Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Цөмийн технологич Т.Жамъянсүрэн: Ураны тухай судлаачдын хийсэн судалгаа, шинжилгээтэй танилцахгүйгээр шууд эсэргүүцэж, айж сандарна гэдэгт ямар ч үндэслэл алга

trend

Админ

img

2025 оны 5 сарын 11

img

68

news-img

Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Жамъянсүрэнтэй ураны үр ашгийн талаар ярилцлаа.


-Цөмийн эрчим хүчийг нүүрсээр ажилладаг манай цахилгаан станцтай харьцуулахад ямар давуу талтай вэ. Ураны хуваагдлаас хэр их энерги ялгардаг вэ?

-Бид өдөр тутамдаа эрчим хүч болон дулаан хэрэглэдэг хэдий ч үүнийг гаргаж авдаг манай станцууд бараг зуун хувь нүүрс түлдэг. Үүнээс улбаалан агаарын бохирдол, утаа нэн тэргүүний шийдвэрлэх ёстой асуудал байсаар байна. Тэгвэл энергийн эх үүсвэрийн хувьд ураны хуваагдлаас ялгарах энерги нь нүүрстэй харьцуулахад хэд дахин өндөр ба агаарт хүлэмжийн хий, утаа бараг ялгаруулдаггүй гэж хэлж болно. Ураныг олборлоод цөмийн түлш болгон үйлдвэрлэсний дараа цөмийн реактор буюу энерги гарган авах төхөөрөмжид ашигладаг. Тэнд цөмийн хуваагдах урвал буюу цөмийн гинжин урвал явагдана. Энэ урвалаас үүссэн энергийг нь ашиглаад эрчим хүч, дулаан үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ уран олборлоод шууд эрчим хүч, дулаан үйлдвэрлэх станцад хэрэглэнэ гэж ойлгож болохгүй. Манай орны хувьд эхний ээлжинд уран олборлоно. Уран олборлох ажиллагаа Монгол Улсад шар нунтаг хүртэл явагдах юм. Үүний дараа шар нунтгийг баяжуулах, цөмийн түлш үйлдвэрлэх боломжтой дэлхийн цөөн хэдэн орнуудад очно. Өөрөөр хэлбэл, тэдгээр орнууд цөмийн реакторт ашиглагдах цөмийн түлш болгон үйлдвэрлэнэ гэсэн үг. Үүний дараа цөмийн эрчим хүчний реакторын голомтод хэрэглэгдэх түлш болоод зах зээлд гарах юм. Манай орны хувьд олборлолт хийнэ гэдэг нь шууд эрчим хүч үйлдвэрлээд, эсвэл дулаанд ашиглана гэсэн үг биш шүү.

 

-Сүүлийн үед хүмүүс ураны гэрээг эсэргүүцэж жагсаал цуглаан хийж байна. Уран үнэхээр айх зүйл мөн үү?

-Юуны өмнө аливаа улс оронд эрчим хүч гэдэг маш өргөн хүрээтэй асуудал гэдгийг онцолъё. Эрчим хүчний бие даасан байдлаасаа хамаараад тухайн орны аюулгүй байдал, эдийн засаг гэх мэт асуудлууд хөндөгддөг. Эрчим хүчнийхээ хэрэглээг ямар эх үүсвэрээс гаралтайгаар нь ангилбал ихэвчлэн нүүрсний цахилгаан станцынх байна. Тэгэхээр эрчим хүчний аюулгүй, бие даасан байдлаа хангахын тулд аль болох олон эх үүсвэртэй байх шаардлагатай. Үүний нэг сонголт нь цөмийн эрчим хүч юм.

Ерөнхийдөө уран эсэргүүцсэн жагсаал, цуглааныг харвал уран олборлоход хэрэглэгдэж байгаа хүхрийн хүчил болон технологитой холбоотой асуудлуудад төвлөрч буй нь анзаарагдсан. Аливаа зүйлийг хэрэглэхдээ тодорхой стандарт, дүрэм, журмын хүрээнд хэрэглэх ёстой. Үүний тулд судлаачид, эрдэмтэд, мэргэжилтэн гэх мэт мэргэжлийн хүмүүс байдаг. Мөн бидэнд бодит жишээ болохуйц олон туршилт, судалгаануудыг амжилттай гүйцэтгэсэн орнууд ч бий. Аливаа зүйлийг байх ёстой хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлж болно. Үүнийг бол үгүйсгэхгүй. Ямар ч зүйл давуу болон сул талтай. Мэргэжилтнүүдийн хувьд аль болох сөрөг нөлөөг нь хамгийн бага хэмжээнд барьж ажиллахыг хичээдэг. Гол нь стандарт, дүрэм журам, технологийн аюулгүй байдлаа чанарын өндөр түвшинд мөрдөх юм бол аливаа шинэ технологийг ашиглаад үр ашгийг нь хүртэх боломж өргөн байна. Тиймээс учрыг нь ойлгохгүйгээр айж, сандрахын оронд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Өөр орнуудын туршлага, жишээ бүгд байна шүү дээ. Ер нь бол одоо ашиглагдах гэж байгаа ураны олборлолттой холбоотой туршилтуудын үр дүн дээр үндэслээд Засгийн газраас саяхан гэрээгээ байгуулсан. Үүнийг хүн бүр мэдэж байгаа байх. Мэдээж шинжлэх ухааны үндэслэл, баримт нотолгоо, дата судалгаан дээр тулгуурлаад энэ шийдвэр гарсан. Түүнээс биш ямар нэгэн таамаглал төдий зүйлд үндэслэж шийдвэр гараагүй нь тодорхой.

-Тэгвэл ураны олборлолт ямар үр ашигтай вэ?

-Манай орон уул уурхайд суурилсан эдийн засагтай учраас энэ төвлөрлийг жаахан ч гэсэн задлах, эсвэл үүнд дэмжлэг үзүүлэх, гадаад валютын орлого нэмэгдэх гээд давуу талууд бий. Технологи, хэрэглээ талаасаа гэвэл мэдээж шинэ технологи нэвтэрч эхэлнэ. Мөн тухайн технологи дээр ажиллах хүний нөөц буюу ажлын байр, судлаачдын чадвар, чадамж өсдөг. Үүнийгээ дагаад мэргэжлийн хяналт, аюулгүй байдал, ажиллах орчны шинэ дүрэм журам гээд олон зүйл шинээр бий болно. Нэг ёсондоо шинэчлэл, сайжруулалт хийгдэнэ гэсэн үг. Уран олборлох технологийг Канад, Австрали, БНХАУ гээд өндөр хөгжилтэй орнууд ихэвчлэн ашигладаг. Ерөнхийдөө технологийн давуу талыг ашигласнаар судалгааны түвшин, ажлын байрны хүртээмж, эдийн засгийн үр ашиг илүү өсдөг гэдгийг эдгээр орны өнөөгийн дүр зураг бидэнд харуулж байна шүү дээ. Тиймээс ураны тухайд бол аль болох бидэнд хэрэгцээтэй гэдэг талаас нь мөн шинжлэх ухааны өнцгөөс харах хэрэгтэй. Сая хэлсэн орнуудад хэрэглэж байгаа технологийг манай улс хэрэглэнэ гэдэг бол бидэнд ч давуу тал үүснэ гэсэн үг. Газар доорх ашигт малтмалыг дэлхийн зах зээл дээр эрэлттэй байгаа энэ цаг үед олборлон ашиглавал манай орны нийгэм эдийн засагт үнэхээр үр өгөөжтэй. Цаашдаа технологи илүү хөгжихийн хэрээр ураныг ашиглаж дулаан, эрчим хүч үйлдвэрлэхээс өөр технологи руу ч шилжих боломжтой. Магадгүй ирээдүйд дэлхийн зах зээл дээр ураны үнэлгээ буурч болно. Үүнийг дагаад манай оронд орж ирэх ашиг одоо байгаагаас хэд дахин буурахыг ч үгүйсгэхгүй.

-Ураны технологийг ашигласнаар бидэнд ямар давуу тал үүсэх вэ?

-Цөмийн технологи дээр суурилсан учраас аж үйлдвэр, хөдөө аж ахуй гээд ерөнхийдөө цөмийн шинжлэх ухаантай холбоотой хэрэглээнүүдэд илүү нэвтэрнэ. Одоогоор энэ шинэ технологийг хүн амд хэрэгтэй эмчилгээ, оношилгоо гэх мэт эрүүл мэндийн салбарт ч нэвтрүүлэн хэрэглэж байна. Тиймээс технологийн болон дээр дурдсанчлан эдийн засгийн давуу талууд бий. Жишээлбэл, бидний хамгийн сайн мэдэх орнуудын нэг Казахстан байна. Энэ улсын хувьд дэлхийн уран олборлолтын дийлэнх хэсгийг олборлоод бусад орнуудад нийлүүлдэг. Үүний үр дүнд Казахстаны эдийн засаг сүүлийн 10-15 жилийн хугацаанд огцом өссөн. Хүн амын худалдан авах чадвар, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ бол үнэхээр бодитой сайжирсан. Өнгөрсөн жилээс Казахстанд цөмийн эрчим хүчний эх үүсвэртэй болох судалгаа хийгдэж, ард түмнээсээ санал асуулга авлаа. Ард түмнийх нь дийлэнх хувь нь дэмжсэн үзүүлэлттэй байсан. Хэрэв энэ улс өөрийн гэсэн цөмийн эрчим хүчний станцтай болчих юм бол ногоон эрчим хүчний эх үүсвэртэй болно гэсэн үг. Ингээд Казахстан дараагийн алхам руугаа орчихсон явж байх жишээтэй. Цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа тухайн реактор гэдэг байгууламж хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашиглаж, аюулгүй баталгаатай, тогтвортой, урт хугацаанд ажиллах давуу талуудтай учраас Казахстаны хувьд ийм өндөр технологийг эзэмшдэг орон боллоо гэсэн үг. Магадгүй бид эрчим хүчнийхээ нэг эх үүсвэрийг цөмийн эрчим хүч болговол өөрсдөө бүрэн бие даан эрчим хүчээ үйлдвэрлээд явна. Энэ бол үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний тогтвортой байдалд маш том нөлөө үзүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин ураны тухай шинжлэх ухааны, мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаа, шинжилгээг уншиж танилцахгүйгээр шууд эсэргүүцэж, айж сандарна гэдэгт ямар ч үндэслэл алга.

А.Даваадулам

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ

Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог  Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтэд зарласан. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад ни...

img

7 цагийн өмнө

Умайн хүзүүн хорт хавдраар жилд 160 гаруй хүн нас барж байна

Умайн хүзүүн хорт хавдраар жилд 160 гаруй хүн нас барж байна

...
img

8 цагийн өмнө

Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно

Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) Зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох б...

img

11 цагийн өмнө

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд

Тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг танилцуулж байна. Энэ үеэр 9 дүүргий...

img

11 цагийн өмнө

Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно

Үндэсний үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн алдар цолто...

img

11 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд