Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Ж.Оюундарь: Сайхан аавынхаа нэрийг төрийн ордонд хоёр дахь удаагаа дуудуулах нь дээ гэж бодож, хоолой зангирч байлаа DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 01

img

35

news-img

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр маргааш буюу битүүний өдөр Монгол Улсын ардын жүжигчин хэмээх нэр хүндтэй шагналаар шагнагдах гэж буй юм.


-Монгол Улсын Ардын жүжигчин (МУАЖ) хэмээх хүндтэй цол тэмдгээр энгэрээ мялаах гэж буйд тань баяр хүргэе. Таны аав Л.Жамсранжав гуай МУАЖ болсноос хойш 28 жилийн дараа та энэ шагналаар шагнагдах гэж байна. Аав тань энэхүү шагналыг хүртэж байх үед танд ямар мэдрэмж төрж байв?

-Би аавынхаа, ахмад буурлуудынхаа авсан хүндтэй шагналыг хүртэх гэж буйдаа үнэхээр их баяртай байна. Урлаг бол үнэхээрийн гайхалтай сайхан салбар. Би урлагийн тогоонд 40 гаруй жил ажиллаж байна. Энэ салбарт чин сэтгэлээсээ хоёргүй сэтгэлээр зүтгэсний үр шим гэж хүлээж авч байна. Аав минь 1996 онд МУАЖ цол тэмдгээр энгэрээ мялаахад бид үнэхээр их баярлаж байсан. Тэр үед аав маань “Би монгол төрийнхөө ордонд аавынхаа нэрийг хоёронтоо дуудуулж байна. Надад үнэхээр сайхан байна” гэж ярьж байсан. Би өөрийгөө энэ шагналыг авна гэдгийг сонсоход аавын минь хэлсэн энэ үг өөрийн эрхгүй бодогдож, сайхан аавынхаа нэрийг төрийн ордонд хоёр дахь удаагаа дуудуулах нь дээ гэж бодож, хоолой зангирч байлаа. Би 2011 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болж байсан. Намайг Монгол Улсын гавьяат жүжигчин болоход ч, МУАЖ болоход ч аав маань харж чадсангүй дээ. Охиноо тэнгэрээс хараад баярлаж байгаа даа гэж боддог. Ээж минь харин энэ үеүдэд хамт байж, харж байна. Аав, ээжийнхээ нэрийг сэвтээхгүй, өндөрт өргөж явна гэдэг ачийг хариулж байгаа нэг хэлбэр шүү дээ.

-Та энэ мэдээг хэзээ сонсов. Битүүний өдөр шагналаа авна гэл үү?

-Цахимд М.Түвшинхүү, О.Гэрэлсүх бид гурав шагнагдах тухай мэдээ гарсан тэр өдөр л мэдсэн. Над руу нэг дугаар залгахаар автал “Оюундарь гуай мөн үү” гэхээр нь мөн гэсэн чинь “МУАЖ болсонд тань баяр хүргэе” гэсэн чинь дотор пал хийгээд л явчихсан. Тэгээд “Та битүүний өдөр 09:00 цагт төрийн ордны үүдэн дээр бэлэн байгаарай” гэсэн. Тухайн үед юу билээ гэж бодогдож байсан шүү.

-Таны ах дүү нараас урлагт хөл тавьсан хүн танаас өөр байгаа юу?

-Надаас бусад нь урлагаас өөр салбарт, өөр чиглэлээр ажиллаж байна. Манай ах дүү нар бүгд зураг зурах авьяастай. Үүнийгээ дүү маань л цааш нь хөгжүүлсэн дээ. Дүү маань уран зургийн ангийг төгссөн, бурхан бүтээдэг байсан. Одоо зурах ажлаа хийхгүй байгаа. Эдийн засгийн чиглэлээр сураад, энэ чиглэлээрээ ажиллаж байна.

-Та хаана төрж өссөн бэ. Багаасаа л жүжигчин болъё гэж мөрөөдөж байсан уу?

-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Миний төрсөн газар бол нэгдүгээр төрөх эмнэлэг. Би хүүхэд байхдаа бүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Мөн багадаа нэлээн тарган охин байсан. Намайг бага ангид байхад Ленинградын балетын сургуульд сурах хүүхдүүдийг оросоос хүмүүс ирж шалгаруулж авдаг байлаа. Энэ шалгаруулалтад би нэг жил ороход шүүж байсан хүмүүс нь аавд маань “Танай охин их тарган юм байна. Гэхдээ яах вэ турж магадгүй” гэхэд аав “Өө, тэгвэл явуулахгүй. Урлагт ямар нэгэн зүйл нь болохгүй л гэх юм бол урлагийн замаар явж ерөөс болохгүй” гэж хэлж байлаа. Би ч балетад дахиж явахгүй боллоо гэж уйлаад бөөн юм болсон доо. Хүн багаасаа дуртай, сонирхолтой байсан зүйлээ том болоод мэргэжлээ болгож, мэргэшдэг юм болов уу гэж боддог юм. Би багаасаа урлагт сонирхолтой байсан. Жүжиг байнга үзнэ, бүжиг үзэх дуртай байлаа. Гуравдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа “Нарны дуулал” хамтлагт дуулж явсан. Би аравдугаар ангиа нийслэлийн 52-р сургуульд төгсөж байлаа. Урлагийн чиглэлээрээ явсаар байгаад жүжигчин болсон доо. Эргээд дурсахад сайхан байна.

-Та СУИС-д хэдэн онд элсэж байсан бэ. Хэн багшийн удирдлага дор байв?

-Би СУИС-д 1988 онд элсээд 1992 онд төгсөж байлаа. Намайг арван жилээ төгссөн тэр жил СУИС-ийн кинодрамын анги элсэлт аваагүй. Би СУИС-т сурахаасаа өмнө УДЭТ-т гурван жил ажилласан. Г.Доржсамбуу найруулагч манай ангийн анхны багш байлаа. Доржоо багш маань УДЭТ-ын даргаар томилогдоход манай анги нэг хэсэг багшгүй байж байгаад Л.Лхасүрэн багш манай ангийг дааж авч төгсгөсөн дөө.

-Та УДЭТ-т гурван жил ажиллахдаа юу хийж байсан бэ. Мөн СУИС-ийг төгссөн цагаасаа хойш энэ театрт ажиллаж байна уу?

-Би арван жилийн сургуулиа төгсөөд Анагаахын сургуулийн хуваарь авсан юм. Өөрөө Анагаахад сурах сонирхолгүй байсан учраас сургуульд нь ороогүй. Жүжигчин л болмоор байлаа. Гэтэл хуваарь нь ирээгүй. Тийм учраас ажил хийхээр шийдээд УДЭТ-т ажилламаар байгаа ээждээ хэлтэл “Юу ярьж байгаа юм” гээд л өнгөрсөн. Маргааш нь би ганцаараа УДЭТ-т очоод А.Таяа даргын өрөөний үүдэнд хүлээж байтал аав гараад ирлээ. Аав “Чи юу хийж яваа юм” гэхээр нь би ажилд орох гээд гэлээ. Хаана гэхээр нь энд гэсэн чинь “Чи юу яриад байна” гэж байтал Нямсүрэн ах гарч ирээд, аавтай яриад цааш явлаа. Тэр хооронд нь би хурдхан А.Таяа даргын өрөө рүү ороод жүжигчин болмоор байгаагаа хэллээ. Тэгтэл А.Таяа дарга жүжигчний орон тоо байхгүй гэхээр нь би юу ч хамаагүй хийнэ гээд үйлчилгээний ажил хийж эхэлсэн. Ингээд анх билет тасалж, үзэгчдийг суудалд нь суулгадаг ажил хийж байсан. Би СУИС-ийг төгссөн цагаасаа хойш УДЭТ-т ажилласан. Хүмүүс УДЭТ-ыг “Улаан байшин” гэж нэрийддэг. Би энэ сайхан улаан байшингаасаа л урлагийнхаа гарааг эхэлсэн дээ.

-Таны анхны уран бүтээл юу байв. Өнөөдрийг хүртэл тайз, дэлгэцийн хэдэн бүтээлд дүрээ мөнхөлсөн бэ?

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгийг авах үед 200-гаад уран бүтээлд ажилласан байсан. Одоо 300 гаруй уран бүтээлд орсон. Миний хамгийн анхны уран бүтээл бол аз тохиолоор хүүхэд байхдаа “Говийн нүдэн” МУСК-ны нэг хэсэгт тоглож байсан. Тэр үе ерөөсөө мартагддаггүй юм. Сургуулиа төгсчихөөд “Аянгын бороо” жүжигт дүр бүтээж байсан. Энэ жүжгийг Армийн театр анх дэлгэцнээ толилуулж байсан юм. Тэр үед Армийн театр ид цэцэглэж байлаа шүү дээ. Миний тоглосон дүрд “Гарын таван хуруу” МУСК-нд том охины дүр бүтээсэн Я.Оюунцэцэг эгч тоглох гэж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар тоглоогүй. Би жүжгийнхээ үгийг таван төгрөгийн дэвтрээ дүүртэл бичээд цээжилж байлаа. Энэ жүжгийн хажуугаар “Худалч эхнэр” инээдмийн жүжигт бас дүр бүтээсэн. Миний тоглосон анхны кино бол “Улаанбаатар” телевизийн бүтээл 16 ангитай “Эзэнгүй айл” МУСК. Энэ кино бол Монголын хамгийн анхны олон ангит кино шүү дээ. Энэ сайхан кинонд дүр бүтээсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг. Би урлагийн алтан үеийнхнийг харж өссөндөө үргэлж олзуурхаж, баярлаж явдаг. Ээж, аав хоёр маань урлагийн хүмүүс учраас УДЭТ руу их очдог, тэнд алтан үеийнхэнтэй таараад ярьж хөөрдөг байсан. Уржигдар тэд маань надад баяр хүргэж утсаар ярихад нь сэтгэл сайхан байлаа. Тэднийхээ дуу хоолойг сонсохоор аавтайгаа уулзсан юм шиг л мэдрэмж төрдөг юм.

-Та өөрийнхөө зүгээс залуу уран бүтээлчдэд, мөн Монголынхоо ард түмэнд хандаж юуг хэлмээр байна вэ?

-Ажилдаа чин үнэн сэтгэлээр хандаж байгаарай. Аливааг оромдож хийж болохгүй. Алдар гавьяаг авна гэж бодож битгий ажиллаарай. Алдар гавьяа, мөнгө төгрөг ажлаа сайн хийсэн нөхцөлд өөрөө хүрч ирдэг. Хамгийн чухал нь биеэ сайн бодож байгаарай. Өөрийгөө хайрлаарай. Эрүүл мэнд хамгийн чухал нь юм шүү гэдгийг шижигнэсэн сайхан залуучууддаа хэлмээр байна. Мөн бидэнд үргэлж алга ташилтаар урам хайрлаж байдаг үзэгч түмэндээ баярлалаа. УДЭТ-ын хамт олондоо маш их баярлалаа. Уран бүтээлчид бидний хувьд аливаа амжилт бүтээл гэдэг хамтын шагнал байдаг. Надад итгэж найдаж, хамтарч ажиллаж байсан найруулагч, хамтран тоглосон жүжигчид, арын албаныхандаа баярлаж талархаж явдгаа сонины хуудсаар дамжуулан илэрхийлье. Монголын ард түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин жаргалтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ө.АНХЗАЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн монголчуудад дэвшүүлсэн Сар шинийн мэндчилгээг хүргэж байна.  АНУ-ын Төрийн нарий...

img

5 цагийн дараа

Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт боллоо DNN.mn

Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсы...

img

4 цагийн дараа

“Нарантуул”, “Хүчит шонхор” зах гуравдугаар сарын 9-нийг хүртэл амарна DNN.mn

Нийслэлээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн баярын амралтын хуваарийг танилцууллаа. Тухайлбал, &...

img

3 цагийн дараа

Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3-р сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас о...

img

2 цагийн дараа

Сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах хуваарь DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуул...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд