мэдээ
Холын зорилгодоо хүрье гэвэл замд боргосон нохой болгон руу чулуу шидэх хэрэггүй

Админ
2025 оны 5 сарын 05

53

Манай төр засгийн удирдлага шүүмжилсэн болгоны өөдөөс асчих юм. “Та улс төр хийж байгаа бол би бас хариуд нь улс төр хийж байна” гээд шүүмжилснийх нь төлөө шүд зуун дайрч байна. Улс орныг удирдаж яваа, төр засгийг тэргүүлж яваа хүнд хий хоосон магтаалаас илүү шүүмжлэл сэрэмж өгдөг. Улстөрчид шүүмжлэлээс ирээдүйн зам мөрөө үнэн бодитоор харж, маргаан мэтгээн дундаас алс хэтийн зорилгоо тодорхойлдог гэдэг.
Тэгвэл Монголд төр засгийн удирдлагыг шүүмжилсэн хүн буруутан болж, муу муухайгаараа дуудуулж бизнес нь хаагдаж, гэр бүл, орчин тойронд нь дарамт шахалт ирдэг. Засаг төрийг шүүмжилсэн “No war”-ын залуучууд “бусдыг гутаан доромжилж нэр хүндэд нь халдсан. Төрийн тусгай хамгаалалттай газар бичлэг хийсэн” гэх үндэслэлээр ял авсан. Ардчилсан оронд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, үндсэндээ төр засгийг шүүмжилснийхээ төлөө ялтан болж байгаа нь харамсмаар.
Мөн төр засгийн удирдлагатай дээр доороо ортол үзсэн төрийн түшээ гишүүд байна. Түүний нэг “шарк” гэгдэх Д.Энхтүвшин. Төсөв дээр айхтар дуугарч тууштай тэмцсэн гишүүдийн нэг. “Засгийн газар нь боогоод оруулаад ирчихсэн төсөв дээр сайд нар нь өөрсдөө тойрог дээрээ мөнгө тавиулахын төлөө ямар увайгүй зүтгэдэг гэдгийг нүдээрээ харлаа, ой гутлаа. Данхар төсвийг тануулж чадсангүй. Хамтарсан Засгийн газар ард түмэнтэйгээ хийсэн нийгмийн гэрээгээ эрээ цээргүй зөрчлөө. Ард түмний боломжийг хулгайлсан хулгайтай үр дүнд хүртэл тууштай тэмцэнэ” гэж тэрээр зүтгэсэн.
Засгийн газрыг Төрийн ордонд бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Бүх улс төрийн намын удирдлагууд, сайд нар очиж үүрэг даалгавар, чиглэл авдаг. Кино найруулга хийдэг болсон гэж мөн тэрээр хэлсэн. Ингэж хэлсний хариуд, энэхүү тэмцлийн үр дүнд түүнд төрөөс ихээхэн дарамт шахалт ирсэн. “Хятадад Таван толгойг үнэгүй өгье гэж хэлсэн гурван хүний нэг нь Энхтүвшин” гээд л бичигдсэн. Түүнтэй хамаарал бүхий гэгддэг, өмнө нь дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “М-Си-Эс” компани болон засаг төрийн хооронд ямар дайн өрнөснийг бид мэднэ.
Мөн түүнийг Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа мөнгө төгрөг идсэн уусан гэдэг асуудал дэгдсэн. Тэр бүү хэл эхнэрийнх нь компани руу хүртэл хуулийн хяналт шалгалт орж амийг нь чангаагаад эцэст нь амыг нь тагласан. Тэгвэл одоо мөн л засгийн удирдлагыг шүүмжилсэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуудал хурцаар яригдаж байна. “Ард түмэн ядуу байна, ядарч туйлдаж байна. Төрийн дарамт, татварын дарамт чинь хэрээс хэтэрлээ. Монголд амьдрах эцэсгүй боллоо. Үүнийг мэдэж байна уу” гэж хэлснийхээ төлөө тэр буруутан болж, түүний алхаа гишгээ бүхнийг хууль хяналтын байгууллага үнэрч нохой шиг шиншилж мөрдөж байна.
20 жилийн өмнөх хадгаламж зээлийн хоршооны асуудлыг яг энэ үеэр эргэн сөхөж Ж.Баярмаагийн төрсөн ах, “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны эзэн Ж.Мэндбаяртай холбоотой асуудлыг нийгэмд сэвж эхлэх нь тэр. Хэсэг бүлэг нөхдүүд цуглаан хийж эсэргүүцэл үзүүлж байгаа нь өнөө л гэр бүл, хамаатан садан, ойр орчин руу нь дайрдаг хуучирсан технологи. Энэ бүгдээ засаг төрийн удирдлага одоо боль оо. Шүүмжлэлийг зүгээр л хүлээж ав. Аливаа шүүмжлэлд зүгээр л нөхөрсгөөр ханд. Үг хэлж шүүмжилсэн болгонтой ингэж тэмцэнэ гэвэл улс орон чинь сүйрч дуусна. Ер нь тэгээд үнэнийг хэлснийх нь төлөө хэн нэгэн рүү өстөн дайсан мэт дайраад, хууль хүчний сүрээр далайлгаад, дайснаа дарж авч байгаа мэт чимээгүй болгож амыг нь хаана гэдэг өөрөө аюул. Өнөөдөр дийлж байгаа мэт санагдаж болно. Яг жинхэнэдээ улстөрч хүнд, удирдагч хүнд, улс төрд холыг зорьж яваа хүнд өөрийг нь шүүмжилж боргосон “нохой” бүхэн рүү чулуу шиднэ гэдэг маш хорлонтой.
Учир нь “Чи их зорилгод тэмүүлж, холыг зорьж яваа хүн. Хэрвээ замд тааралдаж хуцсан нохой бүхэн рүү чулуу шидэх аваас чи тэр зорилгодоо хүрч чадахгүй” гэж их зохиол, сэтгэгч Ф.Достоевскийн үг бий. Мөн Уинстон Черчиллийн хэлсэн ийм утга бүхий үг ч бас байдаг. Эдгээр үгс бол зүгээр ч нэг цэцэрхэж хэлсэн үг биш. Жинхэнэ ясаараа, цусаараа амьдрал туулж, улс орныг удирдахын зовлон жаргалыг амсаж, ёстой үхэхээс бусдыг үзэж, үхээрээс бусадтай нөхөрлөж, хүний хорвоог туулсан их мэргэдийн, их учирдагчдын цусаараа бичсэн тангараг мөн. Тиймээс төр засгийн удирдлага юм болгон дээр л өрвөсхийгээд, нийгэмд хаясан чулуу бүхнийг өөр рүү нүүлгэж, нийгэмд үүссэн гал бүхнийг өөр дээрээ өрдөж, тэр бүхэнтэйгээ дайтахын хэрэг байхгүй.
Холыг зорьж яваа юм бол иймэрхүү аар саархан хэрүүл, тэмцэл, шүүмжлэлийг шингээдэг байх хэрэгтэй. “Айл гэрийн гал тогоог авч яваа ижий хүн үр хүүхдүүдийнхээ аяг ааш бүхнийг шингээдэг байх л чухал байдаг юм даа. Үг хэлсэн болгон руугаа өрвөгнөөд байвал айл гэр амар амгалан, аз жаргалтай, эрүүл саруул оршин тогтноход хэцүү байдаг юм” гэж хуучны хөгшид хэлдэг дээ. Түүн шиг улс орны гал тогоог авч яваа хүмүүс хэр баргийн юмыг тоохооргүй байх ёстой. Юм үзсэн юм шиг, үнэндээ бол дайн үзсэн баатар шиг, халуунд халж, хүйтэнд хөрч хатуу үг сонссон, хат суусан хүн шиг байж улс орныг удирдана. Түүнээс захын нэг хүний үгээр хөөцөлдөөд, түүнтэй тэмцээд явах юм бол хамгийн харамсалтай, хамгийн хорлонтой нь холын зорилгодоо хүрч чадахгүй.
Үнэнийг өчихөд, холыг зорих тусам, хол явах тусам замд таарч боргох нохой олон байх нь хүний амьдралын жам ёс билээ. Үүнийг сайтар бодож тунгааж, зангараг зааж, нийгмийн шуугиан, олны шүүмжлэлд авталгүй холч ухаан гарган уужим саруулаар улс орноо удирдах хэрэгтэй.
Д.Батболд





Ж.Баярмаа: Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлалт гуйсан
Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2025.05.02/ мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Өнгөрсөн өдрүүдэд б...
8 цагийн дараа
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны тавдугаар сарын 5-14-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавдугаар сарын 7-нд Хангайн уулархаг нутаг боло...
8 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1296 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
7 цагийн дараа
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ээлжит форум Орхон аймагт болж байна
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ээлжит форум “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин- Сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүр...
7 цагийн дараа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн \2025.05.05\ бүлгийн хурлаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын тү...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

No war буюу “дайныг эсэргүүцэж байна” хэмээсэн байр суурь илэрхийлсэн нь гэмт хэрэг болж баривчлагдсан нь үнэхээр гайхалтай шүү!