мэдээ
Н.Энхтуяа:Сонины ТҮЦ битгий ач, Нямбаатар аа!

Админ
2025 оны 4 сарын 14

100

Өнгөрсөн долоо хоногоос нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлөхөөр явган хүний зам дээр байршуулсан ТҮЦ-нүүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Ингэхдээ Улаанбаатарт сонин, сэтгүүл борлуулдаг есөн ТҮЦ-ний зургааг нь ачаад явсан аж. Үүнд өдөр бүр сонин авч уншдаг уншигчид болон сонин эрхлэн гаргадаг редакциуд, сонины ТҮЦ-ний худалдагч нар гомдолтой байгаа нь маргаангүй. Сонины худалдагчдын төлөөлөл болсон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ний худалдагч Н.Энхтуяатай ярилцлаа. Түүний хувьд яг энд 19 дэх жилдээ сонин зарж байгаа учраас эндхийнхэн “Сонингийн” Н.Энхтуяа гэдэг аж. Тэрээр ТҮЦ-ээ ачуулсан ч аргагүйн эрхэнд дэлгүүрийн лангуун дээр сониноо тавиад сууж байна хэмээн ярьсан юм.
-Та энд олон жил сонин зарсан учраас эндхийнхэн андахгүй биз. Харамсалтай нь сонины ТҮЦ-ийг ачаад явжээ?
-Би яг эндээ сонин зараад 19 жил болж байна. 25-ын зам гурав сунахад би байж л байсан. Дэлгэдэг төмөр ТҮЦ-тэй болохоор хөлөөр нь нааш цааш болгоод тавьчихдаг байлаа. Нэг газраа дасна гэдэг чинь сайхан байдаг юм. Тэр дундаа хүмүүст номын буян тараана гэдэг чинь их сайхан. Хоёр суга таягтай сониноо зарж эхэлсэн, хоёр хөл дээрээ явдаг болтлоо л зарж байна. Гэсэн ч өнгөрсөн шөнө (2025.4.11) ТҮЦ-ийг маань аччихлаа. Энэ чинь миний хоёр дахь гэр юм шүү дээ. Хэвлэл мэдээлэл ямар ч нийгэмд, ямар ч цаг үед байнга байх ёстой гэж боддог. Дайн байлдаантай байхад сэтгүүлч, сурвалжлагч нар явж л байдаг. Яагаад гэвэл үүнийг олон түмэн мэдэх ёстой, түүнийг түгээх ёстой учраас тэр. Манай улсад одоо цөөн хэдэн сонин л гарч байгаа шүү дээ. Миний хувьд энэ хэдийгээ устгачихгүй юмсан, иргэд маань хаана юу болж байгааг мэдээд авчихаасай гээд эндээ 19 жил тууштай сууж байна. Шөнө ирээд ТҮЦ-ийг маань ачаад явахад нь хэдэн сониноо үүрээд үлдэхэд дэлгүүрийн маань хэд тосож аваад, одоо лангууных нь булан тохой, цонхны тавиур дээр сониноо тавиад сууж байна даа.
-Өмнө нь ачна гэж мэдэгдсэн юм уу?
-Хоёр хоног мэдэгдсэн. Ноднин ачна гэхээр нь хэвлэл мэдээлэл байх ёстой гэсэн чинь хорооныхон намайг буцаагаад ТҮЦ-ээ тавь гэсэн. Сониныг хөгшчүүл маш их авдаг, захиалдаг хүмүүс ч их бий. Би гэхэд одоо арван хэдэн захиалгатай байна. Энэ хэдэн хөгшчүүлдээ чадахаасаа эхлээд чадахгүй хүртлээ үйлчилгээ үзүүлж ирлээ. Энэ чинь нэг ёсондоо харилцаа гэсэн үг. Хэдий би тэтгэвэртээ гарсан ч амьд харилцаатай байхыг хүсч байна. Би гэртээ суухыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл би сониндоо хайртай. Миний зардаг юм гэвэл сонин, сэтгүүл, хүүхдийн хэдэн ном, нийтийн тээврийн карт цэнэглэдэг юм.
-Өдөр тутмын сонин бол архив, түүхэн үйл явдлын гэрч, баримт болдог. Гэтэл сонин зардаг хэдхэн ТҮЦ-ийг ачна гэдэг бол иргэдийг битгий унш, мэд гэсэн үг шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Сонин зарахыг нь хязгаарлаж байна гэдэг бол битгий унш, битгий мэд, харанхуй бүдүүлэг бол гэж байгаатай ялгаагүй. Цахим орчинд маш их мэдээ мэдээлэл гардаг ч хэзээ хойно хайхад алга болоод, устчихдаг. Харин тэр өдөр, тэдний дугаар дээр ийм ярилцлага гарч байж, ийм шийдвэр тогтоол гарч байсан гэдгийг баримт болгон хадгалдаг зүйл бол сонин хэвлэл. Улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа, соён гэгээрэл гээд гол зүйл нь сонин хэвлэл гэж би боддог. Хэвлэлийнхээ амыг барина гэдэг бол улс мөхөж байгаатай адил юм шүү дээ.
Худлаа мэдээлэл явууллаа гэж дарга нар өөрсдөө ярих дуртай болчихоод байна. Гэсэн ч тэр худлаа мэдээлэл хаагуур явж байна гэхээр фэйсбүүкээр л явж байгаа. Баттай, баримттай зүйлүүд л сонинд нийтлэгддэг. Хуучин ямар олон сонин хэвлэл, сэтгүүл байсан гэж санана. Энэ бүхнийг туулаад, үүрээд, зараад, ажилгүй хүнд ажлын зарын сонинг нь өгөх гээд явж байсан болохоор би сониндоо хайртай байдаг юм.
-Сонин авдаг хүмүүс тань руу холбогдож байна уу?
-ТҮЦ-ийг маань ачаад явсан чинь өнөөдөржингөө л утас дуугарч, хүмүүс ярилаа. Тэр хүмүүст “Арын дэлгүүртээ сониноо үүрээд ороод ирлээ. Хүний лангууны үзүүр дээр зогсож байна” л гэж хэлсэн. Шөнө ирээд ачиж явсан хүмүүс нь “Х.Нямбаатар даргын шийдвэр. Дарга нэг ч ТҮЦ үлдээж болохгүй гэсэн” гэж хэлээд ачсан. Манай хорооныхон бол таныг үлдээчихмээр л байна гэсэн. Дарга нь ийм шийдвэр гаргачихаар яаж ч чаддаггүй юм шиг байна лээ.
-Өмнө нь төр засаг хэмнэлтийн хууль нэрээр сонин хэвлэлийн амыг барьсан. Одоо заруулахаа болино гэвэл юу болох бол?
-Хүн бүхэн интернэт ороод, мэдээлэл авч чадахгүй. Сониныг чинь уншдаг, хардаг хүн байгаа учраас өдийг хүртэл яваад ирсэн юм. Би энэ олон жил сонин зарахдаа хориотой бараа, муудсан хүнс зараагүй. Би хүмүүст оюуны хөрөнгө оруулалт хийж, соёлын бараа зардаг. Хороо, дүүрэг нь ч мэднэ. Одоо би ТҮЦ-ээ тавиулахыг л хүсч байна. Хүний лангуун дээр хэзээ гэж, хэдэн сар тэсэх вий дээ. Хамгийн гол нь улирлын захиалга дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлчихдэг. Долдугаар сар хүртэл зөндөө олон хүний захиалга авсан учраас энд ингээд зогсохоос өөр ямар ч арга алга. Улаанбаатарын хэмжээнд хааж, хөөж янз бүр болсоор есхөн ТҮЦ үлдсэний зургааг нь аччихлаа. Үлдсэн гурван ТҮЦ-ний нэгнийх нь худалдагч хөөрхий хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг юм, нөгөө нь 38 жил тэндээ зогсож байгаа юм. Ер нь энэ ажлыг хийж байгаа хүмүүс ашиг харахаасаа илүү хэвлэл мэдээлэлд хайртай, энэ ажилдаа дуртай болохоор л үлддэг юм. Орчин нь хүртэл эрүүл мэндэд хэрэгтэй байдаг. Бид чинь сонин уншдаг хэдэн хөгшчүүл, сонинд хайртай хүмүүсийнхээ төлөө л гээд зогсож байдаг юм шүү дээ. Би онцгойлон хэлмээр байна. Х.Нямбаатар аа, сонины ТҮЦ битгий ачаад бай. Эргүүлээд тавьж өгөөч ээ. Энэ чинь хүний мэдэх, унших эрхийг шууд хааж байна гэсэн үг. Х.Нямбаатар бидэнд ажлын байр гаргаж өгөх юм гэсэн. Ямар ажлын байр, хэзээ, хаана гаргаж өгөх юм бүү мэд. Эсвэл автобусны буудал дээрээ жижиг шилэн ТҮЦ барьчих л даа. Дуртайяа ороод зогсоно. Харин өндөр түрээсний юманд байж чадахгүй. Сонин зараад хэдэн төгрөг олдог билээ. Ер нь мэдээ мэдээллийг хүнд түгээхгүй, харанхуй бүдүүлэг болгоод үнэн юмаа нуучихвал, хулгай хийхэд амархан байх юм байлгүй л гэж ойлгоод байна.
Ийнхүү биднийг ярилцаж байх зуур хэд хэдэн хүн сонин өрсөн дэлгүүрийн лангуун дээр ирж, зарим нь сонин авч, автобусны картаа цэнэглүүлж байлаа. Тэдгээр хүмүүс “Яагаад таны ТҮЦ-ийг ачаад явчихав, юу болов” гэсээр халаглаж байв. Тэрээр нүдэндээ нулимс цийлгэнүүлсээр, учирлаж байсан юм.
Г.БАЛГАРМАА





ИРГЭД: Нохойноос айдаг ч хүүхэд рүү дайрвал заавал очиж тусална
Хүүхэд нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдээд байгаа билээ. Нохой хүүхдийг гурван минут орчим зууж, хазсаны дараа паркий...
8 цагийн дараа
Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурилын гаалийн татварыг буцааж нэмэх асуудал яригдаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “С...
8 цагийн дараа
Кажа Каллас: АНУ өөрийн боломжийг ашиглахгүй байна
Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас АНУ-ыг Украинд гал зогсоохын ...
7 цагийн дараа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-гийн урилгаар 2025 оны 4 дүгээр сарын 24-...
7 цагийн дараа
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

irgen
Сонинг CU дэлгүүрт зардаг болгочихвол асуудал шийдэгдэнэ. Энэ дэлгүүр бараг хотхон, байшин бүрд байрладаг тул айлуудын шуудангийн хайрцагийн асуудлыг давхар шийднэ.

з
задгай заваарсан түргэн нэртэй хоолны түц

н
барьцаад дууриагаад авчираад тавьчихдаг. шал хэрэггүй. хуучин ном нтр.