мэдээ
Ц.Мандхайхатан: Намууд дүрэмдээ жагсаалтад хэнийг нэгдүгээрт бичих, ямар дарааллаар сонгох зэргээ ил тодоор журамлах ёстой

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 9 сарын 11

69

Улс төрийн намууд дүрэм, журмаа Дээд шүүхэд бүртгүүлэх үйл явц өрнөж байна. Тэгвэл намуудын хувьд жагсаалтын зохицуулалт гол маргаантай сэдэв болж байгаа. Энэ асуудлаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал, хуульч Ц.Мандхайхатантай ярилцлаа.
-Улс төрийн намууд жагсаалтаар УИХ-д сонгогддог тогтолцооны давуу болон сул талыг танаас эхлээд асууя. Судлаачийн хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Жагсаалтын давуу, сул тал гэдэг нь улс төрийн хувьд хэдийнэ шийдэлд хүрсэн сэдэв гэж үзэж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоотой байхыг хуульчилж чадсан. Тиймээс 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явлаа. Гэхдээ манай улсын сонгосон тогтолцоо бол тойргоос сонгогдох тэр боломжийг нь давамгай байдлаар хуульчилсан. Парламентын 126 гишүүний 78 нь тойргоос, 48 нь намын жагсаалтаар нэр дэвшдэгийг бүгд мэдэж байгаа. Намын жагсаалтад нэр дэвшүүлэх үйл явц бол тойрог ч бай, жагсаалт ч бай нам дотроо дотоод ардчилалтайгаар ил тод явуулах ёстой байдаг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хамгийн чухал утга санааг шингээсэн зүйл бол нам өөрөө дотоод ардчилалтай байх, бүх үйл ажиллагаа нь ил тод байна гэсэн санааг хуульчилсан. Энэ бол зөвхөн жагсаалт гэхгүйгээр намаас нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчдэд хамаатай ойлголт юм.
2024 оны сонгуулийг хөндлөнгөөс ажиглахад намын жагсаалтад болон тойргоос нэр дэвшиж байгаа дэвшигчдийг тодруулах үйл явц нь намын гишүүд төдийгүй олон нийтэд ил тод байж чадаагүй. Үүн дээр намууд дүрэм журмаа шинэчлэх шаардлагатай гэж харсан. 2012 оны сонгуулийг бодвол 2024 оны сонгууль жагсаалтад ямар гишүүд нэр дэвшиж байгаа вэ гэдгийг ил тод зарлаж, сонгогчдод сонголт хийх боломжийг олгосноор давуу талтай байсан.
-Жагсаалт нь намын дотоод ардчилалд ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Намын дотоод ардчилалд мэдээж жагсаалт ач холбогдолтой. Яагаад гэвэл улс төрийн намыг сонгосноор жагсаалтад байгаа гишүүдийг гаргаж ирдэг. Иргэдийн хувьд нам болон тойрогт нэр дэвшигчдийн нэрсийг хамтад нь дугуйлж байгаа нь тэр намд итгэх иргэдийн итгэл ямар байгаа вэ гэдгийг харуулах үндэслэл болох юм. Тэгэхээр жагсаалт нь дэлхийн жишгээр намын төлөвшилд ач холбогдолтой болох нь олон улсын туршлагаас харагдаж байна.
-Жагсаалтыг томилгооны хэрэгсэл болгож ашиглаж байна гэж үзэж болох уу. Учир нь жагсаалтад орсон хүмүүс тухайн намын гишүүнээр удаан хугацаанд ажиллаагүй, ард түмний бодит төлөөлөл бий болгож чадаагүй гэх олон нийтийн шүүмжлэл байдаг шүү дээ?
-Жагсаалт нь томилгооны хэрэгсэл гэж үзэх нь учир дутагдалтай. Хамгийн гол нь нам өөрөө нэр дэвших үйл явцаа хараат бусаар бий болгох шаардлагатай байдаг.
Жишээлбэл, дэлхийн улс орнуудад намын дотоод ардчиллын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах журам процедур байдаг. Зарим тохиолдолд нам бодлогынхоо хувьд дараагийн залгамж халаагаа хэрхэн бэлдэх вэ, ямар шалгуурыг хангасан нэр дэвшигчдийг ард түмний илч болгож явуулах вэ гэдэг нь маш хатуу байдаг л даа. Нэг ёсондоо хатуу шалгуур давсан байх ёстой гэсэн үг. Зарим улсад сонгуульд нэр дэвших гишүүдийг тодруулах түр хороо юм уу, байнгын ажиллагаатай комисс байгуулсан байх жишээтэй. Нэр дэвшигчдийн нэрсийг ил тод зарлана. Шаардлагатай тохиолдолд нэр дэвшиж байгаа тухайн гишүүд үнэхээр намынхаа үнэт зүйл, дүрэм журмыг дагаж мөрдөх үү, үгүй юу гэдэг дээр шалгах, ярилцлагад оруулах зэрэг дэвшилтэт аргуудыг ашигладаг. Бидний хувьд улс төрийн намууд энэ төлөвшлийг дэмжих нь Үндсэн хуулийн үнэт зүйл, суурь шинэчлэл гэж үзвэл улс төрийн хаалттай үйл явц болоод байгаа энэ үйл явцыг цаашид шинэчлэх хэрэгтэй. Ялангуяа 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намууд дүрэм журмаа, бүтцээ шинэчилж байгаа энэ цаг үед уг үйл явцыг анхааралтай ажиглаж, нэр дэвшүүлэх болоод намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд хэрхэн хувь нэмэртэй ажиллаж байна вэ гэдгийг харах нь чухал.
-Жагсаалтад оруулж байгаа хүмүүст ямар цензур тавих ёстой вэ. Намдаа элсээд ядаж арван жил болсон улс төрийн туршлагатай хүнийг жагсаалтад оруулах ёстой гэх байр суурь нийгэмд байдаг. Гэтэл шинэ, танихгүй хүмүүс парламентад жагсаалтаар орж ирснээс болж дунд нь ард түмэн хэлмэгдээд байна уу?
-Мэдээж шалгуур байх ёстой. Учир нь улс төрийн нам өөрөө бие даасан институт байх ёстой л доо. Улс төрийн намыг амь оруулах хамгийн гол хөшүүрэг, эрх мэдлийн үндэс нь өөрөө тэр намд гишүүнчлэлтэй иргэд байх ёстой. Тэгэхээр улс төрийн нам төлөвшиж, институцилэгдэх нь чухал байна л даа. Тиймээс бид тийм шалгуур тавь, ингэ тэг гэвэл улс төрийн намын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг болно. Ялангуяа Европын Венийн конвенцээс ирүүлсэн улс төрийн намын шинэчлэлтэй холбоотой санал зөвлөмжид “Улс төрийн намын дотоод хэрэгт төрийн зүгээс оролцох үйл явц өөрөө хязгаартай байх ёстой” гэдэг. Улс төрийн намд иргэд үзэл бодол, итгэл үнэмшлээрээ эвлэлдэн нэгдэж байгаа учраас төрийн зүгээс хуульчлах юм уу, дүрэм журам, шаардлага тавих нь өрөөсгөл. Хамгийн гол нь жагсаалт нь ямар процессоор явж байна вэ гэдэг нь намын дотоод ардчиллаараа ил тод болж шалгууртай байх ёстой. Ил тод үйл явц өрнөх ёстой гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Мэдээж жагсаалтдаа шаардлага хангахгүй хүмүүсийг санал болгох юм бол иргэд бидэнд сонгохгүй байх эрх нь бий. Манай улсын Сонгуулийн тухай хуульд “Хэрэв тойргийн 50 хувьд нь нэр дэвшүүлж чадаагүй бол жагсаалтаар нэр дэвшихгүй” гэдэг хязгаарлалт хүртэл байгаа. Хуулийн зохицуулалт зөвхөн жагсаалтыг дэмжээгүй. Тойрогт нэр дэвших үйл явц нь ач холбогдолтой шүү гэдэг зохицуулалт байдгийг анхаарах хэрэгтэй.
