мэдээ
Төр ядарсан иргэдийнхээ ТҮЦ-ийг хурааж, хоолноос нь салгалаа. Оронд нь GS-25, CU-г өгөх үү…

Админ
2025 оны 4 сарын 15

178

ТҮЦ хурааж байгаа нь баатарлаг үйл явдал бололтой. Хэчнээн ч өдөр пиардав. Хэцүү цагт ядарсан ард түмнээ хоолноос нь салгаж байгаа нь төрийн мулгуу үйлдэл гэдгийг эргэцүүлэх хүн хотын дарга нар дунд байхгүй бололтой. Нийслэлд Монголын хүн амын тал хувь нь амьдарч байна. Тэгэхээр нийслэлийн засаг захиргаа гэдэг бол Монгол Улсын “бага” Засгийн газар юм. Ийм том үүрэг хариуцлага үүрсэн төр бол НЗДТГ юм. ТҮЦ яагаад тэдний дайсан болов. Үнэн хэрэгтээ наад ТҮЦ чинь татвар төлөгчид, орлого бүрдүүлэгчид шүү дээ. Нэг ТҮЦ-ний ард дор хаяж долоон ам хоол нэхэж, хоёр хүүхдийн сургалтын төлбөр явж байдгийг мэдэх үү. Хэдэн мянган хүний амьдралыг самарч байгаа тооцоо судалгаа нийслэлийн даргад байна уу. Тэдгээр хүмүүс юугаараа орлого олж, амь зуух болж байна. Шууд л гудманд гаргаад хаялаа. Тэд мэдээж өлсөж үхэж болохгүй. Шалдан явж болохгүй. Гэтэл орлогоос нь төр салгасан. Ингэж нийгмийн илүүдэл болсон, нийгмээсээ хаягдсан масс яаж амьдардаг гээч. Дэлхийн жишгээр бол тэд хулгай хийж, тонон дээрэмдэж, хууль бусаар орлого олж л хоолтой, хувцастай амьдарна. Орох оронтой байна. Ийм л хогийн амьдрал руу ард түмнийхээ нэг хэсгийг Улаанбаатар хотын дарга нар түлхэн орууллаа.
Орой бүрийн телевизийн мэдээ, өглөө бүрийн сонин сайтын мэдээллийн лид-ийг дарга нар анзаарч байна уу. Тал хувь нь гэмт хэргийн мэдээлэл, амиа хорлолт, цаг бус үхлийн мэдээллүүд эзэлж байна. Дунд сургуулийн хүүхдүүд халаасандаа хутгатай явцгаах боллоо. Буу шийдэм барьчихсан зургууд сошиалаар дүүрэн боллоо. Шууд “Буудан хорооно” хэмээн ил цагаан заналхийлэх боллоо. Их зах нь мэдэгдэхээ больсон ерэн онд ч ийм байгаагүй юм шүү. Одоо тэгтэл ердийн үзэгдэл боллоо. Амиа хорлолт урьд хожид байгаагүй их боллоо. Архины хордлогоос болж өглөө сэрээгүй залуу, идэр үеийнхний эмгэнэл нийгмийн сүлжээгээр нэг цацагдаж байна. Энэ бүхэн бол нийгмийн гутрал. Маргаашдаа итгэх итгэлгүй болсон ард түмний дүр зураг.
“ТҮЦ хотын өнгө үзэмжийг гутааж байна” гэдэг үг бол хийрхэл. Үхсэн элэнцгийнх нь өнгө үзэмж вэ. Тийм ганган тансаг хотод бид амьдарч байгаа хэрэг үү… АЙН. Утаанд нь хавдар тусаж, түгжрэлд нь сэтгэл санаагаа сөнөөж, хар яр хийсэн, хачин муухай хотод хараалын хамаг үгээ баран амьдарсан болцгоож байна. Дээр нь энэ их татварын дарамт, төрийн элдэв хураамжууд, ёроолдоо хүрсэн боловсролын систем, мөхөлдөө тулсан эрүүл мэндийн тогтоолцоондоо багтарч үхэцгээж байна. Энэ худлаа юу. Хэн ийм улс оронд, нийгэмд сайхны тухай ойлголттой байх юм. Хэн хотын үзэмж анзаардаг юм. Эх орноо тонон дээрэмдэж олсон тэрбум, тэрбум төгрөгөөрөө гадаад далайн эрэгт амьдарч байгаа хэдэн хүн, хэдхэн дарга нарын ар гэрийнхэнд л нийслэлийн гудамжинд байгаа хэдэн ТҮЦ муухай харагдаж байгаа байх. Бусдад бол амь амьжиргааны хамгийн сайн хэрэгсэл, гаднаас нь үнсмээр сайхан хоол олж өгч байгаа орд харш нь. Ингэж хараач.
Нийслэлийн дарга нар аа, та нар сэрүүн зүүдэлж байна. Наадах ТҮЦ нураах чинь төрийн ажил биш. Та нарын хийх ажил бол ард түмнээ амар жимэр, ашиг орлоготой сайхан амьдруулах. Амьдралыг нь сайжруулах. Тэгсэн ард түмнээ хоолноос нь салгаад зогсохгүй, харанхуй руу түлхэж байна. ТҮЦ-тэй хамт соён гэгээрлийг устгаж байгаагаа мэдэж байна уу. Сонин хэвлэлээр үйлчилдэг мухлагуудыг хамтад нь хурааж, хог дээр аваачиж овооллоо. Энэ чинь мэдлэг боловсролыг хог дээр хаяж байгаа үйлдэл. Сонин хэвлэл гэдэг бол нийгмийн тод толь. Мэдээлэл дамжуулах хамгийн хэрсүү, нухацтай суваг. Сонин уншдаг хүн яг чанартай хүнс хэрэглэж байгаатай адил. Сониныг сайн талх гэж олон улсад зүйрлэдэг юм. Тэгэхээр нийслэлийн дарга нар ТҮЦ-тэй хамт ард түмний хоёр том хоолыг хурааж хог дээр хаялаа гэсэн үг. Нэг нь ходоодонд орох хүнс, нөгөөх нь оюуныг нь тэжээх хүнс. Уг нь ухаалаг улс оронд бол сонин сэтгүүл зардаг ТҮЦ, мухлаг, дэлгүүр, үйлчилгээний газруудад 30 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэг юм шүү дээ. Гэтэл манайд эсрэгээрээ яаж байна…
Ийм байж яаж энэ улс орныг, хүн ардыг ирээдүйд авч явах юм бэ. Итгэл байна уу. Энэ хүнд хэцүү цаг үед иргэдийнхээ худалдаа наймаа эрхлэх боломжийг нээж, олон хөлийн газарт үйлчилгээний цэгүүд улам бүр нэмэх ёстой. Монгол хүн бүр очиж үзсэн зүүн хойд Азийн орнууд, урд хөршийн хотуудын гудамж талбай дахь үйлчилгээний бичил цэгүүдийг хар. Тэд чинь манай ТҮЦ шүү дээ. Өмнөөс та нар стандарт ярьж солиорох байх. Стандарт гэдэг чинь шинэ юм биш. Байгаа бүгд дээрээ стандарт сайн хэрэгжүүлээд явахыг хэлдэг юм. Дэлхийн хоёр номерын эдийн засаг Хятад улсад гудамжны худалдааг тас хаасан байна уу. Дэлхийн дөрөв, тав дахь эдийн засаг Япон, БНСУ-д гудамж талбайн худалдаа эрхлэлтийг хориглосон байна уу, малнууд аа. Ядаж тэднээс үлгэр авч болдоггүй юм уу.
Тэдний гудамж дахь бичил үйлчилгээний газруудад сонин сэтгүүлийн түгээлт нь үргэлж хамт явдаг. Оюуны талхаа хамт зардаг гэсэн үг. ТҮЦ-нээс кофегоо, сонинтой хамт аваад метро, эсвэл автобусандаа суудаг. Энэ бол бидний даган дуурайхыг хүсдэг бүх улс орны нийгэмд тогтсон хамгийн том соёл. Харин тэгтэл бид чаддагаараа устгасаар… Болж бүтэж байгаа бүгдээ үгүйсгэн устгахын дон шүгэлчихлээ. Үүний сүүлийн жишээ бол баатарлагаар нийслэлийн ТҮЦ-үүдийг устгасан үйл явц.
Эцэст нь нэг л үнэнийг ард түмэн төрөөс нэхнэ. Нэхэх ч эрхтэй. Тэр нь биднийг хоолноос салгалаа. Одоо юугаар орлуулах вэ гэж. Ард түмэнд харагдаж байгаагаар бол одоо ТҮЦ-нийх нь оронд тэдэнд хамгийн ойр болох GS, CU-гийн сүлжээнүүдийг өгөх үү. Ард түмнээ өлсгөн алж болохгүй нь төрийн үүрэг биз дээ, нийслэлийн дарга нар аа…
Б.Нямаа





Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 552 болжээ
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 16-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 552, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж ба...
8 цагийн дараа
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэг...
7 цагийн дараа
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа...
7 цагийн дараа
Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
Иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимтэй өрн...
7 цагийн дараа
Т.Чимэдцэрэн: Архаг өвчтэй гэж оношлогдвол мөнгөө төлөөд эмчлүүл, эсвэл “үх” гэсэн даатгалын тогтолцоотой болчихлоо, Мөнхсайхан сайд аа
Эрүүл мэндийн салбарт тулгараад буй асуудлын талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. Тухайлбал, Эрүүл ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

Уншигч
Нямаа гуай эхлээд эх хэлээрээ зөв бичиж сурчихаад хараалаа тавь. Чи ер нь дээд боловсролтой хүн үү, хуурамч дипломтон юм уу? Лав л сэтгүүлч биш байна. “Эх зах” гэдэг болохоос “их зах” гэдэггүй юм! Ядаж Я.Цэвэлийн толь бичиг үз дээ. Тийм толь бичиг байдаг гэж сонссон уу.

Иргэн
Б.Нямаа, иргэдийн 99 хувь нь дэмжээд байхад чи юү гээд байгаа юм? Эсвэл ТҮЦ-ийнхий төлөөлөл юм үү? Багахан шиг дэмийрээрэй!

Иргэн
Иргэдийн чинь чадал түц л бн шүү дээ өшөө том бизнест чадал нь хүрэхгүй бн томчуудыг нь дан гадныхан эзэгнэж бн одоо бүгдээрээ эх орондоо гадны хүмүүсийн ажилчин л болж гол зогоох үлдлээ