мэдээ
А.Ариунзаяа: Шинэ парламентад илүү мэргэжлийн дуу хоолойнууд орж ирсэн учраас улстөржилт бага байна DNN.mn

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 2 сарын 26

71

Улсын Их хурлын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа.
-УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө та ямар ажил эрхэлж байв. Энэ тухайгаа манай уншигчдад хэлж өгөхгүй юу?
Хэдийгээр би анх 2005 онд Германд улс төр, нийгэм судлал, түүхийн ухааны магистерын зэрэг хамгаалсан ч эх орондоо ирээд анхны ажлын гараа маань даатгалын салбарт байлаа. Найман жил ажиллаад 2013 онд улс төрд орох сонголтыг хийж байлаа. Энэ нь учир шалтгаантай.
Миний өвөө бол Пунцагийн Жасрай гэж хүн. Өвөөгийнхөө дурсгалт 80 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр үр хүүхдүүд, нутаг орныхон, хамтран ажиллагчид нь шийдвэрлэж, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн 2013 онд зохион байгуулсан юм. Тэр үедээ л өвөөгийнхөө амьдралаа зориулсан нам, улс төрийн ажилд хувь нэмрээ оруулах сонголтыг хийсэн. Улмаар Монгол Ардын Намд элсэн газрын даргаар ажиллах санал авч байлаа. Тухайн үед гурван шатны сонгуульд ялагдал хүлээсэн, эдийн засаг, нийгмийн уналтын үе байсан. Намаас дэвшүүлэх 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж, улс орны хөгжлийн бодлогод улс төрийн намуудын оролцоо, төлөвшил ямар чухал гэдгийг мэдэрсэн. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсны дараа бидний боловсруулсан мөрийн хөтөлбөр хэрхэн Төрийн бодлого болон хувирч, эргүүлээд түүнийг биелүүлэх, хэрэгжүүлэх боловсон хүчний бодлого ихээхэн чухлыг тэгэхэд бодитоор мэдэрсэн.
Үндэсний статистикийн хорооны даргаар 2016 онд томилогдсон. Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа статистикийн мэдээллийг илүү хялбаршуулж, нээлттэй түгээн иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэхээр хөгжүүлэлт хийхийг хичээсэн. Жишээ нь, тантай адилхан нэртэй хэдэн хүн байна, та Монгол Улсын хэд дэх иргэн бэ гэх зэрэг сонирхолтой статистикуудыг гаргасан нь хүмүүст их хүрсэн
Албан ёсны статистик, захиргааны мэдээлэл гаргахаас гадна Нийгмийн судалгааг өргөн хүрээнд хийсэн. Тухайлбал, утаа нэмэгдэх болсон шалтгаан, үүнд нийгмийн нөлөөллүүд хэрхэн уялдаж байгааг судалж, цаашдын бодлогын зөвлөмжүүдийг боловсруулсан. Статистик бол хуурай тооны шинжлэх ухаан бус, харин нийгмийн толь юм гэдгийг харуулах гэж хичээн өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг нотолгоонд суурилан судлахыг хичээсэн. Аливаа бодлого шийдвэр нотолгоонд суурилах юм бол оновчтой, зөв байна.
-Сүүлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан?
-2020 оны долдугаар сард У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараахь Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүдээ томилох эрхтэй болж анхны Засгийн газраа байгуулсан.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх статистикийн салбарт онцгой анхаарал хандуулж, нийгмийн тооцоо, судалгааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах урилгыг өгсөн. Үүний дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай мөн хамтран ажилласан. Ковидын хүнд нөхцөл байдлын үед ажилласан. Манай салбарын хувьд иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ тасалдуулахгүйн тулд цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж чадсан гэж боддог.
Тухайн үед бүхий л төрийн үйлчилгээний салбар, банкууд хаалттай байсан нь иргэд насны хишиг, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, ер нь төрөөс олгож буй даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг авахад хүндрэл учирч, банк дээр биечлэн очих шаардлага нь бодит эрсдэл дагуулж байв. Үүнийг шийдвэрлэхийн тулд Төрийн банк болон ХААН банктай хамтран ажиллаж, 200 мянга орчим иргэнийг шуурхай, үнэ төлбөргүй банкны карттай болгосноор заавал банк дээр биечлэн очих, теллерээс үйлчилгээ авах шаардлагагүй болсон. Халамж, даатгалын цахим системийг хөгжүүлж Ибаримтын системтэй холбосноор иргэд шинээр өргөдөл, хүсэлт илгээх зэргийг бүрэн цахимаар шийдвэрлэх боломжийг нээсэн.
-Таныг сайд байх үед хүнсний талоны асуудал үүсч байсан байх аа?
-Асуудал үүссэн гэх үү, сайжирсан гэх үү… Төрд байгаа мэдээллийг ашиглан хяналтаа сайжруулсан, журмаа шинэчилсэн. Халамжаас Хөдөлмөрт шилжих бодлогоо дэвшүүлсэн.
Статистикийн хорооны явуулдаг мал тооллого, хүн ам, орон сууцны бүртгэл, автомашины үзлэгийн тоо зэрэг мэдээлэлд үндэслэн хүнсний талон авч буй өрхүүдийн хөрөнгийн байдлыг нарийвчлан гаргаж ирсэн. Үүний үр дүнд мянгат малчид, 10 гаруй автомашинтай, хэд хэдэн орон сууцтай хүмүүс хүнсний талон авч байсан нь илэрсэн. Малчдын хувьд малын тоонд хязгаар тавиагүйгээс гадна өмнө нь нэг удаа хамрагдсан өрхүүдэд дахин хяналт, шалгалт хийдэггүй байсан нь ийм байдалд хүргэсэн. Тиймээс 200-гаас дээш малтай өрхийг хүнсний талонд хамруулахгүй байхаар шийдвэрлэсэн.
Мөн хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст хоёр удаа ажлын байр санал болгож, хоёр удаа сургалтад хамруулсан. Үүний дараа ажил хийхээс татгалзсан тохиолдолд хүнсний талон олгохгүй байх бодлогыг хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд, намайг ажил авч байх үед хүнсний талон авдаг иргэдийн тоо 230 мянга байсан бол ажлаа өгөх үед 93 мянга болж буурсан.
-Анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдон ажиллаж байна. Намрын чуулган ер нь хэр болж өнгөрөв?
-Улсын Их Хурал 76 гишүүнтэй байхад нэг гишүүн дээр эрх мэдлийн хэт төвлөрөл үүсчихсэн гэдэг дүгнэлтийг судалгааны байгууллага, эрдэмтэд дүгнэж байв. Салбар, салбарын төлөөллийн дуу хоолой хэрэгтэй учраас мажоритар сонгуулийн тогтолцооны зэрэгцээ пропорциональ буюу намуудын жагсаалтаар гишүүдийг сонгох боломжийг оруулах хэрэгтэй, аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас багагүй байх хэрэгтэй гэж байв. Энэ бүхнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтээр бий болгосон.
Үр дүнд нь одоогийн парламентын таван намын төлөөлөл болсон 126 гишүүний 27 хувь нь эмэгтэй гишүүн байна. Гишүүдийн 81 нь анх удаа гишүүн болсон хүн байна. Намрын чуулган маш их мэтгэлцээнтэй, оролцоотой, динамик ихтэй чуулган болж өндөрлөлөө. Хамтарсан Засгийн газар байгуулсан нь их онцлог байлаа. Ингэснээр шийдэж чадахгүй байсан, галтай гэж хэлж болохоор төслүүдээ урагшлуулах боломж энэ намрын чуулганаар олгогдлоо.
Өмнөх парламентад популизм буюу хуурамч эх оронч байдлаар олны анхаарал татах үзэгдэл хүчтэй байсан бол энэ удаад илүү мэргэжлийн, бодлогын түвшний хэлэлцүүлэг өрнөж, улстөржилт харьцангуй бага байлаа. Энэ нь шинэчлэлийн гол үр дүн болсон гэж харж байна.
Илүү мэргэжлийн дуу хоолойнууд байгаа учраас тэр хэрээрээ улстөржилт бага байна. Зөв боловч нийгэмд таалагдахгүй зүйлийг ярихыг өмнө эмээдэг байсан. Харин гишүүдийн тоо нэмэгдэж, жагсаалтаар сонгогддог болсноор аль нэг тойрогт уялдахгүйгээр болохгүй байгаа асуудлыг үнэнээр нь хэлэх зоригтой болсон юм уу гэсэн дүр зураг харагдаж байна.
-Тантай түрүүн уулзахад Төрийн ордон руу хүүхэд нэвтрүүлдэг болох тухай асуудлыг ярьж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ?
-Төрийн ордонд хүүхэд нэвтрэх боломжтой ч ихэвчлэн анги, хамт олноороо чуулганы үйл ажиллагаатай танилцах зорилгоор орж ирдэг. Энэ нь тусгай журмаар зохицуулагддаг. Харин өнөөдөр Төрийн ордонд таван байгууллагын нийт 1000 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд үүнд гишүүд, сайд нараас эхлээд мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан хүртэлх бүх албан хаагчид багтана. Төрийн ордонд ажиллагсдын хүүхэд нэвтрүүлэхгүй тул хүмүүс хүүхдээ харуулах хүнгүй үед ажил дээрээ авч ирэх боломжгүй.
Олны танил жишээ нийгмийн сэдэв болж байсныг дурдахад, Х.Булгантуяа гишүүн Сангийн дэд сайдаар ажиллаж байх үедээ Төрийн ордны гадаа хүүхдээ хөхүүлж байгаа зураг олон нийтэд тархаж байсан явдал. Мөн Х.Баасанжаргал гишүүн хүүхдээ авч ирэхэд ордонд оруулахгүй, гадаа хүлээж байсан зураг ч цахим орчинд түгэж байв. Гэхдээ үүнээс гадна олон жирийн албан хаагч гэнэтийн үед хүүхдээ Ордны гадаа хүлээлгэх үе бишгүйдээ “чимээгүй” өрнөдөг.
2019 онд Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөвлөгөөнд бүх байгууллага Хүүхдийн өрөөтэй байх зохицуулалтыг анх тусгаж байсан түүхтэй. Миний ажиллаж байсан Статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ч тус бүр ийм Хүүхдийн өрөөтэй байсан. Энэ нь цэцэрлэг, өдөр өнжүүлэх огт биш. Харин эцэг, эх, асран хамгаалагчаа хүлээх тухтай, зориулалтын орчин юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 43.3-т Байгууллага бүр Хүүхэд хамгааллын бодлоготой байх үүргийг тодорхой тусгаад өгсөн. Ингэснээр байгууллага бүр Хүүхдийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, хүүхэд хөгжил, хамгааллын бодлогыг нэн тэргүүнд тавьж байх үүрэг хүлээж буй юм.
Улсын хэмжээнд 4579 байгууллага, аж ахуйн нэгж Хүүхэд хамгааллын бодлого баталж, 10053 байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулагдаж, 1012 байгууллага хүүхдийн өрөө тохижуулж, 103 байгууллага дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар 673 төрийн байгууллага Хүүхдийн өрөө тохижуулж ажилтан, албан хаагч, мөн төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн хүүхдүүдийг эрсдэлгүй орчинд байлгах үүргээ хэрэгжүүлж байна.
Иймээс Төрийн ордон ч хүүхдэд ээлтэй байх, ямар ч байсан нэн яаралтай, онцгой нөхцөлд хүүхдээ ажил дээрээ авч ирвэл Ордны гадаа үлдээхгүй, харин Хүүхдийн өрөөнд хүлээлгэж болдог байх талаар холбогдох газруудтай зөвшилцөлд хүрсэн. Удахгүй хэрэгжээд эхэлнэ.
-Таны хувьд гишүүн байх бүрэн эрхийнхээ хугацаанд яг ямар ажлуудыг хийе гэж зорьж байна вэ?
-Парламент бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Одоогийн байдлаар бүх гишүүн хоёр Байнгын хороонд харьяалагдан ажиллаж байна. Миний хувьд Ёс зүй, дэгийн болон Нийгмийн бодлогын байнгын хороодод ажиллаж, өргөн баригдсан болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудын Ажлын хэсгүүдэд оролцож байна. Үүнээс гадна улс хоорондын парламентын бүлгэмүүдэд харьяалагдан ажиллаж байгаа.
Миний хувьд өмнө нь ажиллаж байсан салбаруудтай холбоотой хуулийн төслүүдэд илүү төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 54 ажлын хэсэг байгаа. Миний хувьд таван ажлын хэсэгт орсон, БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийг ахалж, мөн Хөдөлмөрийн тухай, Асаргааны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах зэрэг нийгмийн салбарын хуулийн ажлын хэсгүүдэд багтсан. Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг ч мөн эхлүүлээд байна.
Ер нь Улсын Их хурлын гишүүд зөвхөн хууль боловсруулах, батлах биш, харин хууль батлагдаад хэрэгждэг байх, биелэлтэд онцгой анхаарах үүргийг мөн хүлээдэг.
Хуулийг баталсан хүмүүс хамгийн түрүүнд өөрсдөө хэрэгжүүлж ажиллах нь чухал. Тиймээс төсөв батлах үеэр Ахмадын сангийн тухай асуудлыг нэлээд хөндсөн. Байгууллага бүр цалингийн сангийнхаа хоёр хүртэлх хувиар Ахмадын сан байгуулж, ахмадуудаа дэмжих нийгмийн бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүнийг Төрийн байгууллагууд нэн тэргүүнд өөрсдөө мөрдөх үүрэгтэй юм.
Харамсалтай нь хууль сурталчлах ажил орхигдож байна. Хуулийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл үүсч байгааг нарийн судалдаггүй. Хэрэгжүүлэх хүсэлгүй байна уу, эсвэл боломжгүй байна уу гэдгийг ялгах ёстой. Хэрэв хүсэлгүй байгаа бол захиргааны арга хэмжээ авч, хэрэгжүүлэх үүрэг өгөх шаардлагатай. Харин хууль хэрэгжих боломжгүй бол шалтгааныг нь судалж, хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй.
-Засгийн газрын Хаврын уралдааныг сэргээхтэй холбоотой шийдвэрийн эсрэг шүүхэд хандах тухай ярьж байсан. Энэ юу болсон бэ?
Уяачид жагсах үед Засгийн газар ийм шийдвэр гаргахгүй байх гэж бодож байсан. Учир нь Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа, мөн түүнийг үндэслэсэн Засгийн газрын тогтоол ч байгаа. Ийм нөхцөлд Засгийн газар энэ шийдвэрийг зөрчихгүй байлгүй гэж найдаж байлаа.
Гэвч Засгийн газрын хуралдааны дараахь хэвлэлийн хурлаар Хаврын уралдааныг гуравдугаар сарын 1-нээс зохион байгуулж болно, 12 наснаас дээш насны хүүхэд морь унуулах боломжтой гэж Л.Энх-Амгалан сайд мэдэгдсэн.
Хурдан морины уралдаанч хүүхэдтэй холбоотой асуудлаар ч байр сууриа илэрхийлсэн. Дээд шүүхээс 2019 онд хаврын уралдааныг хориглосон шийдвэр гаргасан тул Засгийн газар энэ шийдвэрийг зөрчиж болохгүй. Хэрэв ингэвэл Засгийн газар өөрөө хууль зөрчсөн байдал руу орно гэдгийг анхааруулж байсан.
Хэрэв зөрчвөл Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн хэрэг болно, улмаар Үндсэн хуулийн зөрчил үүсч, асуудал Үндсэн хуулийн Цэц дээр очих эрсдэлтэй. Тиймээс энэ шийдвэрийг албажуулж болохгүй гэдгийг сануулах үүднээс хэвлэлийн хурал хийсэн. Үүнийг Засгийн газрыг шүүмжилсэн гэхээсээ илүүтэй алдаа гаргахаас нь урьдчилан сэргийлсэн, сануулсан үйлдэл гэж ойлгох нь зөв.
Азаар энэ заалт албажсан тогтоолд тусгагдаагүй. Учир нь олон улсын болон дотоодын байгууллагууд, гишүүд хамтран хүүхдийн эрсдлийг сануулж, асуудлыг эргэн харах шаардлага тавьсан.
-Тэгэхээр Засгийн газрын энэ шийдвэр албажаагүй гэж ойлгож болох уу?
Тийм, уг шийдвэр албажаагүй. Албажиж гарсан хувилбар нь хүүхдээр хаврын уралдаанд морь унуулахыг хориглосон 2019 оны шийдвэр хэвээр байсан.
Ингээд эцсийн хувилбарт хаврын морин уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахыг хориглож, хэрэв уралдаан зохион байгуулбал насанд хүрсэн хүнээр морь унуулах шийдвэр гарсан.
Хэдийгээр бид цаасан дээр ийм шийдвэр хүлээн авсан ч өнгөрсөн долоо хоногт дахиад нэг хүүхдийн амиар Архангай аймагт “наадлаа”. Хүүхдийн аминаас үнэтэй Хаврын уралдаан, үсэргээн, сунгаа байсаар байгаад маш их харамсаж байгаа. Хуулийн хариуцлагыг дорвитой чангалах, нөгөө талд нь Хүүхэд хөгжил, хамгааллын бодлогыг хүн бүр чин сэтгэлээсээ ойлгон хүлээн авч, мөрдөх шаардлагатай байна.
Дахин хэлэхэд, энд “өв соёлоо устгах гэсэн гадны бодлогын гар, хөл болсон” асуудал огт байхгүй ээ. Зуны дэлгэр цагтаа Юнескод бүртгэгдсэн Хурдан морины уралдаан зохион байгуулж, хүн бүр өв уламжлалаа дээдлэн сайхан нааддаг шүү дээ.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ





“Харбин 2025” Азийн өвлийн наадмын тэшүүрийн багийг хүлээн авч уулзлаа DNN.mn
БНХАУ-ын Харбин хотноо болсон азийн өвлийн наадамд Монголын тэшүүрийн баг тамирчид гүйлтийн тэшүүр, шорт трэйк болон уран гулгалтын ...
8 цагийн дараа
Өнөөдөр хоёр давсан бөхчүүд маргаашийн барилдана DNN.mn
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн барилдаанд оролцох эрх олгох барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлж, ...
7 цагийн дараа
1267 иргэн хувьцаагаа хандивлана DNN.mn
Засгийн газрын 2025 оны хоёрдугаар сарын 19-ний хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарил...
7 цагийн дараа
Тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулан айлдвар айлдана DNN.mn
Гандантэгчэнлин хийд Монголын цагаан сарын хурал номын үйл ажиллагааны тухай танилцууллаа. Гандантэгчэнлин хийд цагаан сарыг угтан х...
7 цагийн дараа
Марк Мелеард: Газрын гүн рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах боломжгүй DNN.mn
Францын “Орано Майнинг” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зөөвч-Овоо ураны орд ашиглахаар Монгол Улсын Засгийн газарт...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд