мэдээ
О.Ганчимэг: Харанхуйд ганцаараа явахдаа айдаг ч дүрэмт хувцастайгаа байх үедээ зориг орчихдог DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 11

311

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газар (НЦУГ) эмэгтэй алба хаагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр НЦУГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад О.Ганчимэгтэй ярилцлаа.
-Та яагаад цагдаа мэргэжил сонгосон юм. Багаасаа цагдаа болохыг мөрөөддөг байв уу?
-Би багадаа прокурор болно гэж их боддог байлаа. Миний аав цагдаагийн албанд ажилладаг байсан юм. Би аавынхаа албаны дүрэмт хувцас, өмд, цамцыг дандаа угааж, индүүдээд бэлдэж өгдөг байлаа. Аав минь дүрэмт хувцсаа маш гоё цэвэрхэн өмсдөг болохоор хүмүүс аавыг маань “Ганган” Одгэрэл гэдэг байлаа (инээв). Албаны дүрэмт хувцсыг дүрмийн дагуу цэвэр цэмцгэр өмсөхөөр маш сайхан харагддаг. Би цагдаагийн албаны ажил, ачаалал гээд бүх зүйлийг нь мэдэрч өссөн учраас цагдаагийн албан хаагч болъё гэж шийдсэн. Ингээд Цагдаагийн академид элсэн суралцаж 2009 онд төгссөн. Нөхөр болон дүү маань мөн цагдаагийн алба хаагч хүмүүс байдаг. Хүүхдүүд маань ч бас “Би том болоод цагдаа болно” гээд ярьдаг юм.
-Аав тань хаана ажиллаж байсан бэ?
-Манай аав Жанчивын Одгэрэл Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан ахмад ажилтан байгаа.
-Та ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Их сургуулиа төгсчихөөд, 2012 онд ДХИС-ийн Цагдаагийн сургуулиасаа ажлын гараагаа эхэлж байсан. Энэ цагаас хойш 13 дахь жилдээ цагдаагийн албанд ажиллаж байна.
-Одоогийн албан тушаалдаа томилогдоод хэр зэрэг удаж байна вэ?
-2021 онд томилогдож байсан. Одоо дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
-Цагдаагийн албанд ажиллахын, цагдаа байхын хамгийн сайхан нь юунд байдаг вэ?
-Бид дүрэмт хувцсаараа маш их бахархдаг, гоёдог. Дүрэмт хувцсаа өмсөөд явахаар өөрийн эрхгүй омогшоод, мөр цэгцрээд л өөртөө итгэлтэй болчихдог. Заримдаа хүүхдүүд гүйж ирээд ёсолдог шүү. Аав, ээжтэйгээ явж байгаа хүүхдүүд “Хүүе, эмэгтэй цагдаа явж байна” гээд урд хойноос зураг дараад хоцордог. Их хөөрхөн. Манай албаны дүрэмт хувцас их гоё сүрлэг шүү дээ. Дүрэмтээ өмсөөд ганцаараа биш олуулаа алхаад явах нь бүр илүү сүртэй харагддаг, дотроо омогшиж явдаг даа. Шөнө оройн цагаар харанхуйд ганцаараа явахаар айдаг ч гэсэн дүрэмт хувцастайгаа байх үедээ зориг орчихдог. Биднийг дүрэмт хувцас, төрийн сүлд маань үргэлж хамгаалж, ивээж явдаг гэж боддог.
Манай алба хаагч нар ер нь цаг сайн баримталдаг, хүний үг даагаад сурчихсан, бусдыг сайн сонсдог, зоригтой, хүмүүжилтэй, бусдын төлөө зүтгэдэг, албаныхаа онцлогийг үргэлж гаргаж ажилладаг гэж би хувьдаа хардаг юм. Бид ажлаас гадна бусад зүйлд зарцуулах цаг зав маш багатай, ачаалал ихтэй байдаг хэдий ч ажил, ар амьдралаа зохицуулаад сурчихсан гэж хэлж болно.
-Таны нөхөр мөн адил цагдаагийн алба хаагч учраас та хоёр нэгнээ сайн ойлгодог байх?
-Тэгэлгүй яахав. Нөхөр бид хоёр ханилаад 17, 18 жил болж байна. Энэ хугацаанд улсын баяр наадам болон бусад баяр, амралтын өдрүүдэд хамтдаа, гэр бүлээрээ баярлаж байсан үе их ховор. Улсын баяр наадмын үеэр цагдаагийн алба хаагч нар эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өндөржүүлсэн бэлэн байдалд эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг тул хамт баярлах тохиолдол маш ховор байдаг. Бид хоёр нэгнийхээ ажлыг маш сайн ойлгодог.
-Та НЦУГ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилладаг. НЦУГ хэдэн эмэгтэй ажилтантай вэ. Таныг анх энэ албанд орж байхад эмэгтэй алба хаагч ховор байсан байх. Одоо нэмэгдсэн байна үү?
-НЦУГ-т 87 эмэгтэй ажилтан бий. Намайг анх ажилд орж байхад эмэгтэй алба хаагч бага хувийг эзэлдэг байсан. Одоо эмэгтэй алба хаагчдын тоо нэлээд нэмэгдсэн. Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагууд эмэгтэй алба хаагчдыг дэмжин, тэдний эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ хүрээнд эмэгтэй алба хаагчдын “Манлайллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, ажил албандаа манлайлагч эмэгтэй алба хаагчдын карьерт анхаарч, дэмжиж байгаад нь талархаж байна. Манай НЦУГ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл есөн гишүүнтэй. Бид өнгөрсөн хугацаанд эмэгтэй алба хаагчид руу чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан байна. Цаашид бид ажил үүргийнхээ хүрээнд эмэгтэй алба хаагчид руу чиглэсэн тэдний эрх ашгийг хамгаалах, тэдний манлайллыг өсгөх чиглэлд гол анхаарлаа хандуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж ажиллана.
-Эмэгтэй алба хаагчдаас ирдэг түгээмэл санал, хүсэлт юу байна вэ?
-Манай алба хаагч нар ажлын ачааллыг хэрхэн бууруулах талаар түлхүү ярьдаг. Ачаалалгүй ажилладаг ганц ч цагдаагийн алба хаагч байхгүй.
-Цагдаагийн албыг эмэгтэй хүн хашихад хүнд, хэцүү гэдэг. Танд шантрах үе гарч байв уу?
-Шантрах үе цөөнгүй байсан. Би ойр ойрхон гурван удаа төрсөн. Хүүхдүүдээ гэртээ үлдээгээд ажилдаа явна, хүүхдүүд маань жоохон байсан учраас өвдөнө, янз бүрийн л асуудал тулгарна. Тэр болгонд чөлөө гуйгаад байх боломжгүй хэцүү үе олон байсан. Бид байнга дарга нараасаа чөлөө гуйгаад, ар амьдралаа яриад, зовлон тоочоод байж болохгүй шүү дээ. Сонгосон мэргэжлээрээ төр, түмнийхээ өмнө тангараг өргөсөн алба хаагч учраас надад шантрах эрх байхгүй гэж боддог. Би ажлаа сайн, чанартай хийж, хамт олонтойгоо эвсэг, найртай байж, дарга удирдлагуудаас өгсөн үүргийг тухай бүр хугацаанд нь гүйцэтгэж, зориод ирсэн иргэдэд хэрэгтэй мэдээллийг өгч, ярилцаж, зөвлөгөө өгөхийг зорьж ажилладаг.
-Сүүлийн үед охид цагдаагийн мэргэжил сонирхох болсон нь ажиглагддаг. Та цагдаа болно гэж мөрөөддөг охидод юуг захиж хэлэх вэ?
-Цагдаагийн албанд ажиллах нь маш олон давуу талтай. Тухайлбал, цаг сайн барьдаг болно, хүнтэй зөв харьцаж сурна, ямар ч нөхцөлд өөрийгөө авч гарах чадвартай, биеэ даах чадвартай болдог. Цагдаагийн алба хаагч нар маш сайн хүмүүжилтэй, хүний төлөө гэх сэтгэлтэй хүмүүс байдаг гэж боддог. Энэ мэтчилэн маш олон давуу тал байдаг учраас охид, залуусыг цагдаагийн албанд орж ажиллаасай гэж хүсэж байна.
-Та цагдаагийн нийт алба хаагчдадаа хандан юу хэлмээр байна вэ?
-Цагдаагийн алба хаагч нар ажлын ачаалал ихтэй, хамгийн болохгүй, бүтэхгүй орчин нөхцөлд хамгийн түрүүнд очиж, нийгмийн бүхий л асуудалтай тэмцэж ажилладаг. Бид бүгдээрээ тангараг өргөсөн төрийн тусгай алба хаагчид шүү дээ. Тийм ч учраас төр, түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ажилладаг. Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн ажиллаж байгаа бүх алба хаагчдаараа маш их бахархаж явдаг шүү. Та бүхнийхээ цаашдын ажил, амьдралд аз жаргал, хорвоогийн хамгийн сайхан бүхний дээдийг чин сэтгэлээсээ хүсье.
Ө.АНХЗАЯА





Германы эрх барих шинэ эвсэл DNN.mn
Германы Бундестагийн ээлжит бус сонгуулиас хоёр долоо хоногийн дараа Германы эрх баригч шинэ эвсэл болох Христийн ардчилсан холбоо(C...
8 цагийн дараа
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерө...
7 цагийн дараа
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа DNN.mn
Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 09-нд гарсан хээрийн түймэр, 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд ...
7 цагийн дараа
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn
Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохиц...
7 цагийн дараа
1940 оноос хойш тохиолдож байгаа 6 дахь хур тунадас багатай сар байв DNN.mn
Өнгөрсөн 2 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 0.6 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 82.8%, ОЖД-аас 67.8%-иар тус тус бага ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд