Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Д.Дашдондов: Ижийгээ санан бэтгэрсэндээ “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” дууны шүлгээ бичиж билээ

trend

Админ

img

2025 оны 5 сарын 11

img

79

news-img

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа.


-Та бол Говь-Алтай аймгийн уугуул зохиолч. Нутаг усныхаа тухай эхлээд ярих уу?

-Би бол Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул. Хар-Азаргын эх нуруу, Хантайширын эх нуруудын хооронд оршдог нутаг юм. Хар-Азаргын нуруу бол эртний Чингис хааны хүлгийг тэнд онголж тавьснаас ингэж нэрлэсэн тухай домог байдаг. Ууландаа битүү шугуй мод, бугатай бол говиороо заг, тэмээтэй хангай говь хосолсон нутаг. Домог дээр говь, буга хоёр нэгнээ хардаггүй гэдэг. Харин тэнд бол нэгнээ хардаг юм. Хүүхэд байхдаа хонь хариулж, морин дэл дээр өссөн, өвөлдөө тэмээний хоёр бөхний дунд унаа жанчуулж явлаа.

-Та Эрдэнэтэд багшаар томилогдож ажиллаж байсан, Эрдэнэтийн анхдагчдын нэг гэсэн. Анх хэзээ ирж байв?

-Алтай хотын Нэгдүгээр сургуулийг төгсөөд, МУИС-ийн физикийн ангид элсэж ороод, тэндээ 1970 оноос эхлээд таван жил сурсан юм. Тухайн үед эх орны өнцөг булан бүрээс Эрдэнэт рүү хүмүүс очиж, Эрдэнэтийн их бүтээн байгуулалтыг байгуулна гээд явж байлаа. Тэгэхэд би ч ялгаагүй яамны томилолтоор физикч, физикийн багш гэдэг мэргэжилтэйгээр Эрдэнэтийн сургууль руу очиж байсан. Тэгэхэд Эрдэнэтэд ганцхан байшин байлаа. Миний ажиллах сургууль юм болов уу гээд сураглатал үгүй байлаа. Харин хоёр барилгын суурь тавигдаж ганц хоёр үе өрлөг хийгдээд, дээр нь хүмүүс яралзтал ажиллаж байж билээ. Тэр барилгын нэг нь манай сургууль байсан юм билээ. Хоёрхон сарын хугацаанд барьчихдаг юм байх даа гээд гайхаж байлаа. Тэгсэн есдүгээр сарын 1 гэхэд барилгын нэг хэсэг нь баригдчихсан, хичээлдээ орох болтол будаг нь нойтон гээд гадаа зүлгэн дээр хичээлээ хийж байлаа. Маргаашаас нь барилга руугаа орж байсан юмдаг. Ингэж ажлын гараа маань физикийн багшаар эхлээд, хичээлийн эрхлэгч, захирал зэрэг ажлыг хийж байлаа. Боловсролын байгууллагад 15 жил ажилласан.

 

-Физикийн багшаар олон жил ажилласан байна. Гэтэл тэс ондоо уран зохиолын салбар луу хэрхэн орсон нь сонирхолтой санагдлаа. Энэ тухайгаа дурсвал?

-Дунд сургуульд байхдаа шүлэг унших, хөгжим сонсох, зураг зурах сонирхолтой байсан юм. Багадаа дандаа л чулуун дээр зураг зурж явдаг байсан. Манай нутгийн байгаль их сайхан. Нэг даваан дээр гараад харахад нэг өөр, дахиад явахад өөр харагдаад явчихна. Тийм учраас онгодыг минь хөглөж өгдөг байсан болов уу. Анх 1967 онд “Алтайн хөгжил” сонинд шүлэг маань гарч байлаа. Тэгэхэд чухам л их баярлаж байсан сан. Гэхдээ тэр ямар юмных нь шүлэг байх вэ. Толгой холбосон магтаал, байгалийн дүрслэл маягийн шүлэг л байсан. Физикийн анги төгссөн болохоор шүлэг зохиох зав олдохгүй, дунд сургуульд байхдаа л бага зэрэг сонирхдог байлаа. Тухайн үед хичээлээр хүүхдийг хүмүүжүүлэх гэдэг ойлголт байсан. Янз бүрийн хүмүүжлийн ажлаас эхлээд хүүхдүүдийн хооронд уралдаан тэмцээн зохиох, дуулах дуу, унших шүлэг гээд толгой холбодог хэрэгцээ маань тэнд хэрэг болж байгаа юм. Тэгээд анх удаа “Шоолно шүү” гээд дууны үгээ 1976 онд бичсэн юм. Тэгсэн манай сургуульд Орос хэлний Б.Пэрэнлэй гээд багш байлаа. Тэр багш маань төгөлдөр хуур, баян хуур их сайхан тоглодог байсан болохоор энэ шүлэгт чинь ая хийе гээд, анхны дуу маань төрж байлаа. Эхлээд хүүхдийн дуу бичээд дараа нь иргэний, ахуй түшиглэсэн шүлгүүд бичдэг, тэр шүлгүүд маань ганц нэг сонинд гардаг байлаа. 1983 онд анх удаа “Худаг дээр” шүлэг маань “Утга зохиол” сонинд гарсан. Тэр шүлгээ би анх удаа шүлэг гэж тоосон юм.

-Таны бүтээлээс олон түмэнд хамгийн их хүрсэн нь “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” дуу шүү дээ. Энэ дууныхаа түүхээс хуваалцахгүй юу?

-Дууны шүлгийн хувьд дуучид, хөгжмийн зохиолчдын хүсэлтээр голдуу бичдэг. Миний дууны урын санд 300-гаад дуу бий. Эрдэнэтэд ажиллаж байх үед хөтлөгчийн үг, концерт нээх үг, ийм дуу хэрэгтэй боллоо, ийм шүлэглэсэн юм хэрэгтэй боллоо гэхээрээ хүмүүс дандаа л над руу ханддаг байлаа. Тэр болгонд нь би бичээд өгдөг байв. Ингэсээр өөрийн мэдэлгүй нэлээн хэдэн дууны шүлэг бичсэн байсан. Монголын үндэсний радиогийн санд миний 50 гаруй дуу бий. Тэр дуунуудаас олон түмэнд хүрсэн нь гэвэл МУГЖ Н.Чулуунхүү бид хоёрын бүтээл “Цайныхаа дээжийг тандаа барья даа, Цамцны чинь товчийг бөхлөөд өгье дөө” гээд дуулдаг, “Ханийн тэнгэр” , мөн Б.Бямбабаяр бид хоёрын “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” гээд дуу байна. Энэ дууны шүлгийг 1990 он хавьцаа бичиж байсан. Ижийгээ санан бэтгэрсэндээ “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” дууны шүлгээ бичиж билээ. Ээж маань намайг долоотой байхад бурхан болсон болохоор ээжийгээ санадаг, мөрөөддөг байсан. Ээжийн тухай 20-иод дуу бий. 1990 онд “Эрдэнэс” сонины эрхлэгчээр томилогдоод, ийш тийшээ явах боломж нээгдсэн. Тухайн үед Багшийн дээдийн зүүн талд байдаг Хөгжим бүжгийн сургуульд ажилладаг эмэгтэй надад дууны үг бичиж өгөөч гээд захиалга өгсөн байсан юм. Тэгээд дууны үгийг өгөх гээд ортол үүдэнд нь миний шавь бололтой нэг охин “Багш аа, та хаа хүрч яваа юм” гэхээр нь “Дэнсмаад дууны үг өгөх гээд явж байна” гэтэл “Энд олон хөгжмийн зохиолч байдаг юм. Та тэдэнтэй уулзаад яваач” гээд намайг дагуулж орсон юм. Ортол Б.Бямбабаяр, С.Мөнхбат, Ё.Сүхбаатар гурав сууж байлаа. Тэр гуравтай хөөрөлдөж байтал “Та өнөөх ээжийн тухай шүлгээ унш” гэж байна. Тэгэхээр нь би “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” шүлгээ унштал Б.Бямбабаяр “Та хоёр дараа нь дуу хийгээрэй, би эгч нартай, эгч нар маань ч ээжтэй минь адилхан. Би энэ шүлэгт ая хийлээ” гээд авсан юм. Тэгээд л радиогоор тэр дуу маань цацагдаж байсан түүхтэй.

-Та “Зохист гүн” нэртэй эрхин сонетуудаар дагнасан бүтээл гаргасан. Энэ бүтээл Монголын яруу найрагт шинэлэг болсон байх?

-Тийм ээ, Монголын яруу найрагт шинэлэг болсон гэж үздэг. Учир нь эрхин сонет бичсэн хүн Монголд хуруу дарам байдаг. Тэгээд ч эрхин сонетуудаар дагнан гарсан ном гараагүй байсан. Сонетын хамгийн ярвигтай хэлбэр нь эрхин сонет л доо. “Алс дэргэд” ном минь сонетын бүх хэлбэрийг багтааж сонетоор дагнасан ном учраас мөн л Монголдоо анхных нь. Сонет бол мартахын аргагүй, дэлхий дахинаа сонгодог хэв шинжээ олсон шүлгийн онцгой хэлбэр. Анх Италийн яруу найрагч Франческо Пэтрарка сонет хэмээх шүлгийн хэлбэрийг бий болгосон.

-Та “Болор цом” яруу найргийн наадамд хэзээ анх орж байв?

-1988 оны “Болор цом”-оос өмнөх наадмууд дандаа хотод, нэрд гарсан найрагчдын дунд зохиогддог байсан. 1988 онд анх удаа орон нутгаас яруу найрагчдын шүлгийг шалгаруулж аваад, гурван найрагчийг сонгож авсан. Тэр гуравт нь Дундговиос До.Цэнджав, Хөтөлөөс Банзрагчийн Энхтуяа, Эрдэнэтээс би шалгараад орж байсан юм. Тэр жил Тангадын Галсан гуайн “Жирмийн сүлжээ” шүлэг түрүүлж байлаа. Оролцсон найрагчид гэвэл Ш.Сүрэнжав, С.Дашдооров, Б.Лхагвасүрэн, С.Оюун гээд дандаа нэрд гарсан зохиолчид байлаа. Миний өмнө Ц.Чимэддорж “Сэлбэ” гэдэг шүлгээ тайзны өмнүүр уран гоё уншаад л дуусгав. Дараа нь намайг дуудав аа. Би чинь өвдөг чичрээд, их л сандарч билээ. Тэгэхэд би “Гуурст хонгор” гээд шүлгээ уншиж байсан юм. Энэ шүлгийн түүх нь гэвэл, нэгдлийн адууг нядалгаанд туусан юм байна. Буутай цэргүүд алдахгүй гээд хашаалж. Тэгсэн нэг үрээ хоёр метр хашаан дээгүүр гараад давхисан байгаа юм. Тэгээд араас нь хөөгөөд гүйцэхгүй болохоор нь буудаад унагаачихаж. Тэгсэн чинь сугандаа гуурстай үрээ байж таарсан байгаа юм. Тухайн үед орон даяар л харуусал болж байсан. Би өөрөө малчны хүүхэд болохоор жигтэйхэн харамсаад, “Гуурст хонгор” гэдэг шүлэг бичиж байсан. Тухайн үед Утга зохиол сонинд гарч байлаа. 1994 онд “Холын унаа” гээд анхны номоо гаргаж байлаа. Одоогоор бие даасан 20 ном гаргасан байна.

Г.БАЛГАРМАА

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ

Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог  Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтэд зарласан. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад ни...

img

7 цагийн өмнө

Умайн хүзүүн хорт хавдраар жилд 160 гаруй хүн нас барж байна

Умайн хүзүүн хорт хавдраар жилд 160 гаруй хүн нас барж байна

...
img

8 цагийн өмнө

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно

Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) Зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох б...

img

11 цагийн өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд

Тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг танилцуулж байна. Энэ үеэр 9 дүүргий...

img

11 цагийн өмнө

Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно

Үндэсний үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн алдар цолто...

img

11 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд