гадаад
АНУ-ын далбаан дээрх 50 дахь таван хошууны түүх DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 10
![img](/images/view.png)
61
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/53282f_USA_Flag_uhd_x974.jpg?v=1739172898)
АНУ Тусгаар тогтнолын тунхаглалаа 1776 оны долдугаар сарын 4-нд баталсан ч тусгаар тогтнолын төлөөх дайн 1782 он хүртэл үргэлжилсэн. Харин 1783 онд Их Британи өөрийн колони АНУ-ын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Үүний дараа АНУ нутаг дэвсгэрээ худалдаж авах, хураах, өөрийгөө тунхагласан бүгд найрамдах улсуудыг бүх нийтийн санал асуулга явуулж нэгтгэх зэргээр далбаан дээрээ таван хошуу нэмсээр өнөөдрийн газар нутагтай болсон билээ. АНУ-ын өнөөдрийн өөрийн зүүн хойд муж улсууд болох тухайн үеийн 13 колонийн төлөө Их Британитай тэмцэж эхлэв. Энэ 30 хүрэхгүй жилийн тэмцлийн үр дүнд АНУ-ын нутаг дэвсгэр хоёр дахин нэмэгдсэн байна. Их Британи 1795 онд Энэтхэгийн овог аймгуудтай хийсэн дайны дараа суларч, АНУ-тай Гринвиллийн гэрээ байгуулж, одоогийн Охайо мужийн ихэнх хэсгийг америкчууд хяналтандаа авч чадав. Тэд үүнийхээ дараа Миссисипи голын зүүн талын нутаг дэвсгэрийг аажим аажмаар өөртөө нэгтгэж байв. Гэхдээ 1803 онд хийгдсэн Луизиана мужийг худалдан авсан явдал энэ улсын түүхэнд онцгой байр эзэлсэн юм. АНУ Францаас Луизиана мужийг худалдаж авснаар өөрийн газар нутгийг хоёр дахин нэмэгдүүлсэн билээ. Францууд 1763 онд Луизианаг Испанид шилжүүлэн өгсөн ч Испани улс энэ газар нутгаа хэзээ ч ашиглаж байгаагүй бөгөөд энэ нь хаант улсад хохирол амсахаас өөр юу ч авч ирээгүй учир 1800 онд Луизиана мужийг Францад буцаан өгчээ. Харин Францууд 1803 он гэхэд энэ нутаг дэвсгэрийг өөртөө бүрэн шилжүүлж авсан даруй АНУ-д зарж орхив. Наполеон Бонапарт тэр үед хараахан эзэн хаан болоогүй байсан ч тухайн үед Францын бүгд найрамдах улсын анхны консул байсан тэрээр энэхүү ашиггүй газар нутгийг 15 сая ам.доллараар худалдав. Үр дүнд АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсон 2.1 сая хавтгай дөрвөлжин километр буюу арван гурван колониос илүү том газар нутгийг эзэмших гэрээнд гарын үсэг зурав.
Хожим нь АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч болсон генерал Эндрю Жексон XIX зууны эхэн буюу 1818 онд Америкийн нутаг дэвсгэрийг Семинол овгийн индианчуудын дайралтаас урьдчилан сэргийлэхийн тулд Испанийн хоёр цайзыг эзлэн авчээ. Энэхүү хоёр цайз үймээн самуунтай Флорида мужид оршиж байв. Эцэст нь Францын жишээг дагаж Испани уг мужийг АНУ-д худалдахаар шийдсэн билээ. Үнэндээ бол Испани улс Флорида мужийг АНУ-д үнэгүй өгсөн юм. Гэхдээ испаничууд Америкийн ирээдүйн ерөнхийлөгч тухайн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Жон Квинси Адамсын гарын үсэг зурсан уг гэрээнд хэд хэдэн нөхцөл тавьсан байна. Нэгдүгээрт, Испанийн засгийн газарт АНУ-ын иргэд нийт 5.5 сая ам.доллар төлөх үүрэгтэй. Хоёрдугаарт, Техас болон Хойд Америк дахь Испанийн бусад колониудыг АНУ өөртөө нэгтгэхээс татгалзах явдал байв. Тэгвэл Техас мужид англи хэлээр ярьдаг оршин суугчид 1835 онд тухайн үедээ тусгаар тогтносон улс болоод байсан Мексикийн засгийн газрын эсрэг бослого гаргажээ. Техасчуудын дургүйцлийн нэг гол шалтгаан нь Мексикт боолчлолыг халсан явдал байв. Хагас жилийн дотор босогчид Мексикийн засгийн газрын армийг ялж, ерөнхийлөгч Санта Аннаг хүртэл баривчлав. Үр дүнд нь талууд 1836 онд Бүгд Найрамдах Техас улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэрээнд гарын үсэг зурснаар энэ газар нутгийн ихэнх хэсгийг тодорхойгүй статустай үлдээжээ. АНУ энэ дайнд болон бүгд найрамдах улсын хилийн мөргөлдөөнд албан ёсоор хөндлөнгөөс оролцоогүй ч өөрийн сайн дурын цэргүүдийг Техас руу байнга илгээдэг байв. Ийнхүү Техас 1845 онд АНУ-ын 28 дахь муж улс болжээ. Техас мужийг өөртөө нэгтгэсний дараа мэдээжээр АНУ, Мексикийн харилцаа эрс муудав. АНУ дайнд бэлтгэж эхэлсэн ч Мексикийн нутаг дэвсгэр болох Калифорниа мужийг 25 сая доллар, Нью Мексико мужийг 5 сая доллараар худалдан авах талаар хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ үед Мексикийн засгийн газар өөрчлөгдөж, тэд худалдах саналыг доромжлол хэмээн үзэн, Мексикийн эрх баригчид Техасыг АНУ-аас буцаан нэхэмжлэв. Үр дүнд нь Мексикийн цэргүүд маргаантай нутаг дэвсгэрт нэвтэрч, Америкийн эргүүлтэй тулалдаж, улмаар ерөнхийлөгч Жеймс Полк АНУ-ын Конгресст “Мексик улс манай нутаг дэвсгэрт халдаж, Америкийн газар нутагт америкчуудын цусыг урсгаж байна” гэж мэдэгдэв. Ийнхүү дайн дэгдэв. Дайны эхэн үед буюу 1846 оны 8-р сард АНУ Калифорниа, Нью Мексико мужуудыг өөртөө нэгтгэж, 1848 онд энх тайвны гэрээнд гарын үсэг зурснаар Мексик эдгээр мужуудыг АНУ-д шилжүүлэв. Мексикийн арми бүрэн ялагдал хүлээснээр дайн дуусав. Санал асуулгаар нэгдсэн Техас мужийг оруулаад Мексик өөрийн газар нутгийнхаа талаас илүү хувийг АНУ-д алджээ.Оросын худалдаачид Америк тивийн баруун хойд хэсгийн газар нутгийг судалж эхэлсэн анхны Европчууд болов. Иймээс Аляскийг 1799 оноос хойш Орос, Америкийн хамтарсан компани удирдаж байв. Оросын эзэнт гүрэн Аляск байгалийн баялаг ихтэй гэдгийг мэдэж байсан ч эрх баригчид энэхүү газар нутгийг эзэмшихэд амаргүй гэдгийг хүлээн зөвшөөрч байв. Улмаар Америкчуудад авлигадуулсан Зүүн Сибирийн амбан захирагч Муравьев-Амурский 1853 онд өөрийн хаанд “Хойд Америкийн улсууд Хойд Америк даяар гарцаагүй тархах бөгөөд бид эрт орой хэзээ нэгэн цагт Хойд Америкийн эзэмшилд энэ газраа тэдэнд өгөхөөс өөр аргагүй болно” гэж бичжээ. Энэ захидлаас яг нэг жилийн дараа АНУ Аляскийг Оросын эзэнт гүрнээс худалдаж авах санал тавьжээ. Хэлэлцээр 1867 онд эцэслэж, Орос 1.5 сая хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан Хойд Америк дахь эзэмшилийнхээ төлөө 7.2 сая доллар авчээ. Тухайн үед Испанийн колони байсан Кубад 1898 онд АНУ туслахаар шийдэв. Кубын босогчдод туслахаар Америкийн сайн дурынхны отрядуудыг ачсан “Мэйн” байлдааны хөлөг уг арлын эрэг дээр ирж зогсов. Энэ усан онгоцыг сүйтгэсэн дэлбэрэлт дайны шалтаг болов. Харин орчин үеийн түүхчид уг дэлбэрэлтийг гадны нөлөөгүйгээр болсон гэж үздэг. АНУ дайнд ялж, энхийн гэрээний дагуу Куба, Пуэрто-Рико, Филиппин, Гуамын арлыг мэдэлдээ авав. Куба 1902 онд тусгаар тогтнолоо олж авсан боловч Америкийн нөлөөнд үлдсэн юм. Харин Филиппин 1946 онд тусгаар тогтнож, Пуэрто-Рико, Гуам хэзээ ч АНУ-ын муж улс болоогүй ч өнөөдрийг хүртэл тэдний нөлөөнд байсан хэвээр байна. Хавай нь XIX зууны эцэс хүртэл бие даасан хаант улс байсан. АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр 1893 онд энэ аралд төрийн эргэлт гарав.
Хатан хааныг түлхэн унагаж, хаант засаглалыг бүгд найрамдах засаглалтай болгож, АНУ-д нэгдэхийг дэмжигчид засгийн газарт орж ирэв. АНУ-ын ерөнхийлөгч Уильям МакКинли Хавайн арлыг өөртөө нэгтгэх гэрээнд гарын үсэг зурсан ч хоёр жилийн дараа Хавайн арлууд автономит буюу өөрөө удирдах ёсны статустай болж, харин иргэдийнх нь санал асуулгын дагуу 1959 онд АНУ-ын 50 дахь муж улс болж өнөөг хүртэл тус улсын далбаан дээрх сүүлчийн таван хошуу болсоор байна.
Г.АМАРСАНАА
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Ажил эрхлээгүй байхад нь улсын төсвөөс 24.5 сая төгрөгийн цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn
Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857...
3 цагийн өмнө
Экспорт 23.1 хувиар багасжээ DNN.mn
Монгол Улс энэ оны эхний нэг сард 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуула...
4 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна DNN.mn
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийсл...
4 цагийн өмнө
Япончуудын Мөнхийн шүтээн Фүжи уул
Фүжи уулын наана Хань Р.Будын хамт Аян замын тэмдэглэл хөтөлдөг сонирхол минь завсарлаж завсарласаар арван хэдэн жилийн дараа Япон о...
4 цагийн өмнө
АНУ-ын далбаан дээрх 50 дахь таван хошууны түүх DNN.mn
АНУ Тусгаар тогтнолын тунхаглалаа 1776 оны долдугаар сарын 4-нд баталсан ч тусгаар тогтнолын төлөөх дайн 1782 он хүртэл үргэлжилсэн....
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд