мэдээ
“М-Си-Эс”-ийг устгаж болохгүй DNN.mn

НОРОВЫН ГАНТУЛГА
2025 оны 2 сарын 26

1

“Ухаа худаг”-ийг тойрсон улс төрийн ширүүн тэмцэл Монголд ид өрнөж байна. “Л.Оюун-Эрдэнэ үү, Ж.Оджаргал уу, үндсэндээ энэ хоёрын хэн нь дийлэх вэ” гэх хандлага нийгэмд байна. Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд төвлөрүүлэх хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Таван толгойн ордын нэг хэсэг болох Ухаа худагийн ордыг “Энержи ресурс” компанид хэрхэн олгосныг шалгах ажлын хэсэг гаргасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлыг хэсэг “Энержи ресурс” компанийн толгой компани болох “М-Си-Эс” группт ажиллагаа явуулж тус компанийн хуулийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа З.Төрмандахыг баривчилсан. Эндээс “Ухаа худаг гэдэг улс доторх “улс” бий болжээ” гэх яриа гарсан. “Ухаа худаг”-ийг “М-Си-Эс” групп үнэгүй хувьчлаад авсан зэрэг бүх л асуудал олон нийтэд ил болж эхэлсэн. 2008 онд Засгийн газрын хуралдаанаар “Энержи ресурс” компанид Ухаа худагийг үнэгүй хувьчилсан байдаг. Тэр тухай УИХ-ын дарга асан З.Энхболд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан.
Тэрээр “Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний хуралдааны тэмдэглэлээр өгчихсөн. Би тухайн үеийн С.Баярын Засгийн газрыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчсөн гэж буруутгаж байгаа юм. “Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүд хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөв” гээд явуулчихсан. Тэр хэлэлцээрийн үр дүнд гэрээ хийгдсэн байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээг нэг талаас Монгол Улсын Засгийн газар, нөгөө талаас “Энержи ресурс” компани байгуулсан. Ингэж Засгийн газартай хэлэлцээ хийхдээ илт худал баримт бүрдүүлж, хууран мэхэлж авсан” гэдгийг маш тодорхой хэлсэн юм.
Мөн тэрээр “Тухайн үеийн Ашигт малтмал газрын тосны газрын дарга албан тушаалаа урвуулж хууль бусаар өгсөн. Ухаа худаг бол улсын өмч, ямар ч маргаангүй. Өмч хувьчлалыг хэрэгжүүлж байсан хүний хувьд би баталгаатай хэлнэ. Ийнхүү хууль бусаар өгсөн Ухаа худагийг хураая гэхэд 2017 он хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн өмгөөлж хамгаалаад хураалгаагүй. Хулгайн хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулж ирсэн компани түүнийгээ буцааж өгч л таарна” хэмээн өчсөн.
Ингэж олны хэлээд байгаачлан “Улс дотор Ухаа худаг гэдэг “улс” бий болсон түүхтэй. Ухаа худаг гэх шинэ “улс” бараг НҮБ-д элсэх л дутуу байсан бололтой. Бусдаар бол Монголын Ерөнхийлөгч нь, үе үеийн Ерөнхий сайдууд, УИХ, Засгийн газрын гишүүд Ухаа худаг гэдэг “улс”-ын мэдэлд байсан бололтой. Олны хэлээд байгаачлан Ухаа худаг гэдэг “улс”-ын “төрийн зөвлөл”-ийнх нь буюу Төлөөлөн удирдах зөвлөл нь Туулын хөвөөнд бөөндөө амьдардаг, тэдний уулзалтыг “СӨХ нь хуралдаж байна” гэж улс төрийн хүрээнд яригддаг, тансаг зэрэглэлийн хотхонуудаа тэд худалдаж авдаггүй, түрээсэлдэг ийм дүр байдал, бүтэц бүрэлдэхүүнтэй явж ирсэн байна.
Гэхдээ улс төрийн энэ нөхцөл байдалд монголчууд бид нэг зүйлийг ухаалгаар сайтар бодох хэрэгтэй. Учир нь Ухаа худаг, “Энержи ресурс” эдгээрийн толгой компани болох “М-Си-Эс” групп ямар компани болох тухай, Монгол Улсын хөгжил дэвшилд ямар бодитой хөрөнгө оруулалт хийсэн, дэлхийн брэндүүдийг Монголд бий болгосон гэдгийг ухаарч бодох хэрэгтэй. Дэлхийн улс орнууд үндэсний томоохон компаниудаа бодлогоор дэмжиж, олон улсад тухайн улс орны нэр нүүр болох хэмжээнд хүргэж эцэст нь тэдгээр компаниудынхаа үр нөлөөгөөр урагшилдаг болохыг бид мэднэ.
Солонгос улс гэхэд “Самсунг”, “Хьюндай” зэрэг гурван гол компаниа бодлогоор дэмжиж, өнөөдөр эдгээр компаниуд нь улс орныхоо нүүр царай, хөгжлийн гол зангилаа болж дэлхийд тэргүүлж байна. Тэгэхээр Ухаа худагийг устгаж болохгүй. “Хулгай нь илэрлээ, хууль бусаар зөвшөөрлийг нь өгсөн нь тогтоогдлоо. Ухаа худаг, “Энержи ресурс”-ийг улсын өмч болго, “М-Си-Эс”-ийг устга гэж бид лоозогнож турхирч огтоос болохгүй. Монголын төр, Монголын Засгийн газар энэ асуудалд маш ухаалаг, бодлоготой хандах хэрэгтэй.
Юуны түрүүнд одоо Монголын төр, Ухаа худагтай буюу толгой компани болох “М Си Эс” групптэй хоёр талаасаа хэлэлцээрт орох хэрэгтэй байна. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ сайд, Ж.Оджаргал захирал хоёр хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй байна. Ухаа худаг байтугай Израиль, ХАМАС бүлэглэл хоёр Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хийгээд болж байна. Мөн Украин, Орос хоёр дайн хийж хэчнээн хүний амь хохирч, сүүлийн хэдэн жил дайны гал юунд хүргэв. Гэтэл бүтэн дөрвөн жил дайтсан тус хоёр улсын төрийн тэргүүн Америкийн ерөнхийлөгч Трампаар дамжуулан энхийн хэлэлцээрт хоёр талаасаа орох тухай яригдаж байна. Энэ дэлхийд бүх л маргаан гэрээ хэлэлцээгээр шийдэгддэг. Дайн эхлэхэд гэрээ нь цуг эхэлж байдаг. Тиймээс Монголын Засгийн газар, Ухаа худагтай гэрээ хэлэлцээ хийх хэрэгтэй байна.
Нэн даруй хоёр талын ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг аль аль талдаа үр ашигтай, өгөө аваатай хэлэлцээр тохироо хийх нь чухал байна. “М-Си-Эс” бол аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, барилга, эдийн засгийг үлэмж тэтгэдэг уул уурхай гээд бүх л том салбарт бүтээн байгуулалт хийсэн 30 гаруй жилийн түүхтэй үндэсний том компани. Өдөрт 2.6 тэрбум, сард 80 гаруй тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлж 13 мянган ажилтандаа сард 43 тэрбум төгрөгийн цалин олгодог, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байраар хангасан гэх тоон үзүүлэлт гарч байна.
Мөн Юнител компани нь орон даяар үүрэн холбооны целлулар технологи, Юнивишн компани нь Монголд анх удаа интернэт, суурин утас телевизийн үйлчилгээг нэгтгэсэн гурвалсан үйлчилгээг танилцуулсан. “М-Си-Эс Кока кола” дэлхийн брэндийг анх оруулж ирсэн, “Цэнтрал Тауэр”, “Шангри-Ла” гээд барилгын том төслүүдээр бүтээн байгуулалт нь үргэлжилснийг бид мэднэ. Үндэсний ийм том компанийг дахиад бий болгоно гэдэг амаргүй.
Юм хийдэг хүн, хийдэггүй хүн гэж байдаг. “М-Си-Эс” бол юм хийдэг, бүтээдэг компани болохыг монголчууд бид харж байна. Юм хийдэггүй, өгсөн мөнгийг өөрөө идээд хэрэглээд, үрээд цацчихдагийг “Хөгжлийн банк”-ны шүүх хурлаас бид тодорхой харсан. Монголын нэр бүхий компанийн захирлууд “Хөгжлийн банкнаас хэчнээн тэрбумын зээл аваад тэр мөнгөөрөө шууд казинодож, гадагш нь аваачиж тушаасан гол харламаар жишээнүүд бий. “М-Си-Эс” бол бүтээдэг, дэлхийн брэндүүдийг Монголд бий болгодог үндэсний том компани. Тиймээс дахин хэлэхэд, “М-Си-Эс”-ийг устгаж болохгүй.





“Харбин 2025” Азийн өвлийн наадмын тэшүүрийн багийг хүлээн авч уулзлаа DNN.mn
БНХАУ-ын Харбин хотноо болсон азийн өвлийн наадамд Монголын тэшүүрийн баг тамирчид гүйлтийн тэшүүр, шорт трэйк болон уран гулгалтын ...
8 цагийн дараа
Өнөөдөр хоёр давсан бөхчүүд маргаашийн барилдана DNN.mn
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн барилдаанд оролцох эрх олгох барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлж, ...
7 цагийн дараа
1267 иргэн хувьцаагаа хандивлана DNN.mn
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарил...
7 цагийн дараа
Тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулан айлдвар айлдана DNN.mn
Гандантэгчэнлин хийд Монголын цагаан сарын хурал номын үйл ажиллагааны тухай танилцууллаа. Гандантэгчэнлин хийд цагаан сарыг угтан х...
6 цагийн дараа
Марк Мелеард: Газрын гүн рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах боломжгүй DNN.mn
Францын “Орано Майнинг” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зөөвч-Овоо ураны орд ашиглахаар Монгол Улсын Засгийн газарт...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд