Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Голдманы шагналт Л.Батмөнх: Байгаль орчныхоо төлөөх өнөөдрийн бидний үйлсэд үр хойч минь талархана

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 5 сарын 05

img

26

news-img

Байгаль орчныг хамгаалах үйлсийн манлайлагчдад олгодог Голдманы нэрэмжит шагналыг 2025 онд Ази тивээс монгол хүн хүртсэн билээ. Дэлхий дахинаа “Ногоон Нобель” хэмээн үнэлэгддэг энэхүү шагналын эзнээр жил болгон тив бүрээс зөвхөн нэг хүнийг шалгаруулдаг уламжлалтай. Өнөө жилийн Голдманы шагналыг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн, 82 настай Лувсандашийн Батмөнх гуай хүртсэн юм. Түүнтэй уулзаж, байгаль орчинд оруулсан хувь нэмэр болоод ажил амьдралынх нь талаар хуучиллаа.


-Та сайхан хаваржиж байна уу. Монгол Улсаас Голдманы нэрэмжит шагналыг хүртсэн гурав дахь хүн болсонд баяр хүргэе.

-Баярлалаа. АНУ-ын Сан-Франциско хотод төвтэй Голдман сангийн индэр дээрээс энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ сэтгэл дүүрэн байна.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд олон зочид ирсэн байлаа. Гурван давхар театрын зритель дүүрэн хүн намайг үг хэлэх болгонд алга ташиж, шагнал авангуут бүгдээрээ дурайтал босч зогсоод баяр хүргэхээр чинь учиргүй л сэтгэл догдолсон доо. Анх удаа ингэж олон хүний өмнө гарч үг хэлж, дэлхийн хэмжээний томоохон шагналыг авч байгаа болохоор хачин сайхан байлаа. АНУ-ын иргэн Голдман гэж хүн 1989 онд байгаль орчныг хамгаалах байгууллагын ололт амжилт, эх дэлхийгээ хамгаалахад гаргасан үйлсийг хөхиүлэн урамшуулж байхаар сан байгуулж, өдгөө 236 хүн шагнаад байгаа юм билээ. Уг шагналд намайг АНУ-ын Монгол дахь Дэ Нэйче Консерванси байгууллагаас тодорхойлж явуулсан. Голдманы сан энэ онд ирүүлсэн 70 гаруй тодорхойлолтоос зургаан хүнд шагнал өглөө. Надаас өмнө Ц.Мөнхбаяр 2012 онд, А.Баяржаргал 2019 онд энэ шагналын эзнээр тодорч байсныг монголчууд маань санаж байгаа байх аа.

-Таны уугуул нутгийнхаа онгон дагшин газар, ургамал, ан амьтан, түүхийн дурсгалт өвийг хамгаалахын төлөө тууштай зорьсон үйлийг Голдман сан өндрөөр үнэллээ. Хаанаас хаа хүртэлх газрыг хэрхэн яаж хамгаалж ажилласан тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-Миний бие уугуул нутаг Дорноговийнхоо үзэсгэлэнт байгалийг хамгаалахыг чин сэтгэлээсээ хүссэн. Энэ чин зүрхний хүсэл намайг 15 жил алхахдаа алхаж, давхихдаа давхиж, олон зуун хүнтэй уулзаж, олон хууль судлахад хүргэсэн. Ийнхүү уйгагүй явсаар 500 мянга гаруй га талбайг төрийн тусгай хамгаалалтад авахуулсан билээ. Улсын хэмжээнд 2004 оноос хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил идэвхтэй өрнөсөн дөө. Манай аймагт хүртэл нэлээд олон тусгай зөвшөөрөл олгогдсон байв. Зарим тусгай зөвшөөрөл нь түүх соёлын үнэт өв байдаг нутаг дэвсгэр буюу урт нэртэй хуулиар хамгаалагдах ёстой нутаг дэвсгэрүүдэд давхцуулаад өгөгдчихсөн байх нь тэр. Миний бие нутгийн захиргаа, ИТХ, ард иргэдтэйгээ хамтраад энэ олон тусгай зөвшөөрлийг цуцлуулах ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Тэрнээс гадна нутаг дэвсгэрийнхээ зохих хэсгүүдийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг эрхэлж хийсэн л дээ. Энэ дагуу 2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах зөвлөх байсан Б.Долгор, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Дэ Нэйче Консерванси олон улсын байгаль хамгаалах байгууллагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт албан тоот илгээсэн юм. Тэр нь өмнийн говьд улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийг хэмжиж, судалж, тодруулъя гэсэн утгатай бичиг байв. Энэ дагуу 2010 онд тус консервансийн Монгол дахь төлөөлөгчийн газар дөрвөн яам, тамгын газраас 53 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдов. Тэр ажлын хэсэг говийн дөрвөн аймагт сүрхий судалгаа, шинжилгээ явуулсан. Үр дүнд нь өмнийн говийн харьяанд 210 байршил газрыг археологи, геологийн хувьд улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байна гэж үзсэн. Түүнээс манай Дорноговь аймагт 15, Хөвсгөл суманд дөрвөн байршилд улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар байгааг тогтоосон. Тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэ Нэйче Консервансийн хамтарсан төлөвлөгөөгөөр төд, төдөн онд тэр, тэр газрыг төрийн тусгай хамгаалалтад авна гэж чиглэл гарч байсан юм.

-Та бүхний хамгаалахаар тэмцэж байсан газар нутгууд бүгдээрээ төрийн тусгай хамгаалалтад орж чадсан уу?

-Орон нутгийн захиргаа, ИТХ-тайгаа хамтраад би Хутаг-Уул, Гүн гашууны хоолой гэсэн хоёр газрыг нийлүүлээд улсын тусгай хамгаалалтад авахаар материал бүрдүүлж, бүхий л холбогдох байгууллагуудаар явж хөөцөлдсөн. Ингээд 2019 оны тавдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын 41 дүгээр тогтоол гарч билээ. Уг тогтоолоор Хөвсгөл сумын нутаг дэвсгэр дэх Гүн гашууны хоолой нэртэй 142 мянга 318 гектар газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Бусад тусгай хамгаалалтад авах ёстой дөрвөн газраа ч бас хөөцөлдсөн. Уушийн говь, Шунхтын тал гэсэн газрууд юм. Түүнээс гадна “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” гэсэн урт нэртэй хууль бий. Говьд тогтмол урсдаг гол, мөрөн, тэрний урсац бүрэлдэх эх гэсэн юм байхгүй. Тийм болохоор говь нутгаас булаг шанд, борооны усны тойром зэрэг нь усан сан бүхий газарт хамаардаг юм. Ойн сан болохоор хоёр янз. Нэг нь хэрэглээний буюу дотроос нь мод авч болдог. Нөгөөх нь хамгаалалтын гээд халдашгүй байна. Хамгаалалтын ойн сан бүхий газарт говьд ургадаг заг, сухай хоёр орсон. Мөн Соёлын өвийн тухай хуулинд заасны дагуу түүх соёлын биет өвд хамаарах дурсгалт газруудыг төрийн хамгаалалтад авна гэсэн заалттай. Сүм хийдийн туурь, булш, бунхан, чулуун байгууламж, хүн чулуу зэрэг соёлын биет өвүүдээ хамгаалахаар зохих үндэслэлийг нь бичих, кадастрын зураг гаргах ажлуудыг миний бие голчлон хийж гүйцэтгэж байсан юм. Ингэж хөөцөлдсөөр байгаад нутгийнхаа 24 байршилд 500-гаад мянган гектар газрыг төрийн тусгай хамгаалалтад авахуулсан. Төрийн тусгай хамгаалалт нь дотроо орон нутгийн, улсын тусгай хамгаалалт гэсэн ангилалтай. Улсын тусгай хамгаалалтад авсан газар хугацаагүй. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар 15 жилийн хугацаатай сунгагдаад явдаг.

-Тэгвэл та нутгийнхаа түүх соёлын дурсгалт газруудыг төрийн хамгаалалтад авахад гол ажлуудыг нугалж байжээ…

-Монголын говиос есөн ноён хутагт төрсөн байдаг. Анхдугаар ноён хутагтын аав Гүршихи гэж хүн Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны ноён байв. Энэ хошуу нутагт манай Хөвсгөл сум хамрагддаг юм. Гүршихи бол Чингисийн удмын хүн байсан. Тэрбээр Чингисийн Их цагаан сүлдний дагуул найман тугийн нэгийг одоогийн Хөвсгөл сумын нутагт 1670-аад оны үед авчирч тахиж байсан түүхтэй. Сүлдэн хөх овоо хэмээх энэхүү газарт анх гэр бариад тооноор нь тугаа гаргаад 1930 оны дунд үе хүртэл тахиж байсан гэдэг. Гэтэл энэхүү түүхэн дурсгалт газар дээр 403 мянга 46 гектар газрыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдчихсон байв. Ингээд нутгийнхаа иргэд, төр захиргааны байгууллагуудтай хамт зохих бичиг баримтууд бүрдүүлээд хөөцөлдсөний үндсэн дээр түүхийн дурсгалт Сүлдэн хөх овоон дээр нөмөргөсөн хайгуулын газрыг чөлөөлсөн юм. Ойр хавийнх нь нутаг дэвсгэрийг хамруулаад 19 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Ийм жишээтэйгээр орон нутгийнхаа газар нутгийг хамгаалахаар тэмцэж ирсэн.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ. Залуудаа хаана, хаана ажил алба хашиж байв?

-Би ЗХУ-ын Иркутск хотын Полтехникийн дээд сургуулийг 1970 онд үйлдвэр, хотын цахилгаанжуулалтын инженер мэргэжлээр төгссөн хүн. Орон нутаг дахь уул уурхайд мэргэжлээрээ ажиллаж байлаа. Мөн социализмын болон нийгмийн шилжилтийн үед гадаадын улс орнууд дахь бүтээн байгуулалтад ажиллаж байв. 1975 онд Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх гуай Лаосд айлчлахдаа эмнэлгийн иж бүрэн комплекс барьж өгнө гэж амласны дагуу 1981-1984 онд Монголын таван инженер тус улс руу томилогдож байв. Монголоос очсон инженерүүд Лаосын барилгачидтай хамт Пхонсаван хотод 11 обьектоос бүрдсэн эмнэлгийн иж бүрэн комплекс барихад миний бие мэргэжилтнээр ажилласан юм. Сүүлд уул уурхайд ажиллаж байтал 1988 оны арванхоёрдугаар сард Арменид хүчтэй газар хөдөлж, олон хүн сүйдсэн дээ хөөрхий. Дэлхийн улс орнууд гамшигт нэрвэгдсэн Арменийн ард түмэнд туслах хөдөлгөөн өрнүүлсэн юм. Тэгэхэд Монголын барилгачид 1989-1993 он хүртэлх хугацаанд Арменид 120 хүүхдийн ясли цэцэрлэг, 204 хүүхдийн сургууль барьж өгсөн. Мөн л би тэнд мэргэжлээрээ очиж ажиллаж байлаа. Монголоос 50-60 хүн очиж ажилласан санаж байна. Одоо бодох нь ээ ЗХУ задарч байсан үеийг ч хэлэх үү, үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байжээ, бид.

-Та уул уурхайд ажиллаж байсан гэлээ. Яагаад уул уурхайн эсрэг тэмцэж эхэлсэн юм бэ?

-Би Дорноговь аймагт байдаг уул уурхайн гурван үйлдвэрт 15 жил ажилласан. Уул уурхайн жаргал золонг хэнээс ч илүү сайн мэднэ. Газар нутгийг яаж сүйтгэдгийг бүр ч сайн мэднэ. Уул уурхай явуулах гээд учиргүй ихээр лиценз олгогдоод ирэнгүүт өөрийн эрхгүй тэрний цаадах болохгүй бүтэхгүйтэй тэмцье гээд үзэлцэж байгаа юм л даа. Одоо ч гэсэн үзэлцэж л байна.

Би 2005 онд тэтгэвэртээ гарч байлаа. Тэгээд хувь, хувьсгалд ажилаж байгаад 2010 оноос өөрийн төрж өссөн газар нутгийнхаа төлөө тэмцэж эхэлсэн дээ. Ер нь уул уурхайн үйл ажиллагааны эх үүсвэр манай суманд 2004 онд тавигдсан. Яагаад гэвэл тухайн үеийн Дорноговь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь 2004 оны наймдугаар сарын 22-нд Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт ганц удаагийн тусгай зөвшөөрлөөр 302 мянга 204 гектар талбайд “Х-8525” гэсэн дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа юм. Дорноговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг хэсэгтэй дүйцэхүйц газрыг нэг удаагийн лицензээр олгосон. Тэр 302 мянга 204 гектар талбай нь хувь болон аж ахуйн нэгжүүд дамжиж явсаар байгаад хасагдсан. Хамгийн сүүлд 2014 оны аравдугаар сарын 14-нд 11 мянга 115 гектар газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон. Яагаад нутгийн ард иргэдэд урьд нь юу ч мэдэгдэхгүй байж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогддог юм бол гэсэн тэмцэл тэр үеэс эхэлсэн. Манай Хөвсгөл сумын Соёлын төвийн эрхлэгч Э.Оюунцэцэг тэргүүтэй 10 гаруй хүн тэр үеийн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан юм. Гэнэтхэн ингэж ашиглалтын лиценз олгосон явдлыг шалгаж, учрыг нь олж өгөөч гэлээ. Үүний үндсэн дээр С.Ганбаатар гишүүн тэргүүтэй Өргөдлийн байнгын хорооноос томилогдсон хүмүүс 2014 арваннэгдүгээр сарын эхээр Хөвсгөл суманд очиж газар дээр нь байдлыг хянаж шалгаж үзсэн. Ингээд тухайн сарынхаа 28-ны өдрийн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар бидний гомдлын талаар хэлэлцэж тэр үеийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт чиглэл өгөх тухай шийдвэр гарсан. Үүний дараа миний бие УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт гаргаад мөн л хурал болоод түрүүчийнх нь гаргасантай ижил утгатай л шийдвэр гаргасан. Тэр талаар одоо хүртэл ямар ч арга хэмжээ авагдаагүй хэвээр байгаа.

-Ер нь газар нутгаа хамгаалаад тэмцэхээр энд тэндээс элдэв дарамт шахалт их ирнэ биз. Тэрийг яаж сөрөн тэсвэрлэж ирэв?

-Тэр зовлонг яривал барагдахгүй. Ер нь уул уурхайн яам чинь АМХЭГ гэсэн агентлагтай. Тэрний салбар нь хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөө өгдөг. Хэрэв тухайн лиценз эзэмшигч компани хууль дүрэм зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь өөрөө цуцлах хуультай. Амьдрал дээр өөрийнхөө өгсөн тусгай зөвшөөрлийг яаж ч буруу байсан цуцалдаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн компанитайгаа үгсэн нэгдчихдэг. Энэ хамгийн их аюул. Миний санаагаар болдог сон бол Уул уурхайн яам зөвхөн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь өгөх хэрэгтэй. Харин тухайн компани хууль дүрэм зөрчигдвөл Байгаль орчны яам лицензийг нь цуцалчихвал байгаль орчныг хамгаалах ажил жинхэнэ утгаараа явагдана. Гэтэл нэг газар тусгай зөшөөрөл өгчихөөд дараа нь цуцалдаг байхаар чинь үгсэн нэгдээд ямар ч үр дүнгүй. Манай суманд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан компани 13 жил болохдоо ганцхан удаа өрөмдлөг хийснээс өөр юу ч хийгээгүй гээд бод доо. Тодорхой хэлбэл, 2021 оны наймдугаар сарын 17-25-ны хооронд наймхан хоног нэг толгой дээр 16 цэгт өрөмдлөг хийсэн байдаг. Ийм дутагдалтай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл өгчихөөд одоо ашиглалт болгоно гээд тэмцэлдээд байж байна шүү дээ. Энэ бол гажуудал.

-Байгаль орчноо хамгаалах үйлсийг тань гэр бүлийнхэн нь яаж хүлээж авдаг вэ. Хань ижил, үр хүүхдүүдийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу?

-Миний хань уран гартай үйлчин хүн. Залуудаа янзын сайхан оёдог байлаа. Одоо ч нас явж байна даа. Бид таван хүүхэдтэй. Бүгдээрээ л дор бүрнээ хувь, хувьсгалын ажилтай улсууд. Одоо хоёр нь тэтгэвэрт гарчихлаа. Ер нь хүний хань ижил, үр хүүдүүд гэдэг хамгийн том ар тал байдаг юм байна. Намайг байгаль орчноо хамгаалж, хууль бус үйл ажиллагаатай тууштай тэмцэхэд гэр бүлийнхний маань дэмжлэг асар их урам зориг өгдөг. “Орчлон уудам, би өчүүхэн” гэж нэрт яруу найрагч Р.Чойном шүлэглэсэн байдаг даа. Үнэхээр ирээд буцах хорвоод юу үлдээх вэ гэдгээ сайтар бодож, эд материал биш энгүй орчлонг тэмүүлж яваарай гэж залуучууддаа захимаар байна. Голдманы нэр хүндтэй шагналын цаана олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл хамт оршиж байгаа. Намайг дэмжсэн гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэсэн Дэ Нэйче Консерванси байгууллага, нутгийн зон олон маань бий. Байгаль орчноо авран хамгаалахын төлөө хийж буй өнөөдрийн үйлсэд үр хойч минь бидэнд талархана. Тэдэндээ үлдээж чадах хамгийн том бэлэг бол амьсгалах агаар, амьдрах эрүүл орчин, үзэсгэлэнт цэнхэр гариг юм шүү.

-Голдман сангийнхан таны тухай баримтат кино хийсэн байна лээ. Та шагнал авахдаа индэр дээр хэлсэн үгэндээ “Гараараа газрын зураг зурсан” гэж байсан. Олон хүн гайхаж хүлээж авч байсан шүү. Сонирхолтой санагдаад асуулаа…

-Голдман сан шагнал өгсөн хүмүүстээ зориулж баримтат кино хийдэг юм байна. Америкаас гурван хүн ирээд, Монголын аялал жуулчлал хариуцдаг байгууллага удирдаад Хөвсгөл суманд очиж баримтат кино хийсэн юм.

Гараараа газрын зураг зурна гэхээр хүмүүс уул овоо, элс, гол ус дүрслэнэ гэсэн ойлголттой байх шиг. Энгийнээр тайлбарлавал, кадастрын зургийг гараараа зурж байгаа юм. Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөргийн солбилцлыг тооцоолсон зураг. Би мм-ийн хуваарьтай шугам барьж байгаад минут, секундээр нь нарийвчлан тооцоолж кадастрын зураг зурдаг гэсэн үг. Уртрагийн дагуу нэг сенкундэд 30 метр, өргөргийн дагуу нэг секундэд 41 метр газар орно гэсэн тооцооллын дагуу шугамаар хэмжиж байгаад эргэлтийнх нь цэг, дотор нь байгаа аймгийн солбилцлыг бичээд зураг хийчихсэн юм. Нэг тоо алдахад кадастрын зураг өөрчлөгдөнө, их нарийн л даа. Нэг градус нь 110 км орчим хэмжээс шүү дээ. Тэгэхээр 110 градус гэхийг 109 градус гээд бичихвэл 110 км-ийн хол зай болоод зөрчих учир маш нарийн тооцоолол.

Миний зурсан тэр тооцооллыг Дэ Нэйче Консерванси байгууллагын хүмүүс кадастрын программаар хийхээр яг таарч, зөрөхгүй болохоор нь гараараа газрын зураг зурсан гээд байгаа хэрэг (инээмсэглэв).

М.МӨНХЦЭЦЭГ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны тавдугаар сарын 5-14-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавдугаар сарын 7-нд Хангайн уулархаг нутаг боло...

img

8 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1296 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

7 цагийн дараа

Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ээлжит форум Орхон аймагт болж байна

Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ээлжит форум “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин- Сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүр...

img

7 цагийн дараа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн \2025.05.05\ бүлгийн хурлаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын тү...

img

7 цагийн дараа

Өнгөрсөн сард 25 иргэний 13.813.000 төгрөгийн хохирол барагдууллаа

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард нийт 294 иргэн хандсан байна. Үүнээс 248 иргэнд зөвлөгөө мэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд