Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

М.Энхбадрал: УИХ-ын гишүүд өөрсдийгөө олон нийтийн хүн болж байгаа гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 4 сарын 01

img

68

news-img

УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд нийгэм бухимдалтай байна. Тухайлбал, Нара буюу М.Нарантуяа, Ц.Мөнхтуяа нар сошиал орчинд зохисгүй үг хэллэг хэрэглэсэн нь олны шүүмжлэлд их өртөж байна. Бас Төрийн ордонд Боловсрол шинжлэх ухааны сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа цохиж танхайрлаа. Мөн Х.Баттулга, С.Лүндэг гээд чуулган, Байнгын хорооны хуралдаанд суудаггүй гишүүд ч бий. Энэ мэт УИХ-ын гишүүний үүрэг хариуцлага, ёс зүйн асуудлаар социологич, судлаач М.Энхбадралтай ярилцлаа.


-Парламентын гишүүдтэй холбоотой ёс зүйн асуудал нэлээд хөндөгдөх боллоо. Судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байна вэ?

-УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой зайлшгүй хөндөх нэн тэргүүний ажил бол хууль тогтоох үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизмыг парламент албан ёсоор хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал, одоогийн УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хууль дээр парламентын гишүүн өөрөө, түүний гэр бүлийн хүмүүс нь ашиг олдог салбарын хуулийн хэлэлцүүлгийн санал хураалтад оролцохоос татгалзах нь зөв. Гэхдээ УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар “Хуралдаан даргалагчид мэдэгдээд өөрөө татгалзах ёстой” гэж байгаа. Тэгэхээр сайн дураараа санал хураалтад оролцохоос татгалзаж байгаа тохиолдол ховор. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох үйл ажиллагааны ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх механизм ажиллахгүй байгаа гэсэн үг. Энэ удаагийн парламент илүү дэвшилттэй ажиллая гэвэл УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг маш оновчтойгоор тодорхойлох аргачлалыг батлах хэрэгтэй. Түүн дээрээ тулгуурлаад УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын зөрчилтэй салбаруудыг тодорхойлох. Магадгүй тухайн салбарын хуулийн хэлэлцүүлэгт тэр гишүүн оролцох гэж байгаа бол УИХ-аас түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй учраас хуулиа мөрдөж ажиллахыг шаардаж, санал хураалтад оролцуулахгүй байх арга хэмжээг авах ёстой. Энэ бол өөрөө парламентыг ёс зүйтэй, илүү ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах маш том дэвшилтэт үйл ажиллагаа болно.

Ер нь УИХ-ын гишүүнд нэр дэвшээд сонгогдсон хүмүүс өөрсдийгөө олон нийтийн хүн болж байгаа буюу иргэд өөрийг нь хянах, шалгах, шаардах, албан ёсны эрхтэй гэдгээ ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөө талаас тусгайлан онцлоход Засгийн газрын гишүүд чуулганы хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүд рүү хэт халдсан, басамжилсан, түрэмгий байдлаар хандах, ялгаварлах хандлагууд гаргаж байгаа. УИХ бол Засгийн газрын гүйцэтгэлд хяналт тавих ёстой төрийн эрх барих дээд байгууллага. Тэр утгаараа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж буй байдлыг парламентын бие даасан байдалд халдсан үйл ажиллагаа гэж үзнэ. Иймд төрийн байгууллага, Засгийн газрын гишүүдийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо дуудан ирүүлж, мэдэгдэл, сануулга өгч ажиллах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ыг төрийн байгууллага, Засгийн газар нь тоодоггүй байдал жишиг боллоо. Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байхад гишүүд нь чуулгандаа орж ирдэггүй, асуултад хариулдаггүй. УИХ-ыг сул дорой нөхцөл байдал руу оруулж байгаа. УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо УИХ-ыг хүндэтгээгүй Засгийн газрын албан тушаалтнууд, төрийн байгууллагын албан хаагчдыг дуудаж ирүүлж, асуулт асууж, мэдэгдэл өгч, анхааруулж, УИХ-ыг Засгийн газартаа хяналт тавьж ажиллах боломжийг олгох хэрэгтэй.

-Жагсаалтаар орж ирж байгаа гишүүд намтайгаа байгуулсан гэрээнд ёс зүйн зарчим, үүрэг хариуцлагыг нь юу гэж заасан байдаг юм бол. Ёс зүйн асуудал гаргаж байгаа жагсаалтын гишүүдэд ямар хариуцлага тооцдог юм бол?

-Ерөнхийдөө жагсаалтаар орж ирсэн гишүүд намтайгаа байгуулсан гэрээ гэдэг зүйл ил тод биш. Ямар тохиолдолд ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Хоёрдугаарт, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын гишүүдийн хамгийн чухал үүрэг нь иргэдийн төр барих эрх мэдлийг хэрэгжүүлэх, төлөөлөх эрх. Тэгэхээр иргэдийн төр барих эрх мэдлийг шилжүүлэн авч хэрэгжүүлж байгаа хүмүүс учраас УИХ-ын гишүүдийн эрхийг сонгуульд нэр дэвшүүлэх процессоор нь юм уу эсвэл ямар нэг гэрээ, дүрэм журмаар хязгаарлах нь дам байдлаар иргэдийн төрөө барих эрхийг хязгаарласан, халдсан хэрэг болно. Тэгэхээр нэр дэвшигчидтэй ёс зүйн асуудлаар ерөнхий гэрээ байгуулах асуудал байж болох ч тухайн гишүүнийг барьцаалсан, бүрэн эрхэд халдсан агуулга байх нь зохисгүй.

-Ингэхэд гишүүний ёс зүй гэдэг нь хуулиасаа ямар ялгаатай юм бэ?

-Мэдээж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Ёс зүйг яагаад чухалчилж байгаа вэ гэхээр УИХ-ын гишүүдийн биеэ авч явж байгаа байдал, байр сууриа илэрхийлж буй хэлбэр нь тухайн нийгэмд жишиг болж байдаг. Тийм ч учраас иргэд өөрсдийгөө төлөөлөх хүмүүст ёс зүйн, ур чадвар, сахилга хариуцлагын маш өндөр шалгуурыг тавих ёстой. Тэр бол ямар ч маргаангүй. Зарим жагсаалтаар сонгогдсон гишүүд дээр ёс зүйн асуудал гарч байгаа нь тухайн хүнийг нэр дэвшүүлсэн намууд нэр дэвшигчээ сайн судлаагүй, институтийн хувьд хариуцлагагүй байсны илрэл гэж харагдаж байна. Түүнээс биш нэгэнт сонгогдсон гишүүдийг бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байхад нь аливаа хууль бус хязгаарлалт хийх боломжгүй. Үүнээс сургамж аваад дараа дараагийн нэр дэвшүүлэлт дээр илүү хариуцлагатай байх ёстой. Хэрэв гишүүд хууль зөрчсөн бол хуулийнхаа хүрээнд л хариуцлагаа хүлээнэ. УИХ бол хамгийн үлгэр жишээ хуулийг хэрэгжүүлэгч байгууллага байх ёстой.

-Нөгөөтэйгүүр намын бүлэг дээр оруулж ирсэн асуудлыг дэмжсэн гишүүдэд 10 оноо нэмэх, дэмжихгүй бол 10 оноо хасах асуудал яригдаж байсан. Энэ зөв үү. Буруу юу. Алсдаа юунд хүргэх вэ?

-Энэ бол байж боломгүй, хүлээн зөвшөөрөшгүй асуудал. Магадгүй нам нь дотоод ардчилалтай, эрүүл зарчимтай, иргэдийн хүсэл зоригийг бүрэн сайн илэрхийлж чаддаг нөхцөлд нэг өөр хэрэг. Намууд ном ёсоороо бол эрх ашгаараа бус үзэл баримтлалаараа нэгдсэн институт байх ёстой боловч намуудын төлөвшил болоод, дотоод ардчилал нь тун доогуур түвшинд байгаа өнөөгийн нөхцөлд иймэрхүү дүрэм, журмууд нь парламентын институтыг сулруулах, устгах чиглэлд ажиллах нь ойлгомжтой.

Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл тодорхой бүлэг хүмүүсийн шийдвэр нь намын шийдвэр нэрээр гараад, түүнийг ард түмний төлөөлөгч болж ажиллах ёстой гишүүд баталгаажуулах ёстой кноп буюу утсан хүүхэлдэй болох маш том эрсдэл байгаа. Олон ургальч үзлийн эсрэг парламент гэж байх боломжгүй. Тухайлбал, өнгөрсөн намар төсвийн асуудал хэлэлцэж байхад ЗГ-аас өргөн мэдүүлсэн төсвийг эсэргүүцсэн гишүүдийг намын ёс зүйн хорооноос хариуцлага тооцно гэж мэдэгдэл хийж байсан нь үүний нэг илрэл.

-Цаашдаа жагсаалтаар болон тойргоос сонгогдсон гишүүдийн бие даасан байдлыг яаж хангах вэ?

-Энэ маш чухал. Цаашид парламент бие даасан байх уу, парламент яг чиг үүргийнхээ дагуу ажиллаж чадах уу гэдгийг шийдэх гол түлхүүр нь гишүүдийн хараат бус байдал. Тухайлбал, манай одоогийн Засгийн газар нь УИХ-ын 94 хувийг хамарсан их эвслийн ЗГ болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчингүй парламент бүрдсэн гэж үзнэ. Засгийн газраас орж ирж байгаа бүх асуудал УИХ-аар хэлэлцүүлэггүй ногоон гэрлээр батлагддаг. Хэлэлцүүлэггүй парламент чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болж байна гэсэн үг. Ер нь логикийн хувьд парламент дахь хяналтын механизмыг сөрөг хүчин хэрэгжүүлдэг. Эрх баригчид өөрсдөө хяналтыг хэрэгжүүлнэ гэдэгт итгэх нь гэнэн хэрэг.

Парламент ном ёсоороо ажиллая гэвэл хяналтын механизмуудыг ажиллуулах хэрэгтэй.

Ингэж байж парламент цаашдаа хяналттай, тэнцвэртэй, нээлттэй байдлаар хөгжинө. Эсрэгээрээ, тэр дундаа бүгдээрээ нийлчихээд түүнийг нь шүүмжилсэн гишүүдийг ёс зүйн болоод ямар нэгэн дүрэм журам гаргах байдлаар хязгаарлаад байж болохгүй. Үүн дээр Монголын иргэний нийгэм болоод судлаачид, сэтгүүлчид парламентаа хамгаалж аюултай санаачилгыг эсэргүүцэх ёстой. Парламентыг бид гадны хүч нөлөөнөөс хамгаалж чадна. Хамгийн хэцүү нь парламентыг парламент доторх өөрсдийн төлөөллөөс хамгаалах явдал болоод байна. Мөн ч хөгтэй. Яг одоо Монголын парламентын институтэд учирч буй хамгийн том аюул нь гурван намын эвсэл болоод байна.

М.МӨНХЦЭЦЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Маргааш “хайрын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно

Дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр болгон тэмдэглээд даруй 8 дахь жилдээ...

img

4 цагийн дараа

Газар хөдлөлтийн улмаас 2886 хүн амиа алджээ

Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2886 болж, 4639 хүн гэмтэж бэртсэнээс гадна 373 хүн сураггү...

img

4 цагийн дараа

ЦЕГ: Гадаадад зорчихдоо бичиг баримт, мөнгө, эд зүйлсээ гээх тохиолдол нэмэгдэж байна

Хилийн чанадад зорчих явцдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдол нэмэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал...

img

3 цагийн дараа

Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ ...

img

3 цагийн дараа

МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сай...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд