мэдээ
Ч.Мөнхтөр: Цагаан сараар том ууц, үнэтэй бэлгээр өрсөлдөх ямар ч шаардлагагүй DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 02

35

Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхтөртэй ярилцлаа.
–Цагаан сар бол нас нэмсний, өвлийг өнтэй давсны, төрөл садан, ахан дүүсээ мэдэлцдэгээрээ эв нэгдлийн баяр. Өнөө цагт бид Цагаан сарын баярыг гоёж гангарах хэлбэр болгож тэмдэглээд байна уу. Судлаач хүний хувьд дүгнэвэл?
-Тийм ээ. Цагаан сарыг хэлбэрдэж тэмдэглэх нь ихдэж, хэрэгтэй хэрэггүй улс төр, нэр хүндийн ашиг хонжооны хэрэглүүр болгож хэтийн ач холбогдол, Цагаан сарын утга агуулга, бэлгэдлийг нь умартаж байна. Угтаа бол Цагаан сарын баяр чинь улс үндэстэн, ураг садны эв нэгдэл, түүхэн уламжлалын дархлаа болдог төрт ёсны баяр шүү дээ. Бид өнөөдөр Сар шинийн баярыг төрт ёсны уламжлал, төрөл садны нандин холбоог бататган золгох тохиол, монголчуудын шинэ жил, хүн бүрийн төрсөн өдөр, эв нэгдэл, эрх чөлөөний тунхаг гэдэг утгаар нь харж, ойлгож тэмдэглэвэл зүйтэй байх.
–Заавал том ууц тавьж, өндөр идээ засаж, хүн бүрд бэлэг өгөх ёстой юу?
-Бид социализмын он жилүүдийн тархи угаалтаас бүрэн ангижраагүй байна. Дээр нь сүүлийн үед гадны зөөлөн хүчний бодлогод хэтэрхий автсаны улмаас төв суурин газрынхан, залуучуудад Цагаан сарын баяр тээртэй мэт ойлгогдох болсон. Бас дийлэнх нь даган дуурайдаг, монгол сэтгэхүйгээрээ ч энэ яриаг дэвэргэдэг. Өнөөдөр Монгол Улсад оюун санааны хямрал явагдаж байна. Үндэсний баяр ёслолууд болохоор л элдэв бэрхшээл саад тоочиж, хоорондоо уламжлал мөн биш, болно болохгүй гэх хэрүүл маргаан хийх болсон. Харин өрөөл бусдын баярыг ямар ч асуудалгүй даган дуурайгаад нижгэр сайхан тэмдэглэж байна. Цагаан сарын идээ шүүсэнд заавал ууц тавих ёстой гэсэн зүйл байхгүй. Дал дөрвөн өндөр, хонтой шаант чөмөг, гургалдай чаначихад л хүндэтгэлийн бүхэл шүүс, 15 ширхэг хэвийн боов худалдаж аваад идээ засчихад л ёслолын идээ болно. Түүнийгээ хаврын өдрийн уртад ажил руугаа нэг нэгээр нь авч яваад, үдийн цайндаа ид л дээ. Тэгээд л боллоо. “Чөмөггүй байж, туг ширээ” гэж ардын үг бий. Ер нь “Галуу дуурайж, хэрээ шиг хөлөө хөлдөөх хэрэггүй”. Чадал чинээгээрээ л тэмдэглэхэд болно. Өвгөн бичээч Навааннамжил гуай Богд хааны ордонд Цагаан сараар зассан идээний үе 13 байсныг өөрөө үзэж, тоолж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр төрийн ёслолын идээ бол харьцангуй олон үе байж ирсэн байх. Үүний дараа өндөр настнууд байж таарна. Идээгээ хэдэн үеэр өрөх нь хувь хүний эрхийн асуудал. Өндөр өрвөл сайн, намхан бол муу гэсэн ёс, дүрмийг огт сонсож байгаагүй. Бэлэг өгөх ёс бол өнө эртнээс нааш байсаар л ирсэн. Юань гүрний үед харилцан бие биедээ цагаан бөс бэлэглэн золгож байсан тухай мэдээ бий. ХX зуунд хүүхдэд дугуй боов бэлэглэх нь түгээмэл байсан. Хүүхдийн дугуй, гавжийн дугуй гэж нэрлэдэг. Бие биедээ бэлэг өгдөггүй ард түмэн гэж Дэлхий дээр байхгүй байх. Монголчууд ч үүний нэг адил Цагаан сараараа зочин гийчин ирэхэд, алгыг нь дээш нь харуулж, баярлуулсаар ирсэн уламжлалтай.
–Зарим хүн санхүүгийн дарамт үүсгэдэг учраас Цагаан сар тэмдэглэхгүй гэдэг. Ер нь хотын залуус ёс уламжлалаа хадгалаад, Сар шинийн баяраа хямд төсөр байдлаар яаж тэмдэглэвэл зүгээр вэ?
-Цагаан сараар хүмүүс аав ээж, ах дүү нарынхаа гэрээр л ордог. Тэдэнтэйгээ уулзаж, бие биеэ харилцан дайлж, цайлж тэмдэглэдэг шүү дээ. Жаргал, зовлонгийн алинд нь ч ах дүү нь хамгийн түрүүнд хамт байж тус болдог. Сүүлийн үед настай хүнд мөнгө барьж золгодог олдмол зан үйл, өөрийгөө язгууртан, мяндагтан гэдэг бодолдоо бид түүртэж байна. Тэр нь бидэнд санхүүгийн дарамт болж ойлгогдоод байгаа байх. Түүнээс биш Шинэ жилээр ч бие биедээ бэлэг өгнө. Хүүхдүүдэд гацуур модон дээр нь бэлэн мөнгө тавиад, бэлэг авч өгдөг. Үүнтэй харьцуулаад үзвэл Цагаан сар тийм ч өртөг өндөртэй биш шүү дээ.
–Шинэ хувцас өмсөх ёстой гэх ойлголт бас бий?
-Хүн бүрд л гоёлын хувцас байдаг шүү дээ. Цагаан сар болгоноор шинэ хувцас өмс гэсэн ёс жаяг, дүрэм журам огт байхгүй. Харин хүн бүр үндэсний хувцсаа өмсөхийг хичээхэд буруу зүйл байхгүй.
–Өнөө цагт Цагаан сарын утга учир, ёс жаягийг алдагдуулж буй буруу ойлголт байна уу?
-Үндсэн агуулгаасаа гажсан буруу ойлголт, зан үйл нэлээд гарч байна. Жишээ нь: Шинийн 1-нээс эхлээд бараг 15 хүртэл Нар харна гэж уул овоонд гарч, сүү сааль цацаж, учир утгагүй уухайлан хашхирах зан үйл бий болсон байна. Цагаан сараар том ууц, үнэтэй бэлгээр өрсөлдөх ямар ч шаардлагагүй. Бэлэн мөнгө барьж золгох, ёс заншлаа мэдэхгүй дүр үзүүлж жүжиглэх, урлаг соёлынхны утга учиргүй маазарсан контентууд, их мэдэгчийн эрүүл мэнд, ариун цэвэр ярьсан хоосон цэцэрхлүүд гэх мэт ёс жаягийг алдагдуулж, үнэгүйдүүлж буй олон зүйл байна.
–Шинийн нэгний өглөө мандаж буй Нарыг харна гэж хошуурдаг. Энэ ямар утга учиртай юм бол?
-Шинийн нэгний өглөө эрт уул, овоонд гарч, төр, уул хангайдаа сан тавьж, идээ будаагаа өргөж, мөргөдөг ёслол ойрын жилүүдэд ууланд гарч хийморио сэргээж, Нар харж уухайлан хашхирах хэлбэртэй б о л ч и хо о д байгаа юм. Шинийн нэгний өглөөний энэ зан үйлийг нутаг, нутагт өөр өөрөөр нэрлэж ирсэн байдаг. Жишээ нь: Сартуулууд “Зүгт мөргөх”, баяд, дөрвөд, өөлдүүд “Дээр мөргөх”, Дарьгангад “Индэрт мөргөх”, Үзэмчинд “Тэнгэрт мөргөх”, говьд “Хотны овоонд гарах”, захчингууд “Алтайд хиншүү өргөх”, Алтайн урианхай “Балинд мөргөх”, торгууд “Баянд мөргөх” гэхчлэн янз бүрээр нэрлэх боловч хийх зан үйл нь төстэй байдаг. Мөн шинэ оны эхний өдөр аз жаргал, эрүүл энх байхыг бэлгэдэж, сайн зүг буюу цог хийморийн зүгээс эхэлж мөрөө гаргах ёсыг голдуу гэрийн эзэн, эрчүүд үйлдэх нь түгээмэл байсан. Өнөөдөр бараг хүн бүр мөр гаргах болсон байна. Энэ нь хүн бүрийн сэтгэлийн л асуудал.
–Ер нь орчин үеийн хүүхэд залууст Цагаан сарын баярын гол утга учрыг ойлгуулахын ач холбогдол юу вэ?
-Олон утга учиргүй баяр ёслолуудаас Сар шинийн баяр л бидний өв уламжлал гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй байна. Ядаж л хэд хоног амарчихдаг болмоор байна. Энэ баярын өдрүүдэд монголчуудын сэтгэл санаа ямар амар амгалан болдог билээ. Стресс бухимдлаар дүүрсэн нийслэлчүүдэд хэд хоног ч гэсэн сэтгэлийн эмчилгээ болж байгаа талаас нь мэдээ мэдээлэл бэлтгэж, ойлгуулж болно шүү дээ.
Г.Балгармаа





Зам товчилж мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна DNN.mn
Мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байгаа ба Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ...
4 цагийн дараа
Гуравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь DNN.mn
МҮБХ-ноос гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны үйл ажиллагаа болон бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. 03.15 Дорноговь айм...
3 цагийн дараа
Хүүхдээ улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулаарай DNN.mn
ХӨСҮТ-ээс 7 сартай хүүхэд улаанбурхан өвчний хавдар авсан нь лабораториор батлагдсан талаар мэдээлсэн. Тухайн хүүхэд нь улаанбурхан,...
2 цагийн дараа
Орон нутгийг 28.6 мянган тээврийн хэрэгсэл зорьжээ DNN.mn
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас 14.30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоол...
1 цагийн дараа
Хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна DNN.mn
Сар шинийн баярын өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчнөөс сэрэмжлүүлж байна. Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа батал...
17 минутын дараа
Сэтгэгдлүүд