түүний тухай цухасхан дурдсан бүхнийг шимтэн уншдаг байсан болохоор тэр үeийн японы нийгмийн амьдралын өнгө аяс, хэв маяг, өдөр тутмын амьдрал, аж байдал, уушийн газар, хүн тэрэг кимоно, гэша зэрэг зиндаа, уламжлалт ёс заншил энэ бүхний талаар eрөнхий ойлголттой болсон байлаа. Хожим киног нь ч олж үзсэн юмдаг. 1939 оны дайны тухай дунд сургуулийн түүхийн хичээлийн хүрээнд үе тэнгийнхнийхээ л нэгэн адил мэдлэгтэй. Анх сонссон япон үг “самурай” гэдгээр л япон хүмүүсийг төсөөлдөг байсан болов уу. Манай улстай дайн хийж байсан энэ улс орон яагаад ингэж дэлхийд гайхагдталаа хөгжсөн юм бол, хөгжлийн дээд түвшинд хүрэхээрээ амьсгалах агаар ч үгүй болдог нь үнэн юм болов уу. Хүмүүс нь агаар дутахаар гудамжинд байрлуулсан автоматаас хүчилтөрөгч худалдан авч амьсгалдаг байх нь хэмээн сонсож дуулсан бүхнээ жижигхэн ухаандаа эргэцүүлэн бодно. Тэр үeд биднийг 9 дүгээр ангид байхад иргэний хамгаалалт гэдэг хичээл ордог байлаа. Багш маань бидэнд цөмийн зэвсэг, түүний хор уршиг, хөнөөлийн тухай ярьж 1945 онд Японы Хирошимо, Нагасаки хотууд болон оршин суугчид цөмийн дайны хөнөөлт гамшигт хэрхэн нэрвэгдсэн тухай тайлбарлаж билээ. Давж гарахын аргагүй тэр их аймшигт аюул гамшгийг туулж энэ их хөгжил дэвшилд хүрнэ гэдэг хүний санаанд багтамгүй агуу үйлс хэмээн бодно. Япон хүмүүс гаргууд ухаантай ихэд хөдөлмөрч, хүн хүнээс онцгой авяас чадвартай ер нь л ердийн хүмүүс биш гэж өөрийн дүгнэлтээ хийнэ.
Тэртээ 1970-аад оны эхээр буюу бидний өсвөр насанд “Зуурдын сэтгэл” гэдэг Японы уран сайхны кино манай кино тeатруудын дэлгэцнээ гарч монголчуудыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулж байсан юмдаг. Кино үзэх хоббитой бага эгч минь 7 удаа үзсэн гэдэг.Тэр киног үзсэн залуучууд, өсвөр үeийнхэн бүгд л дууг нь аялж, гитар тоглодог бүхэн аяыг нь эгшиглүүлнэ. Миний хувьд киноны үйл явдлаас илүүтэйгээр тэнд гарч харагдаж байгаа бүхэн сонирхол татна. Манай сургууль Улаанбаатарааас холгүй орших уул ус, ургамал ногоо нь жигдэрсэн байгалийн нэгэн үзэсгэлэнт газар Батсүмбэрийн сангийн аж ахуйд хөдөлмөр амралтын зуслантай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Сурагчид зундаа тэнд 21 хоног амрангаа тэндхийн сангийн аж ахуйн тариалсан байцай, луувангийн талбайн зэрлэгийг зулгааж өглөөний сэрүүнд 4 цаг хөдөлмөрлөнө. Намартаа бас очиж ургац хураалтад тусална тэгээд зун, намрын ажлын хөлс гээд хөөрхөн хэдэн төгрөг авна. Бид ийн явахдаа их дуртай, хүссэнээрээ хөгжилдөнө, тоглоно, ёстой нар гарна шүү дээ. Харин намрын ургац хураалт шаггүй бэрхшээлтэй. Хүйтэн сэрүүн болчихсон байна, ядаж л галлагаагүй, зуны модон байшиндаа байрлана, өглөө босохоос халширна. Оройдоо даарсан бээрсэн хэдэн амьтан талбайгаас бууж ирээд хоолоо идмэгц охидын байрны аль нэгэн сул өрөөнд хөвгүүд нь гитараа бариад цугларна. Тэгээд л гитарчид маань бүхий л мэддэг чаддаг бүхнээ ээлж дараалан тоглож, бусад нь халууцаж хөлөртлөө бүжиглээд багшийг одоо амарцгаа гэх дуунаар охид хөвгүүдээрээ ялгаран тарцгааж, хүйтэн хөнжилдөө шургалан шургалан өглөө болтол нам унтацгаадагсан. Нөгөө япон дуу эгшиглэхгүй өдөр гэж байхгүй. Энэ лав миний сонссон анхны япон дуу байх. Нэгэнт япон дуу хөгжмийн тухай дурссан болохоор энэ талаар товчхон дурсамж сийрүүлэх нь зөв биз.
Хэдэн онд ч билээ дээ, Улаанбаатар хотноо Японы үндэсний урлагийн нэг тоглолт болж бараг тэгэхэд л анх удаа Японы урлагийн хүмүүсийг харсан байх. Үүнээс өмнө элчингийнхнийг, хааяа монголч эрдэмтдийн хуралд ирж оролцдог байсан япон эрдэмтдийг л харж байсан болов уу. Хожим нь “Хойд нутгийн хавар” хэмээх уянгалаг сайхан аялгуутай, сэтгэл сэргэм япон дуу, миний сонсох дуртай дуунуудын маань нэг болж, заримдаа бүр ахин дахин тавьж сонсдог болж билээ. Ийнхүү байнга шахуу сонсдог хэдэн дуутай болсон би “Надо соу соу” хэмээх хөнгөхөн гунигтай сэтгэл хөндсөн нэгэн дууг машид дуртайяа сонсох болсон. Үүнийг уншсан залуучууд хүүхдүүдэд инээдтэй санагдаж мэдэх л юм. Үүн шиг нэг гунигийн дуутай болохсон хэмээн танил хөгжмийн зохиолчид санаагаа хэлсэн чинь хэзээ ч битгий гунигийн дуу хийгээрэй. Дуу бол яг л тарни шиг байдаг гэж зөвлөж билээ. Түүнээс хойш иймэрхүү шүлэг сэтгэлд буухаа больсон гэх үү дээ. Бас ихэд дурлан сонсдог дуу минь Японы алдарт дуучин, жүжигчин эмэгтэй Ямагучи Момоёогийн дуулсан ”Явахад таатай өдөр” (Ii Hi Tabidachi) гэдэг дуу юм. Тайзан дээр заавал ч үгүй дахиулдаг” хаан дуу ” байдаг гэдэг шиг энэ бол миний дуртай цагтаа Youtube-дээр дахиулдаг япон хаан дуунууд юм даа. Хүү маань Японы алдарт дуучдын сайхан сайхан дуунуудыг бас санал болгоно. Хөгжим хил аязгааргүй гэдэг нь энэ болой.
Биднийг бага байхад томчууд япон барааны чанартайг гайхна. Тэр үед япон бугуйн цаг, дуу хураагуур, зургийн аппарат, нараар цэнэглэгддэг бяцхан тооны машин, даавуу эд нар ёстой нүдний гэм болж байсныг би санадаг юм. Хожим Унгар улсад сурахаар очиход ч тэнд ч мөн л тийм байсан. Нөхөр бид хоёр баруунд сурдаг нэгэн оюутнаас Японы “National” маркийн дуу хураагуур худалдан авлаа. Тухайн үeд бид Москвагаар дамжин нутаг ирж буцдаг байсан бөгөөд тийн явах замд нэгэн орос залуу шалсаар байгаад нөгөө хураагуурыг минь 400 рубль өгөөд авч билээ. Энэ бол тэр үeдээ оюутан бидэнд төдийгүй жирийн ажилчин хэн нэгэнд бол маш их мөнгө. Бид хоёр бол баяжиж л байгаа юм.
Оюутан ахуйн нэг явдал санаанд тодхон байна. Ангийнхаа хэдэн оюутантай Будапешт хотын цайз үзээд явж байтал зочид буудлаас гарч явсан хоёр япон хүн намайг хараад япон хүн гэж бодсон уу, эсвэл адилхан ази хүн гэж найрсаг хандсан уу, өөдөөс хүрч ирээд мэхийн мэндэлсэн чинь хамт явсан нөхөд маань бүр гайхаад энэ хүмүүс чамайг япон гэж бодлоо шүү дээ гэж байна. Тэгтэл хамт явсан болгар нөхөр “Чи ч ёстой сайхан бүсгүй юм аа” гэхэд нь инээд хүрээд золтой л гудамжинд татаад уначихсангүй. Тэр залуугийн хувьд сайхан бүсгүйн хэмжүүр нь япон бүсгүйчүүд байсан юм болов уу даа. Түүнээс асуух л хэрэгтэй байсан юм. За ингээд 2 дугаар курсээ төгссөн тэр зун манай сургууль олон улсын оюутнуудад зориулсан унгар хэлний гурван сарын сургалт зохион байгуулж нэгэн япон бүсгүй ирсэн байлаа. Түүнийг Нарико гэдэг шиг санаж байна. Хөөрхий минь их гэнэн, 3 сар сургалтад хамрагдсан ч хэлээ ч олигтой сурсангүй хамаг мөнгөө худлаа сайн хүн болж дагалдаж гүйсэн овжин нэгэнд зээлдүүлэхийг нь зээпдүүлж, өөрөө юу ч үгүй үлдээд нөгөөдүүл нь эргүүлж өгөхгүй сүүлдээ бүр нутаг буцах зардалгүй болж, эцэг эхийнхээ илгээсэн мөнгийг хүлээгээд л тэрүүхэндээ их зовж байна гэдгийг оюутны байрны эрхлэгч эмэгтэйгээс сонсож билээ. Япон хүмүүс нэг нэгийгээ хууран залилах муу зуршилгүй учраас тэр нөхдөд их л итгэсэн байх даа хөөрхий. Тэр миний үeийн л бүсгүй байсан даа. Тэгээд төл удалгүй үзэгдэхээ байсан, бодвол нутаг буцсан биз ээ.
За тэгээд удалгүй сургуулиа ч төгсөж ирлээ, ажил албанд ч орлоо. Амьдрал тийн үргэлжилсээр 90-ээд он ч гарч, хаа саагүй өөрчлөн байгуулалт энэ тэр яригдаж нийгэм ч нэлээд нээлттэй боллоо. Монгол Япон хоёр орны харилцаа ч их ойртож улам өргөжиж эхэлсэн санагдана. Он жилүүд ийнхүү үргэлжилж шинэ зуун, шинэ мянгантай золгосон 2001 онд анх удаагаа арлын энэ оронд хөл тавьж билээ. Нөхөр маань тэр жил Саппоро хотод зохион байгуулагдсан Олон Улсын Автозамын Их хуралд оролцохоор уригдаж, гэр бүлийн хүн нь мөн тусгай хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан тул ийнхүү Япон орныг зорьж билээ. Бид тухайн үeд Улаанбаатар-Сеул-Осака-Саппоро гэсэн маршрутаар очиж, буцахдаа Саппоро-Хирошимо-Токио-Сеул- Улаанбаатар гэсэн чиглэлээр явсан. Нөгөө олонтой сонссон, кино, тeлевизээр харж байсан алдарт Гинза гудамжаар алхаж, Шибуяагийн хөл хөдөлгөөнт гарц, Токио Товар ( тэр үeд нэгдүгээр давхар нь тэр чигтээ автомат тоглоомын газар байсан, одоо өөр болсон байна билээ ) үзэх завшаан тохиож, зузаан цасан бүрхүүлд хучигдсан Саппоро хот, мөсөн урлагийн наадамд бэлдэж буй хотхон, уламжлалт цайны соёлтой танилцаж, их юм үзэж тун ч сайхан аялсан даа. Мөн Хоккайдогийн далайн амьтны захаар аялж мартагдашгүй сайхан дурсамжаар дүүрэн хэд хоногийг өнгөрүүлсэн дээ. Тийн явах замд энэ сууцнуудын дээвэр нь яаж дааж байдаг юм бол гэхээр зузаан цасанд дарагдсан байх агаад зам дагуу нэгэн хоёр давхар модон байшингийн дээвэр дээр залуухан охид бүсгүйчүүд бас хэдэн банди нар гарчихсан том модон хүрзээр дээврийн цас буулгаж байгаатай таарч билээ. Манайхан ч өвлийн цагт гэр дээрх цасаа ийнхүү буулгадаг танил тeхнологи хэдий ч Японд бас ингэдэг нь сонин ч юм шиг, магадгүй бүх юм автомажчихсан гэж бодож явсных тэр биз ээ. Япон бүсгүй сайхан бүсгүйн хэмжүүр гэлээ гэдэг шиг хожмын энэ цаг дор би ч бас япон хүмүүсийг бүгдээрээ ийм цасан цагаан царай зүстэй хэмээн төсөөлдөг байж. Хоккайдагийн далайн амьтны зах дээр очсон чинь манай говийнхон шиг бараан царайтай нөхдүүд хөлхөлдөж, монголчууд бидний хэрэглэдэг уламжлалт төмөр зуухтай адилхан зуух галлаад том том наймаалжнуудыг шараад зогсож байсан нь сонин ч юм шиг, танил ч юм шиг санагдаж байлаа.
Саппорогоос Хирошимо хот руу онгоцоор явж шөнийн цагаар ирэхдээ цонхоор дээрээс нь харвал яг л зул сарын мод шиг гэрэлтэж, ихэд үзэсгэлэнтэй сайхан байсан даа. Санаанаас огтхон ч гардаггүй юм. Харин 1945 оны цөмийн дайны хор уршгийг харуулсан музeйг үзэж явахад нуруугаар минь хүйт дааж, сэтгэл санаа минь хачин их тавгүйтэж, нэг хэсэгтээ л дарамттай байсан. Музeй ч гэж музей тэр дэглэлт, үзмэрүүд нь яг л энэ мөчид энэ бүхэн нүдний минь өмнө болж байгаа үйл явдал мэт гайхалтай дүрслэгдсэн бөгөөд нөгөө талаас машид аймшигтай. Энэ музeй үндсэндээ аймшиг, гайхамшгийн туйл гэмээр…Өөрөөр тодорхойлоход их хэцүү. Хэд хоног сэтгэлээс минь гарахгүй, eр нь дэмий ч үзэв үү гэж хүртэл бодогдож байсан. Энэ бүхнийг санах бүрдээ Бурхан минь ийм зүйл дахиад хэзээ ч хаана ч, хэнд ч бүү тохиолдоосой гэж өөрийн эрхгүй залбирдаг. Өөрийгөө нэгэн цагт Унгарт боловсрол эзэмшиж, өнөөг хүртэл бас ч гэж гадаадын чамгүй хэдэн орноор явж хэрэндээ л юм үзэж нүд тайлсан хэмээн бодож явсан бибээр Японы хөгжил соёл, япон үндэстнийг бол үнэндээ биширч билээ. Эдүгээ ч биширсээр байдаг даа.
Анх 1997 онд Лондонд очоод хөгжил соёлыг нь бол гайхаж л явлаа. Гэхдээ тэгтлээ их биширч байсангүй. Харин өнгөрсөн жил Японд дахин очих үeдээ сэтгэл оюундаа их олон зүйлийг эргэцүүлж явлаа. Япон орон, япон хүмүүс гайхалтай шүү . Юугаараа гайхалтай юм бэ? Япон хүний мөн чанар гэж судлаад судлаад баршгүй ухагдахуун байх шиг. Eр нь бол маш зөв хүмүүс, өчүүхэн миний ойлгож байгаагаар энэ бол асар өргөн хүрээнд их олон өнцгөөс яригдах хэв шинж ч юм болов уу. Энэ нь амьдралын зөв хэв маяг, зөв хооллолт гэдэг үндсэн хоёр зарчимд тулгуурлах агаад бусад бүх юм үүнээс салаалж мөчирлөнө. Амьдралын зөв хэв маяг нь эрүүл саруул, өв тэгш зөв бие бялдартай өсөж бойжих, ёс зүйтэй хүмүүжиж төлөвших, сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, амжилт гаргах, алжаал тайлах, өрөөл бусдад төдийгүй энэ нийгэмд, эх орондоо хэрэгтэй хүн байх гээд хамрахгүй юм үгүй. Тиймдээ ч ажил хөдөлмөртөө дуртай, өчүүхэн жижиг зүйлд ч айхтар ач холбогдол өгч бүр чин сэтгэлээсээ хандах агаад хариуцсан ажлаа урам зоригтой, баяр хөөртэй хийж гүйцэтгэх нь үнэн гайхалтай. Хүн гээч амьтан хийж байгаа ажлаасаа таашаал авч жаргалтай байх нь жинхэнэ жаргал юм билээ дээ. Тийм байх бүхий л боломж нь ч бүрдчихсэн юм байна аа. Тэд бол жаргалаа олчихсон ард түмэн. Тиймдээ ч амжилт бүтээл нь арвин байж, ямагт шинийг эрэлхийлж, үр шим нь өгөөжтэй байдаг биз ээ.
Япон сургалт хүмүүжил гэдэг бол энэ амьдралынх нь хэв маяг гэгчийг тодорхойлох хамгийн чухал бүр тусгайлан авч үзэх нэгэн том сэдэв бөгөөд япон хүний язгуур мөн чанарын асуудал төдийгүй энэ том гүрний үсрэнгүй хөгжил цэцэглэлтийн тулгуур нь чухам үүнд орших бөлгөө. Иймийн учир энэхүү сэдвийг хөндөх нь жирийн нэгэн аялагч миний хувьд ихэд ахдах тул энэ сэдвийг ингээд орхиё. Япон үндэстний хоол, хооллолт бол өлссөн ходоодоо дүүргэх төдийгөөр хэмжигдэх ойлголт бус. Зүгээр нэг сайхан амттай юм идэх тухай ч бас биш юм. Тэр бол эрүүл байх үндсэн зарчимд суурилах агаад түүний амт чанар, шим тэжээл, уран нандин хийц хэлбэр, содон чамин чимэглэл зэрэг нь хүний харах, амтлах, шингээх бүхий л эд эрхтэнд нэн таашаалтай, зохимжтой байхаар төлөвлөгдсөн байдагт л гол учир утга нь байна. Эрүүл хоол хүнсний ач холбогдол эндээс л эхэлж эцэст нь энэ бүхэнд санаа тавьсан улс үндэстэн хождог. Ингэж чадсанаар хүн ам, ард иргэд нь эрүүл байж л тэр улс үндэстэн хөгждөг гэдэг энэ ажгуу. Тэр бүү хэл тэнд ажлаа тараад найз нөхөд, ажлын газрынхантайгаа хооллож хэд гурван лааз шар айраг, халуун сакэ уух бол ердийн байх л ёстой зүйл, эр нь ч ууна, эм нь ч ууна. Шар айраг бол eрдийн хэрэглээ. Гэхдээ тэдний сархад хүртэх ёс, соёл тэс өөр буюу мөн л өнөөх зохистой хэрэглээтэйгээ холбогдох учраас согтуурч хөлчүүрхэх, элдэв янзын бүдүүлэг авир гаргах явдал eр үгүй юм. Харин ч тэр өдрийн стрeccээ тайлдаг гэх нь бий.
Онцгой анхаарал татсан хоёр зүйл бол Японд гудамжинд хогийн сав байдаггүй, үүссэн хогоо өөрснөө цүнхлээд л аваад явчихна, тиймээс гудамж талбай их цэмцгэр, харин жуулчид ихтэй газар мэр сэр хог хаячихсан байх нь таарна. Нөгөө нэг онцлох зүйл нь бол тэнд 00 асуудал хаана ч байхгүйгээр шийдэгдсэн, ямар ч үнэ төлбөргүй мөртлөө нийтийн биe засах газрууд нь хачин цэвэрхэн. Бусад улс оронд төлбөртэй нь ч тийм цэвэр цэмцгэр байдаггүй нь гайхалтай. Энэ бүхэн япон хүмүүсийн ухамсар, хүмүүжил, соёл ямар өндөр түвшинд байгааг тод илэрхийлэх ажгуу. Ард иргэд нь ч цэмцгэр, аж амьдрал, ахуй байдал нь ч цэмцгэр, аливаа бүхэн нь зөв зохистой, чамин содон, болохоор улс орон нь ч чамин цэмцгэр болоод ирдэг юм биш үү. Япон бол бүхэлдээ өвөрмөц цэмцгэр улс орон ажгуу. Чухам ийм учраас далан хэлнний хүмүүс зорин зорин ирдэг бөлгөө. Япон хүний наслалт гэж бас нэг гайхалтай сэдэв байна. Тэд хүний насны талаар биднээс тэс өөр үзэл бодолтой. Тэд ямагт залуугаараа, хөнгөн шингэн хөдөлмөрч жавхаалаг. Сумогийн хэдэн бөхчүүдийг эс тооцвол тэнд бүдүүн тарган хүн маш ховор. Японы дэлгүүр, хоршоо үйлчилгээний газрын хүмүүс хурдан гавшгай нь жигтэйхэн үйлчлүүлэгчдээ хүлээлгэж түвэг удахгүй гээд байнга л гүйгээрээ шогшоогоороо шүү дээ.Тэнд янз бүрийн л насны хүмүүс ажиллаж байгаа харагддаг. Бүгд л тийм хөнгөн шингэн. Хөгжлийнхөө дээд шатанд гарсан улс оронд ирсэн бүсгүй хүн болохоороо хэдий нас ахиж яваа ч гэсэн Японы гоо сайхны салбарын хөгжилтэй танилцахаа бас мартсангүй. Гайхалтай л юм билээ. Мөнгө нь байвал чи гадна дотно аль ч талаасаа бүрэн эрүүлжээд хүссэн насандаа эргээд очих тийм өндөр түвшинд хөгжсөн байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Eр нь бол үүдэл эсийн гайхамшгийг л ярьцгааж байна.
Нэгэн салоны нэрд гарсан эмч залуутай уулзах завшаан тохиож энэ бүхний талаар мэдээлэл авч суухдаа “Жишээ нь, би одоо 67 той энэ бүхэн надад хэрэгтэй юу” хэмээн асуутал “67 гэдэг бол Японд тийм хөгшин нас биш. Хүн eр нь өнгөрсөн хойно нь бус харин урьдчилан сэргийлж байх хэрэгтэй ” гэж билээ. Нөхөр маань өмнө нь хамт ажиллаж байсан мэрэгжил нэгт япон нөхөртэйгээ уулзаад ярилцаж суутал тэрбээр ” Би одоо 80 гарчихлаа.Таны ямар арга барилаар, яаж ажилладгийг чинь мэдэх учраас өөртэй чинь бол харин хамтраад ажиллахад бэлэн байна. Та бол бөгсөн дээр нь ганц алгадаад л ажиллаад бай, ажиллаад бай гэж хэлүүлэх насан дээрээ байна. Санаж бодсон юмаа хийгээрэй, зүтгээд байгаарай” гэж билээ. Бөгсөн дээрээ ганц алгадуулаад хурдлах тэр хүн нь одоо 68 настай, Монголын залуу үeийнхэнд бол аль хэдийнэ динозавр болчихсон байвал яахав. Японы алдарт дуучин Шинжи Танимураг 74 насандаа таалал төгсөхөд нь шүтэн бишрэгчид нь түүнийг залуугаараа явчихлаа. Амьд сэрүүн байсан бол мөн ч ихийг хийж бүтээх байсан даа хэмээн харамсаж байна. Тэгэхээр насны тухай ойлголт япон болон монгол үндэстний хувьд асар зөрүүтэй байгаа төдийгүй япон хүмүүс их овор багатай, залуу харагддаг тул тэднийг гаднаас нь хараад шууд насыг нь таахад хэцүү. Лав л миний хувьд гэхэд тухайн хүний надад харагдаж буй насан дээр даруй 20 насыг нэмэхэд л нэлээд дөхүүлэх юм билээ.
Улс үндэстнээрээ бүхнийг бусдын төлөө, хүмүүсийн аюулгүй, ая тухтай байдалд зориулдагт бас нэгэн нууц нь байх шиг. Жуулчдын хамгийн их очих дуртай газрын нэг болох Өүнээгийн худалдааны гудамжийг сонирхож очив. Ёстой бум бужигнаж, түм түжигнэсэн олон хөлийн газар байна. Дийлэнх нь гадаадынхан бололтой. Шибуяагийн алдарт уулзвар лугаа нэгэн адил зөрж өнгөрөх хүмүүс нь үл багталцах ажгуу. Харин тэнд чанга яригч барьсан нэгэн зохицуулагч японоор юм хэлээд л байна. Тэгтэл тэр маань харин “Маш их хүнтэй байгаа учир хоорондох зайгаа бодолцож нэг нэгнээ гэмтээчихгүй байхыг хичээгээрэй! Эд зүйлсээ хулгайд алдахаас сэрэмжлээрэй! Японд эмэгтэй хүний биeнд санамсаргүй хүрсэн ч эрүүгийн хариуцлага хүлээдэг хуультай учир энэ тал дээр анхаарна уу. Ер нь хоёр гараа халаасандаа хийгээд явах нь хамгийн найдвартай арга байх гэх мэтээр хууль журмаа танилцуулж болзошгүй аюулаас сэргийлж байлаа. Энэ тэнд гудамжинд ачааны машин зогсоод ачаа буулгах агаад нэг хүн түрүүлж буугаад машинаа тойруулаад анхааруулах дохио тэмдэг тавиад ард нь зогсоно, дараа нь хоёр дахь хүн нь машиныхаа урд талд зогсоод хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалж зохицуулна. Энэ мэтээр явган зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажилладаг болохоор ямар ч аюул осол гарахгүй их найдвартай. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дүрэм нь маш олон талаас нь бодолцсон байх агаад түүнээ ямар ч үед ягштал баримтална. Ер нь бол бүх юм нь соёлтойгоор хэвшчихсэн учраас замын хөдөлгөөнд оролцогчид нь өөр хоорондоо ам муруйх, стрeсс энээ тэрээ уур уцаарлаж бухимдах мэтийн таагүй авир огтоос үгүй, амгалан.
Eр нь бол Үндэсний бахархал түүний дархлааг хадгалж чадсан, аливаад япон чанар гэсэн стандарт тогтоож тэр нь бүр брэнд болсон юм билээ дээ. Дэлхийн хүн амыг япон үндэстэн хөдөлмөрч хичээнгүй зан чанар, өндөр ухамсар, хариуцлага, үнэнч шударга тууштай зарчимч ёс суртахуунаараа манлайлж байна.
Хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч, хүнлэг, даруухан, тэсвэр хатуужилтай зан чанараараа хүн болж төрснийхөө хэрэг зоригийг бүтээж чадаж байна. Чухам энэ нь тэдний өндөр насалдгийн бас нэгэн нууц байх. Хүмүүсийн хоорондын харилцаа, харилцааны соёл, харилцан хүндлэл, уламжлалт ёс заншил нь уур уцаар бүдүүлэг байдлаас ангид юм. Үнэндээ тэнд би уурлаж уцаарласан хүн нэгийг ч олж харсангүй. Япон үндэстний эрүүл байх үндсэн зарчмын нэг бага уурлаж, их инээ гэдэг сургаал жинхэнэ утгаараа хэрэгжчихсэн юм билээ дээ. Цаг үeийн нөхцөл байдал шаардлагад нийцсэн дэвшилтэт зүйлийг маш хурдтай нэвтрүүлж хэвшүүлж байгаа нь иргэд айх аюулгүй, амгалан тайван аж төрж, сэтгэл санаа өөдрөг, жаргаж амьдрахад нөлөөлдөг нь дамжиггүй. Үүний нэг жишээ нь гэвэл, ковидоос улбаатайгаар худалдаа, үйлчилгээний газрын хүмүүс бохир бэлэн мөнгөтэй харьцахгүй байх арга технологийг нэвтрүүлсэн байгаа нь хэний ч нүднээ илхэн харагдана.
Ноднин жилийн айхтар газар хөдлөлтийн дараа очихоос өмнөхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Япон даяар eрөнхийдөө цагаан будааны хомсдол үүссэн гэж байлаа. Гэсэн хэдий ч тэгтлээ нүдний гэм болоогүй дэлгүүр хоршоонд нь байж л байсан. Тэгээд нэгэн танилаасаа энэ тухай асуухад “Үнэн үнэн. Гэхдээ намар ургац хураахаар асуудалгүй болчихно”гээд тоосон шинжгүй сууж байлаа. Байгалийн гамшиг түүний үр дагаврыг сөрж ирсэн үндэстэн хэр баргийн юманд барьц алдаад байхааргүйгээр хатуужиж, тэвчээр суусан байдаг байх, тэгээд ч энэ мэт асуудал цаг үeийн л шинжтэй. Манайд бол яаж сэвэх бол доо хэмээн бодож л суулаа. Япон хүмүүс аливаад ийм тэвчээр хүлээцтэй атлаа баяр хөөртэй хөгжилтэй юман дээр эр эмгүй дуу алдах нь бас ч гэж сэтгэл хөдлөл ихтэйг илтгэнэ. Япон хүмүүс урт насалдгийн бас нэгэн нууц нь зовлонг тэвчиж, жаргалд баярлаж сурсан чухамхүү энэ л мөн чанарт нь шингэсэн буй за. Энэ бол миний л бодол, би ингэж л ойлгодог. Япон улс үзэж харах юм ихтэй, эртний түүх соёлоо нандигнан хадгалж үлдсэн түүхт хотууд, сүм, музeй дэлхийн гайхамшгууд, соёл урлаг, тeхник технологийн хөгжил, байгалийн сайхан гээд үзээд, үзээд дуусашгүй их юм байна аа, этгээд ч юм бас байна. Нэгэн орой гудамжинд робот нохой хөтөлсөн залуутай ч таарч л байлаа. Бөөн л гэрэл гэгээ цацарсан нэвт шувт гэрэлтсэн нэг тийм юм хөтлөөд л явж байна билээ.
Тэртээ 2001оноос хойш хэд хэдэн удаа ирж дээ гэсэн хэдий ч үзэж харах юм нь барагдахгүй дээ. Харин Сумогийн ордонг урьд өмнө нь зурагтаар л харж байснаас яг дотор нь орж үзэж амжихгүй явсаар уржнан л нэг боломж олдож билээ. Заавал үзүүштэй юмны нэг мөн байна шүү. Эртний түүхт Киото, Нара хотууд алдарт Фүжи уул гээд сэтгэл татам олон сайхан газруудын алийг хэлж барахав дээ. Энд тэнд явж байхад тэр нь тийм сайхан, даанч энэ нь нэг тиймхэн гэж бодогдох юм таарч л байдаг. Тэгэх нь ч зүй ёсны юм. Аливаа юм сайн муу нийлж сав дүүрдэг хойно.
Миний мэддэг япон хүмүүс
Харин Япон улсын хувьд, япон хүмүүсийн хувьд надад нэг тиймхэн гэх сэтгэгдэл үлдсэн нь үгүй. Хорвоо юм хойно таатай таагүй юм хаана ч гэсэн байдаг л биз. Харин ч би энэ үндэстний хүний сайнтай нь учирч ирж дээ. Мөн нөхөрлөлд үнэнч хүмүүс юм. Хэд уулзаад, хэсэг хамтарч байгаад хаячихдаг хүмүүс биш юм билээ. Эвий ахай энээ тэрээ гээд сүйд болоод байхгүй ч нэг л нөхөрлөсөн бол итгэл даадаг, жудагтай үндэстэн юм даа. Хүүтэй минь 20 гаруй жил дотно сайхан нөхөрлөж ах дүү мэт болсон залуус ч байна.Тэд өндөр ёс суртахуунтай, үлгэр жишээ хүмүүжилтэй хүмүүс учраас намайг ихэд хүндэлж, элгэмсүү хандаж бүр чин сэтгэлээсээ сайн сайхнаар дурсдагт нь сэтгэл уярмаар. Тэд хүний санаанд оромгүй жижигхэн зүйлийг том тус хүргэсэн мэт ихэд талархан хүлээж авдаг хүнлэг хүмүүс. Усанд орох халуун банныг нь бэлдээд өгөхөд түүнийг насан туршдаа талархан ярина. Япон хүмүүсийн мөн чанарыг би тэднээс олж хардаг. Хүүтэй минь цуг Монголд ирээд хөдөө гадаа хэд хоног аялаад нэлээд тав тух алдсан байдалтай Улаанбаатарт буцаж ирсэн нэг найз нь хэд хоног манайд байрлаж би оройдоо түүнд халуун банн бэлдэж өгнө. Халуун усанд орох ийм боломжтой байсан бол би Монголд хаана ч хэд ч хонож дөнгөнө өө гээд л инээд алдан ярина. Намайг хоол бэлдэх зуур “би Баярааг харж байяа, та хоолоо хий ” гээд 3 настай хүүтэй минь тоглож зугаацуулна. Нэг удаа хэн нэг нь цонх цохиод байх шиг болохоор нь гайхан очтол тамхи татахаар тагтан дээр гарахад нь хүү маань тагтны хаалгыг дотроос түгжчихсэн байж, 11 сарын чамгүй хүйтэн өдөр гэрийн нөмрөгтэй нэлээд даарсан янзтай харагдавч мөн л нөгөө инээдгээрээ инээгээд л зогсож байж билээ. Ноднинхон нэг ярихдаа та биднийг Гандан руу дагуулж явснаа санаж байна уу, тэр өдрийн хүйтнийг хэлэх үү. Тэгтэл та заавал 3 удаа тойрдог юм гэж бүх сүмүүдийг тойруулаад тэр олон хүрдийг эргүүлүүлээд, бээлийтэй байсан хэрнээ гар даараад, нэрэлхсэндээ бээрчилгүйхэн шиг дуусгаж билээ гээд бөөн инээдэм болж байлаа. Энэ бүхнийг эдүгээ хүртэл байнга дурсана. Хоёр гурван жүнз сархад тогтоож сэтгэл нь хөдөлсөн үедээ бүр уярна.Намайг бурханы аврал мэт хүндэлнэ. Урьд насандаа би таны хүү байсан байх аа гэдэг юм. Тиймээ тэр миний япон хүү.
Талархаж явдаг олон сайхан хүмүүсийн дундаас тэртээ хорин хэдэн жилийн өмнө нөхрийг минь өвчнөөс салгаж, сэтгэл гарган эмчилж өгсөн нэгэн япон докторын ач тусыг дурдалгүй өнгөрвөл ёстой алдас болно. Энэ хэд маань ихэд даруухан, намайг энэ тухай ярихыг сонсоод ичингүйрч ч мэдэх хүмүүжилтэй учраас тэднийхээ хувийн орон зайг хүндэтгээд нэрийг дурдахаас түдгэлзэж байна. Мөн л хориод жилийн тэртээ учирч ойртож нөхөрлөсөн нэгэн ховорхон сайхан хүний тухай бичихгүй бол сэтгэл минь тавгүйтэх буй за. Тэр хүнийг би ихэд хүндэтгэдэг учраас дотроо зүгээр л Эрхэм хүн гэж нэрлэх дуртай. Тэрбээр Япондоо төдийгүй дэлхийд нэртэй мундаг хүн. Англи, гeрман хэл төгс эзэмшсэн. Герман хэл дээр ном бичнэ. Миний хувьд түүнийг энэ л ажил төрөл, нийгэмд эзлэх байх сууринаас нь ангид зөвхөн хувь хүнийх нь хувьд эрхэмлэн хүндэтгэж явдаг бөгөөд чухамдаа бол энэ бүхнийх талаар бараг мэдэхгүйтэй адил, тэр бүү хэл мэдэхийг ч хүсдэггүй. Дал дөхсөн надад энэ бүхэн ямар ч хамаатай билээ. Харин хүмүүсийн хувийн сайхан харилцаа бол сэтгэл тэтгэх хамгийн таатай зүйл.
Ямагт сэтгэл татам найрсаг, хүнд чин сэтгэлээсээ ханддаг, дөлгөөхөн сайхан яриатай, энгийн хөгжилтэй юм хүүрнэж, дотно сайхан инээмсэглэж, инээж суудаг тэр чанар нь хэзээд ч нэг л янзаараа тун ховорхон сайхан хүн дээ. Агуу атлаа энгийн энэ гайхалтай хүнийг миний хувьд оновчтой тодорхойлох боломжгүй учраас энэ бүхнийг нь ганц үгээр илэрхийлж, эрхэм хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Би энэ эрхэмээс сонирхож явсан нэгэн асуултандаа хариу аваад ихэд талархаж билээ. Учир юү гэвээс, 80 гаруй настай нэгэн сайхан буурал танил маань Осака хотын захын дүүрэгт амьдардаг юм.Түүнтэй уулзахаар очтол алс холын хөдөөний өвгөнийг зорьж ирлээ гээд ихэд баярлаж байна. Монгол хүн миний нүдээр тэр орчмыг хөдөө гэж ойлгоход бэрхтэй, харин хотын захын нэг дүүрэг гэвэл илүү зохино. Би энэ тухай нэлээд эргэцүүлж бодсоны эцэст өвгөн энд л төрж өссөн тухайн үeд энэ газар нутаг хөдөө байсан нь мэдээж хэрэг. Хожим нь Осака хот тэлж хөгжиж, тиймээс өвгөний сэтгэлд хөдөө гэдгээрээ л үлдэж дээ гэж дүгнэв. Түүний дараахан Эрхэм хүнтэй нэг уулзахад Японд яг юү үзэж сонирхмоор байна гэхэд нь Японы тосгон ч биш бүр хөдөө нутагт очиж үзмээр санагдсан гэхэд минь “За даа одоо хөдөө нутаг гэх тийм юм бараг байхгүй дээ. Нэлээд асууж сурах байх” гэж хариулсан. Тэр бол Японы хөгжлийг түвшинг өгүүлсэн, яг миний сонсохыг хүсэж байсан хариулт байсан даа. Тэрбээр Монголд ирж байсан учраас миний чухам юу асуугаад байгааг маш сайн ойлгосон хэрэг. Өвгөний үгэнд хийсэн дүгнэлт минь зөв байсан.
Бяцхан эргэцүүлэл
Даяарчлалын давлагаа тойроогүй улс орон гэж үгүй бололтой юм аа. Өнгөн дээрээ нийтлэг аястай авч начир дээрээ шалтаг шалтгаан нь өөр өөр. Магадгүй би хэрээсээ хэтэрсэн өргөн утгаар эсвэл бүр эсрэгээрээ буруу талаас нь харж байж ч магадгүй.
Дүрвэгсдээс үүдэн Eвропын хүн амын бүтэц их өөрчлөгдсөн буюу аль ч улсад нь очсон азийнхан, лалын шашинтнууд бараг давамгайлсан байдалтай байгаа нь ажиглагдсан.Тухайн үндэстний хэл яриа сонсогдохоосоо илүүтэйгээр англиар дуугарах нь их сонихон байлаа. Ялангуяа 17 настайдаа Унгарт сурахаар очиж тэр үндэстний хэлийг хичээнгүйлэн үзэж байсан миний хувьд сэтгэл гонсойх ч шиг. Аль нэг үндэстний хэл яриа ийм байдлаар мөхдөг байхдаа гэх ухааны юм ч бодогдож байлаа. За даа eр нь тэгээд маньд ямар ч хамаатай юм. Унгар жуулчдын орон болсон байна билээ. Тиймээс гадаад царайтай хүн л харвал өөдөөс англиар л дуугарна. Тавин жилийн өмнөх юм ёстой ул болжээ.
Түүнээс хойш хагас зуун жил өнгөрсөн болохоор арга ч үгүй биз дээ хэмээн бас зөвтгөнө. Гэтэл Гeрман тийм олон цагаач дүрвэгсэдтэй мөртлөө хэний ч өөдөөс зөвхөн гeрманаар л дуугарна .Гeрман хэл мэдэхгүй гэдгээ учирлах аваас харин англиар ярина, төгс ярина шүү дээ. Японд ч гадаадынхан бас олноороо байдаг болжээ. Гэхдээ энэ нь ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй гэнэ. Нэн ялангуяа үйлчилгээний салбарт хятад, малайз, энэтхэг гэх мэтчилэн гадаадынхан л ажиллаж байна. Харин тэд бүгд японоор ярьж байгаа нь авууштай. Цаг хугацаа гэдэг бүхнийг өөрчлөх юм даа. Гэтэл танил монгол залуу “Японд 20 жилийн өмнө ирж байлаа. Такси нь өөр болж, хүүхнүүдийнх нь хөл нь тэгшхэн болж, өөр өөрчлөгдсөн юм алга, яг хэвээрээ байна гэсэн” гэдэг. Тэр ч бас үнэн л юм билээ. Хүн хүний үзэл бодол, аливааг харах өнцөг харилцан адилгүй.
Үүн лугаа аливаа үндэстний уламжлалт соёл, зан заншил харилцан адилгүй боловч тус бүрдээ түүнийгээ хамгаас илүү нандигнан хүндэтгэж бахархаж хэн гэдгээрээ онцгойрдгоороо харин ижилхэн юм. Харилцан адилгүй байхаас ч өөр аргагүй юм чухам түүгээрээ тэд биe биeнээсээ ялгаран омогшиж, ондоошдог хойно. Япончууд Фүжи уулаа ихэд хүндлэн дээдэлж нандигнана. Энэ үндэстний мөнхийн ариун сахиус юм даа. Тиймдээ ч Фүжи уулаа алдаршуулж бүхий л юман дээр зургийг тавина. Бүр оймсон дээр хүртэл. Би ач охиндоо бэлэг болгож нэг хөөрхөн эрээн оймс авахдаа хэдий таалагдсан боловч Фүжи уулын зурагтайг нь сонгож eрөөсөө зүрхэлсэнгүй. Үүнийг уншиж буй эрхэм хэн нэгэнд тун ч хачирхалтай санагдаж мэдэх юм. Гэхдээ л би чадсангүй. Яагаад гэхээр монголчууд бид шүтээн болсон уулс хайрханаа дандаа дээдэлж ирсэн болохоор түүний зурагтай хувцсыг зөвхөн цээжин биeндээ эсвэл малгайг нь л өмсөнө. Харин хөлдөө бол хүргэхгүй. Энэ бол бидний шүтэх эс шүтэх, дээдлэх эс дээдлэх, оршихуй эс оршихуй, ариусах эс ариусах гэх мэт үзэл бодлын үндсэн ялгаа юм. Үүнийг орчин үeийн залуус хаанахын ямар үндэстэн хэн ч байсан ойлгохгүй бүр шүүмжилж ч байж мэднэ. Үндэс нэгт залуусын маань дотроос ч шүүмжлэх хүн гарна. Хуучинсаг гэж хэлж ч магад, тэднийг буруутгахгүй ээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг дээ. Гэхдээ бидний үeийнхэн энэ үзэл бодлоо гээхгүй л болов уу…
Япон залуучууд ихэд найрсаг, боловсон, хүмүүжил сайтай, ухаалаг, хүн бүхэнд хүндэтгэлтэй ханддаг, хөөрхөн ааштай. Би хүүгийнхээ хамт нэгэн япон хоолны газар очиж үйлчлүүлэх их дуртай байж билээ. Нэг удаа тэр хоолны газрын эзэн залуу “Укасан (ээж гэсэн япон үг), Та ийм сайн хүүтэйдээ дандаа баярлаж яваарай! Ээжийгээ дагуулж ирээд хамтдаа хооллоод сайхан яриад суудаг ийм хүү ховорхон шүү! Манай Японд л лав байхгүй. Нээрээ шүү!” гэж билээ. Бид хоёрыг очих бүрийд нөгөө л хамгийн тухтай кабиндаа суулгана. Тэгэхээр тэр өөрөө бас их ховорхон сайхан сэтгэлтэй ухаалаг хүү байгаа биз. Бусад рecторан шиг 2 цагийн дараа үйлчлүүлэх хугацаа дууссан гэдгийг эвтэйхэн сануулж, тооцоо бариад ирэхгүй. Японы хоолны газрууд ямагт хүн ихтэй, урт дараалалтай байдаг болохоор бид 2 ч түүнд түвэг удахгүйг хичээнэ. Бидний хооронд ийм нэгэн хүнлэг, сайхан сэтгэлийн харилцаа тогтсоныг эргэн дурсахад таатай байна. Олон хуниастай оодон юбка, өвдгөө давсан урт оймсныхоо хооронд нүцгэн гуяа гялалзуулсан хөөрхөн охид үс гэзгээ элдвээр гоёж эрвээхий адил дэрвэлзэх нь Токиогийн гудамжийг чимж, жуулчдын нүдийг хужирлана. Энэ содон хувцаслалт Eвропын залуучуудыг Япон руу татдаг онцлог зүйлсийн нэг гэж сонсож байснаа саналаа.
Энэ дашрамд дурдахад, япончууд eр нь л их донжтой сайхан, цэмцгэр хувцаслана. Эр эм, хөгшин залуу гэлтгүй аль ч насныхан тэр чамин тансаг үнэтэй брэнд, элдвийн этгээд авангард загварууд, энгийн чанартай гээд бүхий л төрлийн сонин содон хувцас хунар эдэлж хэрэглэнэ. Дэлхийн загварын eртөнцөд бас л цахиур хагалж байгаа орны иргэд юм даа. Эцэст нь япон бүсгүйчүүдийн тухай төрсөн бодлоо хуваалцахыг хүсч байна. Eр нь ажиглаад байх нь ээ япон бүсгүйчүүд маш ухаалаг, ихэд хүлээцтэй, хүнийг их ойлгодог, нэн ялангуяа эрэгтэй хүнийг маш сайн ойлгож жинхэнэ түшиг тулгуур нь болж чаддаг, бүр цаанаасаа хүний сайн хань, хүүхдийн сайн ээж байхаар заяагджээ гэсэн бодол төрдөг. Уншсан япон ном зохиолоос ч өөрийн эрхгүй тийм ойлголт төрж, бодит амьдрал дээр ч тэгж л харагдана.
Японы нэгэн зүйр үгэнд нэг ээж зуун багштай тэнцэнэ гэдэг шиг ээжүүд нь охидоо багаас нь юм юманд бэлддэг нь анзаарагддаг. Тиймээс юу ч мэдэхгүй хоёр гэнэн нөхөр нийлээд нэг гэрт орох нь ховор болов уу. Япон бүсгүйчүүд нөхөрт гарч гэр бүл зохиох бэлтгэлтэй байдаг, тиймээс тэд амьдралд хэр баргийн хөл алдаад байдаггүй биз ээ. Гэр бүлийн таагүй асуудлыг хуримтлуулаад шаналахаасаа илүүтэйгээр хоорондоо ярилцаж хамт зөв гарцыг нь хайж зөв шийдэлд хүрдэг, хэн ч авууштай сайхан чанарууд ихэнхэд нь давамгайлдаг гэж анзаарсан. Тэд намба төрх даруухан хэдий ч дийлэнх нь яс юман дээр бодсон санасанаа шулуухан сайхан хэлчихдэг, чамбай хүмүүс гэж ажигласан. Tэр даруухан, өндөр ёс суртахуунтай ажилсаг, эeлдэг найрсаг, дөлгөөхөн төрхний цаана ямар их өндөр зорилго, хүсэл тэмүүлэл, дайчин чанар нуугдаж байдгийг таахад бэрх. Зан зангаа авалцаад ямархуу хүн бэ гэдгээ таниад ирэхийн цагт тэд маш нээлттэй машид илэн далангүй хамгийн сайн зөвлөгч, тусархаг нэгэн байдаг. Монгол хүнтэй гэр бүл болж, Монголд аж төрөн суугаа япон бүсгүйчүүд байна. Тэд бүгдээрээ бахархмаар мундаг, айл гэрийн үлгэр жишээ эзэгтэй, гэргий, ээжүүд. Тэдний зарим нь хөдөө нутагт, зарим нэг нь хот суурин газар амьдардаг. Эдгээр бүсгүйчүүд дундаас манай тeлевизийн од болсон Томоко гэдэг бүсгүйг онцолмоор санагдлаа. Түүнийг танихгүй монгол хүн бараг л байхгүй дээ. Монголоор гаргууд сайн ярина, үгийн баялаг, хэллэг энэ тэр бол гайхалтай. Монгол хүнээс eр ялгагдах юмгүй. Хөдөлмөрч, хошин шогийн мэдрэмж сайтай, шулуухан үгтэй, хөгжилтэй цоглог, адтай, одтой бүсгүй байдаг. Хайр сэтгэлд хил хязгаар байдаггүйн тод жишээ биз ээ. Замын тэмдэглэлээр эхэлж, зах хязгааргүй хөвөрсөн, замбараагүй олон зүйлд сэтгэл тэнүүчилсээр бодож санасан бүхнээ сийрүүлэн буулгасан энэхүү бодлын солбицлоо үүгээр өндөрлөe.
Токио, 2025 оны 1 дүгээр сарын 18.
Шаравын Оюунгэрэл
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Ажил эрхлээгүй байхад нь улсын төсвөөс 24.5 сая төгрөгийн цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn
Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857...
3 цагийн өмнө
Экспорт 23.1 хувиар багасжээ DNN.mn
Монгол Улс энэ оны эхний нэг сард 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуула...
4 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна DNN.mn
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийсл...
4 цагийн өмнө
Япончуудын Мөнхийн шүтээн Фүжи уул
Фүжи уулын наана Хань Р.Будын хамт Аян замын тэмдэглэл хөтөлдөг сонирхол минь завсарлаж завсарласаар арван хэдэн жилийн дараа Япон о...
4 цагийн өмнө
АНУ-ын далбаан дээрх 50 дахь таван хошууны түүх DNN.mn
АНУ Тусгаар тогтнолын тунхаглалаа 1776 оны долдугаар сарын 4-нд баталсан ч тусгаар тогтнолын төлөөх дайн 1782 он хүртэл үргэлжилсэн....
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд