Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

“Да хүрээ” захын ченжүүд сүүлийн гурван сар нэг ч машин зарсангүй гэв

trend

Админ

img

2025 оны 9 сарын 11

img

1

news-img

Автомашины үнэ нэмэгдээгүй ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан хэмээн ченжүүд хэлж байна. Тиймээс иргэдийн шинэ машин худалдан авч чадахгүй байгаа шалтгааныг тодруулахаар “Да хүрээ” автомашины захыг зорилоо. Өвөлтэй харьцуулахад “Да хүрээ” захын автомашинууд илүү цөөн болсон ч юм шиг хоосон зогсоол багагүй харагдана. Тус захаар автомашин сонирхож яваа хүмүүс багахан. Ихэвчлэн машины сэлбэг, хэрэгсэл сурагласан хүмүүсийн цуваа тасрахгүй байх аж.

“Да хүрээ” захын ченжүүд он гарснаас хойш багадаа хоёр, хамгийн ихдээ дөрвөн машин зарсан гэнэ. Харин өмнө жилүүдэд дор хаяж долоо, найман машин зардаг байсан тухай хэлж байв.

Яагаад автомашины борлуулалт огцом муудсан талаар “Да хүрээ” захын ченж М.Бэгзээс тодрууллаа. “Хамгийн том шалтгаан бол иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас автомашин худалдан авахаа больсон. Хоёрдугаарт, автомашины дугаар олголтын асуудал байна. Арван жилийн насжилттай машинд хотын дугаар олгохгүй гэх журам багагүй нөлөөлсөн. Хоёр жилийн өмнө худалдан авсан буюу 2011 оны машинтай хүмүүс 21 аймгаар дүүрэн байна. Тэд одоо хотод орж ирээд хуучин машинаа зараад шинэ машины урьдчилгаа хийе гэхээр орон нутгийн дугаартай машиныг ченжүүд авахаа больсон. Одоо Булганы хүн Булгандаа машинаа зарж чадах уу, үгүй юу байгаа. Ингээд гар дээрээ бэлэн мөнгө ч үгүй, хуучин машинаа зарж чадахгүй байгаа хүмүүс яаж шинэ машин худалдаж авах вэ. Өмнө нь иргэд хуучин машинаа зараад шинэ машины урьдчилгаа хийдэг байсан юм. Одоо ямар ч боломжгүй болсон. Миний хувьд сүүлийн гурван сар нэг ч машин зарсангүй. Автомашины борлуулалт муудсан дахиад нэг том шалтгаан бий.

Санхүүгийн хороо, Монголбанк хоёр Банк бус санхүүгийн байгууллагуудыг заавал урьдчилгаа 30-40 хувьтай тохиолдолд зээл олго гээд шахаанд оруулчихсан. Уг нь урьдчилгаа 10, 15, 20, 30 хувь гээд тухайн хүний дурын асуудал байлаа. Одоо иргэд Банк бус санхүүгийн байгууллагын хүү, урьдчилгаа хоёроос хамгийн их халагладаг болсон. Бодогдох хүүгийн хэмжээ ихсээд, урьдчилгаа өндөр тавигдчихаар тухайн зээлийн болзлыг хангах амьдралтай хүн Монголд бараг байхгүй. Учир нь Банк бус санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо өр орлогын харьцааг хардаг. Өөрөөр хэлбэл, хүү нь өндөр болохоор төлөлт нь ялгаагүй өндөр байдаг юм. Үүнийг дагаад урьдчилгаа өндөр гарна. Тиймээс иргэдийн авч байгаа цалин, сар бүрийн зээлийн төлөлтийн хэмжээ хоёр хоорондоо огт уялдахгүй. Нэг сая 500 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн, сар бүр нэг сая орчим төгрөгийн зээл төлөөд шинэ машин унаад явах боломжгүй шүү дээ. Яаж ч бодсон ийм нөхцөлд хүн машин худалдан авч чадах уу. Ийм бодол ч төрөхгүй байх. Автомашины борлуулалт эрс буурсан нь ийм хэдэн шалтгаантай. Гэтэл нөгөө талд авто тээврийнхээ татварыг тав дахин нэмчихээд тэгш, сондгойгоор нь явуулна гээд дарамтлаад байдаг. Үнэхээр шударга бус байна. Иргэдээ яаж амьдар гээд байгаа юм бэ” гэв.

Автомашины улсын дугаар нэг сая төгрөгийн үнэтэй байна

Өвөл энгийн дугаар хамгийн багадаа нэг сая 500 орчим мянган төгрөгийн үнэтэй байжээ. Одоо автомашины борлуулалт эрс муудсан учраас аргагүй эрхэнд үнэ нь буураад нэг сая төгрөг болсон гэнэ. Харин автомашины үнийн хувьд акуа18 сая төгрөг, приус-30 18-19 сая төгрөгийн үнэтэй байна. Авна гэсэн хүнд яриад өгч болно гэдгийг ченжүүд онцоллоо. Харин хотын дугаартай приус-30 21 сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Автомашины борлуулалт эрс муудсан учраас ченжүүдэд зогсоолын түрээсийн мөнгөнөөс эхлээд тал талаас дарамт учирсан хэмээв. Мөн энэхүү хямралыг дагаад тэд эргэлдүүлэх ямар ч мөнгөгүй болжээ. Өнөөдөр Монголын бүх хүн зээлтэй. Нэг ёсондоо өрийн дарамтад орсон хэмээн ченжүүд хоорондоо ярилцана. Өмнө нь зээлээс зээлийн хооронд амьдардаг байсан ч нэг жилд хоёрхон машины борлуулалттай байгаагүй. Харин одоо машин зарагдахгүй байгаа учраас зээлийнхээ хүүгийн өмнө бүрэн сөхөрсөн. Аргаа барахдаа машинаа орж ирсэн үнээс нь хямдруулаад ч хүн авахгүй байна гэв.

Долларын ханшийн өсөлтийн өмнө монгол төгрөг шалны алчуур болсон

Ченжүүдэд төгрөгийн сулрал, долларын өсөлт дарамт болж байгаа талаар ярилцлаа. Тэд “Гадаадаас автомашин оруулж ирэхэд тээврийн зардал нь ам.доллароор бодогддог. Японоос машин авлаа гэж бодоход үнэ нь ялгаагүй йениэр бодогдоно. Бүх үйл ажиллагаа, хөдөлгөөн ам.доллар, валюттай холбоотой. Өнөөдөр нэг ам.доллар 3600 төгрөгтэй тэнцэж байна. Бүх тооцоо, төлбөрийг ам.доллараар бодож авдаг учраас монгол төгрөг шалны алчуур болсон. Одоо бид вьетнамчууд шиг тэргэн дээр төгрөгөө овоолоод түрэх л дутуу байна даа. Арчаагүй Засгийн газар ямар байдгийг харж авлаа. Иргэдийнх нь амьдрал байж болох хамгийн доод түвшиндээ хүрчихээд байхад нэг тойргийн УИХ-ын гишүүдэд 15 тэрбум төгрөг хуваарилна гэж ярихаасаа ичээсэй. Тэд УИХ-ын гишүүн болохоос аж ахуйн дарга, аймгийн Засаг дарга биш шүү дээ. Өнөөдөр иргэдийн амьдрал маш тааруухан байна. Бүр маш муу байна гэж хэлье. Нөгөө улныхан гэдэг нь бид бүгд боллоо. Гэтэл манай ард түмэн ямар хүлцэнгүй юм бэ. Уг нь бид ам.долларын ханшийг 1500 төгрөг болгосон гээд тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгчөө огцруулж байсан түүхтэй.

Мөн төр иргэддээ алагчлалтай хандаж байгаа гэж хэлмээр байна. Зөв талдаа жолооны хүрдтэй Хятадаас орж ирсэн автомашинд ямар ч оочер, шалгуургүйгээр хотын дугаар олгодог болсон. Гэтэл “Да хүрээ” захад зарагддаг Япон, Европоос орж ирсэн машинуудад баахан шалгууртайгаар дугаар олгох журам баталчихсан. Цагтаа автомашины дугаар 30-хан мянган төгрөг байсан.

Худалдан авах чадвар дэндүү сул. Үүнийг нь дагаад бид хүртэл хямарчихсан. Хүн бүр зээлийн хүүнд дарлуулж байна. Албан ёсоор зарлахгүй л байгаа болохоос манай орон бүхэлдээ хямралд өртсөн. Төр нь иргэдээ байж болох бүх талаар нь боомилж байна. Хууль баталсан ч дандаа иргэдийнхээ эрх ашгийн эсрэг. Үүнийг нь эсэргүүцдэг сөрөг хүчин ч алга. Одоо энэ улсад машин худалдан авч унах, гадаадаас машин оруулж ирээд зарах хоёр бараг хориотой боллоо” хэмээв.

Ченжүүд гааль дээр нэг машин хадгалуулахад нэг сая 400 мянга, онцгой татварт долоон сая төгрөг төлдөг гэв

“Да хүрээ” захын ченж Д.Чөдөр наадмын өмнө гааль дээр хадгалуулсан гурван машинаа гаргаж авахын тулд долоон сая төгрөг төлсөн аж. Ер нь нэг машин хадгалуулахад л хамгийн багадаа нэг сая 400 мянган төгрөг төлдөг юм байна. Хэрэв автомашины борлуулалт өмнөх жилүүдтэй адил байсан бол гааль дээр хадгалуулахгүй оруулж ирээд зарах л байсан гэлээ. Мөн автомашиныг онцгой татварт оруулдагт ченжүүд хамгийн их бухимдалтай байна. Тэд автомашин хүний өдөр тутмын хэрэглээ болохоос архи, тамхи шиг хор хөнөөлтэй бүтээгдэхүүн биш гэв. Ардчилсан нийгэмд хүн хувийн эзэмшлийн машинаа унаад хаашаа ч явж болно. Ялангуяа манайх шиг газар нутаг томтой, хүн ам цөөтэй улсын хувьд холын замыг машинаар туулна. Тэмээ унаад, морин тэрэг хөллөөд хаашаа ч явах боломжгүй. Гар утас шиг хүний өдөр тутмын хэрэглээг онцгой татварт оруулна гэдэг утгагүй. Тиймээс ченжүүд автомашиныг онцгой татвараас хасаж, оныг нь залуужуулах хэрэгтэй гэсэн хүсэлтэй байна. Тэд онцгой татварт дунджаар найман сая орчим төгрөг төлдөг. Улс ченжүүдийн оруулж ирсэн бараанаас найман сая төгрөгийн татварыг зүгээр л авч байна. Харамсалтай нь энэ мөнгө цаашаагаа юунд зарцуулагдаж байгааг ченжүүд мэддэггүй гэнэ. Тэд хэлэхдээ “Энэ мөнгө Сангийн яамны тогоон дотор хаягдаж байгаа. Юунд зарцуулагдсан бэ гээд асуух гэхээр ямар ч эзэн байдаггүй. Татвар эргээд эзэнгүй гэж үнэн үг юм. Магадгүй энэ эрх бүхий хүмүүст хамгийн ашигтай татвар байх” гэв.

 

А.Даваадулам

Г.Мөнхцацрал

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

10 сартай охиныг хөнөөсөн гэмт хэрэгтэнд 14 жилийн хорих ял өгчээ

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг “Их уйллаа” гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн х...

img

3 цагийн өмнө

Говь-Алтайн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51 км зайд өнөөдөр /2025.09.11/ 08:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо...

img

4 цагийн өмнө

“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ

Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хот...

img

4 цагийн өмнө

“Да хүрээ” захын ченжүүд сүүлийн гурван сар нэг ч машин зарсангүй гэв

Автомашины үнэ нэмэгдээгүй ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан хэмээн ченжүүд хэлж байна. Тиймээс иргэдийн шинэ машин худалд...

img

5 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өглөө.  Нийт 2.1...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

сонгогч

Албан ёсоор зарлахгүй л байгаа болохоос манай орон бүхэлдээ хямралд өртсөн. Төр нь иргэдээ байж болох бүх талаар нь боомилж байна. Хууль баталсан ч дандаа иргэдийнхээ эрх ашгийн эсрэг. Үүнийг нь эсэргүүцдэг сөрөг хүчин ч алга. Одоо энэ улсад машин худалдан авч унах, гадаадаас машин оруулж ирээд зарах хоёр бараг хориотой боллоо” хэмээв. гэв

Онцлох нийтлэлүүд