-Жагсаалтаар сонгогдсон гишүүд намынхаа бодлогын эсрэг ажиллах үзэгдэл мэр сэр гардаг. Жишээлбэл, хамтарсан Засгийн газрын үед АН-ын нэр бүхий гишүүд намынхаа эсрэг дуугарч байлаа шүү дээ. Тэгэхээр жагсаалтаар орж ирсэн хүмүүс намын бодлогыг хэрэгжүүлэхэд илүү төвлөрч чадаж байна уу. Эсвэл хувийн ашиг сонирхол нь давамгайлж байна уу?
-Бидний хувьд үүнийг шууд дүгнэх нь хэцүү. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл байх ёстой. УИХ-ын гишүүний үзэл бодол, илэрхийлэл хуулиар хамгаалагддаг. Шууд намын дүрэмд захирагдсангүй гэж дүгнэх нь өрөөсгөл. Гэхдээ нам дотроо энэ үйл явцыг хэрхэн зохицуулах нь дүрэм журмаараа дотоод ардчилал хэр төлөвшсөнөөс хамаарах гээд байгаа юм л даа.
-Ер нь намын жагсаалтаар улс төрийн шинэ лидрүүд төрөн гарч ирэх боломжтой юу. Эсрэгээрээ хуучин лидерүүдийн улс төрийн карьерт нөлөөлдөг үү. Нөгөөтэйгүүр намын жагсаалтын нэгдүгээрт намын дарга бичигдэх ёстой биз дээ?
-Ер нь намууд дүрэмдээ жагсаалтад хэнийг нэгдүгээрт бичих вэ, ямар дарааллаар сонгох вэ гэдэг үйл явцаа өөрөө маш ил тод журамлах, намын дотоодод нь нэр дэвшүүлдэг хараат бус хороод, комиссууд байгуулагдах хэрэгцээ байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй болохоор нам дараагийн шатандаа гарах, институцилэгдэх, илүү төлөвшихөд жагсаалт гэлтгүй тойрог ч хамаатай. Жагсаалт, тойргоос сонгодог хоёр систем зэрэг үйлчилж байгаа тохиолдолд жагсаалт нь ач холбогдолтой, эсвэл болохгүй байна гэж үзэх нь өрөөсгөл. Тэгэхээр жагсаалт болон тойргоос нэр дэвшиж байгаа аль, аль гишүүд нь өөрөө намын үзэл бодол, үнэт зүйл нийлсэн, мэдээж намын тодорхой шалгуурыг хангасан байх ёстой. Тэр намд ямар дүрэм, журам үйлчлээд байгаа юм, тэр нь намын дотоод ардчилал, нийт гишүүдийнхээ оролцоог хангаж чадаж байна уу. Хараат бус тэр намын дотоод бүтэц бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм уу гэдгээс бүх зүйл хамаарна л даа. Цаашид жагсаалт болон тойрог гэж ярихгүйгээр аль, аль нэр дэвшигчдийг улс төрийн намууд тодруулахдаа Үндсэн хуульд заасан дотоод ардчиллын процессыг яаж бий болгох вэ гээд Улс төрийн намын хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хараат бус иргэний нийгмийн хувьд бид 2023 онд батлагдсан улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч байна.





10 сартай охиныг хөнөөсөн гэмт хэрэгтэнд 14 жилийн хорих ял өгчээ
Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө иргэн П нь 10 сартай хүүхдийг “Их уйллаа” гэх шалтгаанаар хутгалж хөнөөсөн х...
3 цагийн өмнө
Говь-Алтайн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51 км зайд өнөөдөр /2025.09.11/ 08:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо...
4 цагийн өмнө
“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хот...
4 цагийн өмнө
“Да хүрээ” захын ченжүүд сүүлийн гурван сар нэг ч машин зарсангүй гэв
Автомашины үнэ нэмэгдээгүй ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан хэмээн ченжүүд хэлж байна. Тиймээс иргэдийн шинэ машин худалд...
5 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил дуусаж, улсын комисст хүлээлгэн өглөө. Нийт 2.1...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд