мэдээ
Д.Будзаан: Өсвөр насныхны итгэлийг нь олоод, дараа нь сүрдүүлж гэмт хэргийн хохирогч болгодог DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 15
![img](/images/view.png)
40
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/dgsdgsdg.jpg?v=1739423088)
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай цахим орчинд хүүхэд гэмт хэргийн хохирогч болж буй талаар ярилцлаа.
-Хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болж буй тохиолдол бодит байдал дээр ямар байна вэ?
-Монгол Улсад 870 гаруй сургуульд 700-800 мянга орчим хүүхэд ерөнхий боловсрол эзэмшиж байгаа гэсэн тоон мэдээлэл байдаг. Дунд ангиас эхлээд хүүхдүүд инстаграм, твиттер, фэйсбүүк гэх мэт платпормыг харилцаа холбоондоо ашиглаж эхэлдэг. Эдгээрийг яаж ашиглахаа үе тэнгийн хүүхдүүдээсээ л сурдаг. Энэ утгаараа цахим хаягийнхаа аюулгүй байдал, нууцлалаа хангах, танихгүй хүнд ямар нэгэн мэдээ, мэдээлэл өгөхгүй байх тал дээр онцгой анхаарах шаардлага үүсдэг. Энэ тал дээр эцэг эхчүүд ч зөвлөдөггүй, боловсролын орчинд ч зөвлөгөө мэдээлэл хомс байдаг.
Хүүхэд цахим орчныг ашиглахаас биш ямар хор уршигтай талаар мэдлэг байдаггүй. Үүнээс болоод цахим гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, цахимаар залилуулж байна, нэр хүндэд нь халдаж гадуурхалтад өртөж байна.
-Хүүхдүүд цахим сүлжээгээр бэлгийн дарамтад өртөж буй хэргийг гэмт этгээд ямар байдлаар үйлддэг юм бол?
-Цахим сүлжээнд янз бүрийн группүүд байдаг. Жишээ нь, “Хосоо олох групп”, “Үе тэнгийн танилцах групп” зэрэг байдаг. Энэ группүүд руу орж үзэхээр өсвөр насны хүүхдүүд “танилцъя” гээд постолчихдог. Үүнийг нь гаж донтой, сэтгэлгээний хувьд асуудалтай хүмүүс хараад олзолж авдаг гэсэн үг. Ингээд хуурамч хаяг үүсгээд үе тэнгийн хүүхэд шиг нь харилцаж эхэлдэг. Жишээлбэл “Би 14 настай. Найз охинтой болохыг хүсч байна. Хоёулаа танилцах уу. Миний биед ийм өөрчлөлтүүд гарч байна. Чи өсөлтийн витамин хэрэглэж байгаа юу” гэдэг байдлаар цахимаар харилцаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийн итгэлийг нь олоод, дараа нь сүрдүүлж гэмт хэргийн хохирогч болгодог гэсэн үг.
Хэсэг хугацааны дараа “Миний булчин ингэж хөгжиж байна. Чинийх ямар байна, зургаа явуулаач. Минийхээс арай өөр юм байна. Чи бүтэн биеийнхээ зургийг явуулаач” гэх мэтээр хүүхдийг олзолж авдаг. Ингээд дараа нь “Би хаягаа алдчихлаа” гэж хэлээд өөр хаягнаас мессэж явуулж, дарамталж эхэлдэг. Тэгээд дараа нь “Чиний зургийг чинь цахим орчинд нийтэлнэ. Мөнгө өг, эсвэл надтай уулз, бэлгийн харьцаанд ор” зэргээр сүрдүүлж эхэлдэг. Ингээд гэмт хэргийн хохирогч болдог. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим аюулгүй байдалд хяналт тавьж, цаг гаргаж, харилцан ярилцдаг зүйл байдаггүй гэсэн үг.
-цахимаар юу үзэж байна, түүнийгээ даган дуурайж, гэмт хэргийн хохирогч болоод байна уу?
-Ер нь цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг Монголд гэлтгүй дэлхий дахинд өсч байгаа. Бидний оршин буй ертөнц кибер ертөнц болчихоод байна гэсэн үг. Тэгэхээр цахим хаягийн нууц үгээ яаж сольж, яаж аюулгүй байдлаа хангах вэ гэдэг хамгийн чухал болоод байна.
Мөн хүүхдүүд “youtube”-ээс олон зүйл үзэх боллоо. Үүнээс хүүхэд янз бүрийн сөрөг мэдээлэл, аллага, хүчирхийлэл, садар самуунд уруу татсан, хүүхдийн сэтгэн бодох чадварт нөлөөлсөн хортой, хориотой контентуудыг үзэж байгаа. Үүнийг “youtube” компаниас хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон “Contro parentel” гэдэг тохиргоотой болчихсон. Тэгэхээр гар утас, ухаалаг телевиз дээрээ эцэг эхчүүд тохируулна гэсэн үг. Тэр тохиргоог хийсэн тохиолдолд хайлт хийгээд ч хүүхдэд харагдахгүй. Ингэснээр хүчирхийлэл, садар самуун сурталчилсан контентыг хүүхэд үзэх боломжгүй болно. Гэхдээ хүүхэд соёл боловролын чиглэлийн контентыг үзэх нь нээлттэй. Мэдээллийн эрин зуун учраас хүүхдүүд аль болох ухаалаг технологиор мэдээлэлтэй болохыг хүсдэг. Нөгөө талаар хүүхэд 14 нас хүртлээ авч байгаа мэдээллээ шууд хүлээж авдаг. Яг ургаж байгаа мод шиг. Энэ үед л хүүхэд хортой контент үзээд байвал сэтгэл зүй, сэтгэл санаанд маш их сөрөг нөлөө учирна.
-Энэ үед эцэг эхчүүд хараа хяналтаа яаж сайжруулах вэ?
-Та гэртээ хараалын үг хэлдэггүй ч байсан хүүхэд тэр контентоос хараалын үг сурч, үе тэнгийн хүүхэдтэйгээ дүү нар, ах эгч нартайгаа бүдүүлэг харьцдаг болно. Таны хүүхдийг танихгүй хаягнаас, хүмүүжүүлээд байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Та завгүй байж болох ч хүүхэдтэйгээ зав гарган ярилцах шаардлагатай. Өнөөдөр бага насны хүүхэдтэйгээ ярилцахгүй болохоор өсвөр насандаа эцэг эхээ тоохоо больчихдог. Өсвөр наснаас эхлээд хүүхэд шийдвэр гаргаж эхэлнэ. Гадуур кино үзнэ, найзуудтайгаа уулзана, дугуйланд явна гээд янз бүрийн зүйл дээр шийдвэр гаргах шаардлага гардаг. Тэр үедээ таны үгийг авахгүй, найзуудтайгаа илүү дотно болдог. Ингээд эцэг эхчүүдийн хооронд зөрчил үүсдэг. Өнөөдөр гэр бүлийн хүмүүжлийг давах боловсрол байхгүй гэх мэт янз бүрийн афоризм, үгнүүд бий. Гэхдээ хамгийн чухал зүйл нь хүүхэд ээж аавын толь байдаг. Таныг даган дуурайж, ирээдүйн гэр бүл, мөрөөдлөө төлөвлөж байдаг.
-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс ихэвчлэн насанд хүрэгчид байна уу. гэмт этгээд дэлгэцийн цаанаас хэргээ үйлдэж байгаа шүү дээ?
-Монгол Улсад хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг энэ онд 45 хувь буурсан. Хүүхэд үе тэнгийн хүүхдээ дээрэлхэх, бусдын эд зүйлийг хулгайлах, бусад төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад шалгагддаг. Харин хүүхэд хохирсон гэмт хэрэг энэ онд гурван хувиар өссөн байна. Үүний 80-90 хувь нь буюу насанд хүрсэн хүн хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлддэг. Насанд хүрэгчид хүүхдийг залилж байна, хүчирхийлж байна, зодож байна, зам тээврийн осолд өртүүлж байна. Жолооч сургууль орчмын бүсэд орж ирэхээрээ хурдаа хасах ёстой байдаг. Гэтэл хүүхэд сургуулиасаа гарч яваад гарцан дээр дайруулж байна. Мөн хурд хэтрүүлээд зам тээврийн осолд өртөж байна. Хүүхдэд суудлын бүс зүүлгэхгүй, өвөр дээрээ авч явж байна. Гэтэл зам тээврийн осол гарахад хамгийн их хохирч байгаа нь хүүхэд байдаг. Хүүхдүүд сургуульдаа явахдаа нийтийн тээврээр зорчдог. Ингэж явахад нь гар утсыг нь хулгайлчихдаг. Хүүхдийн эсрэг гэмт хэргийг насанд хүрсэн хүн үйлдэж байгаа нь маш аюултай зүйл. Бид бүгдээрээ хүүхэд байсан. Гэтэл нас биед хүрчихээд амьдралын мөн чанарыг ойлгох гээд явж байгаа хүүхдийг хүчирхийлдэг, учраа олохгүй хүүхдийг барьж аваад зоддог. Энэ үйлдлээ болих хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад хүүхэд хамгаалалтай холбоотой хууль дүрэм бүгдийг нь батлаад гаргачихсан. Бүх төрлийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бүрдчихсэн. Одоо эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө зөв байж, харин насанд хүрсэн хүмүүс битгий гэмт хэрэг үйлдээч ээ гэж хэлмээр байна.
Г.БАЛГАРМАА
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
ОХУ-д 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, баруун аймгуудад чичирхийлэл мэдрэгджээ DNN.mn
Улаанбаатарын цагаар өнөө өглөө /2025.02.15/ 09.48 цагт ОХУ-д 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас Мо...
2 цагийн дараа
Нийтийн тээврийн Х:4 чиглэлд өөрчлөлт оруулав DNN.mn
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг ханга...
1 цагийн дараа
“Хөх сувд-2025” наадмаас 15 км зайд цагаан хил хөдөлж, мөс овоорчээ DNN.mn
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км-т буюу Дээд модот булан гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан ...
1 минутын дараа
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл хураамж төлөхгүй DNN.mn
Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоо...
1 цагийн өмнө
Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn
Мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд т...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд