Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

Одоогийн байдлаар шарк Д.Энхтүвшин хамгийн олон гахай аваад байгаа…

trend

Админ

img

2025 оны 4 сарын 01

img

86

news-img

Монгол ардын нам УИХ дахь гишүүдийнхээ ажлыг оноо тавьж дүгнэдэг болох гэнэ. Сайн байвал сайн оноо, муу байвал муу оноо өгөх юм байх. Тэгээд сайн оноо цуглуулсан нь дахиж нэр дэвших гэх мэт давуу эрхээр шагнуулах юмдаг уу даа. Шууд утгаараа сайн, муу оноог намаас нь өгдөг шинэ журам тогтоох гэж байна гэсэн үг.

Энэ нам бол 100 гаруй жилийн түүхтэй, улс төрийн намууд дотроо одоогоор цорын ганц институц болж төлөвшсөн нам. Бас туулсан бэхэжсэнийхээ хэрээр үзэл суртлын иймэрхүү хуучинсаг туршлага ч арвинтай нам л даа.

Одоо гэхэд л УИХ дахь МАН-ын бүлэг зөвхөн бүлгийнхээ 68 гишүүнд үйлчлэх үнэлгээний журмын төслийг хэлэлцэж эхлээд байна. Бүлгийн гаргасан шийдвэрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь гишүүдээ үнэлэх юм байна. Нарийвчилбал, бүлгийнхээ шийдвэрийг чуулган дээр дэмжсэн гишүүнд 10 оноо өгнө. Харин дэмжээгүй гишүүнээс 10 оноо хасаж, цаашид тухайн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхийг шийддэг болох юм гэнэ. Өөрөөр хэлбэл, нам дээр гаргасан шийдвэрийг дагаагүй, бие дааж “тоглосон” гишүүд дээрээ хар данс хөтөлнө гэсэн үг.

Х Түц продакшны “Сэргээш 3” гэж бүтээл бий. Атрын анхдугаар аянд зориулсан “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг хуучны кинонуудын үйл явдлууд дээр суурилж хийсэн тэр бүтээлийг бид бүгд мэднэ. Жүжигчин И.Одончимэг, Аглуу хоёрын нэг нь бүтэлгүйгээсээ болж социалист уралдаанд муу дүн буюу гахай авч, нөгөө нь таван хошуу авснаас болж харилцаанд нь асуудал гардаг хосуудын харилцан яриаг манайхан одоо ч их эш татаж наргиан хийцгээдэг дээ.

-Цэнцэрэн минь чи даанч яав даа.

-Харин тийм ээ, Даш минь. Ийм л юм болчихлоо.

-Социалист уралдаанд хошуучлагч, тавын таван хошууны эзэн би яаж гурвын гурван гахай авсан чамтай яаж гээд л…хөгжилтэй диалог бий.

Ойрын өдрүүдэд хошин шогийн гигантуудын тоглосон энэ бүтээл хүмүүсийн санаанд их орж ирж байх шиг байна.

Дээр үеэс социалист уралдаан гээд л түрүүлсэнд нь таван хошуу, сүүлдсэн нэгнийх нь нэрний ард мэлхий, матар, гахай зураад л түүнийгээ олон түмэнд харуулж шившиглэдэг аргатай нам байсан. Одоо энэ шинэ зуунд ч тэрийгээ гаргаж ирж хэрэглэж байгаа юм байна. Мөн ч хөөтэй улс юм. Бид тэгээд гурвын гурван гахайтай чамайгаа яаж сонгох билээ, заяа минь гээд сууж байх юм байна л даа. Парламентын гишүүд чинь намаас нэр дэвшдэг ч ард түмний элч төлөөлөгч болоод УИХ-д орж ирдэг биш бил үү. Тэд сонгогч олны төлөө, улс орныхоо төлөө ажиллана гэж тангараг өргөдөг биз дээ. Энэ утгаараа намынхаа биш, ард түмний төлөөлөл болж ажилладаг. Энэ үнэт зүйлээс, өргөсөн тангаргаас давсан улс төрийн нэг намын журам гэж юу байх билээ дээ.

Орчин цагийн иргэдийн хамгийн их залхаж байгаа зүйл бол Монгол орны бүх юмны төв нь Нам байдаг тогтолцоо юм. Нам төвтэй Төрөөс бид үнэндээ залхаж байна. Тэгэхээр намынхаа ажлыг цагаан байшиндаа, төрийнхөө ажлыг саарал ордондоо байлгамаар байна. Намаа дүрмээрээ барь. Намынхаа алдагдаж байгаа дархлааны асуудлыг төрийн хоймор луу, тэр тусмаа УИХ руу бүү чирж ир.

Монгол бол парламентын засаглалтай орон. Энэ сонгож авсан парламентын засаглалаа машид эрхэмлэдэг үзэл санаатай. Эрхэмлэн хамгаалж явах дархлаа нь суучихсан ард түмэнтэй. Тийм болохоор төрийн хоймрыг нам ингэж элдэвлэхэд таагүй ханддаг. Энэ нэг зүйл нь.

Дараагийн зүйл: МАН анхны 126 гишүүнтэй парламентдаа олон шинэ гишүүн оруулж ирсэн. Үнэндээ намын школоор дамжаагүй цоо шинэ хүмүүсийг үеийн шинэчлэл нэрийн дор шууд оруулж ирсэн. Үүндээ ч их түүртэж байх шиг байна. Урилгаар ороод ирчихсэн гишүүдэд нь ч намын уламжлалт ойлголтууд, ялангуяа дэг жаяг нь дасан зохицоход хэцүү байгаа харагддаг. Тэдэнд бүлгийн гишүүдээ барих гэсэн, өөрийн толгойгүй байлгах гэсэн дээрх арга мэт нь ичгэвтэр санагдаж байгаа. Харж байгаа бидэнд ч инээдэм наргиан төдийг л авчирч байна шүү дээ. Жишээ нь, шинэ залуу үеийн цоо шинэ төлөөлөл болох Г.Лувсанжамц гишүүн хар дэвтэр барьж гүйсэн А.Ариунзаяа гэдэг Шура (Ийм нэгэн явдал киноны үйлдвэрчний холбооны Шураг санаж байгаа биз дээ) эгчийг бол ойлгож чадахгүй.

Намын амьдрал, дотоод сахилга бат, ёс зүй нь ердөө намынхаа дүрмээр л зохицуулагдана. Нам дээр тохирсон асуудлууд, намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төслүүд дээр эсрэг санал өгөх, шат шатны сонгуульд намынхаа гишүүдийн эсрэг ажиллах, намаас өгсөн чиглэлийг үл хэрэгсэх, бусад нам эвсэлтэй үгсэн намынхаа нэр дэвшигчдийг унагасан зэрэг зарчимгүй асуудлууд намрын орон нутгийн сонгуулийн үеэр нэлээд гарсан. Гэхдээ энэ бол тэдний асуудал болохоос нийт монголчуудын асуудал биш. Тэгэхээр намынхаа зовлон жаргалыг тэндээ шийдмээр байна.

Ер нь намаас томилолт авч төрийн албанд томилогдчихоод ажил хийж чадахгүй байгаа, авлига хээл хахуулийн болон эрүүгийн элдэв бусармаг хэрэгт холбогдож байгаа гишүүдтэйгээ шударга ёсны дагуу хариуцлага тооцохоо ил хийж чадаж байгаа бил үү?

Орон нутгийн намаа сонсож, тэдний саналыг харгалзаж байгаа бил үү?

Төв намаас илгээсэн чемодантай Засаг дарга нарт чинь орон нутгийн иргэд хэрхэн хандаж байгааг мэдэх үү… гэх мэт асуултуудад өөрсдөө хариулт өгчих хэрэгтэй.

Энэ мэт дотоод зовлон чинь дотроос нь тамирдуулж байгаа болохоос гаднаас бид биш гэдгийг ойлго.

Намын дүрмээ үл хүндэтгэсэн, үл хэрэгссэн гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхад л болно. Гэтэл МАН өөрөө Эрүүгийн хэрэгт холбогдсон гишүүддээ цаг хожих боломж олгодог, өөрсдөө ялаас мултлах нөлөөлөл явуулдаг, ахин дахин нэр дэвшүүлдэг, бүх хүсэл зорилгыг нь далдуур хангаж байдаг шүү дээ. Намд насаараа хандив өгсөн, энэ намыг тэжээж тэтгэж явсан юм гэх зэрэг урьдын түүхээрээ үе дамжин өр төлүүлж явдаг тогтолцоо МАН-д үйлчилсэн хэвээрээ л байна. Гэтэл ийм эрт балрын юмнаасаа салах нь бүү хэл парламентад сонгогдсон гишүүдээ оноо тавьж дүгнэдэг болох социалист уралдааны хэлбэртээ эргэж орох гээд явж байдаг.

Зүгээр нэг санаачлаад зогсохгүй бүр бүлгийн хуралдаа УИХ дахь гишүүдээ үнэлэх үнэлгээний журмаа нууцын зэрэгтэйгээр танилцуулж, хаалттай хэлэлцэж байх юм. Бүлгийн гишүүдэд оноо өгч, намын бодлогын эсрэг байр суурь илэрхийлсэн тохиолдолд 10 оноо хасдаг байх тэр журмыг МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нь хурал дээр танилцуулсан байна.

Уг журмын төсөлд хамгийн их оноогоо хасуулсан буюу удаа дараа бүлгийнхээ гаргасан шийдвэрээс эсрэг байр суурь илэрхийлж, оноогоо хасуулсан буюу олон гахай авсан гишүүддээ дараагийн сонгуульд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, ямар нэгэн албан тушаалд томилохгүй байхаар тус журамд тусгасан нь үнэн аж. Тэрхүү журамд нь намын бүлгийн дэмжсэн хууль, тогтоолыг батлах эцсийн санал хураалтаас бултсан гишүүдийг ч илрүүлж гахай өгч байхаар ч заасан юм байх. Гэвч эхнээсээ энэ ажил дотоодын эсэргүүцэлтэй тулгарч, бүлгийн зарим гишүүд дэмжээгүйн улмаас бүлгийн хурлын уур амьсгал нэлэн хурц өрнөсөн сурагтай. Одоогийн байдлаар шарк гишүүн Д.Энхтүвшин хамгийн олон гахай аваад байгаа нь тодорхой. Араас нь орж яваа гишүүд ч цөөнгүй.

Эцэст нь хэлэхэд, бидний хувьд энэ нам эвэр нь ургасан гишүүдээ яаж барих, яаж улс төрийн тоглоомын дүрмээ таниулах, хэрхэн хэл амаа ололцох зэрэг нь огт сонин биш. Монгол төрийн асуудал болгож, ингэж элэг доог нэмэх хэрэггүй.

Энэ улс оронд илүү санаа зовох юм олон байна шүү дээ.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Маргааш “хайрын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно

Дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр болгон тэмдэглээд даруй 8 дахь жилдээ...

img

5 цагийн дараа

Газар хөдлөлтийн улмаас 2886 хүн амиа алджээ

Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2886 болж, 4639 хүн гэмтэж бэртсэнээс гадна 373 хүн сураггү...

img

4 цагийн дараа

ЦЕГ: Гадаадад зорчихдоо бичиг баримт, мөнгө, эд зүйлсээ гээх тохиолдол нэмэгдэж байна

Хилийн чанадад зорчих явцдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдол нэмэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал...

img

4 цагийн дараа

Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ ...

img

3 цагийн дараа

МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сай...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд