мэдээ
Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрөл олгодог байсныг 381 болгож цөөлсөн ч салбарын 200 гаруй хуулиар дахин нэмсэн DNN.mn

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 2 сарын 18

140

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой ажлын хэсэг УИХ дээр байгуулагдсан. Зөвшөөрлөөс давсан журмууд үйлчлээд байгаа нь бизнесийн орчинд саад болж буй талаар иргэд, аж ахуйн нэгжүүд дуугарсаар ирсэн. Үүнийг яаж цэгцлэх вэ?
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001 онд батлагдаад 2022 оныг хүртэл хэрэгжсэн. Энэ хуулиар Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийн тулд 1000 гаруй тусгай зөвшөөрөл авдаг байв. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуулиар цэгцэлж, 381 болгож цөөлсөн юм. 2022 онд батлагдсан уг хуулинд иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд 130 энгийн, 251 тусгай зөвшөөрөл авдаг байхаар заасан. Ингэхдээ “Энэ хуульд зааснаас өөрөөр зөвшөөрөл лиценз бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхгүй. Мөн Зөвшөөрлийн тухай хуулиас өөрөөр тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах, харилцааг зөвшөөрөл олгож байгаа байгууллагууд тус тусдаа журам баталж зохицуулахгүй” гэдэг заалтыг тусгасан. Гэтэл 2022 оноос өнөөдрийг хүртэл буюу хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 16 зөвшөөрөл үндсэндээ нэмэгдсэн байна. Шалтгаан нөхцөлүүдийг нь харахаар нэг салбарын хууль оруулж ирэхдээ л нэг зөвшөөрөл өөрсдөдөө нэмээд байгаа юм. Уг нь Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгож зарлаж, энэ хугацаанд Зөвшөөрлийн тухай хуулиар тэр бүх зах замбараагүй байсан зөвшөөрлийг цэгцэлсэн. Улмаар олгож байгаа шат дамжлагыг нь цахимжилтын үр нөлөөг ашиглаад хялбар болгоё, шууд нэг сайтад хандаад И-Монголиа шиг үйлчилгээ авдаг болгоё гээд зөвшөөрлийг цахимжуулаад явж байтал асуудал үүссэн. Тэр нь юу вэ гэхээр технологийн хувьд код бичээд оруулж болж байгаа хэрнээ шат дамжлага нь тодорхойгүй болчихсон. Орон нутаг дээр өгч байгаа зөвшөөрлүүд аймаг болгонд өөр, өөр материал шаарддаг байх жишээтэй.
Зарим нь биеэр, зарим нь бичгээр өгөхийг шаарддаг. Нөгөө хэсэг нь нотариатаар батлуулахыг шаарддаг гээд өөр, өөр стандарт үүсгээд ирсэн л дээ. Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төсөл хэрэгжиж байх хугацаанд процессыг нь зураглаад, иргэнд, аж ахуйн нэгжид ээлтэйгээр багасгаж цахимжуулах ажлыг хийж байгаа. Зөвшөөрлийн хуулиас бусдаар зөвшөөрлийг зохицуулахгүй гэсэн хууль хэрэгжээд явж байтал монгол үгсийн сан баялаг учраас бүртгэл, баталгаажуулалт, итгэмжлэл гээд маш олон янз болчихсон. Явж, явж эцсийн дүнд иргэнд, аж ахуйн нэгжид тусгаж байгаа тусгал нь зөвшөөрөл байхаар зохицуулаад ирсэн юм байна. Бид энэ асуудлыг цэгцлэхийн тулд хуулийн төсөл боловсруулаад яамдууд болон зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагуудаас санал аваад явж байгаа.
-Хотын даргын захирамжаар өмнө 100 гаруй зөвшөөрөл цуцалж байсан шүү дээ. Тэдгээр нь одоо хэвээр үйлчилж байгаа хэрэг үү?
-Нийслэлд 15 чиглэлээр үйл ажиллагаа явуулах 145 зөвшөөрлийг тухайн үед цуцалсан. Ингэснээр зөвшөөрөл авах шаардлагагүй зөвхөн бүртгүүлээд үйл ажиллагаа явуулдаг болно гэсэн шийдвэр гарч, шат дамжлага багассан. Гэтэл сайт руу ороод бүртгэлээ хийхээр бүртгэл нь баталгааждаггүй. Тэр бүртгэлийг компьютерийн цаана нэг хүн хянаад баталгаажилтыг нь дарна шүү дээ. Иргэд ойлгохдоо материалаа өглөө, тэнд бүртгэгдээд үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж боддог. Гэтэл бүртгэж байгаа процесс нь өөрөө зөвшөөрөл шиг болчихоод байгаа юм. Нийслэлийн удирдлагуудтай энэ асуудлаар ярилцсан. Бүртгэл хийж байгаа п роцессыг дахиад хөнгөвчилнө. Тухайлбал, ресторан ажиллуулахад ямар шаардлага тавигдах юм. Ресторан ажиллуулаад явж байгаа нөхцөлд эрүүл ахуйн шаардлагууд тавигддаг. Тэгвэл зөвшөөрөл олгож байгаа байгууллагууд тэр шаардлагаа бүгдийг нь холиод зөвшөөрөл авах гэж байгаа иргэн, аж ахуйн нэгж дээр тавьчихдаг. Энэ нь үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа хүмүүст дарамт болоод байна. Засгийн газрын зүгээс “Зөвшөөрөлийн шаардлага нөхцөл, зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага хоёрыг салгаач ээ” гэж байгаа юм. Зөвшөөрлийн шаардлага нөхцөлийг тухайн үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлж буй байцаагч нар буюу сал барын хяналтууд стандартаа мөрдүүлээд явж болно. “Ажлын 22 хоногтоо багтаагаад зөвшөөрөл олго” гэдэг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн үг.
-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим хуудастаа нүдний шилний газар ажиллуулж яваа иргэд цагийн хуваарь авах гэж асар олон бичиг баримт бүрдүүлж байгаа тухай онцолж байсан. Зөвшөөрлийн хуулинд зааснаас бусад үйл ажиллагааг шууд эрхэлж болно гэж хуульчилсан хэрнээ яагаад төрийн байгууллагууд тэр олон бичиг, баримт нэхээд байна вэ?
-Зөвшөөрлийн шат дамжлага хаана хамгийн их байна вэ гэдгийг судлаад үзэхээр 251 зөвшөөрлөөс 73 нь уламжлалтаар буюу иргэнийг биеэрээ ирэхийг, цаасаар авчрахыг шаардаж байна. Зарим нь үнэхээр зөвшөөрөл авахаас аргагүй онцгой, тусгай ангиллын зөвшөөрлүүд байна. Эд гээрээс бусад нь бүгд цахимж сан. Яг үнэндээ зөвхөн материалаа бүрдүүлж, хавсаргаж оруулах процесс нь цахимжсан гэсэн үг. Харин шийдвэр гаргах процесс нь уламжлалт хэвээр байгаа. Ажлын хэсэг байгуулдаг бол хуралдахаа хүлээгээд л сууж байх жишээтэй. Дараа нь ажлын хэсгийн дүгнэлтээ гаргахыг хүлээнэ. Энэ бүх процесс цахимжаагүй учраас цахимжилт бүрэн утгаараа явж, зөвшөөрөл авах гэж байгаа иргэн хүндээ ирдэг хүндрэл багасахгүй байна. Жишээлбэл, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 138, эрүүл мэндийн чиглэлээр 126, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр 110, соёл, боловсролын чиглэлээр 80 үе шатыг дамжиж байж тусгай зөвшөөрлийг авч байна шүү дээ. Иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахад болон зөвшөөрлөө сунгах шат дамжлага хоёрын хооронд нэг их зөрүү байхгүй. Дээрээс нь бүрдүүлэх материалууд нь ялгаагүй болчихож байгаа юм. Бизнест ээлтэй байх, иргэндээ ээлтэй байх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаасаа авах орлогыг нэмэгдүүлэх, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цаашлаад олон улсад өрсөлдөх чадвараа дээшлүүлэх гээд бидний том зорилт чинь зөвхөн зөвшөөрлийн жижигхэн процесс дээр ороод уначихаад байна.
Төр бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэх ёстой, хөнгөвчлөх ёстой гэдэг. Гэтэл хувийн хэвшлийнхэн “Энэ арвин зөвшөөрлүүдээс чинь болоод бид олон улсад өрсөлдөх чадвараа алдаад байна шүү дээ” гэж байна. Дэлхий хавтгай болохын хэрээр бизнесийн орчин улам хялбаршиж байгаа. Монголчууд зарим тохиолдолд хил дамнаж үйл ажиллагаа явуулах нь дотооддоо бизнес эрхлэхээс ч төвөг багатай байна гэдэг. Яагаад гэвэл Монголд элдэв бичиг баримтууд нэхдэг. Шийдвэр гарахыг хүлээж хугацаа алддаг. Дээрээс нь шаардлагатай, шаардлагагүй бичиг баримт их бий. Тэгэхээр бизнес эрхлэх боломжийг хялбар бүрдүүлэхийн тулд 200 гаруй хуулийг хөндөж таарна. Салбарын хуулиуд гэхээр ийм хэмжээний хууль байх. 381 төрлийн зөвшөөрлийн ард салбарын хуулиуд явж байгаа юм.
-Хаврын чуулганаар баталж амжих болов уу?
-Засгийн газраас зөвшөөрлийг цэгцэлье гэсэн үйл ажиллагаа томьёолоод хэрэгжүүлэхтэй зэрэгцээд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдсан. Зөвшөөрлийн хуулийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх ажлын хэсгийг Х.Ганхуяг гишүүн ахалж байгаа. Эдийн засгийн байнгын хорооноос дүгнэлтээр хаврын чуулганд өргөн барьж, салбаруудын хуулийг цэгцэл” гэсэн. Дээрээс нь “Бүртгэл” гэдэг үг зөвшөөрөлтэй адилхан үйлчлээд байгаа бол зарим үйл ажиллагааг мэдэгдээд явуулдаг боломжийг нь иргэдэд нээж өгөх ёстой. Ингэснээр зөвшөөрлийн хуулийн үйлчлэх хүрээг арай өөрөөр тодорхойлж оруулж ирэх чиглэлийг өгсөн. Зөвшөөрлийн тоог боломжит дээд түвшинд багасгана. Ялангуяа иргэдэд мэдэгдэл зөшөөрлөөр үйл ажиллагаа эрхлэх боломжийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Хуулинд зөвшөөрлийг хялбаршуулах өөр ямар, ямар зохицуулалт оруулах шаардлагатай вэ?
-Төрөөс хувийн хэвшилтэй, иргэнтэй харьцах гол хэлбэр нь зөвшөөрөл. Тэгэхээр зөвшөөрөл олгож байна гэдгийн цаана эдийн засгийн, нийгмийн, байгаль орчны, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал гээд олон төрлийн эрсдлийг тооцдог. Энд тусгай зөвшөөрөл байх юм, үүнд энгийн зөвшөөрөл байх юм гэдгийг хуулинд тусгадаг. Мэдээж тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа хэвээр байна. Энгийн зөвшөөрөл дээр бид нэлээд голчилж харж байна. Хэрэв нэг удаагийн шинжтэй энгийн зөвшөөрөл байх шаардлагатай юу гэдгийг судалж байгаа. Дараагийн анхаарал хандуулж буй асуудал нь иргэн, байгууллага, аж ахуйн нэгж 138 шат дамжлага дамжаад байгааг болиулна. Хуулинд ажлын 22 өдөрт багтаа гэсэн бол тэрийг л хангуулах хэрэгтэй юм. Бодит амьдрал дээр иргэний хүсэлтийг төрийн байгууллагуудын бичиг хэрэг нь хүлээж авдаг. Дараа нь мэргэжилтэн дээр очно. Тэнд очоод асуудлаа тайлбарлаад ярьж өгөнгүүт “За одоо хороо хуралдана. Комисс хуралдана” гэдэг. Нөгөөдүүлээсээ тойрч саналыг нь авна, нэгтгэнэ, хуралдана, эцсийн дүгнэлт гаргана. Ингээд удахаар богино хугацаанд үр дүнгээ өгөх төслүүд ямар ч утагагүй болчихоод байгааг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлээд байна. Цаашлаад эдийн засгийн ач холбогдол болон төслийн үр өгөөжөө алдчихаад байна. Тэгэхээр үүнийг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг тавьсан. Бид зөвшөөрөл болгон дээр үнэлгээ хийнэ. Энэ төрлийн зөвшөөрлийг олгоход ийм үйл ажиллагаануудыг хялбаршуулна гэдэг зохицуулалтуудыг хуулинд оруулах юм.
Дээрээс нь одоо хэрэгжиж байгаа хуулинд зөвшөөрлийг багасгахтай холбоотойгоор олон төрлийн зөвшөөрлийг нэг дор хамаад биччихсэн асуудал бий. Өөрөөр хэлбэл, эм, эмийн хэрэгсэл худалдах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг импортлох, худалдах гээд нэг төрлийн зөвшөөрөл болгосон байна. Хэрэв иргэн Дорж зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах гээд зөвшөөрөл авахдаа өөрийн үйл ажиллагаанд хамааралгүй тоног, төхөөрөмжийн импорт дээр тавьдаг тусгай зөвшөөрлийн шаардлагуудыг гүйцээдэг. Үндсэн үйл ажиллагаанд нь ямар ч хамааралгүй з өвшөөрлийн бичиг баримт нэхдэг. Эсвэл нэг зөвшөөрөл авах гээд очтол сайд нь журмаараа долоо салгачихсан байдаг. Тэгэнгүүт долоон ижил агуулга бүхий материалыг бүрдүүлж, долоон шийдвэр гаргах хугацааг хүлээх шаардлага үүсчихээд байгаа юм. Үүнийг л одоо цэгцлэх шаардлагатай байна.
-Хууль хэрэгжиж эхэлснээр гутал засвар, нүдний шилний газар ажиллуулах зөвшөөрөл авахын тулд төрийн албан хаагчийн үүдийг сахиж суудаг асуудал арилна гэж ойлгож болох уу?
-Нэг талаар зөвшөөрлийн шаардлага нөхцөлийг биелүүлэх нь үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг. Яагаад гэвэл олон талын эрсдлийг бодолцож зөвшөөрөл олгодог. Гэхдээ зөвшөөрөл өгөхийн тулд төрийн албан хаагч удах шаардлага байхгүй. Зөвшөөрлийн хуулийг өөрчлөхтэй холбоотой бидэнд маш олон төрлийн мэдээлэл ирж байна л даа. Тусгай зөвшөөрөл өгөх гээд дүүрэг дээр ажлын хэсэг байгуулчихдаг гэж байгаа. Тэнд нь татварын байцаагч ороод ирдэг гэсэн. Тэгснээ “Танайх татварын өртэй компани байна” гээд зөвшөөрөл өгдөггүй байх жишээтэй. Зөвшөөрлийнх нь хуулинд тэр баримт бичгийн шаардлага байхгүй. Тухайн байгууллага салбарынхаа хуульд заасан шаардлагыг хангаж л байвал зөвшөөрөл өгөх үүрэгтэй. Үйл ажиллагаанд тавигдах хяналт шалгалт нь өөр зохицуулалт байх ёстой.
-Зөвшөөрөл нь “Бүртгэл”, “Баталгаажуулалт” гэсэн үгээр хэрэгжиж байгааг та ярилцлагынхаа эхэнд дурдсан. Үүнийг яаж цэгцлэх юм бол?
-Олон зөвшөөрөл байдгийг бүртгэл гээд баахан гэрээ байгуулдаг. Бас дүгнэлт гаргуулна, батламж олгоно, эрх олгоно гэсэн заалтууд бий. Энэ болгон дээр ажиллаад бүртгэлийн шинжтэй заалтуудыг бүгдийг нь хүчингүй болгоно.
Эсвэл зайлшгүй тусгах шаардлагатай бол Зөвшөөрлийн хуулинд оруулдаг ч юм уу. Ийм байдлаар зохицуулалт хийх ёстой гэж харж байгаа.
-Төрийн бүх үйлчилгээ цахимжиж байхад нотариат байх шаардлагатай юу гэдэг асуудал бий?
-Нотариат бол бие даасан хуультай. Заавал нотариатаар батлуулбал зохих баримт бичгүүд гэж бий. Харин зарим төрийн байгууллагууд огт шаардлагагүй зүйлийг нотариатаар батлуул гэдэгт иргэд бухимддаг. Тухайлбал, иргэний үнэмлэх И-Монголиагаар баталгаажсан байхад заавал нотариатаар гэрчлүүлэх нь илүү. Үүнийг болиулах хэрэгтэй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахимжилтыг эрчимжүүлнэ. Монгол Улс цахим үндэстэн болно гээд байгаа нь явж явж олон хүнд суртлыг багасгах зорилготой шүү дээ. Хүний хандлага, хүнд суртлаас хамааралгүйгээр төрийн үйлчилгээг хурдан авдаг болгох гээд байгаа юм. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд “Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс шаардаж болохгүй” гэж заасан. Жишээлбэл, би төрийн байгууллагаар үйлчлүүлэх гээд очиход “Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын хуулбараа өг. Эрүүл мэндийн даатгал төлсөн байна уу” гэж шаардахгүйгээр тэр бүх мэдээллийг дамжуулах ХУР системийг хөгжүүлсэн. Одоо энэ системээр 800 гаруй мэдээлэл татаж авах боломжтой. Гэтэл төрийн байгууллагууд нэхээд л байдаг. Засгийн газрын зүгээс төрийн байгууллага, орон нутгийн удирлагуудад “Ийм, ийм мэдээллийг ир гэдээс нэхэхээ боль. Тэр мэдээллийг татаад авах нь таны үүрэг” гэсэн жаг саалт хүргүүлнэ. Гэхдээ таны И-Монголиагийн аппликэйшнтэй таны гар утсанд “Энэ мэдээллийг тэр байгууллага татаж авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэдэг мэдэгдэл очно. Та “ок” гэсэн хариу илгээхэд л хангалттай. Тэрнээс иргэд энд, тэндээс лавлагаа тодорхойлолтоо хэвлээд бүрдүүлээд аваад очих шаардлагагүй. Ийм зохицуулалт Зөвшөөрлийн тухай хуулинд орж байгаа.
-Цахимаар зөвшөөрлийн хариу өгөхдөө их уддаг юм биш үү. Энэ байдлыг яаж хурдан болгох вэ?
-Манайд цахим дээр зөвшөөрөл олгох хүмүүс урдах цаастайгаа зууралдаад байдаг. Завтай болонгуутаа цахимжилтаа хийхээр чинь цахимаар хүсэлтээ өгсөн иргэн дээр хоног хүлээгдээд байдаг юм. Уг нь цахимжилтын гол зорилго бол “digital first” буюу эхлээд цахимаар ирсэн иргэний хүсэлтийг шийдвэрлэнэ. Ямар ч тохиолдолд цахимжилтын өөрийнх нь үндсэн агуулга тэр. Аажмаар цаасан суурьтай харилцааг халах юм. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд “Цаасан болон цахим баримт бичиг ижилхэн хүчин төгөлдөр үйлчилнэ шүү” гэж байгаа. Энэ нь зөвшөөрөл дээр яаж бууж байна вэ гэхээр “Таны цахимаар өгсөн бичиг баримт, цаас хоёр ижилхэн байх ёстой” гэдэг. Харин салбарын хуулиуд дээрээ тэр нь тусгагдаагүй. Иймд төрийн албан хаагчид биелүүлэхгүй байхаар нь өнгөрсөн жил “109 хуульд цахимаар байж болно” гэсэн өөрчлөлтийг хийсэн шүү дээ. Гэвч хууль маань хангалттай хэрэгжихгүй байна.
-Цахимын ард мэдээж хүн байгаа болохоор тэнд ажиллаж буй төрийн албан хаагчдын ачаалал ихсээд байна уу. Жишээлбэл, иргэн аж ахуйн нэгжүүд татварын тайлангаа цахимаар илгээхэд цаанаа бүртгэл нь хийгдэж, хүлээж авдаггүй гэх гомдол элбэг юм билээ?
-Энэ асуудал эмч нар дээр их яригддаг. “Бид өвчтөнөө үзэж чадахгүй систем дээр бөглөсөөр байгаад таарч байна” гэдэг л дээ. Эмнэлэг болгон өөр, өөр системтэй. Хоорондоо холбогддоггүй. Технологийн шийдлийг хялбарчилж өгөх ёстой. Тэрнээс гурван янзын программ зэрэг тавьчихаад гурвууланд нь ижилхэн мэдээлэл оруул гэсэн үг биш. Жишээлбэл, өрхийн эмчийн үзлэгийн мэдээлэл дараагийн шатлалын эм нэлэг дээр шууд харагдаж байх боломжийг технологиор бүрдүүлж өгөх ёстой. Цахим жуулж байна гээд байгууллага болгон өөр, өөр систем хийгээд байх шаардлага байхгүй. Ондоо системүүд нэвтрүүлсэн тохиолдолд хоорондоо холбогдоод мэдээллээ саадгүй солилцож байх ёстой. Энэ бүхэн Засгийн газрын тогтоолд ч цахимжилтын багц дөрвөн хуулинд ч гэсэн байгаа. Одоо тэнд ажиллаж байгаа хүний хандлагын өөрчлөлт хэрэгтэй байна.
М.Мөнхцэцэг





Сүхбаатар дүүргийн мөсний шагайн харвааны тэмцээний шилдгүүд тодорлоо DNN.mn
Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсн...
1 цагийн өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам”-ыг зургадугаар сард зохион байгуулна DNN.mn
Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадмыг ирэх зургаадугаар сард зохион байг...
2 цагийн өмнө
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо DNN.mn
Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллаг...
2 цагийн өмнө
БНСУ-ын нислэгээр powerbank, электрон тамхи гар тээшинд авч явахыг хориглолоо DNN.mn
БНСУ руу явах болон БНСУ-аас ирэх зорчигчдын анхааралд… 2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн зөөврийн цэнэглэгч (powerbank),...
3 цагийн өмнө
81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна DNN.mn
E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна. 2025 оны 2 ...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

Монгол
Ер нь бол Монголд 2 нам их гай тарьсан шүү дээ. Салбарыг мэдэхгүй улс төрчдийн шахааны хүмүүс сайд зэрэг бүх удирдах ажил хийж намдаа сонгуулийн мөнгө босгох өөрсдөө болон танил талаа мөнгөнүүдээ бодлого явуулсан нь одоо ойлгомжтой болж байна. Салбараа мэдэхгүй хүмүүс бүх зальтай шуналтай хүмүүсийн арга мэхээр бүх салбарт хошуугаа дүрсэн байгаа юм. Угтаа монголчуудыг 30 жил доромжилж идэж уусан яд авах ёстой хүмүүс удирдсан.