Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Ц.Алтанхүү: Майдар бурхан цөвүүн цагт асрал энэрлийг түгээж, сайн цагийг авчрах учиртай DNN.mn

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 3 сарын 01

img

23

news-img

Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тамгын лам Ц.Алтанхүүтэй ярилцлаа.


-Зүүн хүрээ Дашчойлин хийд Хүрээ Майдар дуганыг өнгөрсөн онд нээсэнээр сүсэгтэн олны зорин ирдэг газар болжээ. Хүрээ Майдар бурхан анх V Богдын үед бүтсэн талаар түүхийн эх сурвалжууд бий. Тухайн цаг үед ямар учраас энэхүү бурхныг бүтээж, залах болсон үүх түүхээс нь ярилцлагаа эхэлье?

-Хүрээ Майдар бурхны маань нэр санскритаар Майдар (Maitreya), Төвөдөөр Жамба гэдэг. Монголоор “асрал”, “энэрэл” гэсэн утгатай. Бурхан Шагжа мүни шашин доройтож цөвүүн цаг ирэх үед хүний мөс чанар муудаж хүн төрөлхтөн өнөөдрийнхөөс ч хэцүү сорилттой тулгарсан хэцүү цаг үед Майдар бурхан морилон ирж асрал энэрлийг түгээн, сайн цагийг авчрах учиртай хэмээн бурхны номонд айлтгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Шагжа мүни бурханы дараачаар замбу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхадын тав дахь нь Майдар бурхан юм.

Хүрээнд анх V Богдын зарилгаар тухайн үеийн хүрээний хамба Номунхан Агваан Хайдав ламын удирдан зохион байгуулалтаар түүний дор хутагт хувилгаад лам хуврагууд Майдар бурханыг хэрхэн бүтээх талаар хэлэлцэн ярилцаж байгаад 1834 онд бүтээжээ. Тэрнээс өмнө нэлээд олон жил бэлтгэл ажил хийж, багагүй цаг хугацаа зарцуулсан түүхтэй юм билээ. Ингээд лам хуврагууд, ард түмэн, сүсэгтэн олны сүжиг сэтгэлийг болгоон V Богд маань зарлиг гаргаж Хүрээний төв хэсэгийн хойд талд буюу одоогийн Дөлгөөн нуур гэх барилгын хавьд Хүрээ Майдар бурханыг дуганы хамт бүтээсэн байдаг. Хүрээ Майдар бурхан болон дуганыг бүтээх зардлыг Богдын сангаас гаргасанаас гадна сүсэгтэг олны өглөг хандивыг нийлүүлэн бүтээжээ. Тухайн үеийн Майдар бурхан бүтээх ажлыг удирдан зохион байгуулж байсан хамба Номунхан Агваан Хайдавын бичиж тэмдэглэсэн “Майдар бүтээсэн гарчиг” хэмээх номонд энэ болгоныг тодорхой тэмдэглэн үлдээсэн байна. Мөн түүний зүүдэнд ирсэн бэлгэ тэмдгийн талаараа ч дурджээ. Тухайлбал, өглөө босоод гарахад нь хөлийн мөрийн хэмжээ байсныг шинжиж Хүрээ Майдар бурханыг бүтээсэн гэх яриа, бичиж тэмдэглэсэн зүйлс байна.

Ямартаа ч Монголын ард түмэн, сүсэгтэн олон, лам хуврагууд нийлээд V Богдынхоо зарлигийн дагуу Майдар бурханыг 1834 онд бүтээжээ. Тэр үеийн Хүрээ эд хөгжиж цэцэглэж байсан үед Хүрээний чухал нэг шүтээн, дуган сүм болж бүтсэнээрээ олон газрын сүсэгтнүүд ирж мөргөдөг, гадаадыг жуулчдын зорьж сонирхдог хамгийн чухал газар болж байв. Үүнийг тухайн үеийн Монгол оронд жуулчилж байсан гадаадын жуулчид болон эрдэмтэн судлаачдын тэмдэглэлд хэдэнтээ онцолжээ. Н.К.Рерихийн номонд “Анх Монголын Их Хүрээнд очихдоо Чингэлтэй уулыг даваад орж ирэхэд хамгийн өндөр барилга нь Хүрээ Майдарын дуган харагдаж байлаа” гэж дурдсан байх жишээтэй. Энэ мэтчилэн тухайн үеийн Хүрээ Майдар бурханыг бүтээсэн тухай тэмдэглэл, эх сурвалж маш олон байна. Харамсалтай нь дайны үед буюу 1942 онд нураагаад орос руу аваад явсныг монгол түмэн мэдэх биз ээ. Улмаар монголчуудын шүтээн болж байсан Хүрээ Майдар бурхан дуганы хамт устаж үгүй болж байсан түүхтэй.

-Одоогийн Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд залсан Майдар бурханы дүрийг яаж гаргасан бэ?

-Азаар тэр үеийн кино зурагны хальсанд Майдар бурханы дүр байдал үлдсэн байгаа. Ард олны дунд “Хүрээ Майдар”, “80 тохой Майдар” ч гэж хэлэгддэг энэхүү Бурхан маань сүсэгтэн олны маш их дээдэлдэж хүндэлдэг шүтээн байсан юм.

-Монголчуудын Майдар бурханыг шүтэж, залбирахын ач тус амьдрал ахуйд нь яаж эерэгээр ирдэг вэ?

-Дээр хэлсэнчлэн замбуутивд сайн цагийн мянган бурхан заларна гэсэн бошготой. Тэдгээрийн тав дахь нь болж Майдар бурхан заларч ирнэ. Ер нь бурханы шашинд өнгөрсөн, одоо цагийн бурхдаас гадна ирээдүй цагийн бурхантай уулзах ерөөл тавьж мөргөж залбирч байдаг. Одоогийн Бурхан багшийн шашны дараа Майдар бурхан заларч шашин дэлгэрэх үед Майдар бурхантай уулзах ерөөлийг тавьж шүтэж залбирдаг байна.

-Одоогийн Хүрээ Майдар бурханаа бүтээж залах ажил хэзээнээс эхлэв?

-Ерөнхийдөө 1990 оныг хүртэл хуучин нийгэмд шашин шүтлэг хаалттай байсан шүү дээ. Ингээд 1990 онд нийгэм солигдож, шашин ном сэргэх үед Зүүн хүрээ Дашчойлин хийд маань дахин сэргэж байв. Зүүн хүрээ гэдэг бол хуучин нийслэл Хүрээний гол төв байсан газар. Одоогийнхоор Их тойруугийн хэсэг тэр чигээрээ Зүүн хүрээ гэгдэж байв. Энд хүрээ 30 аймгаас үлдсэн гуравхан дуганы суурин дээр Дашчойлин хийд маань дахин сэргэсэн. Тийм учраас Майдар бурханаа бүтээх, дахин сэргээх зорилгыг манай Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба МУСГЗ, Др. Ч.Дамбажав ламтан анх санаачилж ахмад лам нартайгаа хамтран 1990-ээд оноос эхлүүлсэн түүхтэй. Ингэж явсаар 2000 оны дунд үед цаасан дээр буулгах, судлах ажлуудыг эрчимжүүлэн албан ёсоор эхлүүлж байв. Хүрээ Майдар бурханыхаа эх загварыг бүтээхээс авахуулаад судалгааны олон ажлыг хийсэн. 2010-аад оны үед Монголын урчуудын эвлэлийн уран барималч Н.Оргил гэж хүнээр Хүрээ Майдар бурханыхаа загварыг 1.6 метрийн өндөртэй бүтээлгэсэн юм. Энэ загвараа БНХАУ-ын Сычуань мужийн Төвөдийн өөртөө засах хошууны Бишнү Гарма гэдэг компанийн Гончигдаш тэргүүтэй дархан улсуудаар урлуулсан билээ. Хүрээ Майдар бурханы 1834 онд бүтээгдсэн дүр зураг нь хэдийгээр хальсанд үлдсэн ч гэсэн тэрийг нь ашиглаад эх загвар хийх боломжгүй байв. Тиймээс бид Чойжинламын сүм музейд хадгалагдаж байгаа Өндөр гэгээний дэг сургуулийн дагуу бүтээсэн суугаа Майдар бурханаас эх загвараа авсан. Ийнхүү Хүрээ Майдар бурхан маань 100 мянга гаруй хүний өглөг хандиваар бүтсэн соёлын нэгэн томоохон өв юм.

-V Богдын үед бүтээж байсан Майдар бурханыг хаана урлаж байсан юм бол. Тэр үед 80 тохой өндөр гэхээр ямархуу өндөртэй байсан бэ?

-Урьдны Хүрээ Майдар бурханыг Өмнөд Монголын Долнуур гэдэг газрын уран дархчуудаар бүтээлгэсэн түүхтэй. Тэнд бурхадыг сайхан урлаж, бүтээдэг уламжлалтай. Тухайн үеийн 80 тохой гэдэг нь 16 метр юм байна гэж судлаачдын тооцоолол гаргасан. Бурхан бүтээж байгаа хүмүүс буянаа бодоод хэмжээг нь ахиулдаг сайхан уламжлалын дагуу одоогийн Хүрээ Майдар бурханы маань хэмжээ нэмэгдсээр байгаад 23 метр болж бүтээгдсэн. Бид 2017 онд энэ дуганыхаа шавийг тавьж, бурханаа угсран бүтээж, шүншиглэж байлаа. Дараа жил нь бурханаа аравнайлж дуганыхаа барилгыг барьж эхэлж байв. Ковидын хүнд цаг үед нэрвэгдсэн ч зогсолтгүй ажилласаар өнгөрсөн жил дуганаа бүрэн дуусгасан. 2024 оны зургадугаар сарын 4-ний өдөр дуганыхаа нээлтийг хийж байлаа. Ирж буй модон могой жилд Хүрээ Майдар бурханы маань дугана бүрэн нээгдэж, олон түмнийхээ сүсэг бишрэлийн орон болж байгаад бид бүхэн талархаж байна.

Манай хийдийн Тэргүүн хамба ламын анх тавьж байсан зорилгын дагуу хүн болгон ирдэг, шашин, соёл, боловсрол, гэгээрлийн төв байгаасай гэдэг санаагаар Хүрээ Майдар дуганыг бүтээсэн юм. Ирсэн хүмүүс сайн сайхан, сэтгэлийн амгаланг эндээс олдог байх болтугай. Бас шашин ном, ёс суртахууны олон зүйлийг суралцаж мэдээд бусдад түгээж байх болтугай. Мөн иргэд олонд сэтгэлийн тайвшрал, амар амгалан мэдрэх тухтай орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Бид 2025 оноос эхлэн шашин, соёл, боловсрол, мэдлэг олгох сургалт, судалгаа шинжилгээ, соён гэгээрүүлэх олон нийтэд зориулсан төрөл бүрийн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Энэхүү таван давхар барилга дотор Зүүн хүрээ коллеж, Буддын шашин соёл судлалын хүрээлэн ажиллаж байна

-Зүүн хүрээ Дашчойлин хийд жил бүр Майдар эргэх ёслол хийдэг. Энэхүү уламжлалын талаар сонирхуулахгүй юу?

Монголчууд эрт дээр үеэс хийд хүрээндээ майдар эргэдэг ёслол хийдэг сайхан уламжлалтай байсан. Тэрхүү уламжлалыг манай Зүүн хүрээ Дашчойлин хийд сэргээгээд зуны эхэн сарын шинийн 3-ны өдөр Майдар эргэх ёслолыг хийдэг. Тэргэн дээрээ Майдар бурханаа залаад сүсэгтэн олонтойгоо хийдээсээ гараад нар зөв гороолоод буцаж ирдэг. Ингэхдээ хүнсний IV дэлгүүрийн хажуугаар гараад гуравдугаар сургуулийн урдуур яваад “Өдрийн сонин”-ы уулзвараас урагшаа эргээд буцаад хийддээ орж ирдэг. Монгол орны олон сүм хийдүүд Майдар бурхантай уулзахын ерөөл тавьж энэхүү ёслолыг хийдэг.

-Ингэхэд Орос руу аваад явсан Майдар бурханы сураг гарсан уу?

-1990-ээд оны эхэнд Жанрайсаг бурханыг бүтээх үед хүмүүс Орос руу явж эрж сурж үзсэн юм билээ. Сураг нь төдийлөн гараагүй гэж хэлдэг. Ямартаа ч дайны үед Орос руу аваад явсан. Эвдэж сүйтгээд өөр зүйл хийсэн үү, эсвэл бүтнээр нь хадгалж байгаа юу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй. Тухайн үед зэсээр хийсэн Хүрээ Майдар бурхан маань Хүрээний хамгийн том бурханы нэг нь байсан.

М.МӨНХЦЭЦЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн монголчуудад дэвшүүлсэн Сар шинийн мэндчилгээг хүргэж байна.  АНУ-ын Төрийн нарий...

img

5 цагийн дараа

Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт боллоо DNN.mn

Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалт 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсы...

img

4 цагийн дараа

“Нарантуул”, “Хүчит шонхор” зах гуравдугаар сарын 9-нийг хүртэл амарна DNN.mn

Нийслэлээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдийн баярын амралтын хуваарийг танилцууллаа. Тухайлбал, &...

img

3 цагийн дараа

Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3-р сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас о...

img

2 цагийн дараа

Сар шинийн баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах хуваарь DNN.mn

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуул...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд