мэдээ
Хөдөлмөрийн баатар Р.Раш: Цагаан сараар айлуудын өгсөн нэг төгрөгийг цуглуулж Норвегийн коньки, тавын сумтай үзэг авдаг байлаа DNN.mn

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА
2025 оны 3 сарын 01

44

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, “Улаанбаатар төмөр зам” ХНН–ийн дарга асан Р.Раштай Сар шинийн баярын дурсамж яриа өрнүүллээ.
-Монгол үндэстний уламжлалт Сар шинийн баяр айсуй. Хоёулаа таны хүүхэд насны сайхан дурсамжаар ярилцлагаа эхлүүлье ээ?
-Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын Баян-Уулын Булагхудаг гэдэг газар төрсөн хүн л дээ. Хүн болсон газар бол Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Хөдөөний л хүүхэд. Цагаан сар гэдэг үнэхээр гоё баяр шүү дээ. Загал морио дэллэж унана. Тэдний, тэднийхээр шинийн нэгэн, хоёронд орно. Тэгээд шинэ хуучирна л даа. Их гоё, ёстой хэчнээн хугацааны өмнөөс л сэтгэлд бодогдоно. Манайх хуучны ёс төртэй, олон бужигнасан айл байсан. Аав маань нам, төрийн ажил хийж явсан. Ээж маань гэрт орж эм, гадаа гарч эр болдог байсан даа, зайлуул.
-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Манайх ээжээс арвуулаа. Ийм орчин нөхцөлд өсч хүн болсон Би санадаг юм. Битүүний орой хойд толгой дээрээ гарна. Аав буу бариулаад, “Эгмэндээ сайн тулаарай, миний хүү. Буу тийрнэ шүү” гэнэ. Тэгж бууддаг байсан нь муу юмыг л үргээж байгаа нь тэр юм гэнэлээ л дээ. Өглөө эрт босно. Гоё дээлээ өмсөцгөөнө. Бид ижийгээ Жуужаа гэдэг юм. Айл амьтан ч бидэнд, бас Жуужаад маань тусалж, цөмөөрөө шинэ дээлээ өмсөж гоёсон, жинхэнэ сэтгэлийн баяр болдог байлаа. Битүүний орой тотгон дээрээ гурван цас, боов ёотон, бут бутарганы хожуул зэргийг тавьдаг. Тэр нь тэр жилийн бүх сайн сайхныг тэр айлд шингээх бэлгэ дэмбэрэл юм л даа. Их гоё оо.
-Цагаан сарын баярыг өмнө нь малчны баяр гээд, өргөн дэлгэр тэмдэглэдэггүй байсан гэдэг?
-Зарим нь малчид л шинэлдэг гэж ярьдаг байсан. Өнгөн дээрээ малчид гэж байсан болохоос биш адилхан л золгодог байсан. Самбуу гуай дээр Цэдэнбал даргаас эхлээд томчууд бүгд л очиж золгодог байсан гэнэ лээ.
-Цагаан сараар айл их хэсэж байв уу. Ямар бэлэг авдаг байсан бэ?
-Айл хэснэ ээ. Гайгүй айл гурван төгрөг өгнө. Богц даварга гэж та нар мэдэж байна уу, үгүй юу. Дээр үеийн ширэн булигааран, нэг нь лав 10 литрийн бидон багтана. Тэрийг морин дээрээ тохоод, айлын өгсөн боов, чихрийг хийгээд давхидаг байлаа. Зарим айлууд бас нэг төгрөг өгнө, тэрийгээ хураана. Зэд гэж нэрлэнэ. Тавдугаар ангид байх, тэр зэдээрээ Норвегийн коньки, тавын сумтай үзэг худалдаж авсан. Ухаандаа гангарах л гэж байна шүү дээ. Хураасан мөнгөө тэгж зарцуулдаг байсан. Ер нь “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэж сайхан шүү дээ. Аав, ээж хоёр шинийн нэгэнд хаашаа ч гардаггүй байсан байх аа. Иж ч хаашаа гарах вэ. Ав ахындаа очиж золгох гэж шинийн нэгэнд, эс чадвал шинийн хоёронд хөтөлгөө морьтой л өглөө эрт гардаг байсныг санаж байна. Манай аав чинь жараад онд хөдөө гарсан хүн. Дандаа алба хашиж явсан. 1929 онд Төв аймаг Лүнгийн буланд байсан. Тэнд сууж байсан юм.
-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байв?
-Би багадаа адуучин болох юмсан гэж боддог, мөрөөддөг байлаа. Манай нутгийн Оросоо, Цэндээхүү гэж төрсөн ах, дүү хоёр адуучин залуу байсан. Ялангуяа Цэндээхүү нь шургаж гарсан морины толгойг алдана гэж байхгүй. Ёстой сүүлийг нь шүүгтэл дугтардаг байсан. Үгүй мөн сайхан санагддаг сан. Дөрөө шүргэсэн өвстэй газраар зах нь үзэгдэхгүй адуун сүрэг тууж явах юмсан гэж боддог байсан. Манай нутгийн Чулууны хяр гэж эн багаа хэртэй газрын гарц сайхан. Одоо ч гэсэн гарц нь төдийлөн буураагүй юм билээ.
-Сургууль соёлын мөр хөөх бодол хэдийд төрөв?
-Тавдугаар ангиас хойш сургуулийн мөр хөөх нь илүү юм даа гэсэн бодол толгойг эзэгнэх болсон. Манай сургуульд мундаг сайхан багш нар байсан. Гончигсүрэн, Жамъянсүрэн, Халтар, Авирмэд гээд мундаг багш нараар хичээл заалгадаг байсан. Халтар багшийн заах арга зүй, геометр, алгебр заадаг арга одоо хүртэл толгойд хоногшиж үлджээ. Халтар багш, 28 дугаар сургуулийн Ханд багш хоёрын тэр нэг өгөгдөл (дата) нь, дараа нь бодох нь одооны хиймэл оюун ухаан гэж яриад байдаг тэр юм шиг санагддаг. Гэхдээ одоо хурдны хувьд гялс манас л даа.
-Та нийслэлд хэзээ орж ирсэн бэ?
-1980 онд сумынхаа найман жилийг төгсөөд, хотод сургуульд орсон. Тэр үед хот руу явах унаа ховор шүү дээ. Унаа сураглаж байгаад, нутгийн Өвгөнхүү гэж жолоочид дайгдаад явсан юмдаг. Зоргол хайрханы хажууд хоносон юм. Тэнгэрт тулсан өндөр уул байна аа. Тэгэхэд би есдүгээр ангид орж байгаа хүн шүү дээ. Наашаа яваад Гангийн даваан дээр гарч ирсэн. Анх хот орж ирж байгаа хүн мөнгө тавьдаг, мөргөдөг юм гээд инээлдсэн. Нөгөөдүүл чинь надаар даажигнаж л байсан юм билээ. Тэгдэг юм байлгүй гээд, гурван төгрөг тавиад мөргөлөө. Зүүн хойшоо харахад Богд уул. Нүүр халхалсан, сүгнийсэн цэнхэр уул байв. Сүрдэж байгаа юм. Яасан ч сайхан уул вэ гэж бодоод. Тэгээд явсаар байгаад ирсэн. Хотод би ахыгаа дагаж, нийслэлийн 28 дугаар сургуульд орсон хүн л дээ. Гандангийн 28 гэж нэртэй сургууль байлаа. Мэгзэм захирал гэж сайхан багш. Физикийн багш Ханд, геометрийн Цэдэн-Иш багш гээд мундаг багш нартай. Тоо физикийн багш Норовсүрэн манай ангийн мундаг багш. Ёстой сурдаг толгой юм бол сургадаг толгой байсан. Үгүй мөн гоё заана.
-Дээр үеийн багш нар сурагчдаа сургаж, хүмүүжүүлэхийн төлөө сайн ажилладаг байсан гэж томчууд ярьдаг?
-Үгүй юүхэв. Соронзон орны дундуур гүйдэлтэй дамжуулагчийг оруулахад хажуу тийшээ савлах “Таван гарын дүрэм” гэдгийг чинь толгойноос салахын аргагүй хэлж өгч байгаа юм. Тэр хүний бичиж байсан томьёо толгойд байдаг байсан юм, одоо мартаж байгаа байлгүй дээ, бодвол. Ханд багш, Цэсэнжав гэж хэл бичгийн багш Майн Рид гээд тэр үеийн мундагуудын зохиолуудыг уншуулна. “Навч болгон харж, үндэс болгон сонсдог” гэж Майн Ридийн зохиолд гардаг. Тэр үг одоо цагт сургамжтай мэт эд шүү дээ.
-Түрүүн та “Манайх их ёс төртэй айл байсан” гэж ярьсан. Хол сургуульд явж байсан тухайгаа ярихгүй юу?
-За нөгөө ёс төр гэдэг юм чинь л эндээс эхэлнэ дээ. Өглөө эртлэн босно. Адуугаа цуглуулж, унагаа уячихаад, морио юүлнэ. Унаж явах морьдоо барина. Тэгээд л юм хумаа янзалж, аргалынхаа дөрвөлжийг дүүргэж, цайгаа чанаж, бурхандаа зулаа асаана. Тогооныхоо угсрааг авна. Аав, Жуужаа хоёр цай цүү, айраг цагаа болоод бүх л ёсоо үйлдэнэ. Мордохдоо мориныхоо уяаг, гэрээ нар зөв тойроод явна даа. Гэрийн бараа үзэгдэхтэй үгүйтэй бууцгааж, гэрээ нэг эргэж харан, олмоо чангалаад, цааш холын замд дөрөө чангална даа.
-Хөдөөнөөс хотод ирэхэд хүүхдүүд шоглодог байв уу?
-Эхлээд жаахан тэлэгдэж байсаан. Цэрэннорхлоо, Улаан, Дөрвөлжин, Сэрвүд гээд их мундаг хүүхдүүдтэй
хамт сурч байсан. УИХ-ын гишүүн байсан Улаан бид чинь нэг ангийн хоёр шүү дээ. Хөдөөнөөс ирсэн болоод эхэндээ тэлэгдэнгүй байсан ч хоёр сар болоод өөрийгөө ч нэлээд дайчилсан. Эднээс ер нь би юугаараа дутах юм бэ гэж бодсон байх. Тэгээд удахгүй нэг эгнээнд жагссан даа. Хөдөөнөөс ирээд, формоо олж чадаагүй, дээлтэй. Нэг өдөр хичээл дээр сууж байсан чинь хар костюмтай, үс нь гялалзсан хүн орж ирээд, “Тэр ард сууж байгаа дээлтэй хүн яамнаас яваа хүн үү” гээд, намайг (инээв.сурв). Ангийн дарга Цэрэннорхлоо босоод “Үгүй ээ, манай ангийн хүүхэд. Хөдөөнөөс ирсэн юм. Формоо авч амжаагүй” гээд. Дараахан нь намар урлагийн үзлэгтээ бэлдэж дуусаад, бөөн юмнууд бужигнаад, хоёр давхраас доошоо гүйлдэхгүй юу. Тэгсэн дор сургуулийн захирал Мэгзэм багш зогсож байна. Балтас гээд. “Цогт тайж” киноны “ээж” судар бариад зогсож байхад, хүмүүс орж ирээд, “Юун улс вэ” гэдэг шүү дээ. Тэрэн шиг балтас гээд явчихсан. Өө зэмлэлээ. Цагаан пиджак костюмтай Цогоо гээд нэг залуу байсан. Түүнийг “Чи дунд сургуулийн сурагч юм уу, эсвэл зүгээр залуу хүн үү” гээд зад загнаад. Нэг алтан ээмэг зүүсэн охин байсан. Нөгөөхийг нь мулталж авсан уу, үгүй юү мэдэхгүй. Сүрдмээр ээ. Миний айж байгаа гэж жигтэйхэн. Намайг монгол дээл өмссөн гэж загнах байх гэж бодож байлаа. Юу ч хэлээгүй дэргэдүүр явсан. Сүүлд бодоход, ер нь юу гэж “Чи яагаад монгол дээл өмссөн юм бэ” гэж загнах билээ дээ. Формоо өмсөөрэй гэж хэлвэл хэлэх л байсан байх. 28 дугаар сургуулийн үнэхээр мундаг олон сайхан багш нараар хичээл заалгасан.
-Аравдугаар ангиа төгсөөд ямар мэргэжил сонгосон бэ?
-Би сурлагын эрэмбээр гуравт жагссан. Тэгэхэд Мэгзэм захирал, Норовсүрэн багш хоёр “Төмөр замын хуваарь аваарай” гэж зөвлөсөн. Тэр дагуу төмөр замын хуваарь авъя гэсэн. Эрхүүгээр дамжаад, Ленинградад таван жил сурсан. Нева мөрний эрэг дээр. Үнэхээр аргагүй агуу сургууль. Дажгүй сурсан. Биеэ ч их дайчилсан. Тэр газраас энэ газар ирээд, сурахын төлөө зүтгэсэн дээ. Нэг юмыг би орхиж. Ленинградын сургуульд явахаар боллоо гээд би хөдөө гэртээ очсон юм. Манайх тэгэхэд Цагаан овооны булаг гэдэг газар зусаж байсан. Өглөө адуугаа цуглуулаад ирэхэд аав маань “Миний хүү хазаарынхаа цулбуурыг аваад, чемодандаа хийчихээрэй” гэж хэлсэн. Би ёсоор болгоод, цулбуураа аваад, чемодандаа хийсэн.
-Ямар учиртай юм бол?
-Одоо би тэрнийг боддог юм. Нөгөө хоёр морь зүүн тийшээ гүйж байна шүү дээ. Нэг нь гал гэж, нөгөөх нь голомт. Тэр хоёр морины нэвтрүүлгийг хараад би авын минь “Цулбуураа аваад, чемодандаа хийчих” гэсэнтэй төстэй юм аа даа гэдэг агуулгаар хандаж, Ленинградын сургуулийг чармайж төгссөн. Цулбуур гэснээс 1987 онд би Зөвлөлтөд Нийгмийн ухааны академи төгсөөд, гэртээ очсон. Иж минь надад тэмээний татлага өгсөн юм. Тэр татлага намайг тээвэрчин хүн учраас ачааг минь тэгшхэн яваасай гэж бэлгэдсэн эд байх.
-Танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Д.ЭРДЭНЭТУЯА





АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн монголчуудад дэвшүүлсэн Сар шинийн мэндчилгээг хүргэж байна. АНУ-ын Төрийн нарий...
5 цагийн дараа
Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт боллоо DNN.mn
Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсы...
5 цагийн дараа
“Нарантуул”, “Хүчит шонхор” зах гуравдугаар сарын 9-нийг хүртэл амарна DNN.mn
Нийслэлээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн баярын амралтын хуваарийг танилцууллаа. Тухайлбал, &...
4 цагийн дараа
Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна DNN.mn
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3-р сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас о...
3 цагийн дараа
Сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах хуваарь DNN.mn
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуул...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд