мэдээ
Тэр жилийн цагаан сарын өмнөх төлөвлөгөө минь бүтчихсэн бол яах ч байсан юм, мэдэхгүй… DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/08/a3a780fb68d427b2b40dded9b7f99726-150x150.png)
ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 2 сарын 15
![img](/images/view.png)
28
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/dsfsdf.jpg?v=1739426363)
Цаг наашилж, цагаан сар уяан дээр ирлээ. Ирж яваа цагийн бүлээн наран бодолд царцсан дурсамжийг төөнөж, хайр, инээд цацарсан тэртээх үйл явдал өчигдөрхөн болсон мэт санагдах нь сайхан. Би айлын ганц хүү. Дээрээ хоёр сайхан эгчтэй, доороо ганц охин дүүтэй хүн. Айлын ганц хүү гээд эрхлэх үе байх ч хүссэн бүхнээ авъя гээд хөөрхий аав, ээжийгээ шаналгадаггүй хүүхэд байлаа. Хоолтой, ундтай, хүний өмнө мөр бүтэн өмсөх хувцастай өсгөж байгаад нь энэ хоёр бурхандаа талархдаг байв. Багаасаа л автомашин барих дэндүү их хүсэлтэй байснаасаа болж хэд хэдэн удаа хэрэг тарьсныг эс тооцвол томоотой хүүхэд байсан болов уу. Тэр жилийн цагаан сарын өмнө манайд хөдөөнөөс аавын ангижав Пүрэвжамц ах ирлээ. Пүрэвжамц ахыг манай нутгийнхан Аяа гэж авгайлдаг. Энэ хүн нутагтаа ундааны цехтэй. Манайх 2000 оны өвөл Ховд аймгийн Чандмань сумаас хот руу шилжин ирэхээс өмнө Аяагийн ундааны цехийн үүднээс миний үеийн хэдэн сөөсгөр банди нар салдаггүй байв. Тэр үеийн газтай чихэртэй ундаа гэдэг хүүхдүүд бидэнд бол эрээд олддоггүй рашаан байлаа л даа. Аяаг ирсэн тэр жил би есдүгээр ангийн хүүхэд байв. Дээрээ хоёр эгчтэй ч багын л өөрөө хоол хийж идэх дуртай хүүхэд байсан болохоор Аяаг ирэхэд нь гараа гаргаж хоол хийж өглөө. Цаагуураа нутгийн ахад магтуулах санаатай байснаа нуугаад яах вэ. Ангижавындаа ирсэн нутгийн ах сайхан хоол идэж, улмаар аавтай шил сархад зооглон хүүхэд ахуйн дурсамжаа дэлгэн ярьж суулаа. Яг энэ үеэр манай хашаанд автомашинаа орой болгон оруулж тавьдаг хүргэн ах маань ирлээ. Би ч хэд хоног бэлдсэн төлөвлөгөөнийхөө дагуу тэр орой ажиллагаагаа эхлүүлэв. Ямар төлөвлөгөө, юун ажиллагаа вэ гэхээр ийм. Хүргэн ах манай хашаанд машинаа тавьчихаад түлхүүрээ үлдээгээд явдаг байв. Маргааш нь ээлжийн ажилдаа машингүй яваад нөгөөдөр нь ирээд машинаа аваад халтууранд явдаг ажилтай хүн л дээ. Тэгэхээр нэг өдөр нь манайд машинаа тавьж өнжөөнө гэсэн үг. Энэ сул хоногийг нь тооцоод гурав хоногийн өмнө үлдээсэн түлхүүрийг нь аваад Баянхошууны эцэст байрлах түлхүүр олшруулдаг газраар би үйлчлүүлсэн гэж байгаа. Харин өнөө орой хүргэн ах машинаа үлдээж байгаа нь миний төлөвлөгөө хэрэгжих боломж гарлаа гэсэн үг. Аяа, аав хоёр уусан сархаддаа дийлдээд амарлаа. Ээж, эгч, дүү нар ч хэдийн унтчихсан байв. Ингээд гарлаа. Тавьсан машиных нь хучлагыг нь аваад олшруулсан түлхүүрээ хийтэл яг таарч байна. Асаах гэж үзлээ, асдаггүй. Хашааны хаалга онгойлгоод хойш нь ухрааж байгаад араанд нь хийгээд асаах гэж оролдлоо. Бас л ассангүй. Нэгэнт хашаанаасаа гаргасан учраас яаж ийгээд асаая гэж бодоод хойд хашааныхаа ахыг дуудлаа. Хоёулаа уруу газар түрж байгаад асаая гээд түлхлээ. Уруу газар автомашин ч нэлээд эрчтэй явсан ч ассангүй. Байдал биш болов. Хүний машиныг хашаанаасаа нэлээд хол аваад ирсэндээ санаа зовж сандарлаа. Дуудаж гаргаж ирсэн ах “За наад машин чинь асахгүй юм байна. Чамд ах нь тус болоод буцаагаад хашаа руу чинь чирээд оруулъя” гэв. Хашаа руу ордог зам өгсүүр. Нөгөө ах чирээд чирээд хашааны үүдээр бүтэн оруулж чадсангүй, орхилоо. За тэгээд хагас дутуу хашааны хаалгаа хаачихлаа. Хучлагыг нь яг л байснаар нь хучсан ч нэг зүйл өөр байв. Тэр нь зогссон байршил нь жаахан хойно болов. Өглөө боллоо. Ээж “Манай хүргэн чинь машинаа яаж зогсоочихсон юм бэ. Хашааны хаалга эвдэх шахам наагаад тавьчихсан байх юм” гэж зэмлэх өнгөөр ярьж байна. Ээжийг ингэж хэлж дуусаагүй байтал хүргэн ах хүүе хаая болоод ороод ирлээ. Ээж ч “Чи чинь машинаа яаж тавиад байгаа юм бэ, хаалга эвдэлчихлээ” гэж загналаа. Хүргэн ах ээжийн загнаж байгааг ч анзаарах сөхөөгүй яагаад, юу болчих воо гэж бодож байх шиг. Ингээд эзэн нь өөрөө автомашинаа асаах гэж үзлээ. Шөнөжин түрж, дарж асааж чадаагүй машин одоо яаж асах билээ дээ. Баяжаад кабенаар нь дүүрэн бензин үнэртэж байна. Бас урд талаас нь чирсэн, хаалга нь цоожгүй гээд ямар нэгэн хүн хөдөлгөсөн нь баримтуудаар баттай боллоо. Хүргэн ах “Миний машиныг хүн хөдөлгөсөн байна. Унах гэж эсвэл хулгайлах гэж оролдож. Цагдаа дуудах уу” гэж байна. Цагдаа гэдэг үгийг сонсоод цохон дээгүүрээ сум давуулсан тарвага шиг цочин босоод ээж дээр очлоо. Очоод шууд л уйллаа. Ингээд автомашин унах гэсэн хүсэлдээ автаж хийсэн хэргээ хүлээв. Хүргэн ахад загнууллаа, хөөрхий аавдаа зэмлүүллээ. Харин ээжээс нэлээд дөнгүүр авшиг хүртсэн дээ. Аавын ангижав нутгийн сайхан ах Аяад магтуулж өссөн нэр хүнд маань өглөөний мандах нарнаар хайлах цас шиг л алга боллоо. Цагаан сарын өмнө болсон үйл явдал учраас очсон ах, дүү хамаатан садангууд намайг л ярьж, зэмлэх нь зэмлэж, хөхрөх нь хөхөрч байлаа. Миний энэ хэрэг аав, ээж хоёрт “Хүүгээ нэг автомашинтай болгоё” гэсэн бодлыг л нь буцалгаж өгсөн шиг. Дараа нь арван жилээ төгсдөг жил аав, ээж хоёр маань илүүгээ нийлүүлж, дутуугаасаа дундалж байж ганц хүүгээ хүлэгтэй болгосон доо. Тэр хүлгийг маань “Суман цагаан” гэдэг. Авсан тэр жилийнхээ цагаан сарын өмнө аав бид хоёр нийлж байгаад энэ хүлгээрээ сан тавьсан даа, хөөрхий…
Э.МӨНХТҮВШИН
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
ОХУ-д 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, баруун аймгуудад чичирхийлэл мэдрэгджээ DNN.mn
Улаанбаатарын цагаар өнөө өглөө /2025.02.15/ 09.48 цагт ОХУ-д 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас Мо...
2 цагийн дараа
Нийтийн тээврийн Х:4 чиглэлд өөрчлөлт оруулав DNN.mn
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг ханга...
1 цагийн дараа
“Хөх сувд-2025” наадмаас 15 км зайд цагаан хил хөдөлж, мөс овоорчээ DNN.mn
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 17 км-т буюу Дээд модот булан гэдэг газарт цагаан хил хөдлөж мөс овоорсон, задарсан ...
1 минутын өмнө
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл хураамж төлөхгүй DNN.mn
Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоо...
1 цагийн өмнө
Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn
Мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ. Ингэж өсөхөд т...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд