мэдээ
Нийтлэлч А.Баатархуяг: Үйлдвэрүүд хулгайгаар ч хамаагүй махаа экспортлоход бэлэн байна

Админ
2025 оны 4 сарын 22

64

Засгийн газрын шийдвэрээр зургаадугаар сарын 1 хүртэл махны экспортод квот тогтоосон талаар нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа.
-Та махны экспортыг хориглож болохгүй хэмээн сошиалд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Махны экспортод квот тогтоосон шийдвэр яагаад буруу вэ?
-Манай орон олон тоо толгой малтай учраас махны экспортыг дэмжье гэж сүүлийн хорин жил ярьсан. Мөн махны экспортыг өсгөх гарцыг ч олон жил хайлаа. Малын шүлхий өвчин гарсны улмаас оросууд худалдан авахгүй гэх мэт асуудлуудтай байсан. Хөөрхий хэдэн компаниуд нь өөрсдийн хэмжээндээ гаргалгаа олоод махаа экспортолж байхад хаалт тавина гэдэг маш буруу. Яагаад гэвэл махны экспорт манай үндсэн экспортын нэг байж болох хэмжээний нөөцтэй. Дотоодын махны хангамжийг нэмэгдүүлэх гэсэн шалтгаанаар үүнд хориг тавина гэдэг дэндүү өрөөсгөл.
Маш олон үйлдвэрүүд гадаадын компаниудтай гэрээтэй ажиллаж байсан ч Засгийн газрын шийдвэрээр түүнийгээ зөрчихөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Хамгийн гол нь газраас урьдчилж мэдэгдэлгүйгээр шууд шийдвэр гаргасан нь бид өөрсдийгөө дэлхийн зах зээлд найдваргүй түнш гэдгээ зарласнаас өөрцгүй явдал боллоо. Исламын шашинтнуудын мацгийн саруудад махны хэрэгцээ эрс өсдөг. Квот тогтоохоос өмнө бид исламын шашинтай баруун зүгийн орнуудад өөрсдийн гэсэн зах зээлтэй болж байлаа. Гэтэл махны экспортоо хаадаг нь юу гэсэн үг вэ. Цаашид бид яах вэ. Дэлхийн зах зээл дээр нэр хүндээ алдаж байна. Нэг л өдөр бид махны экспортоо нээлттэй болгоно. Тэр үед хэн биднээс мах авах вэ. Хэлсэн амандаа хүрдэггүй улсад хэн ч итгэл хүлээлгэхгүй шүү дээ.
-Махаа экспортолсноос болж дотоодын хэрэгцээ хумигдах нөхцөл бий болох уу?
-Бүгдийг төлөвлөөд хийж байгаа шүү дээ. Бид хавар мал нядалдаггүй ард түмэн. Голдуу намар тарга тэвээрэгтэй үед нь нядалж, хадгалж байгаад экспортолдог. Нөхцөл байдлаа сайн тооцож, болгоомжтой шийдвэр гаргах хэрэгтэй байсан юм. Монголчууд ганцхан мах иддэг ард түмэн биш. Тиймээс би энэ шийдвэрийг эхнээс нь эсэргүүцэж байсан. Манайх улирлын чанартай учраас хавартаа махны нийлүүлэлт багасаж, үнэ өсдөг. Намартаа нийлүүлэлт ихэсч үнэ буурдаг ийм л цикльтэй. Өнгөрсөн жилийн хувьд малчид том зудын араас малаа өсгөхийг хүсч байгаа. Энэ үед бага зэрэг нийлүүлэлт багасч болно. Үүн дээр тулгуурлаад экспортоо хааж яасан ч болохгүй. Угтаа бол экспортыг бариад, хаачихвал махны үнэ буурна гэж засгийн газраас шийдвэр гаргасан юм билээ. Харин ч бодит байдал дээр махны үнэ буурсан зүйл алга. Одоо хонины мах нэг кг нь 17.000 төгрөг байна. Тэгэхээр махны үнэ огт тогтворжоогүй гэсэн үг. Үйлдвэрүүд хулгайгаар ч хамаагүй махаа гадагшаа гаргахад бэлэн байна. Энэ шийдвэр махны үнийг тогтворжуулах оновчтой арга бишээс гадна махаар орж ирэх жаахан валютыг ч үгүй хийж байгаа юм. Ирээдүйгээ харахгүй харалган шийдвэр. Ер нь эдийн засгийн асуудалд улс шууд гар дүрдгээ болимоор байна. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дур зоргоороо оролцдогоо зогсоох ёстой. Хувийн компаниуд гэрээ хийгээд үйл ажиллагаагаа явуулж байхад шууд нэг шийдвэрээр зогсооно гэдэг байж боломгүй асуудал. Зарчмын хувьд ч буруу.
-Экспортод квот тогтоосноор малчид болон махны үйлдвэрт хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлж байна уу?
-Малчдад тийм ч их нөлөөлөхгүй. Хавар малчид малаа нядалгаанд өгөхгүй шүү дээ. Бүх ачаалал махны үйлдвэрүүд дээр бууж байна. Намар үйлдвэрүүд малчдаас мах худалдан аваад нөөцөлж, бэлддэг. Энэ нөөцөлсөн махаа гурван сард гадагшаа экспортолдог юм. Одоо махаа дотоодын зах зээлд гаргах гэхээр нөгөө талаас нөөцийн мах ороод ирнэ. Үйлдвэрүүд ашиг орлогын төлөө үйл ажиллагаа явуулдаг учраас нөөцөлсөн махаа дотоодын зах зээл дээр нийлүүлбэл үнэ буурна. Тэгэхээр үйлдвэрүүд давхар хохирно гэсэн үг. Гадагшаа экспорт хийхгүй, мөнгө орж ирэхгүй энэ үед үйлдвэрүүд алдагдал хүлээхгүйн тулд үйл ажиллагаагаа зогсоож, ажилчдаа тараахаас өөр сонголтгүй. Ер нь 70 сая толгой мал тийм их хэмжээний мах биш шүү. Манай хүн амын хувьд л их. Тэрбум хүн амтай Хятадын зах зээлд гарлаа гэж бодоход Бээжин хотын сарын хүнсийг хангаж хүрэх үү.
Манай малыг Оросууд өвчтэй гээд авдаггүй. Арайхийж баруун зүгийн зах зээл рүү орж байхад бид өөрсдийгөө хорлосон шийдвэр гаргасан. Нэг даргын шийдвэрээр улс орныг хамарсан асуудлыг шийддэг байж болохгүй.
А.ДАвААДУлАМ
Ё





Төв болон Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Бургастай” гэдэг газар ой, хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээ...
5 цагийн өмнө
Таван богдын хажуу талын цайны газарт гарсан галыг бүрэн унтраажээ
ХУД-ийн 5-р хороо Таван богдын хажууд цайны газарт гал гарсан дуудлага өнөөдөр 15:23 цагт Онцгой байдлын байгуулагад ирсэн байна. Ду...
6 цагийн өмнө
БНСУ-д зорчих, виз мэдүүлэхэд монгол иргэдэд тулгарч асуудалд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Б...
6 цагийн өмнө
Нийтлэлч А.Баатархуяг: Үйлдвэрүүд хулгайгаар ч хамаагүй махаа экспортлоход бэлэн байна
Засгийн газрын шийдвэрээр зургаадугаар сарын 1 хүртэл махны экспортод квот тогтоосон талаар нийтлэлч А.Баатархуягтай ярилцлаа. -Та м...
7 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2025.04.22) Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуу...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд