Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Д.Сэржмядаг: Бидэнд хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч

trend

Админ

img

2025 оны 9 сарын 11

img

58

news-img

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны суугуул Д.Сэржмядаг гуайтай “Халуун итгэл цөхөрсөн, хатан зүрх шархирсан хар дарсан зүүд шиг” он жилүүдийн тэртээхийг уудлан ярилцав.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулан үүх түүхээсээ хуваалцана уу?

-Би 1935 онд Хөвсгөл аймгийн Баянхайрхан сумын нутаг одоогийнхоор Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн. Манай ээж, аавтай минь нийлж сууснаас хойш Жамбалдорж, Жамъянхорлоо, Санжмятав гээд гурван банди гараад дараа нь анхны охин би төрсөн юм. Миний аав 1864 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Булнай гэдэг газарт Ван хутагт хэмээх хүний гэр бүлд төрсөн юм билээ. Ван хутагт баруун талын хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг захирдаг хүн байж. Манай аав Ховд, Баян-Өлгийгөөр нутаглан өсөхдөө өөлд, урианхайгаар ярьж суран ном эрдэмд шамдаж, лам болжээ. Хожим Сувд гэдэг өөлд хүүхэнтэй гэрлээд Лхамсүрэн, Дарьсүрэн, Загд, Пүрэв, Дархижав гээд олон хүүхэд төрүүлсэн юм билээ.

Гэхдээ тэр үеийн хүмүүс өндөр насалж байгаагүй юмуу даа, өнөөх Сувд гэдэг хүүхэн нь 60 нас хүрээд өнгөрчээ. Дараа нь манай ээжтэй гэр бүл болсон. Анх айлын хонь хариулдаг хүүхэдтэй хүүхэн байж. Өнчин өрөөсөн эмэгтэй хүнийг чинь улс амьтан их элэг барина шүү дээ, хөөрхий. Ийнхүү ээж минь аавтай. маань нийлж бидний таван хүүхэд төрсөн.

-Таны аав хэлмэгдүүлэлтэд өртсөн гэсэн. Юу болж өнгөрсөн талаар дурсахгүй юу?

-Аав маань 73-ныхаа жилд баригдсан. Гэхдээ 74 настай гэж бичиг баримтад үлдсэн байдаг. Аавыг маань мяндаг тушаалаар нь Ван хутагтын Далх занги гэж барьсан. Манай аав их ухаантай, сэргэлэн, эрдэм номтой хүн байсан болохоор 12 өртөө газрыг ганцаараа дааж байхдаа өртөө болгонд хоёр азарга адуутай, суурь хоньтой, саалийн үнээтэй, хоёр гэртэй баян хүн байж. Тэгээд л ойгүй баян, мяндаг тушаалтай лам явсан хүн гээд л бариад явчихсан юм. Би гуравхан настай, миний дүү Дугарсүрэн мөлхөө жаал үлдэж байв. Ээж маань таван хүүхэдтэйгээ үлдсэн. Олон хүүхэдтэй хүн болохоор илүү гэрийг нь хэдэн ямаатай үлдээгээд хөрөнгө хогшил, мал сүрэг цөмийг аваад явсан юм билээ. Тэгтэл илүү гэрийн сүүдэрт нэг хурга унтаад хоцорсон нь охин хурга байж. Ээж минь ажил хийж сурсан хүн байсан тул нөгөө ганц охин хургаа хот дүүрэн хундан цагаан хонь болтол нь хөдөлмөрлөсөн дөө. Хүний буян заяа гэж их сонин шүү. Түүнээс гадна манай адуунаас нэг азарга адуу нутаг гүйгээд, өвөлжөөндөө буцаад гүйгээд ирсэн юм билээ. Тэрийг хэнд ч хэлэлгүй, бүр сум, орон нутгаараа дарж байсан гэдэг. Тэгээд бүгдээрээ азарга адуугаа хуваан авч, ээжид маань уналганы морь, гүү өгсөн.

-Аавыг тань барьж явахдаа хэдий хэмжээний хөрөнгө хураасан бэ?

-Ээж маань эргэж хөл дээрээ босож, малаа өсгөхөд манай тэмээ 13-аас хэтэрдэггүй байсан. Гэтэл энэ нь их учиртай байж. Тэр их хөрөнгө хогшлыг 13 атан тэмээ, зургаан шар хөллөсөн хөсөг тэргээр авч явсан гэдэг. Мал хуй гэвэл 800 гаруй хонь, 30 гаруй үхэр, таван азарга адуу хураагдсан. Гэхдээ хөрөнгө хурааж авсан баримт хуудуутай, зувчуулдаг байсан санагддаг. Аав маань алтан, мөнгөн шатартай, хоёр хүн өргөж дийлэхээргүй таван кг-ийн алтан бойпортой байсан гэдэг. Гэтэл хатуу юмнаас ганцхан алтан бойпор, хурган дотортой дээл хурааж авсан гэж бичсэн нь хөгийн.

-Хот, суурин газарт бол хэлмэгдсэн хүний хүүхдүүдийг сургууль соёлд хамруулдаггүй байсан гэдэг. Хөдөө, суманд ямар хандлагатай байсан бэ?

-Адилхан шүү дээ. Биднийг сургууль соёлд авахгүй. Жамбалдорж ах маань мөлхөж байх үедээ нүүдлийн үеэр морины хөл рүү ороод нялхаараа явчихсан юм гэсэн. Жамъянхорлоо ах маань болохоор цав цагаан үстэй, бүр хөмсөг нь хүртэл цагаан, содон хүүхэд байсан. Анхны Их сургуульд эрдэм ном сурахаар ирээд үгүй болсон доо. Нэг удаа “Би ямар ч ах дүү, хамаатан садан байхгүй. Говийн хүүхэд” гэж байгаад “Бид Д.Нацагдорж мэтийн тэргүүний сэхээтэн хүмүүсээ муу хэлдэг чинь туйлын буруу…” гээд л ярьсан юм билээ. Цагаан үстэй, содон төрхөөр нь тухайн үед хүмүүс нүдэлж үлдсэн байсан. Түүнээс хойш зөндөө олон цагийн хичээл тасалж байгаад нэг удаа нэлээд царай муутайхан ирэхдээ “Миний шилэн хүзүү рүү тариа хийсэн. Түүнээс хойш халуураад байгаа” хэмээн ярьж байжээ. Тэгээд л үзэгдэхээ байсан гэдэг. Бидэнд “Танай хүүхэд нас барсан” гэдэг бичигнээс өөр юу ч очоогүй. Санжмятав ах бид хоёр сургууль соёлгүй өсөж өндийсөн. Аав маань явахдаа “Би ерөнхийдөө эргэж ирэхгүй боллоо” гэдгээ мэдэж байсан бололтой. Ээжид маань “Би горьгүйдвэл Дугарсүрэнгээ айлд өргүүлээрэй” гэж захижээ. Тэгээд унтаж байгаа миний дэрэн доогуур бүс, эрхи, сахиус гурваа шургуулж үлдээгээд явчихсан юм билээ.

-Хүүхэд насаа хүнд нөхцөлд өнгөрөөжээ. Насанд хүрэхэд тань ажил төрөл хэр олдож байв?

-Би малд нүдтэй, авхаалжтай байсан. Юм оёдог ч болсон. Ээж маань бидэнд тоо, шинэ үсэг зааж сургасан юм. Газар зурж болохгүй гээд хонины хоргол өрж тавьж байгаад сонин унших дөртэй болсон. Сүүлд Санжмятав ах бүлгэм гээчид суусан. Ээж маань хойт аав Дэнзэнтэй сууж олон хүүхэд гаргасан. Би дүү нараа хардаг, сааль сүүгээ борлуулдаг, гэрийн хамаг ажлыг амжуулдаг хүн болов. Ингээд хойт ааваараа овоглосон болохоор тэр үү, 18 нас хүрэх жилээ анхны депутат болсон. Эвлэлд элсэж, сувилагчийн курст яваад мэргэжилтэй болсон доо. Судас сайн олдог, авхаалж самбаатай сувилагч гэж магтуулж явж ч үзлээ. Хөгтэй нь “Би ч баян хүний хүүхэд баян айлд л очдог юм байх” гэж боддог байлаа. Гэтэл ядуу айлын хүүхэдтэй суудаг юм билээ.

-Хэлмэгдүүлэлт ааваар тань дуусаагүй, бүр хоёр үеэр нь зовоосон нь аймшигтай?

-Би одоо ч хэлмэгдсээр яваа хүн. Анх Монголд Ардчилсан хувьсгал ялахад ганц би ч биш хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд бүгдээрээ л Ардчилсан намыг дэмжиж, элссэн. Гэтэл намайг “Ардчилсан намыг дэмждэг, чи…” гэж хэлээд миний хөрөнгийг бас хураасан шүү дээ. Дуган сүм шиг сайхан дөрвөн ханатай гэрийг маань ээжээс минь үлдсэн ээмэг, бас бус хөрөнгө хогшил, дөрвөн ТҮЦ-тэй минь хамт хураасан.

Хэн бэ. Үгүй байлгүй дээ!

-Баянзүрх дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Ганбат гэдэг хүн Жаргалсайхан гэдэг цагдаатай хамт ирээд дүүргийн дарга нь И.Гантөмөр гэдэг хүн байх үед буюу 2003 оны есдүгээр сарын 1-нд би бүх хөрөнгөө хураалгасан. Тэр ч байтугай Ганбат “Хүүхдийн тэтгэлэгээр амьдарч байсан хүн гэл үү” гэж доромжилсон шүү дээ. Манай хүн 1966 оны үерээр зуурдаар явчихсан юм. Тэгээд би таван өнчин хүүхэдтэй үлдсэн. Би энэ асуудлаараа ХЭҮК-т хандсан байгаа.

-Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын дараа хэлмэгдэгдсээ цагаатгасан шүү дээ. Та аавыгаа цагаатгуулж чадав уу. Алга болсон ахынхаа учир шалтгааныг тодруулж чадсан уу?

-Ах бол ерөөсөө олддоггүй. Яагаад гэвэл, ахыг маань хэлмэгдсэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Шилэн хүзүүнд нь тариа хийсэн юм байна, хорлогдсон юм байна гэдэг аман мэдээнээс өөр албан ёсны баримт байхгүй. Тэгээд оршуулсан юм уу, үгүй юм уу. Оршуулсан бол хаана вэ гэдгийг ч мэдэхгүй. Энэ мэтээр хэлмэгдүүлэлтийн үед мэдэгдэхгүй алга болсон хүмүүс ганцхан манайд ч тохиолдсон зүйл биш юм билээ. Ер нь тодроогүй хэрэг маш их бий шүү. Тэр ч байтугай 1950 он гарчихаад байхад барьж хорьдог л байсан. Би анх аавыгаа цагаатгуулж, нэг сая төгрөг авсан. Түүнээс ахдаа 50 мянган төгрөг өгөөд үлдсэнээр нь аавдаа суварга босгуулсан юм. Ах маань ч аавдаа суварга босго гээд мөнгө булаацалдаагүй. Дараа нь нөхөн олговор гээд ялын дээд хэмжээ авсан хүнд 80 сая төгрөг, шоронд ороод амьд харьсан хүнд 40 сая төгрөг олгоно гээд тогтоосон доо. Гэтэл манай ам бүл дээр бичигдсэн тухайн үедээ зургаан настай байсан Хоролсүрэн буюу ээжийн маань анхны хүүхдийг манай аавын хүүхэд гэж Цагаатгалын комиссын Очирсүрэн гэдэг хүн бичиж өгсөн. Шүүхийн шийдвэр хүртэл “Та хоёр 40, 40 саяар нь хуваагаад ав” гэсэн. Харин би “Мөнгөнд дуртай нь авахгүй. Хэлмэгдсэн хүн нь эсвэл төрсөн хүүхэд нь авах ёстой. Түүнээс биш хамаатан садан, хаа хамаагүй хүнд өгөх ёсгүй” гэж үзээд байгаа юм. Тэгээд 80 сая төгрөгөө аваагүй. Надад энэ гэгээн төрөөс хүсэх зүйл байна. Бидэнд хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч. Хоёрдугаарт, бид хөрөнгөө үнэлүүлж авъя. Хураагдсан хөрөнгийнхөө үнийг өнөөдрийн ханшаар бодуулж авъя. Гуравдугаарт, өнчин хоцорсон хүүхдүүд 18 нас хүртлээ тэжээгчээ алдсан гээд тэтгэлэг авдаг биз дээ. Тиймээс хэлмэгдсэн хүмүүст төрөөс байр олгож, тэтгэлэгтэй болгооч. Тэдний үр хүүхдүүд өнөөдөр 80, 90 хүрсэн хүмүүс байна. Монгол Улсад хэлмэгдэж, зэрлэгээр хороолгуулсан хүмүүсийн тоо 1945 оны дайнд амь үрэгдэгсдийн тооноос ч их шүү дээ. Өнөөдөр нүүрсээр угаартуулж “хороож” байгаа хүмүүсийн тооноос ч өндөр байгаа. Цаг цагийн саалтанд Монголын төр иргэдийнхээ амиар тоглодгоо болимоор байна.

 

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

10 сартай охиныг хөнөөсөн гэмт хэрэгтэнд 14 жилийн хорих ял өгчээ

Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг “Их уйллаа” гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн х...

img

3 цагийн өмнө

Говь-Алтайн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51 км зайд өнөөдөр /2025.09.11/ 08:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо...

img

4 цагийн өмнө

“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ

Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хот...

img

4 цагийн өмнө

“Да хүрээ” захын ченжүүд сүүлийн гурван сар нэг ч машин зарсангүй гэв

Автомашины үнэ нэмэгдээгүй ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан хэмээн ченжүүд хэлж байна. Тиймээс иргэдийн шинэ машин худалд...

img

5 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өглөө.  Нийт 2.1...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд